| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0022/3 |
| Дугаар | 221/МА2025/0132 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0132
Ч.Э-ы нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Л.Д
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Э
Хариуцагч УБЕГ
Гуравдагч этгээд Л.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э-г “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхгүй байгаа УБЕГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э-г “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхийг УБЕГ-т даалгах, Л.Д-ийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхгүй байгаа УБЕГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчин Л.Д-ийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхийг УБЕГ-т даалгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1039 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2024/0022/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Э нь УБЕГ-т холбогдуулж “Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э-г “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхгүй байгаа УБЕГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э-г “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхийг УБЕГ-т даалгах, Л.Д-ийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхгүй байгаа УБЕГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчин Л.Д-ийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхийг УБЕГ-т даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1039 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 22.1.4, 22.2 дахь хэсэг, заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э-г “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-аар бүртгэхгүй байгаа УБЕГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э-г “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-аар бүртгэх хүсэлтийг хүлээн авч хууль журмын дагуу шийдвэрлэхийг УБЕГ-т даалгаж”, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ы гаргасан Л.Д-ийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхгүй байгаа УБЕГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчин Л.Д-ийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхийг УБЕГ-т даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Гуравдагч этгээд Л.Д давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгчээс “Ч.Э-г “А” ГХОХХК-ийн гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-аар бүртгэхийг УБЕГ-т даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй, тодруулаагүй байхад анхан шатны шүүхээс “Ч.Э-г “А” ГХОХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэх хүсэлтийг хүлээн авч хууль журмын дагуу шийдвэрлэхийг УБЕГ-т даалгасугай” гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа бол дараах урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлагатай.
Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагад захиргааны актыг гаргуулахаар өргөдөл, хүсэлт гаргасан боловч түүнийг шийдвэрлээгүй захиргааны эс үйлдэхүй байх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ захиргааны байгууллагын захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь түүний нийтийн эрх зүйн субьектив эрхийг зөрчсөн гэдгийг, өөрөөр хэлбэл захиргааны акт гаргуулахыг шаардах эрхийн үндэслэлээ нийтийн эрх зүйн хүрээнд тодорхой заах ёстой. Эс үйлдэхүйг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсгийн 2.1-д дурдсан зэргээс үзвэл нэхэмжлэгч нь “А” ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр томилогдсон гэжээ. Харин нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ миний бие УБЕГ-т болон хяналт шалгалтын газарт нь удаа дараа хандаж гомдол гаргасан боловч тамга тэмдэг, гэрчилгээгээ авч байж л бүртгүүл гэх хариуг өгсөн” гэж дурдсан байна. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагатай холбоотой асуудлаар хариуцагч эс үйлдэхүй гаргаагүй буюу хүсэлт гомдол гаргах үед нь “тамга тэмдэг, гэрчилгээгээ авч байж л бүртгүүл” гэх хариуг хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчид өгч байсан нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй байхгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргахыг даалгах” гэж зааснаас үзвэл “захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” болон “захиргааны акт гаргахыг даалгах” гэдгийг салгаж ойлгохгүй, өөрөөр хэлбэл тус тусдаа нэхэмжлэлийн шаардлага гэж тайлбарлах боломжгүй. Учир нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус идэвхгүй байдлын эсрэг чиглэгддэг бөгөөд зорилго нь захиргааны акт гаргуулахад орших билээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хүрээнд буюу “тамга тэмдэг, гэрчилгээг өгөхгүй байгаа Л.Д-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, энэ зөрчлийг арилгуулахаар, мөн тамга тэмдэг, гэрчилгээг дахин олгуулахаар” УБЕГ-т 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн хариуд 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 4/**** тоот албан бичгээр хариу өгсөн байна. 4/**** тоот хариуг эс зөвшөөрч Хяналт шалгалтын газарт нэхэмжлэгчээс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан байна. Тус газраас уг гомдлыг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2/**** тоот албан бичгээр “шийдвэрлэх үндэслэлгүй” гэх хариуг өгсөн байна. 2/**** тоот хариуг эс зөвшөөрч УБЕГ-ын даргад нэхэмжлэгч гомдол гаргасан ба уг гомдлыг хариуд 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр очиж мэдсэн, хүлээж авсан байна. Энэ нь нэхэмжлэгчээс зөвхөн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу “Л.Д-ийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхгүй байгаа УБЕГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчин Л.Д-ийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхийг УБЕГ-т даалгуулах” шаардлагыг хүрээнд гаргасан гомдол, түүнийг шийдвэрлэсэн хариу байна. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба шүүхийн энэ талаарх дүгнэлт хуульд нийцсэн байна.
Мөн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/*** дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх” журмын 8 дугаар зүйлд “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэл хөтлөх” гээд, 8.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтална” гэж, мөн журмын 5-д “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гээд, 5.1-д “Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийг тус тус баримтална”, 5.2-т “Улсын бүртгэгч дараах тохиолдолд хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж, өргөдөл гаргагчаас ирүүлсэн баримт бичгийн хамт энэ журмын 2.4-т заасан этгээдэд шилжүүлнэ” гээд, 5.2.1-д “ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” гэж тус тус зааснаар хариуцагч захиргааны байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл заасан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл дутуу үндэслэлээр нэхэмжлэгчийг “А” ГХОХХК-ийн гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-аар бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх нь” хэсгийн 3.3-т нэхэмжлэгч нь “...хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэлийг хийлгэхээр хүсэлт гаргасан байгаа тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.5, 22.1.6, 22.1.9-д заасан баримтыг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байна...” гэж дүгнэсэн бөгөөд тус хэсэгт дурдагдаж буй Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22.1.9 дэх хэсэгт “улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж заасан байхад мөн Үндэслэх хэсгийнхээ 3.13-т УБЕГ-ын эрх бүхий албан тушаалтан нь “А” ГХОХХК-ийн гэрчилгээг заавал ирүүлэхийг шаардсан нь хууль бус ажиллагаа болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг шууд бүрдүүлж байна. Зүй нь хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-ийг өөрчлөн бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9-т заасны дагуу Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ зайлшгүй шаардлагатай баримт (үүнийг шүүх “үндэслэх нь” хэсэгтээ мөн дурдсан) бөгөөд уг улсын бүртгэлийн гэрчилгээнд улсын бүртгэгч тэмдэглэл хийж бүртгэдэг тул хариуцагчаас нэхэмжлэгчид Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээг авч ирэхийг шаардсан нь үндэслэлтэй, хуульд нийцэх билээ.
Мөн Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйл, 74 дүгээр зүйлд тус тус заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлгүй Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд Гүйцэтгэх удирдлагыг томилох, түүний бүрэн эрхийг зогсоох буюу дуусгавар болгох шийдвэрийг гагцхүү Хувьцаа эзэмшигчдийн хурал гаргах эрхтэй бөгөөд хувьцаа эзэмшигчид нь гагцхүү хурлаар дамжуулж компанийн эрх барих байгууллагын бүрэн эрхээ хэрэгжүүлдгийн хувьд Гүйцэтгэх захирлыг томилсон, чөлөөлсөн тохиолдол бүрд хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол шийдвэр, тэмдэглэлийг үйлдэж, шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч УБЕГ нь Ф корпорацийн хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэлийг шаардсан нь хууль бус гэж үзсэн нь мөн үндэслэлгүй болно.
Тодруулбал, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсгийн 3.13-т “...Харин “компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн” нь “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан” хууль зүйн үйл баримт биш учраас хариуцагч УБЕГ-ын эрх бүхий албан тушаалтан нь Ч.Э-гаас Ф корпорацийн хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэл болон “А” ГХОХХК-ийн тамга, гэрчилгээг заавал ирүүлэхийг шаардсан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4, 22.2 дахь заалтуудыг зөрчсөн хууль бус ажиллагаа болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн дээрх дүгнэлт нь хууль болон журмыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгчээс эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхээс хууль бус татгалзлын эсрэг даалгах нэхэмжлэл гаргасан мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т зааснаар нэхэмжлэлийг хангасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1039 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлаж хэрэглээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.
3. Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо “...хариуцагч эс үйлдэхүй гаргаагүй буюу хүсэлт гомдол гаргах үед нь “тамга тэмдэг, гэрчилгээгээ авч байж л бүртгүүл” гэх хариуг хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчид өгч байсан нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй байхгүй гэж үзэх үндэслэлтэй... УБЕГ-ын эрх бүхий албан тушаалтан нь “А” ГХОХХК-ийн гэрчилгээг заавал ирүүлэхийг шаардсан нь хууль бус ажиллагаа болох нь тогтоогдож байна... хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэлийг шаардсан нь хууль бус... гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн” хэмээн маргажээ.
4. Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э-г “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхгүй байгаа УБЕГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э-г “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхийг УБЕГ-т даалгах шаардлагын тухайд:
5. 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Ф корпораци”-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын “А ХХК-ийн гүйцэтгэх захирлыг өөрчлөх тухай” шийдвэрээр[1] “А ХХК-ийн гүйцэтгэх захирал Л-ын Д-г гүйцэтгэх захирлын албан тушаалаас нэн даруй чөлөөлж, “А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч-ийн Э-г нэн даруй томилж “Ф корпораци”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг төлөөлж захирал П гарын үсэг зурж шийдвэрлэжээ.
6. 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Ф корпораци”-ийн №***** дугаар “Компанийн цорын ганц захирлын шийдвэр”-ээр[2] “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д-г гүйцэтгэх захирлын албан тушаалаас нэн даруй чөлөөлж, Ч.Э-г нэн даруй гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг “Ф корпораци”-ийг төлөөлж, түүний нэрийн өмнөөс цорын ганц захирал П гарын үсэг зурсан байна.
7. 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 09/** дугаар “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн “А ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлж, томилох тухай” шийдвэрээр[3] “А ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д-г 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Э-ыг томилж, тэрээр “А ХХК-ийн захирал нэн даруй болох ёстой” гэжээ.
8. 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод байгаа Ч.Э УБЕГ-ын Хяналт шалгалтын газарт “А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Д-н Зөрчлийн тухай хууль зөрчсөн үйлдлийг шалгуулахаар хүсэлт[4] гаргасныг УБЕГ-ын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 7/**** дүгээр “Хариу өгөх тухай” албан бичгээр[5] “...А ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Хувьцаа эзэмшигчийн хурал нь компанийн гүйцэтгэх захирлыг сонгож, томилж, чөлөөлөх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр түүний бүрэн эрхийг тодорхойлно” гэж, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл болон Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн байгууллагын харьяа нэгжид хандан бүртгүүлэх боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх хариу өгсөн байна.
9. Мөн нэхэмжлэгч Ч.Э-ы өмгөөлөгч Д.М нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хүсэлт[6] гаргасныг УБЕГ-ын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3/**** дугаар албан бичгээр[7] “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9-д улсын бүртгэлийн гэрчилгээ, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/*** дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3.2-т улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээдийн тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байна” гэж тус тус заасан байх тул дээрх шаардлагыг хангаагүй баримт бичгийг хүлээн авч улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна”, мөн Ч.Э-д 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2/**** дүгээр “Хариу өгөх тухай” албан бичгээр[8] “...А ХХК-ийн гэрчилгээ болон тамга, тэмдэг тус компанийн гүйцэтгэх захирал Л.Д-д хадгалагдаж байх тул таны хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэж, 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 6/**** дугаар “Хариу өгөх тухай” албан бичгээр[9] “...гомдолд дурдсан асуудлаар өмнө нь Хяналт шалгалтын газрын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 7/****, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2/****, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/****, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 4/**** дугаар албан бичгээр тус тус хариу өгч байсан... таны гомдлыг хянан шийдвэрлэхгүй болохыг мэдэгдье” хэмээн хариу өгч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
10. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
11. Нэхэмжлэгч Ч.Э нь УБЕГ-т удаа дараа хүсэлт гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын дагуу баримт дутуу гэх үндэслэлээр удаа дараа хариу өгч байсан болох нь дээр дурдагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
12. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 18.1.1-т “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 22 дугаар зүйлд “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх”, 22 дугаар зүйлийн 22.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл”, 22.1.9-д “улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж тус тус заасан.
13. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/*** дугаар “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам батлах тухай” тушаалаар Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмыг баталж, Журмын Тав. Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, 5.1-т “Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийг тус тус баримтална”, 5.2.1-т “ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 8.3-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана”, 8.3.4-т “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, 8.3.9-д улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж заасан байна.
14. “А” ХХК-ийн шинэчлэн найруулсан дүрмийн 7.2-т “Хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн гүйцэтгэх захирлыг сонгож, томилж, чөлөөлөх бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр түүний бүрэн эрхийг тодорхойлно” гэж, мөн дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Ф корпораци”-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрээр “А ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д-г чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Ч.Э-г томилж шийдвэрлэсэн гэх боловч “Ф корпораци”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг мэдүүлэг гаргахдаа хавсаргаж өгөөгүй болох нь тогтоогдож байна.
15. Энэ талаар анхан шатны шүүхийн “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “үүсгэн байгуулах баримт бичиг” гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээг гэж заасан тул компанийн гүйцэтгэх удирдлагаа өөрчлөгдсөн нь компанийн үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй байхад хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь Ч.Э болон Ф корпорацийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И-аас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэлийг шаардсан нь хууль бус байна” гэх дүгнэлт үндэслэлгүй.
16. Түүнчлэн “Ф корпораци”-ийн хувьцаа эзэмшигчдийн онцгой хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг[10] нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд энэхүү баримтыг хариуцагч УБЕГ-т мэдүүлэг гаргахдаа хавсаргаж өгөөгүй /давж заалдах шатны шүүх хуралдаанд мөн тайлбарласан/ байхад анхан шатны шүүх уг баримтыг үнэлсэн нь үндэслэлгүй байхын зэрэгцээ уг баримтыг үндэслэн бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн хариуцагчийг буруутгах боломжгүй юм.
17. Ийнхүү ирүүлсэн баримтын бүрдэл дутуу үндэслэлээр хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал өөрчилсөн тухай бүртгэлийг хариуцагч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль тогтоомжид нийцсэн байна.
18. Л.Д-ийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхгүй байгаа УБЕГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчин Л.Д-ийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхийг УБЕГ-т даалгуулах шаардлагын тухайд:
19. Нэхэмжлэгч Ч.Э-гаас 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр УБЕГ-ын Хяналт шалгалтын газарт “...А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож, компанийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгож өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт[11], мөн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр[12], 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тус тус хүсэлт[13] гаргасан.
20. УБЕГ-ын хяналтын улсын байцаагч Б.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сонсох ажиллагааны тэмдэглэл[14] үйлдэж хэрхэн шийдвэрлэсэн талаарх ямар нэгэн тэмдэглэгээ үйлдээгүй, мөн Л.Д-ийн “А ХХК-ийн захирал Л.Д надад компанийн гэрчилгээ болон тамга хадгалагдаж байгаа болно. Ч.Э-ы гаргасан саналыг үл зөвшөөрч байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэх гараар бичсэн тайлбар[15] хэрэгт авагдсан байна.
21. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино”, 1.9 дүгээр зүйлийн 1-т “Дараах тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй”, 1.1-т “зөрчлийн шинжгүй” гэж тус тус заасан.
22. Анхан шатны шүүх “...захиргааны хэргийн шүүх нь эрх бүхий этгээдээс иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдлыг шалган шийдвэрлээд зөрчил биш гаргасан шийдвэрийг хянан үзэх эрх хэмжээгүй буюу уг нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд гуравдагч этгээдийн гомдлыг хангаж, нэхэмжлэгч Ч.Э-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1039 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Э-ы нэхэмжлэлтэй, УБЕГ-т холбогдох “Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э-г “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-аар бүртгэхгүй байгаа УБЕГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э-г “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-аар бүртгэх хүсэлтийг хүлээн авч хууль журмын дагуу шийдвэрлэхийг УБЕГ-т даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 5 хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 7 хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 13 хуудас
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 15-16 хуудас
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 17 хуудас
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 20 хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 21 хуудас
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 23 хуудас
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 24 хуудас
[10] 4 дүгээр хавтаст хэргийн 179-226 хуудас
[11] 2 дугаар хавтаст хэргийн 20-21 хуудас
[12] 2 дугаар хавтаст хэргийн 30-31 хуудас
[13] 2 дугаар хавтаст хэргийн 151-153 хуудас
[14] 2 дугаар хавтаст хэргийн 157-161 хуудас
[15] 2 дугаар хавтаст хэргийн 162 хуудас