| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0048/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/67 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 17.8.3.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/67
2023 01 11 2023/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүгдэгч: Ц.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Ц,
Улсын яллагч: Г.Б нар оролцсон эрүүгийн 2209000002375 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 4, дүү нарын хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овогт Ц.Т
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 23 цагийн орчимд “гэртээ оруулсангүй” гэх шалтгаанаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны задгай тоотод байх иргэн А.Ц эзэмшлийн Монгол гэрийн ар хэсэгт тамхины асаагуураар гал тавьж, хууль бусаар устгасны улмаас бусдад 3.005.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хэрэг болдог өдөр аав намайг гэртээ дуудсан юм. Гэрт нь очоод уулзах гэтэл гэртээ байхгүй байсан. Нэлээн хүлээж байгаад даараад байхаар нь гэрийнх нь тооноор орсон. Тэгтэл аав ирээд бид хоёр жоохон юм ярилцаж байгаад би дэлгүүр орж тамхи авчихаад эргээд иртэл аав намайг гэртээ оруулахгүй байсан. Би хөлдөж үхлээ шүү дээ гэж зөндөө гуйсан. Тоохгүй байхаар нь гэрийг чинь шатаалаа шүү гэсэн чинь шатаа гэсэн. Тэгэхээр нь би татаж байсан тамхиа шидчихээд явсан юм. Тэр хооронд гал гарсан байсан. Намайг явахад шатаж байгаа зүйл байхгүй байсан...” гэв.
Эрүүгийн 2209000002375 дугаартай хэргээс:
2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11-р хуудас/,
Хохирогч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,
“Д” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №СБ2-22-1333 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-41 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өдрийн 5739 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдпагын төвийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 277/1575 дугаартай дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,
Шуурхай удирдпагын дуудпагын лавлагааны хуудас /хх-ийн 8 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 23 цагийн орчимд “гэртээ оруулсангүй” гэх шалтгаанаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны задгай тоотод байх иргэн А.Ц эзэмшлийн Монгол гэрийн ар хэсэгт тамхины асаагуураар гал тавьж, эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бусдад 3.005.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч А.Ц “...Би 2022.11.10-ны орой 19 цагийн үед гэрээсээ гараад 7 буудал орж бүжигт орчхоод 21 цаг болж байхад буцаад гэртээ ирэхэд гэр гаднаасаа цоожтой дотор нь хүн байсан, тэгээд онгойлгоод харахад манай том Т тооноор гэр рүү орсон байсан. Тэгээд том хүүтэйгээ “тооноор орпоо” гаж маргалдсан тэгээд том хүү Т дэлгүүр явлаа гээд гарсан тэгээд би түрүүн харахад миний түрийвчнээс 10,000 төгрөг алга болчихсон байсан тэгээд буцаад ирэхээр нь би том хүү Т-г “оруулахгүй, чи надаас асуулгүйгээр миний түрийвчнээс мөнгө авсан аавынхаа гэрт хаалгаар нь биш тооноор орж ирсэн” гээд гэртээ оруулаагүй. Т гадаа нэг хэсэг суугаад “оръё” гэхээр нь би оруулаагүй тэгснээ гаднаас “би гэрийг чинь шатаалаа” гэжхэлсэн би тэгэхээр нь гэр дотроосоо “шатаа шатаа” гэж хэлсэн. Тэгтэл гэрийн хоймор хэсгийн гаднаас асаагуур асаж дарж байгаа чимээ гараад удалгүй юм шатаж байгаа юм шиг чимээ гарахаар нь арай шатаачхаагүй байх гээд тооноороо харахад гал гарч байсан. Тэгэхээр нь би гар утсаа аваад гарсан тэгтэл гал гэрийн ар хэсгээс гарч байсан би даавуугаар унтраах гээд цохиход улам дүрэлзэж ассан, манай хүү Т намайг гэрээс гарч ирэхэд байхгүй байсан, гэр 5-6 минутын хооронд гэр шатаад дууссан би машинаа гэрийн хажуугаас нь холдуулаад буцаж орж түрийвч болон гар утсаа авах гэхэд гал их гараад орж чадаагүй тэгээд би машинаа холдуулаад цагдаа руу дуудлага өгсөн цагдаа 101 дуудсан...бариатай гэр маань 4 ханатай байсан би 5 ханатай гэр 2022 оны намар таньдаг хүнээсээ 1.500.000 төгрөгөөр авч байсан тэрний 6 туурга, 4 дээвэр 1 берзэнтийг нь өөрийн 4 ханатай гэрийн зулхай дээрээ нэмж барьсан. Би 4 ханатай гэрээ 2021 онд хамаатан айлаасаа үнэгүй авсан. 10 гаран жилийн өмнө авч байсан 14 инчийн өнгөт зурагт загварыг нь мэдэхгүй байна би хэдээр авснаа санахгүй байна. 2022 оны намар айлаас үнэгүй авч байсан хөргөгч маркийг нь мэдэхгүй байна. 10 гаран жилийн өмнө авч байсан эвхдэг диван ор би хэдээр авснаа санахгүй өөр эд зүйл байгаагүй. Түрийвч дотор бэлэн мөнгө байгаагүй 2019 онд мобикомоос зээлээр авч байсан “Хувай 6” маркийн гар утас 450,000 төгрөгөөр авч байсан, өөр эд зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг,
Д хөрөнгийн үнэлгээний “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр 3.005.000 /гурван сая таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өдрийн 5739 дугаартай “...2022 оны 11 дүгээр сарын 10- ны шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны задгай тоотод байрлах хохирогч А.Ц гэр шатсан хэрэгт хэргийн газраас хураан авсан хөрсний дээж.-.гэж хаягласан үнс нурам мэт зүйлсэд шатах тослох материалын агууламж илрээгүй...” гэх дүгнэлт,
Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдпагын төвийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 277/1575 дугаартай “...хэргийн материал, иргэний өгсөн мэдүүлэг зэрэг материалуудаас үзэхэд ил галын улмаас гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 23 цагийн орчимд “гэртээ оруулсангүй” гэх шалтгаанаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны задгай тоотод байх иргэн А.Ц эзэмшлийн Монгол гэрийн ар хэсэгт тамхины асаагуураар гал тавьж, хууль бусаар устгасны улмаас бусдад 3.005.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүхээс үйлдэл хор уршгийн хооронд шалтгаант холбоо байна гэж дүгнэсэн тул шүүгдэгч Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байх бөгөөд уг гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Шүүгдэгч нь хохирогчиийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрыг галдан шатаасан нь тухайн орон байранд хүн байгаа байхгүй эсэхээс үл хамааран төгс үйлдэгдсэнд тооцогдох гэмт хэрэг болно.
Галдан шатаах арга нь бусдын амьд явах, өмчтэй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж, хүрээлэн буй орчин, бусад барилга байгууламжийг хамарсан гал түймэр гарах аюулыг дагуулдагаараа нийгэмд аюултай үйлдэл бөгөөд энэхүү арга нь олон хүний амь бие, эрүүл, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргад хамаарах тул Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Ц.Т-гийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь тохирсон гэж үзлээ.
Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т-гээс 3.005.000 /гурван сая таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Ц-д олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Т-гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирол төлөх талаар завсарлага авах эрхтэй болохыг тайлбарласан боловч хохирол төлөх боломжгүй гэж тайлбар гаргасан тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүхээс шүүгдэгч Ц.Т-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овогт Ц.Т-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Т-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-гээс 3.005.000 /гурван сая таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Цад олгосугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН