Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/132

 

 

 

 

 

 

2023            02          01                                   2023/ШЦТ/132

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган,

Улсын яллагч Э.Уранчимэг,

Шүүгдэгч Л.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Гд холбогдох эрүүгийн 0 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

1991 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:                              

 

Шүүгдэгч Л.Г нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангай 0  тоотод буюу бусдын тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Бы эзэмшлийн эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 543.000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол нөхөн төлсөн. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Л.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6  дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Л.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангай 2-43 тоотод буюу бусдын тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч иргэн Б.Бын эзэмшлийн 2 ширхэг гагнуурын аппарат, гар тасдагч багаж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 543.000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Хохирогч Б.Бы “...Би өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой ажил дээрээ байж байгаад 23 цаг өнгөрөөгөөд явсан. Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 22-ны өглөө унтаж байтал хамт ажилладаг Бямбаа залгаад эд зүйл алга болсон талаар хэлсэн. Хийгээр ангилдаг “Аргон” нэртэй гагнуурын аппарат, Хятад хагас автомат гагнуурын аппарат, жижиг гар тасдагч зэрэг алдсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Бийн “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 100 айлд байрлах ажил дээрээ 08 цагийн орчимд ирээд хаалгаа нээх гэтэл түлхүүрээ хайгаад олохгүй байсан. Тэгээд том эвхэгддэг хаалганы ойролцоо очоод хаалганы доод хэсгээр нь шагайгаад хартал хаалганы дотор шаланд суудаг замган түгжээ мултарсан байхаар нь хаалгаа түлхээд үзтэл онгойсон. Дотогш яваад ортол Аргон гагнуурын аппарат байхгүй харагдахаар нь хүн гуйж аваад явсан юм байх гэж бодоод ах Б руу залгаж асуутал “тийм зүйл байхгүй, авч яваагүй” гэхээр нь өрөөнд байсан багажнуудаа үзтэл хөргөгчний хажууд байсан хагас автомат гагнуурын аппарат болон ширээн дээр байсан гар тасдагч байхгүй болсныг хэлтэл намайг цагдаад дуудлага өг гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Л.Бын “...2022 оны 10 дугаар сарын 22-ны 09 цагийн орчимд 0 дугаараас миний 0 дугаарт нэг эрэгтэй залгаад багаж хэрэгсэл зарах гэсэн юм. Өмнө нь би чамаас эд зүйл худалдаж авч байсан гээд яриад байсан. Тэгээд би ажил дээр 09 цаг 40 минутад ирсэн. 25-30 орчим насны залуу “Rilano” брэндийн хагас автомат гагнуурын цэнхэр өнгийн МВС-200-н үзүүлэлттэй аппарат 1 ширхэг, “seiko брэндийн жижиг цайвар өнгийн гагнуурын аппарат 1 ширхэг тус бүр авч ирээд мөнгөний хэрэг болоод ломбардад тавих гэсэн онгорхой газар алга байна. Хоёуланг нь 650.000 төгрөгөөр буюу хагас автомат гагнуурын аппаратыг 450.000 төгрөг, нөгөө аппаратыг нь 150.000 төгрөгөөр өгнө гэхээр нь ярилцаад хоёуланг 600.000 төгрөгөөр худалдаж авахаар болж 5019572461 гэсэн Хаан банкны дансанд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “....Riland брэндийн HBC200 DC invecter маркийн хагас автомат цахилгаан гагнуурын аппарат 1 ширхэг, массны утас 1 ширхэг, хагас автомат гар 1 ширхэг, 15 кг гагнуурын утас, хийн шланк 1 ширхэг, Кен брэндийн улаан өнгийн жижиг тасдагч зэргийг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь гагнуурын аппарат 1 ширхэг, хагас автомат гагнуурын аппарат 1 ширхэг, гар тасдагч зэрэг болно. Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 543.400 /таван зуун дөчин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн баримт,

 

Шүүгдэгч Л.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...2022 оны 10 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед ганцаараа явж байгаад өмнө нь төмөр лист нугалуулж байсан үйлдвэр болох Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрт очиж хашааны хаалгаар орсон. Уг хаалга нь онгорхой байсан. Дотор нь ороход хашааны хойд талд 1 давхар блокон байшин байсан. Уг байшингийн хаалга нь замган түгжээтэй байсан. Би тэрийг нь дээш татаад онгойлгож үйлдвэр дотор нь орж Ирланд брэндийн хагас автомат гагнуурын аппарат 1 ширхэг, сайго брэндийн гагнуурын аппарат 1 ширхэг, кен маркийн жижиг гар тасдагч 1 ширхгийг авсан. Хулгайлж авсан эд зүйлсээ гурвалжингийн тэнд багаж авдаг хүнд 2 аппаратыг 600.000 төгрөгөөр зарсан. Гар тасдагчийг Баянхошууны жанцангийн тэнд байх ломбардад өөрийн батеретэй дрил жижиг призерийг нийлүүлээд 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогч Б.Б, гэрч Ц.Б нараас ажлын байранд хамгаалан хадгалж байсан эд зүйлсээ алдсан талаар, шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлсийг авсан талаар, гэрч Л.Боос тухайн эд зүйлсийг худалдан авсан талаар тус тус мэдүүлж, хэрэг гарсан газрын нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдаж, гэрч Л.Боос хохирогчийн эд зүйлсийг хураан авсан болох нь тэмдэглэлд тусгагдаж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид хохирол учирсан болох нь нотлогджээ.

Шүүх шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас бусдад 543.400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзлээ.

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлсэн шинж болох “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэх гэдэгт гэмт этгээд хүн амьдрах болон эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, байшин, гэр, пин, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, граж, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр гэх зэрэг газарт түлхүүр тааруулах, багаж ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх болон бусад аргаар хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг авсан байхыг ойлгох ба ийнхүү хүндрүүлэх шинжтэй бусдын эд хөрөнгийг хулгайлах тохиолдолд бага хэмжээний хохирол учирсаныг ч гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцох талаар хуульд тодорхой заасан байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Тодруулбал шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Прокуророос Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Л.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн дээр маргах зүйлгүй...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогчийн зарим эд зүйлсийг буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19/, хохирогч Б.Бы “...эд зүйлсээ авсан. Мөн хохиролд 750.000 төгрөгийн хохирол авсан. Гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт зэргээр хохирогчийн хохирол төлөгдсөн үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Л.Гыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо буцаан төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Г нь оршин суух тодорхой хаягтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Л.Гад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” талаар санал гаргаж, шүүгдэгчээс “...тусгайлан гаргах санал байхгүй...” гэсэн болохыг дурдав.

 

Шүүгдэгч Л.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялыг хөнгөрүүлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Л.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудал:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Гыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ДУЛАМСҮРЭН