Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

 

 

 

 

 

 

  2023         01          06                                  2023/ШЦТ/50

 

                               

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Б.Б, И.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э

Улсын яллагч: А.О нар оролцсон эрүүгийн 2209009772384 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б.Б

Монгол Улсын иргэн, 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт И.А

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б, И.А нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн орчим Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн оюутны дотуур байрны 4 давхарт иргэн Б.Б зүй бус үйлдлийн улмаас буюу өөрсдийн танил болох Б.Гыг цохиж дээрэлхлээ хэмээн өмөөрч маргалдан улмаар улмаар нүүр, толгойн тус газарт гараараа олон тооны удаа цохиж унагаан эрүүл мэндэд нь “дух, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, баруун бугуйд цус хуралт баруун хацар, баруун бугуйд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч И.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209009772384 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 55 дугаар хуудас/,

Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 49, 53 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Б-н 2022 оны 03 дугаар сарын 31- ний өдрийн 4984 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 67-68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Б.Б, И.А нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн орчим Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн оюутны дотуур байрны 4 давхарт иргэн Б.Б зүй бус үйлдлийн улмаас буюу өөрсдийн танил болох Б.Г-ыг цохиж дээрэлхлээ хэмээн өмөөрч маргалдан улмаар улмаар нүүр, толгойн тус газарт гараараа олон тооны удаа цохиж унагаан эрүүл мэндэд нь “дух, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, баруун бугуйд цус хуралт баруун хацар, баруун бугуйд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Б ...Би 2022 оны 03 дугаар сарын 27-ны орой үерхдэг байсан охин болох Н над руу залгаад уулзъя гэж хэлсэн. Бид хоёр худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн дотуур байранд байдаг байсан. Н болохоор 4 давхарт нь харин би 2 давхарт амьдардаг байсан юм. Би дотуур байрандаа ирчихсэн юм чинь гээд Н амьдардаг 4 давхарт гараад хаалгыг нь тогшиход онгойлгохгүй байж байгаад Н хажуугийн өрөөний охин гарч ирээд миний найз Н-тэй цаашдаа уулзаад яах юм бүтэлгүй охин юм шиг байна лээ гээд бид хоёр зогсож байхад Н өрөөнөөсөө гарч ирээд нэг юм хэлчхээд буцаад орчихсон тухайн үед би юу ярьсныг нь сонсоогүй зогссон байхад Б гэх нэртэй залуу нь 3 залуугийн хамтаар гарч ирээд Б намайг бариад авахаар нь би зөрүүлээд бариад автал юу ч ярилгүй намайг цохиод авсан. Харин миний ард зогсож байсан залуу болохоор араас татаж унагасан. Би унаад босож чадаагүй Б-той хамт явсан залуучууд миний дээрээс гараараа болон хөлөөрөө цохиод байсан. Тэгээд намхан нуруутай залуу нь та нар хүн аллаа гээд намайг босгохоор нь би Б-той ахин барилцаад автал дахин намайг унагаагаад зодсон. Хоёр дахь удаагаа зодуулж байхад байрны хамгаалагч ах ирж бид нарыг салгасан. 4 давхраас би доошоо буугаад 2 давхарт байх өрөө рүүгээ орох үед манай төрсөн ах Б гарч ирээд наад нүүр ам чинь яасан юм гээд байж байтал яг хэн цагдаа дуудсаныг би мэдэхгүй байна. Удалгүй цагдаа нар ирээд намайг зодсон гэх хүмүүс байхгүй байсан учраас зөвхөн намайг аваад харьяа цагдаагийн газар руу явсан. Цагдаа дээр очих үед надтай уулзсан цагдаа ах маргааш өглөө шүүх эмнэлэгт очиж үзүүл гэсэн. Тэгээд би буцаад байрандаа ирээд амарсан. Миний хувьд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Н “...Б 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд үерхэж байгаад бид хоёр хувийн таарамжгүй харилцаанаас болж салсан. Б Гыг эхэлж цохисон бөгөөд ариун цэврийн өрөөнөөс Бат-Эрдэнэ, Б, А нар гарч ирж Бд "чи яагаад манай найзыг зодож байгаа юм" гэж хэлээд Б А, Б нар зодолдсон. Хэн нь яаж цохисон талаар мэдэхгүй байна. Энэ үед Бат-Эрдэнэ Бгаас А, Б нарыг салгах гэж "наадахаа хая" гэж орилж байсан. Удалгүй дотуур байрны жижүүр ирж салгасан. Уг зодоон салсны дараа Б өөрийн ах Бямбадэмбэрэл гэх эрэгтэй дагуулж дотуур байрны 4-р давхарт гарч ирээд жижүүр ахыг зодчихсон. Үүнээс болж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Энэ явдлаас хойш Б би дахин холбоо бариагүй.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Г-ын “...Манай дотуур байрны хүүхдүүд болох А, Б хоёр Б гэх залууг нүүр лүү нь цохиж байхыг би харсан. Яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Ер нь бүх асуудал тэр Н гэх охиноос болсон. Б гэх залуу Н-тэй өмнө нь үерхдэг байсан юм байна лээ тэгээд уулзах гээд согтуу ирсэн байсан. Тэгээд намайг дуудахаар нь би зүгээр Б гэх залууг болиулах гэж л очсон. Тэр үед Болд Б нар яг тэнд явж байж таарсан. Тэгээд Б бид хоёр дээр ирээд маргаан болоод зодолдсон. Б-г цохисон Б нь өмнө нь бас Н-тэй уулздаг байсан юм байна лээ. Тийм болохоор Б-г согтуу Н рүү уурлаад элдвээр хэлээд байхаар нь уурлаад Б-г цохисон байх. Өөр зүйл би үнэхээр мэдэхгүй байна. Б-г тэр хоёроос өөр цохисон хүн байгаагүй.” гэх мэдүүлэг,

И.Ань гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 06 сар 28 хоногтой байсан талаарх мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Б.Ц 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үйлдсэн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Б-н 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4984 дугаартай: 1. Б.Б биед дух, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст. баруун бугуйд цус хуралт баруун хацар, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, И.А нар нь согтуурсан үедээ бүлэглэн хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нар өөрийн  үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас түүний биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Б, И.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б, И.А нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Б, И.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Б.Б, И.А нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн байна.

Прокуророос шүүгдэгч И.А-ыг гэмт хэрэгт холбогдох үедээ насанд хүрээгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 торгох ялыг 2 дахин багасгаж 225 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225.000 төгрөгөөр торгох саналыг танилцуулж ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг хуульчилсан бөгөөд 8.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан заалт нь өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгахаар зохицуулсан, мөн өсвөр насны шүүгдэгчид торгох ял оногдуулахаар буюу хуульд заагаагүй ялын саналыг шүүгдэгчид танилцуулан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн болохыг анхааруулах шаардлагатай байна.

Иймд шүүхээс шүүгдэгч И.А-д оногдуулах эрүүгийн хариуцлагыг  прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх боломжгүй тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байх тул шүүгдэгч И.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Б-т 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б, И.А нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ж овогт Б.Б, Д овогт И.А нарыг бүлэглэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч И.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч И.А-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг “Х”-д даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

7. Шүүгдэгч Б.Б, И.А нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, И.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН