Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0796

 

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0796

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: Н дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Н даргын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/449 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Б, Ш.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 168022/0070 дугаар бүхий 10,3 га газрыг 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хууль ёсоор эзэмшиж байна. Манай компанид тус газрыг анх Н даргын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 821 дүгээр захирамжаар 5 жилээр эзэмшүүлэхээр олгосон бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор буюу Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраас олгосон мэдэгдэл, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг зэргийг үндэслэн 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ авсан. Тухайн гэрчилгээг хуулийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 15 жилээр сунгуулж газар эзэмших гэрчилгээг шинээр авсан.

Гэтэл Н дарга манай компанийг эзэмшиж авсан газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, мөн уг газар ус хангамжийн хамгаалалтын болон хориглолтын бүсэд орсон гэх үндэслэлүүдээр 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

1.            Газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд, Манай компани газар эзэмших гэрчилгээ авснаас хойш газраа хууль тогтоомжийн дагуу ашиглах гэтэл тухайн газрыг Ус сувгийн удирдах газрын харьяа усны худагт ойрхон олгогдсон байна гэх үндэслэлээр газрыг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглож улмаар манай газрыг өөрийн худгуудын хамт хашаалан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамгаалалтад оруулснаар өөрийн газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд энэ тухай хотын удирдлага, Нийслэлийн Газрын албанд удаа дараа хандаж ирсэн бөгөөд холбогдох албан тушаалтнууд асуудлыг шийдвэрлэж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх гэсэн хуулийн урьдчилсан нөхцөл тавигдсан байхад Н дарга уг нөхцөлийг үл харгалзан тус заалтыг захирамжийнхаа хууль зүйн үндэслэл болгосон нь хууль бус байна.

2.               Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлийн тухайд, Манай компани газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаас хойш 2018 оныг хүртэл газрын төлбөрөө тасралтгүй төлсөөр ирсэн бөгөөд газрын төлбөрт 49,000,000 төгрөг төлсөн. Мөн газар дээр үүссэн асуудлыг шийдвэрлүүлж газрыг хууль тогтоомжийн дагуу ашиглахаар Нийслэлийн Газрын албанд удаа дараа хүсэлт хүргүүлсний үндсэн дээр тус газраас газрын дуудлага худалдааны анхны үнэ 30 хувийг төлсөн тохиолдолд үйл ажиллагаа хэвийн явуулах боломжтой гэсний дагуу 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 204,000,000 төгрөг төлсөн. Бид хуулийн дагуу шударгаар олж авсан өөрийн эзэмшлийн газрыг ашиглахын тулд 2018 оныг хүртэл 253,000,000 төгрөг төлсөн боловч Нийслэлийн Газрын алба, хотын үе, үеийн удирдлагууд бидэнд тус газрыг хэвийн ашиглах ямар ч боломж олгохгүй байсан тул тус асуудлыг шийдвэрлэж өгөх хүртэл хугацаагаар газрын төлбөр төлөх ажиллагааг түр зогсоож энэ тухай холбогдох албан тушаалтнуудад мэдэгдсэн.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаас хойш 2018 оныг хүртэл буюу 8 жилийн хугацаанд захиргааны байгууллагаас бидэнд өөрийн газрыг зориулалтын дагуу ашиглах бодит боломж олгохгүй байсан хэдий ч бид хууль тогтоомжийн дагуу өөрийн төлөх ёстой татвар хураамжуудыг төлсөөр байсан бөгөөд харин захиргааны байгууллага өнөөдрийг хүртэл тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй байгаа хэрнээ бмднийг 2019 оноос хойш газрын төлбөр төлөөгүй гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасан зарчимд тус тус нийцэхгүй бөгөөд хууль бус байна.

3.            Ус хангамжийн хамгаалалтын болон хориглолтын бүсэд орсон гэх үндэслэлийн тухайд, Биднийг хууль ёсоор газар эзэмшиж эхэлснээс хойш батлагдсан хууль тогтоомжийн дагуу манай компанийн газар усны хамгаалалтын бүсэд орсон эсэх асуудалд бид гэм буруугүй бөгөөд тус хариуцлагыг бидэнд халдааж газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасан зарчимд нийцэхгүй байна.

Дээрхээс үзвэл манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаагүй болох нь харагдаж байна. Мөн Н дарга 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/449 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 43 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй болно. Бид манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдээллийг гуравдагч этгээдээс олж мэдэн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Газрын албанд өөрийн биеэр хүрэлцэн очиж захирамжийг гардан авсан.

Иймд Н даргын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/449 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-с шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н даргын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 821 дүгээр захирамжаар А ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүлэмжийн барилга байгууламжийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар 10,3 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Н даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар А ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна.

А ХХК нь 2018 оноос хойш 36,644,384 төгрөгийн газрын төлбөрөө төлөөгүй, мөн тус компанийн эзэмшил газар нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасны дагуу ус хангамжийн хамгаалалтын болон хориглолтын бүсэд хамаарч байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгсоон.

Иймд Н даргын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/449 дүгээр захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-иас Н даргад холбогдуулан гаргасан Н даргын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/449 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Н даргын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 821 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 8022/0070 дугаартай, 103000 м.кв газрыг хүлэмжийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар А ХХК-д эзэмшүүлэн 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0228927 дугаар газар эзэмших гэрчилгээ олгож, улмаар Н даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгажээ.  

Н даргын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Хот суурины усны хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх заалтыг тус тус үндэслэн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, уг газар нь ус хангамжийн хамгаалалтын болон хориглолтын бүсэд хамаарч байна гэсэн үндэслэлээр А ХХК-ийн газар зээмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно., 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй., Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно., 22.2-д Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно. 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно., Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 17.8.4-д газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох. гэж тус тус заажээ. 

Нэхэмжлэгч нь 2018 оноос хойш эзэмших эрх бүхий газрын төлбөрөө төлөөгүй болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 020131842 дугаартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх бөгөөд газраа эзэмших, ашиглах боломжгүй байсан учир газрын төлбөр төлөхөө зогсоосон гэж тайлбарлах боловч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрөө төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн ... Ус сувгийн удирдах газрын харьяа усны худагт ойрхон олгогдсон байна гэх үндэслэлээр газрыг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглож улмаар манай газрыг өөрийн худгуудын хамт хашаалан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамгаалалтад оруулснаар өөрийн газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул газраа ашиглаж чадаагүй гэж газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй үндэслэлээ тайлбарлаж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн кадастрын зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Ус сувгийн удирдах газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 7/2212 дугаар албан бичгээр ирүүлсэн ус хангамжийн хамгаалалтын болон хориглолтын бүсийн зураг зэргээс үзвэл нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103000 м.кв газар нь ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд хамаарч байна.

Хэдийгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаантай гэх боловч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-д зааснаар тус газарт газар  иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх боломжгүй газар болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захирамж хуульд нийцсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Н даргын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/449 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А ХХК-иас Н даргад холбогдуулан гаргасан Н даргын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/449 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН