Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/1156/Э |
Дугаар | 2023/ШЦТ/13 |
Огноо | 2022-12-23 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/13
2022 12 23 2023/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга И.Н
Улсын яллагч С.Б
хохирогч Н.А
Шүүгдэгч О.Ч нар оролцсон эрүүгийн 2209022831898 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 сарын 29-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 5, урьд өмнө ял шийтгэлгүй, М овогтой О.Ч
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ч нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Залуу гэр бүл хотхоны 310-20 тоотод оршин суух хохирогч Н.А-д “жолооны үнэмлэхийн эрх сэргээж, үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дансаар 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2209022831898 дугаартай хэргээс:
Хохирогч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Хохирогч Н.А-гийн эзэмшлийн Голомт банкны 1165115758 дугаар дансны гүйлгээний хуулга /хх-ийн 19 дүгээр хуудас/
Яллагдагч О.Ч-ын эзэмшлийн Хас банкны 5004501722 дугаар дансны орлого зарлагын хуулга /хх-ийн 25-29 дүгээр хуудас/
Хохирогчоос гаргаж өгсөн хэрэгт эд мөрийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.
Шүүгдэгч О.Ч нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Залуу гэр бүл хотхоны 310-20 тоотод оршин суух хохирогч Н.А-д “жолооны үнэмлэхийн эрх сэргээж, үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дансаар 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Н.А-гийн “... би 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 9008-УБП гэсэн улсын дугаартай Ниссан ноте маркийн автомашин жолоо барьж явж байгаад дүрэм зөрчиж цагдаад торгуулж эрхээ 1 жилээр хасуулж жолооны үнэмлэхээ хураалгасан. Тэгээд хамт ажилдаг сувилагч Д-д болсон зүйлийг ярихад Д нь нөхөр Ч-гаа яриулаад наадмаас өмнө эрхийг чинь сэргээгээд жолооны үнэмлэхийг чинь гаргаад өгчихнө 5 сая төгрөг өгчих гэхээр би өөрийн голомт банкны 1165115758 дугаартай данснаас Ч-ын хас банкны данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн гүйлгээний утга дээр нь зээл олгов гэж бичсэн би дансны дугаарыг нь санахгүй байна. би Чингүүнжавт мөнгө өгч байгаа учир Ч-аар гарын үсэг зуруулж авмаар байна гээд Н.А би О.Ч-т 2022.04.29-ны өдөр 5 сая төгрөгийг Ч-ын хас банкны данс руу шилжүүлсэн 2022.06.01-ны өдрөөс 2022.07.11-ны өдрийн хооронд Ч төлнө гэж бичээд Ч-аар гарын үсэг зуруулсан. Нэрийг нь болон хаана ажилд цагийг нь хэлээгүй лицензийн албаны дарга жолооны үнэмлэх гаргадаг хүн гэж хэлж байсан. тэгээд одоо мөнгөө нэхэхээр цаад гаргаж өгдөг хүн нь маань баригдаад хамаг данс нь хаагдсан тэр хүнийг шоронд орсон жоохон удахаар байна гэж хэлсэн. тэгээд би чамд мөнгөө өгсөн буцааж авмаар байна гэхэд явдаг газраараа явж мөнгөө олж аваарай би таны мөнгөнөөс 100 төгрөг ч аваагүй гэж хэлсэн тэгэхээр нь би цаад хүнтэйгээ уулзуулаа гэхэд тэр хүнийхээ талаар хэлэхгүй утсаа авахгүй байгаа. Би гомдолтой байна...." гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.
Шүүгдэгч О.Ч-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба хохирогч Н.А-д “жолооны үнэмлэхийн эрх сэргээж, үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Ч нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн хайхрамжгүй үйлдэл зэрэг нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Ч-аас 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулж хохирогч Н.Ад олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч О.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба шүүх шүүгдэгч О.Ч-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогтой О.Ч-ыг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч О.Ч-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Ч-ыг шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэж ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч нь үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-аас 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулж хохирогч Н.А-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шүүгдэгч О.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН