Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2017/00134

 

Б-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 601 дүгээр шийдвэртэй, Б-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Театрт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч С, Н, хариуцагч байгууллагын төлөөлөгч А, түүний өмгөөлөгч  С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчний ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2015 оны 10 дугаар сард Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт сонгон шалгаруулалтын үндсэн дээр ажилд орсон. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А нь намайг үндэслэлгүйгээр хувийн таарамжгүй харьцааны улмаас өс хонзон санаж ажлаас халсанд нь гомдолтой байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улсын их хурлын дарга М.Э Баян-Өлгий аймагт ажиллах хугацаанд ард иргэдтэй уулзалт хийх үеэр миний бие театрынхаа ажилчдын өмнөөс даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А гэгч эрхмийн Хөдөлмөрийн тухайн хуулийг уландаа гишгэж, ажилтны эрх ашигт халддаг талаар болон төрийн албаны ёс зүйгүй байдлын талаар үг хэлсэн. Үнэн үг хэлснийхээ төлөө өдий болтол хавчигдан дарамтлуулж эцэст нь ажлаасаа халагдлаа. Миний бие нэг ч удаа ажлын хариуцлага алдаж байгаагүй, халсан гэх шалтгаан нь бүтэн сайны өдөр буюу ажлын бус өдөр 1 цагийн бүжгийн бэлтгэл тасалсан явдал юм. Ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцох зөрчлийг тусгахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон Байгууллагын дотоод журмыг зөрчсөн юм. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.12-т “сургуулилт, тоглолт тасалсан бол ноцтой зөрчилд тооцно” гэж заасныг зөвшөөрөхгүй байна. Учир нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын гуравдугаар зүйлийн 3.8 дугаар зүйлийн б-д “Ажилтан концерт болон тоглолт тасалсан бол ноцтой зөрчилд тооцно” гэж заасан байдаг. Үүнд сургуулилт тасалсан гэдгийг ноцтой зөрчилд тооцохоор заагаагүй байхад дотоод журмыг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тодорхой харагдаж байна. Нөгөөтээгүүр намайг “Наадмын бүжгийн сургуулилалт тасалсан” гэж ажлаас халсан нь Хөдөлмөрийн гэрээг зөрчиж байна. Яагаад гэвэл би бүжигчин биш мөн бүтэн сайны өдөр ажиллах ёсгүй. Иймээс ажил олгогч надаас хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажлыг хийж гүйцэтгэхийг шаардах эрхгүйгээс гадна амралтын өдөр миний зөвшөөрөлгүй ажиллуулах эрх ч байхгүй. Иймд Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.12 дахь хэсэг, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 5/36 тоот тушаалыг хүчингүй болгож, Б намайг Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ. 

 

            Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1.Тус театрын даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний  Б/36 тоот тушаалаар ажилтан Б нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8-ын б, хөдөлмөрийн гэрээний 6.2.12 дахь хэсэгт заасан ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан үүрэгт ажлаас чөлөөлсөн. Аймгийн наадмын нээлтийн үйл ажиллагаа нь Төв цэнгэлдэх хүрээлэнд 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 08 цагаас 12 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд 2017 оны 7 дугаар сарын 08-ний өдрийн 10 цагаас 14 цагийн хооронд генералный прогон арга хэмжээ явагдах ёстой. Гэтэл Б нь 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагаас 14 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдах генералный прогон арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй буюу тэр өдөр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан.

Иймд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8-ын б хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтан Б-тай 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, талууд гарын үсгээ зурсан хөдөлмөрийн гэрээний 6.2.12-т “Хүндэтгэх шалтгаангүй сургуулилт, тоглолт тасалсан бол” гэрээг дуусгавар болгохоор заажээ.

2.Ажилтан Б нь тус байгууллагад хөдөлмөрлөх явцад ажил тасалсан хэлбэрээр хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь байгууллагын даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан “Хүннү гүрэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, ардын хувьсгалын 96 жилийн баяр наадамд зохион байгуулах арга хэмжээнүүд" гэсэн бичиг баримтаар, тус театрын уран сайхны зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, Хөгжимт драмын театрын захиргааны зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Б-ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 601 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-г тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын захирлын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 5/36 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал”-ыг хүчингүй болгож, Б-ыг Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-г баримтлан нэхэмжлэгч Б-ы Хөдөлмөрийн гэрээний 6.2.12-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Анхан шатны шүүх Б-ы нэхэмжлэлтэй М.Хурманханы нэрэмжит Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын захиргаанд холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1.Ажил олгогчоос Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах болсон хууль зүйн үндэслэл нь ажилтан Б нь 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагаас 14 цаг хүртэл явагдсан “Хүннү гүрэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам зохион байгуулах арга хэмжээ”-ний генерал прогон буюу сургуулилтын ажлыг 1 өдөр хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр тасалсан явдал юм. Энэхүү арга хэмжээг тус театрын ерөнхий найруулагч М найруулсан ба театрын хамт олон нийтээрээ очиж тухайн үед оролцсон. Ажил олгогчоос Б-ы гаргасан ажил тасалсан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2017 оны Б\36 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8-ын “б”, 9.5-ын “г”, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6.2.12 дэхь хэсэг, тус байгууллагын захиргааны ба уран сайхны зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд нийцсэн гэж үзэж байна.    

2. Нэхэмжлэгч Б тус шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ “...Нөгөөтээгүүр ажлын бус амралтын өдөр 1 цагийн бүжгийн сургуулилт тасалсан маань Хөдөлмөрийн гэрээнд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй." гэснээс дүгнэж үзэхэд Б нь тухайн өдөр сургуулилт болно гэдгийг мэдэж байсан ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.

3. Нэхэмжлэгч Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасныг анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Е, М, Д болон гэрч К нарын мэдүүлгүүд, тус аймгийн Хөгжимт драмын театрын хөдөлмөрийн дотоод журам, тус байгууллагын дэргэдэх уран сайхны зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, захиргааны зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл, ажилтан Б-тай 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан “Хүннү гүрэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадамд зохион байгуулах арга хэмжээнүүд” зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

4. Ажил олгогчоос ажилтан Б-тай 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний “Зургаа. Гэрээг дуусгавар болгох, цуцлах, 6.2. Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцална. 6.2.12. Хүндэтгэх шалтгаангүйгээр сургуулилт, тоглолт тасалсан гэж тусгасан юм. Энэхүү хөдөлмөрийн гэрээ нь хуулийн хүчинтэй байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй гэдэг нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 601 тоот шийдвэрээр нотлогдсон. Гэтэл анхан шатны шүүх Б нь ажил олгогчоос байгуулсан хөдөлмөрийн гэрээний Зургаадугаар зүйлийн 6.2, 6.2.12-ыг зөрчсөн гэдэг нь нотлох баримтуудаар нотлогдож байхад түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хууль зөрчөөгүй гэдгийг баталсан атлаа маргааны үйл баримтын эсрэг шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн зарчмыг ноцтой зөрчиж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 601 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Бы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.”  гэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хариуцагч Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Асалбек 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан "Хүннү гүрэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, ардын хувьсгалын 96 жилийн баяр наадамд зохион байгуулах арга хэмжээнүүд"-ийн 3 дугаар баганын тайлбар хэсгийн ерөнхий хяналт гэдэгт 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10.00-14.00 цаг хүртэл бүх ажилчид хариуцлагатай ажиллах шаардлагатай гэж тусгасан болохоос 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 10.00 цагт бүх ажилчид ерөнхий хяналт /генералный прогон/ аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болно гэснийг албан ёсоор баталгаажуулан тогтоосон эрхийн акт байхгүй, тухайн өдөр ямар нэгэн үйл ажиллагаа, тоглолтын сургуулилалт болно гэдгийг надад урьдчилж мэдэгдэхгүйгээр намайг тухайн сургуулилалт тасалсан хэмээн үзэж ажлаас халсан явдал нь хуульд нийцээгүй юм. Өөрөөр хэлбэл төв цэнгэлдэх хүрээлэнд ерөнхий хяналт /генералный прогон/ явагдах товыг нэхэмжлэгч надад мэдэгдсэн эсэх нотлох баримтуудыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгч чадаагүй болно. Тухайлбал, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 6.2.12-д зааснаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургуулилалт, тоглолт тасалсан гэснийг, мөн тус театрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.8-ын "б"-д зааснаар концерт болон тоглолт тасалсан гэснийг тус тус нотлох баримт гаргаж өгч чадаагүй. Хөгжимт драмын театрын хөдөлмөрийн дотоод журмын журмын 9.3-д "сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ баримтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан ба зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй" гэж заасан байхад ажилтан надад энэхүү эрхийг маань эдлүүлээгүй, миний гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоогоогүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

Б нь Баян-Өлгий аймгийн Театрт холбогдуулан тус театрын жүжигчний ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

 

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 5/36 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, байгууллагын дотоод журмын 3.8-ын 3 “б”, 9.5-ын “г” дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 6.2.12, Захиргаа ба уран сайхны зөвлөлийн хурлын шийдвэрүүдийг тус тус үндэслэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тоглолтын сургуулилт тасалж, ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр тус театрын жүжигчин Быг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажилтан Б нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т нийцсэн ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй” гэж, харин ажил олгогч “Б нь сургуулилтын ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 өдөр тасалсан” гэж тайлбарлаж, шүүхэд мэтгэлцжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг үндэслэл болгосон боловч тус зүйлд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтны буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үйл баримтаа нотлох баримтаар шүүхэд нотолж чадаагүй байна. Ажил олгогчоос Б нь 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагаас 14 цаг хүртэл явагдсан “Хүннү гүрэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам зохион байгуулах арга хэмжээ”-ний генералный прогон буюу сургуулилтын ажлыг 1 өдөр хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр тасалсан гэсэн үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн боловч анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний талуудын ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцон тогтоогоогүй, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй талаар зөв дүгнэж, Б-ыг урьд эрхэлж байсан жүжигчний ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

Ажил олгогчийн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан үндэслэлтэй нийцээгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй тул ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.  

Иймээс дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ