Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

 

 

 

  2023         01          06                                   2023/ШЦТ/46 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “А” танхимд хийсэн Сүхбаатар эрүүгийн хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Э,

Улсын яллагч Н.У, 

Шүүгдэгч Б.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон Эрүүгийн 2203006170537 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.                                                                     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б.Ө

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 3 дугаар сургуулийн зүүн замд “Тоёота Акуа” маркийн 1778 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 19.1. “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно “гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хорооллын доторх замд хөдөлгөөнд оролцож явсан явган зорчигч 11 настай, эрэгтэй О.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 1778 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 3 дугаар сургуулийн орчимд замын хөдөлгөөнд оролцож байх үед хогны машин хог ачиж байсан тул учрах саадыг тойрч гарах гээд зорилгоор хажуугаар нь зөрж гарахад замын хажуугаас хүүхэд гарч ирж мөргүүлсэн. Тухайн үед би сэтгэл зүйн хувьд цочролд орсон. Осол болсон даруйд хохирогчид өөрөөс шалтгаалах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, байнга холбоотой байгаа...” гэв.

Эрүүгийн 2203006170537 тоот эрүүгийн хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13708 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-9 дүгээр хуудас/,

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1164 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 3 дугаар сургуулийн зүүн замд “Тоёота Акуа” маркийн 1778 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 19.1. “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно “ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хорооллын доторх замд хөдөлгөөнд оролцож явсан явган зорчигч 11 настай, эрэгтэй О.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Насанд хүрээгүй хохирогч О.Б “...би хичээлдээ явах гээд гэрээсээ 12 цаг өнгөрч байх үед гарсан. Ганцаараа хичээлдээ явдаг бөгөөд сургуулийн зүүн талын байрны дунд замын хойд талаар явж байгаад урагшаа зам гарах гээд алхаад зам руу ортол зүүн талаас ирж байсан машин ирээд мөргөсөн. ...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б“... Б нь манай охины хүүхэд бөгөөд ээж нь хамт байдаггүй, Налайх дүүрэгт байдаг учир бид хоорондоо ярилцаад би хэрэгт оролцож байна. Хүүхдийн эмчилгээний зардлыг гаргуулан авах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13708 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. О.Б биед баруун шаант ясны далд хугарал эмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт,

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1164 дугаартай мөрдөгчийн: Тоёота Акуа маркийн 17-78 УБМ улсын дугаартай автомашины жолооч Б.Ө нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 19.1. Хорооллын дотор явган зорчигч нь давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно. Гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байх бөгөөд явган зорчигч нь жолоочийн хөдөлгөөнд санаатай саад хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна,

Явган зорчигч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна... гэх магадлагаа зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд  нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэлтэй эсэхийг хэрэгт авагдсан зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудтай харьцуулан судлахад эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан тул шүүхээс үйл баримт болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримт гэж үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байна. Шүүгдэгч нь хороолол доторх хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч гарч ирж болзошгүй болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй тул шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Ө гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 1.812.000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байх ба хохирогч О.Б хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардалд баримтаар 130.200 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Ө нь 1.500.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас: шүүгдэгч Б.Ө-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.

Шүүгдэгч Б.Ө-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон 500.000 төгрөгөөр торгож, уг ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.   

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт Б.Ө-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д Б.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН