Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2017/00146

 

   “Х”ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын /цаашид ОНӨААТҮГ гэх/ нэхэмжлэлтэй, Б-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С, хариуцагч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ж.Б-аас 35 сарын түрээсийн төлбөрт 4550000 төгрөг гаргуулах” тухай. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Тус газар нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын 13 дугаар багийн иргэн Ж.Б-тай харилцан тохиролцож нийтийн халуун усны барилгыг суурилагдсан тоног төхөөрөмж газрын хамт нэг жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 4.1-д “түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 130000 төгрөгөөр тохиролцож төлбөрийг сар бүрийн 28-ны дотор Төрийн банк дахь дансанд шилжүүлэхээр заасан” ба 4.5-д “төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутамд 0,5%-аар алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлөх”-өөр үүрэг хүлээж гэрээ байгуулсан. Гэтэл түрээслэгч Ж.Б нь халуун усны байрны түрээсийн төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Түрээслэгч Ж.Б нь нийт 4550000 төгрөгийн өр төлбөртэй гэж 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №02 дугаартай аудитын дүгнэлт гарсан. Түрээслэгч Ж.Б нь түрээсийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул түрээслүүлэгчийн талаас гэрээгээ цуцалж нийтийн халуун усны барилга, тоног төхөөрөмжийн хамт Ж.Б-аас хүлээж авсан боловч түрээсийн төлбөрийг төлөхгүй байна. Иймд Ж.Б-аас түрээсийн төлбөр 4,550,000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагчийн тайлбарлаж байгаа техникийн нөхцөл авахад төлсөн гэх 150000 төгрөгийг хасах боломжгүй. Яагаад гэвэл уг халуун усны газар нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон. Харин түрээсийн төлбөрт төлсөн гэх 390000 төгрөг болон насосийн үнэ болох 200000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасахыг зөвшөөрч байна.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Би тус газартай 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж халуун усны газрыг түрээсээр ажиллуулсан. Гэрээг огт сунгаагүй, шинэчлэн гэрээ байгуулаагүй. Би халуун усны газрыг хүлээж авснаас хойш эзэн болж бүрэн бүтэн байдлыг хариуцаж байсан. Хоёр сарын өмнө “Х”ОНӨААТҮГ-ын холбогдох хүмүүс хүлээж авсан. Гэрээ ёсоор сард 130000 төгрөг төлөх ёстой боловч түүнийг төлөх ямар ч боломжгүй байсан. Энэ нь ямар ч тооцоо судалгаагүй тогтоогдсон үнэ байсан. Би халуун усыг ажиллуулахдаа долоо хоногт 2 тонн нүүрс зарцуулж, гэрэл цахилгаан, ус, ажиллагсдын цалин хөлс, бохир ус соруулсны хөлс зэрэг бүх зардлуудыг өөрөө гаргаж ажиллаж байсан. Үйлчлэгч, галч гэсэн орон тоонд 2 хүн авч ажиллуулж сард үйлчлэгчид 50000 төгрөг, галчид 100000 төгрөг төлж байсан. Эдгээр бүх зардлуудыг тооцоход сард дунджаар 1500000 төгрөгийн зардал гарсан. Нэг хүнийг усанд оруулахад 1500 төгрөг бөгөөд энэ нь 1000 хүний төлбөр юм. Нэг багаас сард 1000, хоногт 33 хүн усанд орох ямар ч боломжгүй. Заримдаа хүмүүс огт ирдэггүй байсан. Миний бие 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ж-ийн бичиж өгсөн зөвлөмжийн дагуу 390000 төгрөгийг бэлнээр, мөн анх техникийн нөхцөл авахад 150000 төгрөгийг өөрөө хувиасаа гаргаж зарцуулж байсан. Уг мөнгийг тухайн үед “Х”ОНӨААТҮГ-ын дарга Ж түрээсийн төлбөрт тооцно гэсэн боловч тооцоогүй. Мөн халуун усны насос шатаж 200000 төгрөгийн үнэтэй насосыг “Миртулга” ХХК-аас авч 80000 төгрөгөөр  тавьсан. Мөн цахилгааны төлбөрт 1283753 төгрөг төлсөн. Түүнчлэн халуун усны, бохир усны цооногийг “С” ХХК-ийн зориулалтын автомашинаар соруулахад 920000 төгрөг бэлэн төлсөн. Бид халуун ус ашиггүй ажиллаж байсан учир Өлгий сумын болон аймгийн удирдлагад удаа дараа хүсэлт тавьж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоолоор тус халуун усыг менежментийн гэрээгээр 3 жилийн хугацаагаар ажиллуулах шийдвэр гарч гэрээ байгуулахыг Орон нутгийн өмчийн алба, “Х”Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт зөвшөөрсөн.Нэхэмжлэгчийн дурдсан  2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай аудитын дүгнэлтийг огт мэдэхгүй, танилцаагүй. Аудитын албаны хүмүүс надтай ирж уулзаж энэ талаар тодруулж байгаагүй. Дүгнэлт гарсан гэдгийг нэхэмжлэлээс олж мэдлээ. Би энэ халуун усыг түрээсээр авч ажиллуулахдаа мөнгө төгрөг хүрэлцээгүй учир байнгын асаргаа шаардлагатай хүүхдийнхээ сарын тэтгэмжийн мөнгийг банкнаас урьдчилж авч зарцуулж байсан. Өвлийн улиралд ямар ч хүн ороогүй тохиолдолд ч дотор талын сантехникийн шугам, халаагуурууд хөлдөхөөс урьдчилан сэргийлж байнга гал түлдэг байсан. Иймд “Х”Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч  Б-аас түрээсийн төлбөр алдангийн хамт нийт 1.555.000 /нэг сая таван зуун тавин таван мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х”Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2995000 /хоёр сая есөн зуун ерэн таван мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн давж  заалдах гомдолд: “Тус нь иргэн Ж.Б-тай түрээсийн гэрээ хийж халуун усны байр, тоног төхөөрөмжийн хамт түрээсэлсэн болно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж тодорхой зааж өгсөн боловч гэрээний хугацааг зөвхөн нэг жилээр хийгдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна. Яагаад гэвэл түрээслэгч Ж.Б нь халуун усны үйл ажиллагааг 2017 оны 6 дугаар сар хүртэл хэвийн явуулж байсан. “Х”ОНӨААТҮГ нь тухайн түрээсийн төлбөрөөс олсон санхүүжилтээс бусад албан хаагч нарыг цалинжуулах байсан боловч түрээсийн төлбөр төлөгдөөгүйн улмаас цалин хөлс тавьж чадахгүй байдалд хүрч манай байгууллага нь их хэмжээний өр авлагад орсон болно. Энэ байдлыг харахад түрээслэгчийн эрх нь зөрчигдөөгүй гэж үзэх боломжгүй. Энэ талаар хавтаст хэрэгт хангалттай нотлох баримтууд авагдсан боловч нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Иймд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн түрээсийн төлбөр болох 2995000 төгрөгийг хангуулж, мөн гэрээний үүргээ зөрчсөн байдлыг харгалзан үзэж, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье.” гэжээ. 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2995000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа төлбөр гаргуулах түрээсийн төлбөр 1170000 төгрөгийн төлбөр дээр 585000 төгрөгийн алданги нэмж гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч ямар нэгэн алданги нэхэмжлээгүй бөгөөд зөвхөн 35 сарын түрээсийн төлбөр 4550000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэр гаргах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргах ёсгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаартай шийдвэрийн алданги 585.000 /таван зуун наян таван мянган/төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан зохигчийн эвлэрлийн гэрээнд: “Түрээслэгч Ж.Б нь түрээсийн төлбөр болох 4550000 төгрөгөөс 1550000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3000000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж дуусгахаар тохиролцов. Түрээслэгч “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал С нь 1550000 төгрөгийг түрээслэгч Ж.Б-аас нэхэмжлэхгүй байхаар тохиролцов.” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал С болон хариуцагч Ж.Б нар “Түрээслэгч Ж.Б нь түрээсийн төлбөр болох 4550000 төгрөгөөс 1550000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3000000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж дуусгахаар тохиролцов. Түрээслэгч “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал С нь 1550000 төгрөгийг түрээслэгч Ж.Б-аас нэхэмжлэхгүй байхаар тохиролцов.” гэж харилцан тохиролцож, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2.-т заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй. 

Хуульд зааснаар “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87750 төгрөгийг, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63000 төгрөгийг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18900 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв. 

Зохигчийн сайн дураар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргахгүй, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба энэ магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. 

 

Нэхэмжлэгч “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан талуудын дунд байгуулагдсан түрээсийн гэрээг үндэслэж, 35 сарын түрээсийн төлбөрт 4550000 төгрөг гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тайлбарлаж хэрэглэн, нэхэмжлэгчийн шаардлагаас гадуур алданги тооцон, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан “нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргах” мэтгэлцэх зарчим, 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан “нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнийг, маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих 318 дугаар зүйлийн 318.5, 326 дугаар зүйл, 294, 296 дугаар зүйлийг тайлбарлаж хэрэглээгүй зэргийг тэмдэглэх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал С болон хариуцагч Ж.Б нарын сайн дурын үндсэн дээр, шүүхийн өмнө байгуулсан “Түрээслэгч Ж.Б нь түрээсийн төлбөр болох 4550000 төгрөгөөс 1550000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3000000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж дуусгахаар тохиролцов. Түрээслэгч “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал С нь 1550000 төгрөгийг түрээслэгч Ж.Б-аас нэхэмжлэхгүй байхаар тохиролцов.” гэсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 168 дугаар зүйлийн 168.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63000 төгрөгийг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18900 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2.-т заасныг баримтлан зохигчийн сайн дураар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2.-т зааснаар энэ магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ 

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК