Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/178

 

 

 

 

 

 

 

  2023         01          13                                 2023/ШЦТ/78

 

 

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: З.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Ц

Улсын яллагч: Н.Б нар оролцсон эрүүгийн 2209023792357 дугаартай хэргийг 2022 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шихихутаг их сургуулийн бизнесийн эрх зүйн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй, Х овогтой З.Х

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч З.Х нь 2022 оны 08 дугаар сарын 28-аас 29-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Ай лофт бааранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч С.Оюунчимэгтэй ариун цэврийн өрөөнд хурдан орооч гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирлоо төлөх гэсэн боловч хохирогчтой холбогдож чадахгүй байна..” гэв.

Эрүүгийн 2209023792357 дугаартай хэргээс:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 75-80 дугаар хуудас/,

Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12, 15-16 дугаар хуудас/,

Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11998  дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43 дүгээр хуудас/ гэх дүгнэлт,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Х нь 2022 оны 08 дугаар сарын 28-аас 29-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Ай лофт бааранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч С.Оюунчимэгтэй ариун цэврийн өрөөнд хурдан орооч гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч С.О“...Би 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хамт амьдардаг Г.Т хамт 22 цагийн үед гэрээсээ гараад Дүүхээгийн хажуу талын си юу ороод бид хоёр 1, 1 шил сөөжүү аваад Ай лофт баар луу явах замдаа уусан. Тэгээд бид хоёр уг бааранд ороод би 100 грамм жин авч уусан. Туяа нэг зүйл авсан тэгээд бид хоёр удаан шимж уугаад байж байгаад 02 цагийн үед би уг баарны нойл ороод гарч ирэхэд нойлын хаалганы үүдэнд нэг үл таних эмэгтэй хурдал хурдал гээд надад соёлгүй хандахаар нь би урдаас нь олон нийтийн газар соёлтой бай гэж хэлэхэд уг эмэгтэйн ард зогсож байсан шаргал үстэй, 160 см өндөртэй дээгүүрээ улаан эрээн өнгийн бомбертой, 21-22 орчим насны найз эмэгтэй нь над руу дайраад чи юу гээд байгаа юм бэ гэж асуухаар нь би найзад чинь соёлтой бай гэж хэлсэн тэгээд манай найз Туяа ороод ирэхээр нь би найзыгаа дагуулаад нойлын өрөөнөөс гарч яваад уг баарын зүүн жигүүрийн сандалнуудыг холбосон тавиур дээр уух зүйлээ тавиад зогсож байхад нойлд маргалдсан эмэгтэй хүрч ирээд чи эндээс хол бай, эндээс явчих гээд уурлангуй хэлээд хөөсөн тэр үед би уг эмэгтэйд юу гэж хэлснийг санахгүй байна, тэгтэл нэг мэдэхэд намайг үсдэж авахаар нь би урдаас нь үсдэлцсэн тэр үед уг эмэгтэй баруун гараараа миний толгой тус газар 2-3 удаа цохиод авахаар нь би урдаас нь мөн уг эмэгтэйг толгой руу цохисон тэр үед залуучууд болон найзууд нь салгасан тэгээд би үсээ янзлаад найз Туяагийн хамт гарья гээд зогсож байхад уг надтай зодолдсон эмэгтэй намайг харж зогсож байгаад ширээнүүдийг тусгаарласан хашлагыг тойрж ирээд миний үснээс татаад хойш дарж унагааж байх үедээ миний нүүр тус газар олон удаа гараараа цохисон, намайг унасны дараа миний хамар тус газар гараараа 2-3 удаа цохисон чинь хамраас цус гараад нүүр нэлэнхүүдээ хавдсан тэр үед хажууд зогсож байсан танихгүй эрэгтэй салгасан тэр үед би босоод нойл ороод цусаа тогтоож байхад намайг цохисон эмэгтэй араас хүрч ирээд олон юм яриад байсан яг юу гэж хэлснийг нь санахгүй байна. Уг эмэгтэйг хамгаалагч нь холдуулсан. Намайг цусаа тогтоосны дараа лоунж руу оруулаад суулгахад уг эмэгтэй араас орж ирсэн тэгэхээр нь би уг эмэгтэйд хандаж чи намайг гэмтээсэн хариуцлагаа үүр 300,000 төгрөг өг эсвэл цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь уг эмэгтэй надад би мөнгийг чинь өгчихнөө гэж хэлээд над руу томроод байхаар нь баарны хүн уг эмэгтэйг гаргаад байж байхад хамт явж байсан 3 эмэгтэй ээлжилж орж ирээд янз бүрийн юм яриад байсан тэгээд уг хүмүүсийг өрөөнөөс гаргаад зохион байгуулагчтай ярилцаж байх үед уг хүмүүс хамгаалагч нарт тохиролцсон гэж хэлээд яваад өгсөн байсан намайг лоунжаас гарахад уг хүмүүс байхгүй байхаар нь цагдаа дуудсан. Тэгээд би зохион байгуулагчийн хамт камер шүүж байхад 40-73 УБЭ улсын дугаартай цагаан өнгийн "аука" маркийн машинд уг намайг зодсон эмэгтэй хойд талын суудал дээр суух гэж байхад хамгаалагч очоод уг эмэгтэйтэй юм яриад зогсож байгаа нь камер харагдсан уг эмэгтэй хэсэг хугацааны дараа машинд суугаад хөдөлж байгаа нь камерт харагдсан тэгж байхад цагдаа нар ирээд намайг машиндаа суулгаад авч явах гээд байхаар нь би машинаас нь буугаад гэртээ харьсан. Маргааш нь 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 17 цагт цагдаа дээр очиход маргааш ирж өргөдлөө гарга гэж хэлэхээр нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөдлөө гаргаж өгөөд шүүх эмнэлэг орж үзүүлсэн...” мэдүүлэг,

Гэрч Г.Т“...Бид хоёр ариун цэврийн өрөө орох гээд оочирлож байхад О ардаас үл таних эмэгтэй “хурдлаач” гэж хэлсэн. Оюунчимэг ариун цэврийн өрөө орчхоод гарч ирэхдээ тухайн үл таних эмэгтэйд “соёлтой бай” гэж хэлсэн. Оюунчимэг бид хоёр бүжгийн талбайд зогсож байхад ариун цэврийн өрөөний үүдэнд хурдлаач гэж хэлсэн эмэгтэй бид хоёр дээр ирж хэрүүл маргаан хийгээд манай найз Оюунчимэгийг цохиж зодсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Г“...40-73 УБЭ ...машиныг хэрэглэдэг, хүү Г болон Г-н найз охин Намуунзул нар нь хэрэглэдэг...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Н“...Х залгаж хүний хамар цохичихлоо гэж хэлсэн. Ямар хүнтэй зодолдсоноо хэлээгүй. ...манай найз Х нь намхан урд талаараа шар ягаан үстэй пүүз цамцтай улаан өнгийн хүрэмтэй байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.М“...Би Ай лофт гэх газар хамгаалагчийн ажил хийгээд ажил дээрээ байсан. Бааранд өдөр болгон хэрүүл маргаан болдог, гэхдээ тэр өдөр тод өнгийн үстэй охин нэг охиныг зодчихоод зугтаах гэж байхад нь би цагдаа иртэл явуулахгүй харгалзах байдалтай хамт баарны үүдэнд гарч юм ярьсан болохоор сайн санаад байна, би баарны гадаа "ягаад хүн амьтан зодоод байдаг юм бэ?" гэж асуухад "өөрөө болоогүй юм аа" гэж хариулаад надаас асаагуур асууж би асаагуур өгч тэр охин тамхи татаад зогсоод надтай юм ярьсан, Шихихутаг сургуульд сурдаг гэж ярьж байсан бас найзууд нь Х гэж дуудаж байсан. Тэр охин өөрөө бол надад нэрээ хэлээгүй найзууд нь дуудахдаа Х л гэж дуудаж байсан..” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11998 дугаартай:

1. С.О биед дух, хамар, дээд, доод уруул, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч З.Х нь хохирогч С.О үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон,  мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул шүүгдэгч З.Х-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Тодруулбал З.Х нь хохирогчийг цохисон үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас С.О биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-гаас эмчилгээний зардалд нэхэмжилсэн 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.О-т олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч З.Х нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас: шүүгдэгч З.Х-д 2 /нэг/ сарын хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан байна. 

Шүүхээс шүүгдэгч З.Х-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, суралцаж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл  зэргийг тал бүрээс нь харгалзан 1 /нэг/ сарын хугацаагаар түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Х-д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлэхийг дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хөх чоно овогтой З.Х-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-г 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-д оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч З.Х-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-гаас 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Оюунчимэгт олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8 Шүүгдэгч З.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

           10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН