Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1722

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/01722

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:С.Б-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:, Д.Д.Ц.С ТӨХК-д холбогдох

 

Сахилгын шийтгэл буруу ногдуулсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч С.Б, өмгөөлөгч Б.Баасандорж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, гэрч Л.Эрдэнэбилэг, С.Баяртогтох, Б.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би ДЦС-4 ТӨХК-д 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Түлш дамжуулах цехийн тохижилт, гоо зүй хариуцсан мастерын ажилд орсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/87 тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн.Намайг албан тушаалын байдлаа ашиглан ажилчдын зөрчил гаргасныг удирдлагуудад мэдэгдэнэ хэмээн хамтран ажиллагч нараа айлгаж дарамтлан ажилчдаас хууль бусаар мөнгө, эд зүйл байнга нэхэж авч хууль бус ажиллагаа явуулсан гэж үзсэн.Надад ажлаас халах сахилгын шийтгэлийг үндэслэлгүй ногдуулсан бөгөөд дотоод дүрэм, журамд заасны дагуу арга хэмжээ аваагүй, намайг буруутгасан үйлдэл нь сахилгын зөрчил, ёс зүйн зөрчил эсэх нь тодорхойгүй бөгөөд үнэн бодит байдлыг бүрэн тогтоолгүй шийтгэл ногдуулж ажлаас халсан гэж үзэж байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг гаргаж байна.Иймд сахилгын шийтгэлийг буруу ногдуулсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшууллыг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би ДЦС-4 ТӨХК-д 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр түлш дамжуулах цехийн тохижилт, гоо зүй хариуцсан мастерын ажилд томилогдсон, би цехийн орчинд эмх цэгц, ариун цэвэр, ажилчдын техник ажиллагааны дүрэм хэрхэн хэрэгжиж байгааг шалгах үүрэгтэй бөгөөд шалгаж явах үед ажилчид зөрчил гаргадаг, нэг зөрчил гаргахад нь удирдлагад хэлээд цалинг нь хасуулаад байдаггүй, өөрсдөө ч битгий хэлээч гэж гуйдаг, тэгээд мөнгө авсан, энэ үнэн, мөнгөө ажилдаа зарцуулсан, буруу зүйл хийснээ цехийн ажилчдын өмнө хүлээсэн, түүнээс биш би ажилчдаа дарамталж байгаагүй, надад өөрийн хүсэлтээр гэж хүсэлт бичихгүй бол тушаал дээр янз бүрийн юм биччихнэ гэж хэлсэн, намайг 3 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн, тушаалд айлган дарамталж, сүрдүүлж гэж бичсэн байна, намайг ёс зүйн зөвлөлийн хуралд оруулаагүй, ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна, би бусдыг дарамтлаагүй, ажилдаа эргүүлж тогтоолгоно, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дэвтэрт бичилт хийлгэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа:С.Б тус станцын түлш дамжуулах цехэд тохижилт, гоо зүйн мастераар ажиллаж байхдаа цехийн ажилчдыг хувцасаа тайлсан, каскаа өмсөөгүй, гар утас оролдож байхад нь таарчихаад утсаар зургийг нь авч надад 20 000-30 000 төгрөгөөр торгуулчих,бэлнээр өгчих, цааш нь удирдлагуудад хэлэхгүй хэмээн дарамталж 10 гаруй ажилтануудаас өөрийн мастерийн албан тушаалаар далимдуулан мөнгө, эд зүйл нэхэж авч байсан.Үүнийгээ цехийн инженер техникийн ажилчдын хурал дээр ч хүлээн зөвшөөрсөн байдаг.Мөн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр С.Б нь өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч, ажлаас гарах өргөдлөө захиргаа, хүний нөөцийн албанд хүлээлгэн өгсөн байгаа. ДЦС-4 ТӨХК нь компанийн ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн дүнэлтийг үндэслэн хөдөлмөрийн дотоод журмын 7.6.г, 7.6.ё-д тусгайлан зааж хориглосон заалтуудыг зөрчин албан тушаалын хүчирхийлэл үзүүлж ажилчдаас мөнгө, эд зүйл нэхэж авах хэлбэрээр хууль бус ажиллагаа явуулж байсан нь түүний дансанд мөнгө шилжүүлсэн баримт, ажилчдын тайлбаруудаар илэрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг баримтлан С.Бд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С.Б нь түлш дамжуулах цехэд мастераар ажиллаж байхдаа ажилчдын зөрчил гаргасан үйлдлийг хараад мөнгө нэхээд авсан байгаа, өөрөө хүлээн зөвшөөрч байна, 6 хүнээс мөнгө авсан гэх боловч 10 гаруй хүн байгаа, мастерийн ажлаа ашиглаж хүчирхийлэл үйлдсэн, хөдөлмөрийн дотоод журмын 7.6.г-д заасан байгаа, мастер биш байсан бол айлгаж мөнгө авч чадахгүй, будаг авах мөнгө байхгүй бол будахгүй л байна биз, тэглээ гээд сахилгын арга хэмжээ авахгүй, хөдөлмөрийн дотоод журмын 7.6.г, 7.6.ё-д зааснаар ажлаас халах тушаал гаргасан.Дотоод журамд заасан бол зөрчил, дотоод журамд заагаагүй бол зөрчил гэж үзэхгүй, энэ бол сахилгын зөрчил, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн дотоод журмыг давтан зөрчсөн гэдэг нь гэрчүүдийн тайлбараар нотлогдоно, ёс зүйн зөвлөлийн хуралд заавал оролцуулах шаардлагагүй, түлш дамжуулах цехийн хурлын тэмдэглэл байгаа, давтан зөрчил нь давтан шийтгэл шаардахгүй, тус тусдаа тогтоогдсон байхыг шаардана, гэрчүүд 1, 2, 3 сард мөнгө өгсөн гэж мэдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь Д.Д.Ц.С ТӨХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, Д.Д.Ц.С ТӨХК-ийн түлш дамжуулах цехийн тохижилт, гоо зүйн мастерын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгэх тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

С.Б нь Д.Д.Ц.С ТӨХК-ийн түлш дамжуулах цехийн тохижилт, гоо зүйн мастераар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилт болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

С.Б нь хариуцагч байгууллагатай 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд Д.Д.Ц.С ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/87 дугаартай тушаалаар С.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Дээрх тушаалд хөдөлмөрийн дотоод журмын 7.6.г, 7.6.ё, ёс зүйн журмын 3.1.7, 3.1.12, 3.1.21, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3-т заасныг С.Б нь ажлын байранд хүчирхийлэл үзүүлж ажилчдыг дарамтлан мөнгө авсан хууль бус ажиллагаа нь илэрч тогтоогдсон тул гэх үндэслэлээр С.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байна.

 

Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.6.г-д ...албан тушаалын хүчирхийлэл үзүүлсэн..., 7.6.ё-д хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан... тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж заажээ.

 

Хариуцагч байгууллагын 2016 оны ажилтан, албан хаагчдын ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-т дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө гэж заасан байх бөгөөд 3.1.7-д хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байх, 3.1.12-т албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, албан тушаалын хүчирхийлэл үзүүлэхийг хориглох, 3.1.21-т ажилтанууд нь албан үүргээ гүйцэтгэхдээ бусдаас шан харамж авах, хувийн харьцаа тогтоох, хувьдаа ашиг олох зорилгоор албан тушаалын нэр хүндийг ашиглахгүй байх гэж заасан байх боловч энэхүү дүрэм хүчин төгөлдөр эсэх нь тодорхой бус байна.

 

   Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан байх бөгөөд Д.Д.Ц.С ТӨХК-ийн С.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/87 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй, 40 дүгээр зүйлийн аль хэсэгт заасан нөхцлөөр гэрээг цуцалсан талаар тушаалдаа заагаагүй байхад хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр С.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Д.Д.Ц.С ТӨХК-ийн С.Бтай 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ хөдөлмөрийн дотоод журамд заасан албан тушаалын хүчирхийлэл үзүүлсэн хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар дурдаагүй байх бөгөөд өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн байна.

 

Мөн С.Бн үйлдлийг албан тушаалын хүчирхийлэл үзүүлсэн, хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй байна.

 

Нөгөө талаар С.Б нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.Д.Ц.С ТӨХК-ийн захиралд өргөдөл гаргасан байх бөгөөд уг өргөдөлд би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар ТДЦ-д тохижилт гоо зүй хариуцсан мастераар томилогдож ажилласан, би ёс зүйн алдаа гаргасан учир өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгөхийг хууль, журмын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэж бичсэн байхад хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогч санаачилсан гэх үндэслэлийг баримталж байгаа нь агуулгын хувьд зөрүүтэй байна.

 

Өөрөөр хэлбэл С.Б нь өөрийнхөө хүсэл зоригийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байсан бол түүнийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж байгаа үйлдэл нь учир дутагдалтай байна.

 

Хэрэв хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа бол зөрчил тус бүрийг зөвхөн гэрчүүдийн мэдүүлгээр нь тогтоогдсон байна гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд С.Бг Д.Д.Ц.С ТӨХК-ийн түлш дамжуулах цехийн тохижилт, гоо зүйн мастерын ажилд нь эргүүлэн тогтоох үндэстэй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2019 оны 1, 2, 3 дугаар саруудын цалингийн нийлбэрээс дундаж цалинг бодож, түүний ажилгүй байсан 54 хоногийн цалингийн олговорт 5 754 888 төгрөгийг Д.Д.Ц.С ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, С.Бн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 107 028 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар С.Б-г Д.Д.Ц.С ТӨХК-ийн түлш дамжуулах цехийн тохижилт, гоо зүйн мастерын ажилд нь эргүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Д.Д.Ц.С ТӨХК-иас 5 754 888 /таван сая долоон зуун тавин дөрвөн мянга найман зуун наян найман/ төгрөгийг гаргуулан С.Бд олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар С.Бн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг Д.Д.Ц.С ТӨХК-д даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар С.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Д.Д.Ц.С ТӨХК-иас 107 028 /нэг зуун долоон мянга хорин найман/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН