Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

 

 

 

 

 

 

   2022          12         26                                    2023/ШЦТ/18     

                                  

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 Шүүгдэгч О.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: Н.Б нар оролцсон эрүүгийн 2209005651321 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Lux /Лакс/ шөнийн цэнгээний газарт дижи ажилтай, ам бүл 2,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 986 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/426 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл 2 жил 5 сар 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ба Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж байгаа Б овогт О.З

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч О.З нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр. Этүгэн дээд сургуулийн спорт зааланд тоглож байсан хохирогч Э.Ч цүнхнээс самсунг нөте 9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 425.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр “Leo Pubgm” гэсэн хаягнаас гоё аккуант зарна гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.М-с 400.000 төгрөгийг “Х” банкны 5422187448 тоот дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Нарны хорооллын 11 дүгээр байрны орчимд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.Э Ай фоне 11 про макс загварын гар утасны батарейг сольж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилан 1.500.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209005651321 дугаартай хэргээс:

Хохирогч Э.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/

“Д" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар хуудас/

Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-25 дугаар хуудас/

Гэрч Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/

Д.Х “Х” банкны .. тоот дансны хуулга /ХХ-ийн 16 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/

“Ашид билгүүн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 60 дугаар хуудас/, 

“Ю” ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг /хх-ийн 65 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 67-68 дугаар хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 75-77 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч О.З нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр. Этүгэн дээд сургуулийн спорт зааланд тоглож байсан хохирогч Э.Ч цүнхнээс самсунг нөте 9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 425.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Э.Ч “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Этүгэн их сургуулийн спорт зааланд 18 цагийн орчим орж тоглосон. Тоглож дуусаад гарах гээд хувцсаа сольж байхдаа гар утсаа ашиглах гэсэн боловч байгаагүй..."гэх мэдүүлэг,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

“Д” ХХК-ын  хөрөнгийн үнэлгээний “...2022 оны 02 сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 425000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

Мөн “...” гэсэн хаягнаас гоё аккуант зарна гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.М-с 400.000 төгрөгийг “Х” банкны 5422187448 тоот дансаар өөртөө шилжүүлэн авсан,

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Нарны хорооллын 11 дүгээр байрны орчимд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.Э Ай фоне 11 про макс загварын гар утасны батарейг сольж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилан 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан бусдад нийт 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч М.М-н “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 17 цаг 53 минутын үед над руу чатаар “...” гэсэн хаягнаас 1.300.000 мянгад гоё аккуант байна шүү гэсэн. Тэгэхээр нь би “харий” гэсэн чинь над руу бичлэг аккуантын талаар бичлэг явуулсан. Тэгэхээр нь “уул нь дажгүй юм аа чиний наад аккуант өөр авахгүй бол мөнгийг чинь 3 хуваагаад өгч болох уу” гэсэн. Тэгсэн чинь над руу дахиад бичлэг явуулаад тэгээд “яахаа бодоорой” гэсэн...тэгээд би “болох юм байна, орой 21 цаг гээд 400.000 төгрөг явуулчих уу” гэсэн чинь нөгөө хүн “би зээл авчихсан байгаа, 400.000 төгрөг хийчихээрэй” гээд 5422187448 Хүслэн гэсэн данс явуулаад гүйлгээний утган дээр “Очир-Эрдэнэ Нарангэрэл 99125678 гээд биччихээрэй” гэсэн. Тэгээд би мөнгийг шилжүүлсэн. Тэгээд нөгөө хүнээс аккуантынхаа холболтыг авах гэхэд нөгөө “орой тэмцээнтэй тэрэнд орчхоод өгий” гэж хэлээд намайг блок хийгээд таг болчихсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Х “...нэрийг нь мэдэхгүй 20-25 насны залуу орж ирээд надад “Х” банкны карт байна уу, би арилжаа хийдэг юм, картгүй болчхоод байна. Данс руу чинь мөнгө хийгээд авчихъя тэгэх үү” гэж гуйхаар нь би дансны дугаараа өгөөд картаа өгчихсөн. Тэгээд картаа өгсөн чинь тэр залуу “би данс руу чинь 400.000 төгрөг хийчихье. Чи надад аваад өг” гэхээр нь би дэлгүүр дотроо байдаг Х банкны АТМ машинаас 400.000 төгрөг аваад өгсөн...” гэх  мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Э “...2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 21 дүгээр байрны сагсан бөмбөгийн тоглоомын талбай найз Төрболдын хамт тоглож байх үед тоглоомын талбай дээр тоглож байсан 20-23 орчим насны ахтай гар бөмбөг тоглож байх үед би үүрч явсан цүнхнээсээ ус авах гэж байгаад өөрийн айфоне 11 про макс загварын гар утсаа цүнхнээсээ унгаахад хамт тоглож байсан ах ирээд чиний гар утсыг чинь үзье гэхээр нь үзүүлэхэд чиний утасны баттерей чинь муудсан байна ах нь солиод өгий гэж хэлээд нарны хорооллын 21-р байрны 11 давхар луу намайг авч гарсан. Миний гар утсыг өмдний халаасандаа хийгээд лифтнээс буугаад шат руу гарсан миний дүү энд зогсож бай ах нь гэртээ ороод баттерейг солиод өгий гэхээр би итгээд шатны хажуу талд хүлээгээд зогсож байсан. Шатны хажуу талд тухайн ахыг гарч ирэхийг нь хүлээгээд 20 орчим минут болоход гарч ирэхгүй болохоор 21-р байрнаас гарч найз Төрболдын утаснаас эмээгийн 99858432 дугаар луу залгаж утсаа хүнд өгснөө хэлсэн. Тэгээд 21-р байрны гадуур тухайн гар утас авсан эрэгтэйг хайхад олдоогүй ба манай ангийн Нинжин гэх хүүхдийн аав нь явж байхаар нь утсаа хүнд өгөөд алдсанаа хэлээд тухайн байрны хяналтын камерыг шүүж үзэхэд намайг дагуулж орсон ах шатны хажууд зогсоож үлдээгээд өөрөө буцаад лифтэнд суугаад гарч явсан нь хяналтын камерт бичигдсэн байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...”  гэх мэдүүлэг,

Ю ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “...353913107903905 имэй кодтой утсанд 89840455 дугаарыг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс хийж ашигласан байна...” гэх албан бичиг,

Ашид билгүүн ХХК-ны хөрөнгийн үнэлгээгээр “Ай фоне 11 про макс загварын гар утас 1.500.000 төгрөг...” гэх тайлан,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...Миний ай фоне 11 про макс загварын гар утсыг авч явсан эрэгтэй 1 дугаар зураг дээрх эрэгтэй мөн байна гэж байгааг харуулав....” гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.З нь хохирогч Э.Ч цүнхнээс самсунг нөте 9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 425.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

мөн үргэлжилсэн үйлдлээр “Leo Pubgm” гэсэн хаягнаас гоё аккуант зарна гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн М.М400.000 төгрөгийг “Х” банкны 5422187448 тоот дансаар,  хохирогч Б.Э Ай фоне 11 про макс загварын гар утасны батарейг сольж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилан 1.500.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал О.З нь Э.Ч цүнхнээс самсунг нөте 9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн Leo Pubgm” гэсэн хаягнаас гоё аккуант зарна гэж итгүүлэн М.М-с 400.000 төгрөгийг, мөн Ай фоне 11 про макс загварын гар утасны батарейг сольж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогч Б.Э 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч О.З нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Хохирогч Э.Ч нь “хохирлоо барагдуулсан тул гомдол саналгүй” гэх тэмдэглэл, хохирогч М.М 400.000 төгрөг төлсөн баримт, насанд хүрээгүй хохирогч Б.Э хууль ёсны төлөөлөгчөөс “гар утас хүлээн авсан тул одоо гомдол санал байхгүй” талаар шүүгчийн туслахын үйлдсэн баримтаар тогтоогдсон зэргийг харгалзан шүүгдэгч О.З-ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч О.З-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас: “Шүүгдэгч О.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 986 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/426 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл 2 жил 5 сар 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ба уг ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 3 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 7 сар 3 хоногоор тогтоох,

Шүүгдэгч О.З-аас: “...Миний бие өмнө нь хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Одоо өөртөө үнэлэлт дүгнэлт өгч өөрийн бурууг ойлгож, шударгаар ажил хөдөлмөр эрхэлж энэхүү гэмт хэргийн хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шүүх бүрэлдэхүүнээс намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутан биш өөрийн бурууг ухаарч ойлгож, засарч хүмүүжиж байгаа гэдгийг минь харгалзан үзнэ үү хэмээн хүсэж байна. Миний бие хөгжлийн бэрхшээлтэй ээжийгээ асран хамгаалж, харгалзан дэмждэг тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүх О.З-т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй хандлага, хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд тухайн нутаг дэвсгэрээс  гадагш гарахыг хязгаарлаж шийдвэрлэж, уг ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт  “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ. 

Шүүгдэгч О.З нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 986 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1500 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/426 дугаартай шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 986 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 5 /тав/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлахаар дүйцүүлэн сольж, 2022 оны 12 сарын 26-ны байдлаар 1 /нэг/ жил 13 /арван гурав/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.11.01-ний өдрийн 4/20656 тоот албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1  дахь хэсэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/426 дугаартай шүүгчийн захирамжаар дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 13 /арван гурав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 /дөрөв/ жил 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт О.З-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч О.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.З-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1  /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 986 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, дээрх ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 13 /арван гурав/ хоногийн ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 /дөрөв/ жил 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч О.З-т нь зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон  хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн  нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарласугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч О.З-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            9. Шүүгдэгч О.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН