Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

 

 

 

  2022         12          23                                  2023/ШЦТ/14

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Х.Э, Г.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Ц.Б нар оролцсон эрүүгийн 2209000001883 дугаартай хэргийг 2022 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эмэгтэй, 28 настай, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 4 хүүхэд, дүү нарын хамтаар урьд ял шийтгэлгүй, Б овгийн Х.Э

Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эмэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, урьд ял шийтгэлгүй, Х овогтой С

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Э нь Г.С-тай бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө хохирогч Ц.Б эзэмшлийн Х банкны виза картыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж, түүний данснаас 10.000.000 төгрөгийг Х банкны АТМ-ээс бэлнээр авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209000001883 дугаартай хэргээс:

Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/

Ц.Б эзэмшлийн Х банкны 5009793469 дугаартай дансны депозит хуулга, /хх-ийн 32 дугаар хуудас/

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 53, 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 Нэг: Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Г.С-г шүүгдэгч Х.Э-тай бүлэглэн хохирогч Ц.Б эзэмшлийн Х банкны виза картыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж, түүний данснаас 10.000.000 төгрөгийг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын  мэдүүлэг, тайлбар, дүгнэлтүүдийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан тал бүрээс нь бүрэн бодитойгоор  шинжлэн судалж үзэхэд хэргийн үйл баримттай холбоотой дараах нөхцөл байдал тогтоогдлоо. 

Хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэрэг болсон гэх өдөр хохирогч Ц.Б нь “Sunstreet” гэх газраар үйлчлүүлсэн төлбөр тооцоог хийлгэхээр өөрийн эзэмшлийн төлбөрийн картыг шүүгдэгч Г.Сд шилжүүлэн, нууц дугаараа хэлж өгсөн гэх үйл баримт хохирогч Г.Болд-эрдэнийн “ ...би Х банкны картын нууц дугаараа бармен охинд хэлсэн, тэр охин миний картаар тооцоо уншуулж байсан” гэх мэдүүлгээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.С нь тухайн төлбөрийн картыг ашиглан Х банкны АТМ-ээс 10.000.000 төгрөгийг бэлнээр авах, мөнгийг өөрийн хэрэгцээндээ захиран зарцуулж завшсан гэх шунахай сэдэлт камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримтуудаар тогтоогдоогүй ба харин хохирогч Б-ийн гээгдүүлсэн төлбөрийн картыг эзэнд нь буцаан өгөх зорилгоор шүүгдэгч Х.Э-д хүлээлгэн өгсөн болохыг шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн хувьд тухайн эд хөрөнгө нь бусдын хууль ёсны өмчлөгчийн эзэмшлээс гарсан, тухайлбал хаяж гээгдүүлсэн, үрэгдүүлсэн боловч түүний өмчлөх эрх хэвээр хадгалагдаж байхад тухайн эд хөрөнгийг өөрөө хэрэглэх, зарж борлуулах зэргээр ашиглан шамшигдуулах гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үеэс төгссөнд тооцдог материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг. 

Шүүгдэгч Г.С-гийн тухайн төлбөрийн картыг эгч Х.Э-д хүлээлгэн өгсөн санаа зорилго нь түүнийг бусадтай бүлэглэн тухайн этгээдийн данснаас мөнгийг авч ашиглах шунахайн сэдэлт агуулсан буюу хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй,  хохирогчийн төлбөрийн карт болон нууц үгийг бусдад дамжуулснаар гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй, хэн нэгэн этгээд хохирох эрсдэлтэй гэдгийг бүрэн ухамсарлаж чадаагүй зэрэгт түүний насны /17 настай/ онцлог нөлөөлсөн байх  боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан тул шүүгдэгч Г.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Хоёр: Шүүгдэгч Х.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө хохирогч Ц.Б эзэмшлийн Х банкны виза картыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж, түүний данснаас 10.000.000 төгрөгийг Х банкны АТМ-ээс бэлнээр авсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Ц.Б “2022 оны 09 дүгээр сарын 18-ны орой 18 цагт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэни” бааранд найз Будлаатай уулзаад тэндээ би 300 грамм виски уусан. Тэгээд тэндээсээ шөнийн 00 цагийн үед гараад Голомтын АТМ-ээс 500.000 төгрөг авсан. Тэгээд найзтайгаа “Sunstreet” гээд бааранд орсон. Тэнд ороод эхлээд бид 2 виски уусан. Тэгээд би нэлээн муудаад уХаа алдаад тасарсан байсан. Нэг сэрэхэд юу би кабийн таксинд сэрсэн. Тэгээд тэр таксинаас Г гээд дэлгүүрийн замын хойно буусан. Тэндээсээ өөр такси бариад гэртээ шууд харьсан. Тэгээд маргааш өглөө буюу 2022 оны 09 дүгээр сарын 13-ний өглөө над руу Х банкнаас залгаад таны данснаас чинь 10.000.000 төгрөг зарлага гарсан байна та энэ гүйлгээг хийсэн үү гэж асуусан. Тэгээд би гүйлгээ хийгээгүй ээ дансаа хаалгая гэсэн. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн өмсөж явсан куртикээ орхисон байсан. Тэр дотор миний карт байсан. Х банкны нууц дугаарыг би “Sunstreet” гэх баарны бармен охинд хэлсэн..,” гэх мэдүүлэг ,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Х банкны дансны хуулга зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө хохирогч Ц.Б эзэмшлийн Х банкны виза картыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж, түүний данснаас 10.000.000 төгрөгийг Х банкны АТМ-ээс бэлнээр авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Х.Э-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас: шүүгдэгч Х.Э-д 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын бүсчлэлийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох санал гаргасан байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэж, уг ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлав.

Шүүгдэгч Х.Э, Г.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн зүйлгүй,  шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Г овогтой С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б овгийн Х.Э-ыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон  хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн  нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарласугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Х.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э, Г.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН