Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/126

 

  2023          01          26                                  2023/ШЦТ/126   

                               

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Г.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: М.Г нар оролцсон эрүүгийн 2209007121168 дугаартай хэргийг 2022 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, ам бүл 3, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 505 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн, ял биелэгдээгүй,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 7 сар 24 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Б овогт Г.Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “О” төвийн 9 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-д сошиал дизайн хариуцсан менежер албан тушаалд түр ажилтнаар ажиллах хугацаанд албан хэрэгцээнд ашиглуулахаар 2022 оны 02 дугаарын 24-ний өдөр итгэмжлэн хариуцуулж өгсөн төгрөгийн үнэ бүхий “А” маркийн процессор 1 ширхэг, 575.000 төгрөгийн үнэ бүхий “Никон Д3200” маркийн зургийн аппарат 1 ширхэг зэргийг өөртөө ашиг олох зорилгоор авч яван барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж “Б” ХХК-нд нийт 3.375.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 2209007121168 тоот хэргээс:

Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Э.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн тайлан /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

“Б” ХХК-ий эд хөрөнгө хариуцагчийн карт /хх-н 24-р хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтууд зэрэг болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “О” төвийн 9 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-д сошиал дизайн хариуцсан менежер албан тушаалд түр ажилтнаар ажиллах хугацаанд албан хэрэгцээнд ашиглуулахаар 2022 оны 02 дугаарын 24-ний өдөр итгэмжлэн хариуцуулж өгсөн төгрөгийн үнэ бүхий “А” маркийн процессор 1 ширхэг, 575.000 төгрөгийн үнэ бүхий “Никон Д3200” маркийн зургийн аппарат 1 ширхэг зэргийг өөртөө ашиг олох зорилгоор авч яван барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж “Б” ХХК-нд нийт 3.375.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.А-гаас “...Манай компани нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Г.Б нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 14 хоног сошиал дизайнер хариуцсан менежерээр ажиллаж байсан юм. манай үндсэн ажилтан биш бөгөөд 1 сар дадлага хийх ёстой бөгөөд дадлагын хугацаа нь дуусаагүй байсан юм... Г.Б нь сошиал дизайн хариуцсан менежерээр ажиллах хугацаандаа камер болон процессорыг ашиглаж ажилласан бөгөөд өөрийнх нь хариуцаж итгэмжлэн хариуцсан эд зүйлс мөн байсан юм. харин Б нь үүнийг хувьдаа ашиглаж мэдэгдэлгүйгээр компаниас авч гарч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Од нэртэй ломбардад тавьсан байсан. Үүнийг өөрөөс нь сонссон юм... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Э.Ц“...Би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 22-р байр 8 тоотод үйл ажиллагаа явуулах Од нэртэй ломбардад ажилладаг бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр /сайн сайхгүй байна/ 15 цагийн үед Г.Б гэх залуу нь “Amd Ryzen 8 core Nivida Ge Forse GTX” үзүүлэлт бүхий дан процессор 1 ширхэгийг өөрийн эзэмшлийн гэж хэлээд тавьсан бөгөөд би өөрийн 5064296098 дугаарын данснаас 1.100.000 төгрөг шилжүүлж өгсөн юм. Мөн энэ Г.Б гэх хүн нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Nicon D300” загварын зургийн аппарат нэг ширхгийг ломбарданд тавьж дансаар 400.000 төгрөгийг шилжүүлж өгсөн юм... Цагдаагийн байгууллагаас процессор, аппаратыг хурааж авч явсны дараа Г.Б-ын ээж гэх хүн ирж процессорыг 1.100.000 төгрөгийг өгчихсөн байгаа зургийн аппарат барьцаалан зээлсэн 400.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн “...Asus same8 ryzen 71700 8 core 717 GTX 1050 16 gb ram процессор 2.800.000 төгрөг, Nicon d3200 зургийн аппарат 575.000 төгрөг... нийт 3.375.000 төгрөгөөр...” үнэлсэн тайлан зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “О” төвийн 9 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-д сошиал дизайн хариуцсан менежер албан тушаалд түр ажилтнаар ажиллах хугацаанд албан хэрэгцээнд ашиглуулахаар 2022 оны 02 дугаарын 24-ний өдөр итгэмжлэн хариуцуулж өгсөн төгрөгийн үнэ бүхий “А” маркийн процессор 1 ширхэг, 575.000 төгрөгийн үнэ бүхий “Никон Д3200” маркийн зургийн аппарат 1 ширхэг зэргийг өөртөө ашиг олох зорилгоор авч яван барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж “Б” ХХК-нд нийт 3.375.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.А-н мэдүүлэг, эд хөрөнгө хариуцагчийн карт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Тодруулбал Г.Б нь Б” ХХК-д сошиал дизайн хариуцсан менежер албан тушаалд ажиллах хугацаандаа албан хэрэгцээнд ашиглуулахаар хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг өөртөө завшсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хүсэл сонирхлоо хязгаарлаж чадахгүй зүй бус хандлагатай, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай сэдэл, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: Шүүгдэгч Г.Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ял дээр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 9 /ес/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах санал гаргасан байна.

Шүүдэгч Г.Б нь “Б” ХХК-нд учруулсан 3.375.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг биет байдлаар хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч Э.Ц учруулсан 400.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгч Г.Б-ыг хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэм буруутайд тооцсон /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг/ гэмт хэрэг нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг/ хэргээс цаг хугацааны хувьд өмнө үйлдэгдсэн байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй хандлага зэргийг харгалзан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас хүндрүүлэхгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж шүүхээс үзэж,  шүүгдэгч Г.Б-д 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Шүүгдэгч Г.Б-д Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 460 /дөрвөн зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож 57 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтэн нийт 7 /долоо/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1150 дугаартай магадлалаар 7 /долоо/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 7 /долоо/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож 90 /ер/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 3 /гурав/ сар 114 /нэг зуун арван дөрөв/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь энэ шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Г.Б-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч Г.Бэнэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож нийт 90 /ер/ хоногийн хугацаагаар хорих ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 3 /гурав/ сар 114 /нэг зуун арван дөрөв/ хоногийн хорих ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН