| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2019/01467/и |
| Дугаар | 1843 |
| Огноо | 2019-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 1843
| 2019 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2019/01843 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Т ХЗХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Ч.Ө-д холбогдох
68 132 713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа, Б.Цэрэнчунт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Т ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ч.Ө нь манай ХЗХ-той 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан, гэрээний дагуу зээлийг кассын зарлагын баримтыг үндэслэн бэлнээр олгож, зээлдэгчийн хүсэлтээр зарим хэсгийг буюу 19 300 000 төгрөгийг ХААН банкны 5027382131 тоот дансанд шилжүүлсэн.Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөхгүй байна.Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний байдлаар үндсэн зээлийн төлбөр 28 318 678 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 39 814 035 төгрөг нийт 68 132 713 төгрөг болж хуримтлагдаад байна.Иймд үндсэн зээлийн 28 318 678 төгрөг, хүүний 39 814 035 төгрөг нийт 68 132 713 төгрөгийг Ч.Өгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ч.Өгээс 68 132 713 төгрөг гаргуулахыг хүссэн боловч одоо нэхэмжлэлийн шаардлагынхаа 26 354 247 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээлийн үлдэгдэл 17 618 678 төгрөг, зээлийн хүүгийн 24 159 788 төгрөг нийт 41 788 466 төгрөгийг Ч.Өгээс гаргуулахыг хүсэж байна.Манайх ирээдүйд олох бизнесийн болон цалингийн орлого, гэрийн эд хогшилыг барьцаалсан байгаа, Ч.Ө Б.Наранбат нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний талаар манайх мэдэхгүй, зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар тооцсон байгаа, нэмэгдүүлсэн хүү тохироогүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Ө 30 000 000 төгрөгийг бүтэн аваагүй, харин 19 300 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны 5122026796 тоот дансаар шилжүүлж авсан, ямар учраас Гэсэрбадамд 10 400 000 төгрөг төлснийг мэдэхгүй.Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, үүссэн бол хэдэн төгрөгийн зээл бодитойгоор хариуцагчид олгогдсон эсэх нь тодорхойгүй байх тул Г.Т ХЗХны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Т ХЗХ хариуцагч Ч.Өд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 28 318 678 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 39 814 035 төгрөг нийт 68 132 713 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлийн дүнгийн 26 354 247 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээлийн үлдэгдэл 17 618 678 төгрөг, зээлийн хүүгийн 24 159 788 төгрөг нийт 41 788 466 төгрөгийг Ч.Өгээс гаргуулахыг хүсэж байна.
Хариуцагч Ч.Ө нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Гялс Төгрөг ХЗХ-ноос 30 000 000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авахаар ЗГ-0880 дугаартай зээлийг гэрээг байгуулсан байна.
Нэхэмжлэгч байгууллага нь тухайн өдрөө Ч.Өгийн Хаан банкин дахь дансанд 19 300 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь шилжүүлэгийн мэдээллийн баримтаар нотлогдож байна. /хх15/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа 19 300 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны 5122026796 тоот дансаар шилжүүлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч Ч.Ө нь зээлийн барьцаанд ирээдүйд олох бизнесийн болон цалингийн орлого, гэрийн эд хогшил, тавилга зэргийг тавьсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн БГ/0880 дугаартай барьцааны гэрээгээр нотлогдож байна./12-13/
Хариуцагч Ч.Ө нь зээлийн гэрээний үүргээс 3 427 799 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад эргүүлэн төлсөн бөгөөд дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэмжээгээр биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос Гялс Төгрөг ХЗХ-г 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч, гэрчилгээ олгосон байна.
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байна.
Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр дууссан байх бөгөөд Ч.Өгээс үндсэн зээлийн үлдэгдэл 17 618 678 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 24 159 788 төгрөг нийт 41 788 466 төгрөгийг Ч.Өгээс гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Ч.Ө-гөөс 41 788 466 /дөчин нэгэн сая долоон зуун наян найман мянга дөрвөн зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан Г.Т ХЗХ-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498 613 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ө-гээс 366 892 /гурван зуун жаран зургаан мянга найман зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН