Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/37

 

    Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,

шүүгдэгч А.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт А-ы Х-т холбогдох эрүүгийн 2313000010031 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 31 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт А-ы Х-, регистрийн дугаар БД............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Х- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт байрлах өөрийнхөө байшинд 2022 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр буюу хохирогч Т.А-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

2. Шүүгдэгч А.Х- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гэртээ нэлээн согтуу орж ирээд эхнэрээсээ машинаа хаана тавьснаа асуухад эхнэр маань мэдэхгүй гэж хариулсан учраас ийм асуудал гарсан. Тээврийн хэрэгслээ хаана тавьснаа санахгүй байсан. Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна”  гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн 2313000010031 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

5. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

6. Хохирогч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

7. Гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

8. Гэрч М.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

9. Гэрч К.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

10. Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

11. Шүүгдэгч А.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэргийг,

12. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

13. Шүүгдэгч А.Х- хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

14.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

15. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Х-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

16. Шүүгдэгч А.Х- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт байрлах өөрийнхөө байшинд 2022 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр буюу хохирогч Т.А-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

17. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

18. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

19. Хохирогч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед нөхөр А.Х- нь архи уучихсан согтуу орж ирсэн. Орж ирэхдээ үүдний амбаарын цонхыг хагалсан байсан. Гэрт орж ирээд надаас миний машин хаана байна алга болчихлоо гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хариулахад тэрээр охины хажууд миний хамар луу баруун гараа атгаж байгаад 2 удаа цохисон, тэр үед миний хамраас цус гарсан. Тэгээд зүүн гараараа миний толгойноос үсдэж байгаад ахиад баруун гараараа 1-4 удаа цохисон. Тэгээд охины маань мөнгө хадгалдаг шилэн гахайгаар миний толгой руу цохиж хагалсан. Надад энэ хэргийн улмаас учирсан хор уршиг гээд байх юм байхгүй. Эмчилгээнд 50000 төгрөгийн эм тариа авсан, ямар нэгэн баримт байхгүй. Тэгээд ч нөхөр А.Х-т түүнийг төлж өгөх мөнгөгүй учраас нэхэмжлэхгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

20. Гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хөрш А.Х-ийн хашаанд ороход тэдний охин нь гэрийнхээ үүдэнд уйлаад зогсож байхаар нь юу болсон бэ ахын дүү гэхэд тэрээр уйлаад ахаа надад туслаарай аав архи уугаад согтуу ирсэн гэхээр нь түүний хажууд аав, ээж хоёр нь иртэл хүлээе гэж байж байтал Т.А- уйлчихсан хүрч ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад нөхөр маань согтуу ирээд машин хаана байна, машин алга болчихлоо гэж шалтаглаад намайг зодлоо, би цагдаад дуудлага өгчихөөд ирлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

21. Гэрч М.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөрш болох Т.А- нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 223 цагийн үед манай гэрт нүүрнээс нь цус гарчихсан хамар, амаа дарчихсан орж ирээд цагдаа дуудаад өгөөч манай нөхөр согтуу агсам тавиад намайг зодчихлоо гэхээр нь би цагдаагийн газрын жижүүрийн утас руу дуудлага өгсөн. ...Т.А-ийн нүүр хэсэг нь цус болчихсон, үс нь сэгсийчихсэн орж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

22. Гэрч К.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Т.А- 2022 оны 12 дугаар сарын 21-ний шөнө нөхөр А.Х- зодсон талаар мөн надад мессеж бичсэн.Тэгээд гэрт нь ороход А.Х- согтуу цагдаа нар түүнийг аваад явж байсан. Тэр өдөр Т.А-ийн хамарнаас цус гарчихсан, уйлсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

23. Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “...Т.А-ийн биед зүүн доод зовхинд цус хуралт, духны зүүн тал, хамрын нуруунд хаван хавдартай, хамрын таславч мурийлттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 37 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

24. Шүүгдэгч А.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ...түүний нүүр лүү баруун гараа атгаж байгаад хамар руу 2-3 удаа зодоод хамраас нь цус гарсан, бас дээрээс нь зүүн гараараа түүний толгойг дарж байгаад баруун гараараа 3-4 удаа цохиод, охины мөнгө хадгалдаг шавран гахайгаар эхнэрийн толгой руу цохиж хагалсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

25. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

26. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба шүүгдэгч А.Х- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч  байна.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.

27. Шүүгдэгч А.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

     28. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

     29. Шүүгдэгч А.Х- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

30. Шүүгдэгч А.Х-ийн үйлдлийн улмаас хохирогч Т.А-ийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шүүгдэгч А.Х-ийн хохирогч Т.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

31. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

32. Гэмт хэрэг гарахад гэр бүлийн гишүүдийн бие биедээ хүндэтгэлгүй хандаж байгаа хандлага, шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

33. Прокуророос шүүгдэгч А.Х-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч А.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.

35. Хохирогч А.Х-ийн Надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч А.Х-ийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзнэ.

36. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

37. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч А.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,

38. Шүүгдэгч  А.Х-ээс “хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлт,

39. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс “шүүгдэгч А.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

40. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Х-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

41. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

42. Шүүгдэгч А.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

43. Шүүгдэгч А.Х- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дахь тал/-аар, мөн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдэж тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ЗШ/155 дугаар шийтгэврээр 14 цагийн албадан сургалтанд хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ЗШ/40 дугаар шийтгэврээр 20 цагийн албадан сургалтанд хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл эдэлж байсан болох нь /хавтаст хэргийн 79-84 дэх тал/-д авагдсан шийтгэврээр тус тус тогтоогдож байна.

44. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, урьд нь 2 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлах шийтгэл эдэлж байсан зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

45. Шүүгдэгч А.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо, мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

46. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

47. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

48. Шүүгдэгч А.Х-т урьд нь тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/67 дугаар захирамжаар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч шүүх хуралдаан болох өдөр хүртэл уг захирамж биелэгдээгүй, шүүгдэгч А.Х- нь цагдан хоригдоогүй ба түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч С овогт А-ы Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ийг 340 /гурван зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо, мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч А.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК