| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0037/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/57 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/57
2023 01 09 2023/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүгдэгч: Х.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Ц
Улсын яллагч Г.Ц нар оролцсон эрүүгийн 2209000002392 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн “Улс төр судлал”-ын 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, Урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, А овогт Х.С
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.С нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн спорт зааланд зохион байгуулагдсан “Волейболын аварга шалгаруулах” тэмцээний үеэр хохирогч Б.А тэмцээнд оролцогч баг дэмжих, дэмжихгүй гэж санал зөрж маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2209000002392 дугаартай хэргээс:
Хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ц2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15237 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/ гэх дүгнэлт,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.С нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн спорт зааланд зохион байгуулагдсан “Волейболын аварга шалгаруулах” тэмцээний үеэр хохирогч Б.А тэмцээнд оролцогч баг дэмжих, дэмжихгүй гэж санал зөрж маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Хохирогч Б.А-гийн “... 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн зааланд “Волейболын аварга шалгаруулах” тэмцээн зохиогдож байсан... 1500 цагийн орчимд заалнаас гарах гээд явж байхдаа Х.С-г сууж байхад урдуур нь алхаад гараад явсан. Тэгээд явж байхад миний араас Х.С ноосон малгайгаа толгой руу шидсэн. Дараа нь би эргэж харахад Х.С “Наадах аа аваад өг” гэж хэлсэн. Би тэр үед тоохгүй юм ярихгүй шууд заалнаас гараад явсан... 1700 цагийн үед би ганцаараа орж зааланд орж ирсэн. Дараа нь 1900 цагийн үед доод курсийн н.Намуун, н.Энхжин нартай хамт суугаад юм ярьж байхад Х.С манай курсийн н.Н гэх залуутай хамт над дээр ирж байхдаа “Дуудаад байгаа юм биш үү” гэж хэлээд ирсэн. Ирэнгүүт шууд Х.С намайг доошоо хараад сууж байхад аль нэг гараараа миний хамар луу нэг удаа хүчтэй цохисон, Цохисны дараа Х.С Н-тай буцаад яваад өгсөн. Үүний дараа миний хамраас цус гарсан, би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би өөр заалны өөр газар сууж байгаа хүүхдүүдээс салфетка авч хамрын цусаа тогтоосон. Дараа нь цагдаа ирсэн болохоор би заалнаас цагдаа дээр очсон. н.Намуун /88220123/, Энхжин /95297027/ нар харсан. Харин н.Н-г харсан үгүйг мэдэхгүй байна. Миний хамар байнга битүү байгаа. Заавал цацлага цацаж байж битүү нь онгойж байгаа. Удахгүй хагалгаанд орж эмчилгээ хийлгэнэ...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Н "... 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль”-ийн заалан дотор волейболын аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Би Б.А, н.Э нартай хамт зааланд сууж байхад Х.С бид 3 дээр ирээд Б.А-д “Би чамайг бос гээд байгаа юм биш үү” гэж хэлээд Б.А-гийн нүүр лүү нь зүүн гарынхаа сарвуугаар гараа атгахгүйгээр нэг удаа цохисон. Тэгсэн чинь Б.А-гийн хамраас цус гарсан. Тэгээд Б.А босоод оюутны зөвлөл рүү яваад өгсөн. Харин Х.С Б.А-г “Гарах уу” гэж хэлсэн. Дараа нь Х.С Б.А хамт гарсан. Тэгээд Б.А-гаас Х.С уучлалт гуйсан. Харин Б.А “Өмнө нь намайг цохиж байсан болохоор энэ удаа цагдаагаар шийдүүлнэ” гэж хэлсэн... “Багаа дэмжсэнгүй” гэх шалтгаанаар байж магадгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15237 дугаартай:
1. Б.А-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь 2022.11.06-ны өдөр үүсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх баримтуудаар шүүгдэгч Х.С нь хувийн таарамжгүй байдлын улмаас хохирогч Б.А маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгч Х.С-гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Х.С нь хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас Б.А-гийн биед хөнгөн гэмтэл учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэгт нийцэж байна.
Иймд шүүх шүүгдэгч Х.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Х.С нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Х.С нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, хохирогч Б.А нь гомдол саналгүй талаар баримтыг ирүүлсэн, прокурорын сонсгосон 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй тул шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1. 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А овогт Х.С-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-гийн шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Х.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН