Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/87

 

 

 

 

 

    2023        01          16                                 2023/ШЦТ/87

           

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Цэрэндулам

Улсын яллагч: Ц.Б,

Шүүгдэгч, хохирогч Л.Т,

Шүүгдэгч, хохирогч Д.Д нар оролцсон эрүүгийн 2209003782220 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Говь Хангай Мебель ХХК-д менежер ажилтай, ам бүл-3, урьд ял шийтгэлгүй, Х овогт Л.Т

Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 34 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баялаг Комплекс ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл-4, урьд ял шийтгэлгүй Б овогт Д.Д

 Холбогдсон гэмт хэргийн талаар:

 Шүүгдэгч Л.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамжинд хохирогч Д.Д-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

  шүүгдэгч Д.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамжинд хохирогч Л.Т-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Нэхэмжлэх зүйл байхгүй. ....” гэв.

 

Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Нэхэмжлэх зүйл байхгүй..” гэв.

 

Эрүүгийн 2209003782220 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 41 дүгээр хуудас/,

Хохирогч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/, 

Гэрч Л.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1589 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1587 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65 дүгээр хуудас/,

Л.Т, Д.Д нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78, 95 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамжинд хохирогч Д.Д үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Хохирогч Д.Д-гийн “2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр автомашиныхаа гуперийг янзлуулах гээд нөхөр Мөнхзолбоо, Тамираа гэх залуугийн хамт шинэ замын засварын газарт орой 19 цагийн үед очсон. Манай нөхөр гуперээ янзлуулах гээд машинаас бууж очоод засварын газар орчхоод буцаад гарахдаа гудамжаар явж байсан эмэгтэйг шүргэчихсэн чинь хөл рүү өшиглөлөө гээд хэрүүл хийгээд байхаар нь би бууж очоод согтуу хүн байна шүү дээ зүгээр өнгөрчхөөч гэхэд яахаараа гээд нөхөр нь шууд манай нөхрийг алгадахаар нь би зөрүүлээд нөхрийг нь алгадчихсан. Тэгсэн нөхөр нь намайг заамдаад автал эхнэр нь нүүр рүү2-3удаа цохисон. Арааснь нөхөр 1 удаа нүүрэнд алгадсан. Тэгсэн засварын газрын залуучууд дуудлага өгчихсөн байсан. Гэнэт л цагдаа хүрээд ирсэн. Миний биед учирсан баруун дээд зовхи, эрүүн цус хуралт, дээд үүдэн 1 шүд таллаж хугарсан,дээд уруулын салст няцарсан гэмтлийг тэр гудамжинд явж байсан эмэгтэй хүн нүүрэнд 2-3 удаа цохиод учруулсан..," гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1587 дугаартай “Д.Д-гийн биед баруун дээд зовхи, эрүүнд цус хуралт, дээд үүдэн 1 шүд таллаж хугарсан, дээд уруулын салст няцарсан гэмтэл тогтоогдов. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдов. Гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

Гэрч Б.Т“... нэг согтуу эрэгтэй хүн шээж байсан, эргээд явахдаа манай эхнэрийн зүүн талын хөл рүү нь өшиглөсөн юм. Тэгэхээр нь би эхнэрээ өмөөрөөд яаж байгаа юм гэхэд нөгөө согтуу залуу дуугай бай ална шүү гэхээр нь явж очоод яагаад ингэж байгаа юм гэхэд чамд хамаагүй гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь нэг удаа алгадсан чинь нөгөө машинаас нэг эмэгтэй хүн бууж ирээд намайг бас алгадаад над руу дайраад орилж хашхираад гуйлгачин гэх мэтээр хэл амаар нэлээн доромжилсон. ...Манай эхнэр нөгөө эмэгтэйтэй зууралдчихсан зогсож байсан..,” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, 

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамжинд хохирогч Л.Т-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Хохирогч Л.Т-ын “Би хэрэлдэхдээ тэр хүүхэнтэй хэрэлдсэн. Манай нөхөр тэр гудамд шээж байсан эрэгтэй хүн намайг өшиглөсний дараа маргалдахад нь нэг эмэгтэй машинаас гарч ирээд манай нөхрийг алгадаад авсан, тэгэхээр нь би тэр эмэгтэйг нөхрөөсөө салгах гээд хувцаснаас нь зуурч татсан. Тэр үед тэр эмэгтэй миний толгой руу цохисон. Тэгэнгүүтээ миний куртикний малгайнаас зуураад доош нь дарсан..,” гэх мэдүүлэг,

Гэрч Л.И“...Д оогий эгч бууж очоод нөгөө гудамжаар явж байсан эрэгтэй хүнийг алгадсан чинь нөгөө залуугийн эхнэр өмөөрөөд Доогий эгчийг машины хамар руу шахаж зогсоод нүүрэнд 3-4 удаа цохисон..,” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1589 дугаартай “Л.Т-ын биед тархи доргилт, зүүн шилбэ, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт тогтоогдов. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдов.Гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Т, Д.Д нар нь харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Л.Т, Д.Д нар нь хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Шүүгдэгч нар нь  гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхээс няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нар нь харилцан бие биеэсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул тэдгээрийг хоорондоо төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Л.Т, Д.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч тус бүрийн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Л.Т, Д.Д нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Халх овогт Лхагвасүрэнгийн Туулыг Хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Д.Д-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т, Д.Д нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

            5. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,                  Д.ДАРЬСҮРЭН