Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 

 

 

 

  2022         12          23                                   2023/ШЦТ/15 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга И.Номин

Улсын яллагч Н.Энхбуян

Шүүгдэгч Ж.Э нар оролцсон эрүүгийн 2209009541862 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 03 сарын 12-ны өдөр, Завхан аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа барилга дээр ажилладаг, ам бүл 1, урьд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, С овогтой Ж.Э

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургуулийн барилга дээр ажиллаж байхдаа хохирогч Д.Э-ын "Самсунг А6” загварын гар утсыг "найзыгаа тосож авах гэсэн юм, утсаар чинь ярьчхаад өгье" хэмээн бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн залилан авч, бусдад 155.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209009541862 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Х.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Т.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Т.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 155,000 /нэг зуун тавин таван мянган төгрөг”-р үнэлэгдэв.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Ж.Э нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургуулийн барилга дээр ажиллаж байхдаа хохирогч Д.Э-ын "Самсунг А6” загварын гар утсыг "найзыгаа тосож авах гэсэн юм, утсаар чинь ярьчхаад өгье" хэмээн бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн залилан авч, бусдад 155.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Д.Э-ын “...2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны арын баригдаж байгаа сургуулийн барилгад өрлөгийн туслахаар ажиллахаар 20-22 орчим насны Батхишиг гэх залууг хүлээж аваад ажиллуулахаар болсон. Тэгээд 2022 оны 03 сарын 27-ны өдрийн 13.00 цагийн орчим ажил дээрээ ажиллуулахаар найзыгаа дуудахаар болоод миний эзэмшлийн "Самсунг А6 плас" маркийн гар утсыг гуйж аваад миний 93077575 дугаараас 99343720 гэсэн дугаар руу 3 удаагийн давтамжтай залгаж ярьсан. Тэгээд “найз ирчихсэн байна, автобусны буудлаас тосоод ирье” гэж хэлээд миний гар утсыг авч гараад тэр чигтээ алга болсон. Миний утасны цэнэг 90 орчим хувьтай хэвийн ажиллагаатай унтрах боломжгүй утас байсан. Утасны кодыг нь би өөрөө зааж өгсөн байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Гийн “...Д.Э-ын утсыг авч явсан залууг танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй. Бид нартай өмнөх өдөр нь буюу нэг өдөр ирж хамт ажиллаад маргааш нь ажиллаж байгаад үдээс хойш нь Д.Э-ын утсыг аваад явчихсан юм...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Т.А-гийн “...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би ажилдаа яваагүй гэртээ байж байгаад 10 цагийн орчимд Сэлбэ 1 автобусны буудал дээр байдаг СОР нэртэй хүнсний дэлгүүрт найз Зоригтбаатар дээр уулзах гэж очсон. Тэгэхэд Зоригтбаатар гар утсаараа ярьж дуусаад надаас барилгын ажил хийх үү? Юм зөөх юм байна. Одоо яваад очвол 50.000 төгрөг өгнө гэж байна гэж асуухаар нь надад мөнгөний хэрэгцээ байсан болохоор очихоор болоод өөрийн 99343720 дугаарыг өгсөн юм. Тэгээд удаагүй байтал над руу 93077575 гэсэн дугаараас 20 орчим насны эрэгтэй хүн залгаад ажил хийх юм уу ахын дүү, хийхээр бол 32-н автобусны буудал дээр хүрч ирээд залга гэж хэлээд тасалсан. Тэгээд би очиж явахад над руу залгаад ирж байна уу хаана явна гэж хэд хэдэн удаа залгаж асуусан. Тэгээд би 32-н автобусны буудал дээр очоод ирчихлээ гэж залгахад наанаа байж бай одоо гарлаа, машинтай очоод авъя Номин худалдааны төвийн урд талд зогсож бай гэж хэлээд 20-30 орчим минут хүлээгээд ирээгүй, утас руу нь залгая гэхээр би нэгжгүй болчихсон байсан юм. Тэгээд хүлээгээд ирэхгүй болохоор нь яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Т.З-ын “...Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Сор” нэртэй хүнсний дэлгүүрт барилгын засал хийсэн. Надтай хамт дэлгүүрийн эзэн н.Сайхнаа эгч хамт байсан. 11.00 цагийн орчимд манай найз Т.А над руу мессенжер чатаар зурвас бичиж байгаад над дээр н.Ойдовын хамт ирээд “Өнөөдөр хийх ажил байна уу” гэж дэлгүүрийн эзнээс асууж байсан. Тэгээд удаагүй байтал нэг танихгүй дугаараас шингэн хоолойтой 20 орчим насны эрэгтэй хүн залгаад “Сайн уу? зөөх ажил байна хийх үү?” гэж асуухаар нь би ажилтай байна хийхгүй гэдгээ хэлтэл хажууд сонсож байсан Т.А “Би хийчихье” гэж хэлэхээр нь над руу залгасан хүний дугаарыг Т.А-д өгөөд явуулсан. Т.А ганцаараа очихоор болоод н.Ойдов гэртээ харьсан гэсэн...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Шүүгдэгч Ж.Э-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба хохирогч Д.Эын гар утсыг "найзыгаа тосож авах гэсэн юм, утсаар чинь ярьчхаад өгье" хэмээн бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн залилан авч, бусдад 155.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

Шүүгдэгч Ж.Э нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ж.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 300.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгүүлэх санал гаргасан байна.

Хохирогч Д.Э нь "Самсунг А6” загварын гар утасны төлбөр болох 155.000 /нэг зуун тавин тав/ мянган төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй /хх-ийн 58/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт  “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно..” гэж тус тус заажээ. 

Шүүгдэгч Ж.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 сарын 01-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаас 300.000 төгрөгийг төлж, 300.000 төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 сарын 01-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 300.000 төгрөгийн торгох ялыг тус туст нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч С овогтой Ж.Э-г бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 сарын 01-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тус тусад нь  эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус анхааруулсугай.

 5. Шүүгдэгч Ж.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН