Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0784

 

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0784

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Н дарга

Н Хурал, түүний Тэргүүлэгчид

Нэхэмжлэлийн шаардлага: Н даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамж;

Н Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолын хавсралтын 2.5-д Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох гэсний 2-т Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах, нийтийн эдэлбэр газарт авах, 0.18 га гэж зааснаас Б ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг;

Н Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтын 2-т Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах 1884 м.кв гэж зааснаас Б ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Ж.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Манай компани нь Н даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/117 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 14 дүгээр байрны зүүн талд байршилтай 840 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Ийнхүү эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглахаар үйлчилгээтэй 66 айлын орон сууцны барилга барихаар төлөвлөж зураг төслийг боловсруулж, барилгын эскиз зургийг батлуулсан.

Улмаар Н даргаас 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр А/490 дүгээр тухай захирамжаар манай компанийн эзэмшлийн газарт барилга барих зөвшөөрлийг олгосон.

Манай компани нь газар эзэмших эрхийн гэрээнд заасан журмын дагуу газрын төлбөрийг тухай бүрт нь төлж, хуулийн дагуу эрх, үүргээ хэрэгжүүлж байгаа ба зохих байгууллагуудаас барилга барих зөвшөөрөл болон техникийн нөхцөлүүдийг авч тус газарт зориулалтын дагуу үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар төлөвлөж шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, зураг төсөл, техникийн нөхцөлийг батлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ажиллагаанд цаг хугацаа их зарцуулсан төдийгүй, одоогийн байдлаар дараах зөвшөөрөл болон техникийн нөхцөлүүдийг авсан болно. Үүнд:

1.            2012 оны 8 дугаар сарын 08-ны өдөр А/490-1.9 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар,

2.            2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн В769/2012 дугаар Техникийн нөхцөл,

3.            2012 онд Барилгын эскиз зураг,

4.            2014 онд 08/14 дүгээр Техникийн нөхцөл,

5.            2014 онд Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт зэрэг болно.

Гэтэл Н даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрх олгосон захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд бидний зүгээс тус захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь өмнө нь Н даргын 2021 оны А/117 дугаар захирамжаар Б ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Н даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/666 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Улмаар дээрх шийдвэрийг манай компанийн зүгээс эс зөвшөөрч манай компанийн зүгээс шүүхэд хандсан бөгөөд дээрх захирамжийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 224 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0453 дугаар магадлалаар тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Ингээд Н даргын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 3 жилийн дараа 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1320 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлж газар эзэмших эрхийг сэргээсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.

Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлснээс хойш 9 сарын дараа дахин Н даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрх олгосон захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-д зааснаар хууль дээдлэх үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй. 

Гэтэл манай компанийн хөрөнгө оруулалт хийн барилга байгууламж барьж, бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсний дараа захирамж гаргаж газар эзэмших эрх үүсгэсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх ба Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Н даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамжид баримталсан хууль зүйн үндэслэлийг авч үзвэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ... нийтийн эрх, ашгийг хөндөж, нийтийн эзэмшлийн газарт газар олголт хийсэн гэх үндэслэлээр Б ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 840 м.кв газрын 00013923 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 3 дахь заалтаар Н даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1320 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-д заасны дагуу Н дарга өөрийн гаргаж буй шийдвэрийнхээ хувьд хуулийг дээдэлж, хуульд үндэслэх зарчмыг баримтлах ёстой.

Тушаалын үндэслэлд дурдсан Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.5-д зааснаар манай компанийн хувьд тус газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж, газрын төлбөрийг төлж ирсэн төдийгүй, манай эзэмшлийн газар нь аливаа байдлаар бусдын эзэмшил газартай давхцалгүй, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байгаа болно.

Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан өөрөө, түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг шийдвэрийг хүчингүй болгохоор байна.

Гэтэл энэ тохиолдолд  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэг зөрчигдөөгүй, бусдын газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг манай компанийн зүгээс зөрчсөн зүйл байхгүй болно.

Н даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамжийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 02-06/4853 дугаар албан бичгээр манай компанид хүргүүлснийг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр М ХК-иас хүлээн авсан болно.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан зохицуулалтуудыг огт хэрэгжүүлэлгүйгээр манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/3828 дугаар албан бичгийг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр М ХК-иас, газар эзэмших эрх цуцлагдсан талаар мэдмэгц газрын албан дээр очиж уулзахад 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01-06/4446 дугаар албан бичгийг өгсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох, энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагааг огт явуулаагүй.

Н Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолын 2 дахь заалтаар мөн Н Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолын 1 дэх заалтаар манай компанийн эзэмших эрх бүхий 840 м.кв газрыг нийтийн эдэлбэр газарт оруулан шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн зайлшгүй шаардлага бий болсон тохиолдолд бусдад эзэмшүүлсэн газрыг нийтийн эдэлбэрт ашиглах тухай зохицуулсан бөгөөд манай компанийн эзэмших эрх бүхий газрыг нийтийн эдэлбэрт ашиглах тухай тохиролцсон зүйлгүй, Засгийн газраас холбогдох шийдвэр гаргаагүй байхад Н Тэргүүлэгчид тогтоол гаргаж, 2012 оноос хойш манай компанийн эзэмшил, ашиглалтад буй 840 м.кв газрыг хүчээр нийтийн эдэлбэр газарт оруулан тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Н даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамж, Н Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолын хавсралтын 2.5-д Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох гэсний 2-т Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах, нийтийн эдэлбэр газарт авах, 0.18 га гэж зааснаас Б ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсэг, Н Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтын 2-т Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах 1884 м.кв гэж зааснаас Булган гэмпил ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н даргын 2012 оны А/117 дугаар захирамжаар Б ХХК-д газар эзэмших эрх олгосныг Н даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1320 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн Н даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамжаар Б ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Маргаан бүхий газарт нийтийн эрх ашгийг хөндөж, нийтийн эзэмшлийн газарт газар олголт хийгдсэн байх тул Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болно.

Газрын тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6.2.2-т заасны дагуу хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах тул хувь хүн, хуулийн этгээдэд уг газрын газар эзэмших эрхийг олгосон нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа учир тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн захиргааны байгууллага өөрөө газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Иймд Н даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамж нь нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буруутай үйл ажиллагааг таслан зогсоосон хууль зүйн бүрэн үндэслэлтэй захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Н Хурал, түүний Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н Хурал нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 2020 оны 02/12 дугаар тогтоолоор Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан. Нэхэмжлэгчийн зүгээс тус тогтоолын хавсралтын 2.5-д Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох гэсний 2-т Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дундах тохижилт бүхий талбай гэсэн хэсэг нь Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж маргаж байна.

Тухайн төлөвлөгөөгөөр Нийслэлийн хэмжээнд нийтийн ногоон байгууламж, биеийн тамирын талбай зэрэг иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх нийтийн эдэлбэр газар-ын байршил, хэмжээг тодорхой зааж өгөхөөр тусгагдсан бөгөөд тухайн шийдвэр нь нэхэмжлэгчид чиглээгүй байна.

Мөн Н Тэргүүлэгчдийн 2021 оны 55 дугаар тогтоол батлагдан гарснаар маргаан бүхий актын Б ХХК-д холбогдох хэсэг гэх нь хэрэгжиж дууссан болно.

Н Хурлын 2020 оны 02/12 дугаар тогтоолыг батлан гаргах үед Б ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон байсан бөгөөд маргаан бүхий актыг батлан гаргаснаас хойш буюу 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Засаг даргын нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1008 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болтол түдгэлзүүлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Н даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамж хүчин төгөлдөр үйлчилж байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.2.2-т тус тус заасны дагуу маргаан бүхий газар нь нийтээр ашиглах нийтийн эдэлбэр газар тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Н дарга 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамжаар Б ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасны дагуу Улаанбаатар хотын банкны газар эзэмших гэрчилгээ хүчингүй болж, газар эзэмших эрх нь дуусгавар болсон. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу маргаан бүхий газрын эзэмшигч нь Б ХХК биш тул захиргааны акт гаргах үйл ажиллагаанд оролцогчоор оролцуулах, маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газраар тогтооход урьдчилан тохиролцож, гэрээ байгуулах тухай ойлголт байхгүй.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК-иас Н дарга, Н Хурал, түүний Тэргүүлэгчидэд холбогдуулан гаргасан Н даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамж;

Н Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолын хавсралтын 2.5-д Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох гэсний 2-т Баянгол дүүргийн 14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах, нийтийн эдэлбэр газарт авах, 0.18 га гэж зааснаас Б ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг;

Н Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтын 2-т Баянгол дүүргийн 14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах 1884 м.кв гэж зааснаас Б ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ. 

1.            Н даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1320 дугаар захирамжаар 32 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан бөгөөд хавсралтын 2 дахь хэсгээр Б ХХК-ийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 840 м.кв газрын эзэмших эрхийг 15 жилээр сунгажээ. Улмаар мөн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн 1 дэх заалтаар нийтийн эрх ашгийг хөндөж, нийтийн эзэмшлийн газарт, газар олголт хийгдсэн байх тул Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч Б ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 840 м.кв газрын 00013923 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 3 дахь заалтаар 2019 оны А/1320 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.4.газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;, 35 дугаар зүйлийн 35.3-д Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.5.бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж заажээ.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болон газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нь маргаан бүхий захирамжид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгасан Н даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1320 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий акт бөгөөд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон иргэнээс гаргасан өргөдөлд үндэслэн тус захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь  Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: ... 48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;, 49 дүгээр зүйлийн 49.3-д Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно: 49.3.5.нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд. хийгдсэн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь нэхэмжлэгчийн эзэмших бүхий газар нь хүүхдийн тоглоомын талбай бүхий газар болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана: 6.2.2.хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар; гэж заасан нийтийн эдэлбэр газарт хамаарч байна. Тус газарт барилга барих нь нийтийн ашиг ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байх тул Н дарга нийтийн эдэлбэр газарт газар эзэмшүүлсэн захирамжаа өөрөө хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Иймд Н даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангах боломжгүй байна.

2. Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан Н Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолын хавсралтын 2.5 Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох гэсний 2-т Баянгол дүүргийн 14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах, нийтийн эдэлбэр газарт авах, 0.18 га гэж заасан Н Хурал газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Н Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.1.1.Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах гэж заасанд нийцжээ.

Улмаар тус Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэг, Н Хурлын 2020 оны 02/12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоож баталсан бөгөөд тогтоолын хавсралтын 2-т Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах 1884 м.кв  газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоож, газрын байршил, талбайн хэмжээ, хил заагийн солбицлын цэгүүдийг заажээ.

Н даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноос хойш тухайн байршил бүхий газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглуулахаар тогтоол гарсан тул нэхэмжлэгчид мэдэгдэж сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болсонд тооцсон Н даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамж хууль зөрчөөгүй гэж шүүхээс шийдвэрлэсэн тул Н Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар, тус Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй юм. 

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, урьд газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болсонд тооцсоноор нэхэмжлэгчийг газар эзэмшигч гэж үзэхгүй тул Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан урьдчилан тохиролцох, гэрээ байгуулах үүргийг хариуцагч нар хүлээхгүй тул нэхэмжлэгчийн Н Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолын хавсралтын 2.5-д Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох гэсний 2-т Баянгол дүүргийн 14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах, нийтийн эдэлбэр газарт авах, 0.18 га гэж зааснаас Б ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг;

Н Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтын 2-т Баянгол дүүргийн 14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах 1884 м.кв гэж зааснаас Б ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.5, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д хэсэгт заасныг баримтлан Б ХХК-иас Н дарга, Н Хурал түүний Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан Н даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамж;

Н Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолын хавсралтын 2.5-д Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох гэсний 2-т Баянгол дүүргийн 14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах, нийтийн эдэлбэр газарт авах, 0.18 га гэж зааснаас Б ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг;

Н Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтын 2-т Баянгол дүүргийн 14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах 1884 м.кв гэж зааснаас Б ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.ДАМДИНСҮРЭН