| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0044/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
Шүүгдэгч Х.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Х-ын А-ад холбогдох эрүүгийн 2313000310051 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 19 минутад хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэний Т овогт Х-ын А-, 1971 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс Казах, тусгай дунд боловсролтой, Өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Их булангийн 17-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БИ7..........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А- нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн үед тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах малын захын хажууд хохирогч М.А-ы ам тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Х.Ө-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
2. Шүүгдэгч Х.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313000310051 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
3. Зөрчлийн талаарх гомдол мэдээллийн 3/3-041 дугаартай материал хавтаст хэргийн 01-31 дэх тал/,
4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 54-57 дэх тал/,
5. Хохирогч М.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37, 39-40 дэх тал/,
6. Гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,
7. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
8. Гэрч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
9. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Е-ын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №66 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
10. Шүүгдэгч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
11. Шүүгдэгч Х.А-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
12.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
13. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.А-ад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
14. Х.А- нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн үед тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах малын захын хажууд хохирогч М.А-ы ам тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
15. Зөрчлийн талаарх гомдол мэдээллийн 3/3-041 дугаартай материал хавтаст хэргийн 01-31 дэх тал/,
16. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 54-57 дэх тал/,
17. Хохирогч М.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие хувиараа малын ченж хийдэг ба орой 18 цагийн үед малын захын урд байрлах дэлгүүрийн урд гутал арчиж зогсож байхад, Х.А- дэлгүүрээс гарч ирж учир зүггүй миний нүүр хэсгээс өшиглөхөд миний амнаас цус гарч, босож ирж харахад миний уруул шалбарч урд талын шүд хөдөлсөн тул би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би доошоо тонгойгоод зогсож байсан бөгөөд хүний хөл байх шиг байсан, өндийж ирээд харахад Х.А-ын гарт ямар нэгэн эд зүйл байгаагүй, тэр хөлөөрөө намайг өшиглөсөн. Намайг нэг удаа миний нүүрний ам хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. ...Тухайн үед би өөрөө”Тирлик” захаас гарахын өмнө би нэг хүнтэй 1 шил архи хувааж уусан байсан ба малын зах дээр ирээд 4 хүнтэй нийлээд 1 шил архи хувааж уусан. Би өөрөө тийм ч их мэдрэлгүй болтлоо согтсон байсан асуудал байхгүй. Х.А- нь харин нэлээн согтуу байсан ба тухайн үед газраар нэлээд их өнхөрч агсам тавих шинжтэй байсан ба цагдаа нар ирээд бид хоёрыг цагдаа дээр авч ирээд драйгер үлээлгэсэн юм. ...Би Х.А- гэх хүнд зодуулахаас өмнө миний шүднүүд бүтэн байсан. Х.А-т өшиглүүлснээс болж 1 үүдэн шүд унах гээд махан дээрээ тогтож байсан ба шүүх эмнэлэгт үзүүлсний дараа шүдний эмнэлэгт очиж авхуулсан. Бас нэг шүд одоо хөдөлгөөнтэй байгаа юм. Би цаашид онгорхой шүдтэй байхад хэцүү байгаа бөгөөд одоо хөдөлгөөнтэй нэг шүдээ авахуул гэж эмч зөвлөсөн тул 2 ширхэг шүд хийлгүүлэх болно. Тийм учраас 2 шүд хийлгүүлэх зардал мөнгөө миний шүд хугалсан Х.А- гэх хүнээс төлүүлж авмаар байна. Өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.
... Тухайн үед Х.А- миний нүүр, ам хэсэгт хөлөөрөө өшиглөснөөс болж миний үүдэн хоёр шүд хөдөлгөөнтэй болсон бөгөөд түүнийг эмнэлэгт үзүүлж авхуулсан юм. Түүнээс хойш би хоол идэж чадахгүй нэлээд хэцүү байсан болохоор хиймэл шүд хийлгүүлэхээр болж шүдний эмнэлэгт захиалга өгсөн. Хиймэл шүд хийлгэхэд тагнайтай 5 ширхэг хийлгэхэд 70.000 төгрөг, 2 шүд авхуулахад 60.000 төгрөг, өвчин намдаах эм тариа гээд 20.000 төгрөг, нийт 150.000 төгрөгийн төлбөр гарсан юм. Тухайн хиймэл шүд хийлгэх, эм тариа гээд нийт 150.000 төгрөгийг Х.А- төлж барагдуулсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37, 39-40 дэх тал/,
18. Гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тухайн өдөр малын зах дээр байсан бөгөөд орой 18 цагийн орчимд малын хажууд байдаг хүнсний дэлгүүрээс зээлээр авсан эд зүйлийнхээ тооцоо хийхээр тухайн дэлгүүрт орох үед Х.А-, Е- гэх залуучууд хамт байсан бөгөөд би тус дэлгүүрт тооцоогоо хийчхээд тус дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авсан. Тухайн архийг А-, Д-, Б-, Ч-, зүс таних 2 залуу нийтдээ 7 хүн хажуу гуанзанд орж уух үед М.А- орж ирээд нэг хундага архи уучихаад гараад явсан. Удалгүй Х.А- нь тэр хавиар агсам тавих гээд байсан болохоор гуанзны эзэн бид нарыг гарахыг шаардсан ба энэ үед хүмүүс бүгд гараад явсан. Түүний дараа би ч мөн адил тус гуанзнаас гараад үүдний хэсэгт зогсоод тамхи татаж байх үед М.А- нь дэлгүүрийн довжоо /шат/ хэсэгт нөгөө хөлөө тавиад гутлаа арчиж байх үеэр дэлгүүрээс Х.А- гарч ирээд шууд М.А-ы нүүр хэсэгт өшиглөсөн. Энэ үед би Х.А-ыг салгаад цаашаа явсан ба Х.А- нэлээн согтуу агсам тавьж, бид нар луу элс, шороо, чулуу шидсэн. Тэр үед М.А- цагдаад дуудлага өгч удалгүй цагдаа нар ирээд М.А-, Х.А- хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,
19. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр би малын зах дээр орой 16 цагийн орчимд очсон бөгөөд энэ үед Ж-, Ч- нартай таараад бид нар малын захын хажууд байдаг Хүнсний дэлгүүрийн цайны газарт орсон. ...Гаднаас Х.А- нь нэлээн согтуу орж ирээд хүн болгонтой хавираад өдөөд байхаар нь бид нар тус цайны газраас гараад ойролцоо зогсож байх үед тус дэлгүүрийн үүдний хэсэгт М.А- нь доошоо тонгойгоод зогсож байх үеэр дэлгүүрийн дотор талаас Х.А- гарч ирээд шууд М.А-ы нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн юм. Энэ үед Ж- гэх залуу Х.А-ыг барьж аваад хорьж байсан ба Х.А- нь нэлээн согтуу тэр хавиар хүмүүс рүү дайрч, орилж хашхираад газарт унаж, шороон дээр өнхрөөд байсан болохоор Хайрат /Ч-/ бид хоёр очоод Х.А-ыг боль гэж хэлээд татаж босгох гэхэд Х.А- нь хүч өгөхгүй байсан ба арай гэж Х.А-ыг тайвшруулж зогсож байгаад гайгүй болохоор нь би яваад өгсөн. Миний араас Хайрат бас яваад өгсөн. Харин Ж- гэх залуу Х.А-, М.А- нарын хажууд үлдсэн юм. Түүнээс хойш яасныг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
20. Гэрч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр би малын зах дээр өнжсөн бөгөөд ганц хоёр хүмүүстэй нийлээд ганц хоёр шил архи хувааж уусан ба орой 18 цагийн орчимд Ж-, Б- нарын хамт малын захын хажууд байдаг хүнсний дэлгүүр, цайны газарт орж суугаад ярилцаад сууж байх үеэр гаднаас Х.А- нь нэлээн согтуу орж ирсэн ба тухайн цайны газарт сууж байсан хүмүүстэй хэрүүл маргаан өдөж байсан ба энэ үеэр бид нар тус цайны газраас гарч дэлгүүрийн гадна зогсож байх үед М.А- гэх хүн дэлгүүрийн үүдний хэсэгт гудлаа арчаад зогсож байх үеэр дэлгүүр дотроос Х.А- нь согтуу гарч ирээд шууд М.А-ы нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгээд тэр хавиар явж байсан хүмүүст Х.А- нь агсам согтуу тавьсан бөгөөд энэ үеэр Ж- очиж Х.А-ыг боль гэхэд хүч өгөхгүй байсан болохоор Б- гэх хүн бид хоёр очоод Х.А-ыг хорьж, яасан талаар асууж, тайвшруулаад хэсэг хугацааны дараа би хаячихаад яваад өгсөн юм. Сүүлд харж байхад цагдаа нар ирээд Х.А-, М.А- нарыг аваад явсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
21. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Е-ын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №66 дугаартай “...Хохирогч М.А-ы биед дээд урууланд шалбарсан шарх, баруун 1-р шүдний 3-р зэргийн хөдөлгөөнтэй гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
22. Шүүгдэгч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би нэлээн их архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор их согтуу байсан. Тус өдөр М.А-тай тааралдаж, уулзалдаагүй. Бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан огт болоогүй юм. Би тухайн үед хэтэрхий их согтсон байсан болохоор зарим үйлдлээ сайн санахгүй байна. Ямар ч байсан М.А-ыг өшиглөсөн асуудлаа санаж байгаа ба тухайн үед юу юу болоод өнгөрснийг сайн санахгүй. Нэг мэдэхэд цагдаа нар ирээд намайг цагдаагийн газарт авч ирснийг санаж байна. Миний хувьд иргэн М.А-ыг өшиглөж биед нь гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байгаа ба М.А-тай уулзаж түүнд учирсан хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл би М.А-ыг өшиглөснөөс болж түүний 2 шүд гэмтэж шүд нь унасан болохоор би уг хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч М.А-аас уучлалт гуйж хохиролгүй болгож өгсөн тул миний уг үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
23. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
24. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
25. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
26. Шүүгдэгч Х.А- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
27. Шүүгдэгч Х.А-ын үйлдлийн улмаас хохирогч М.А-ы биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
28. Шүүгдэгч Х.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
29. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн болон хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
30. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
31. Шүүгдэгч Х.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.А-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь М.А-ы “Миний бие М.А- гомдолтой байсан. Би одоо А-т гомдолгүй, бүх юм бүрдэж авлаа, одоо ямар ч гомдолгүй” гэх баримт /хавтаст хэргийн 72 дахь тал/-ыг үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
32. Шүүгдэгч Х.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
34. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
35. Шүүгдэгч Х.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
36. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
37. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг Х.А-ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
38. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
39. Шүүгдэгч Х.А-ын түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 480 нэгж нь 480.000 төгрөгтэй тэнцэх юм.
41. Шүүгдэгч Х.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
42. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
43. Шүүгдэгч Х.А-ад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Х-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.А-ыг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Х.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Х.А-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК