Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 01745

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/01745

               Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Г.Ариунаа, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: МОХНН УБТЗ-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: О.Х ХХК-д холбогдох

 

2 689 507 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн Д.Мөнхжаргал, Э.Ганчимэг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул, иргэдийн төлөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МОХНН УБТЗ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Улаанбаатар Толгойт хоорондын шилэн кабель 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 10 минутын үед тасарсан тухай дуудлага ирсэн, мэдээллийн дагуу хэмжилт хийхэд Улаанбаатар Толгойт хоорондын замын 397 дугаар километрийн 9 дүгээр зуутын харалдаа кабель тасархай зааж байсан ба газар дээр нь очиж үзэхэд Их Баян төв буюу О.Х ХХК-д-ийн хашаан доторх кабелийн шугам тасарсан байсан.Уг тасарсан кабель нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 156 тоот захирамжаар төмөр замын хамгаалалтын зурваст тооцуулан мэдээллийн санд бүртгүүлсэн манай өмч болно.Улмаар зөрчлийг арилгуулахаар Төмөр зам дахь цагдаагийн газарт гомдол гаргасан.хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад буруутай этгээд болох Баянгол Шинэ Өргөө ОНӨААТҮГ-ын ажилтан Ж.Болдбаатарт зөрчлийн хэрэг нээж шийтгэл ногдуулсан бөгөөд байгууллагын хохирол 2 689 507 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэхийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 28/ 1674 тоот албан бичгээр мэдэгдсэн.Дээрх тасарсан кабелийг хэвийн ажиллагаанд оруулахын тулд Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 2 дугаар ангиас материал болоод ажиллах хүчний 2 689 507 төгрөгийн зардал гарсан.Уг тасарсан кабель нь О.Х ХХК-д-ийн эзэмшлийн талбайд байдаг ба бид удаа дараа мэдэгдэх хуудсаар мэдэгдлийг тухайн компанийн холбогдох ажилтануудад гардуулан өгч, зохих ёсоор мэдэгдэж байсан. Нөгөө талаар тухайн аж ахуйн нэгж өөрсдийн эзэмшлийн газартаа барилга барьсан байдаг бөгөөд барилга барих үед зохих журмын дагуу мэдээллийг авсан байх ёстой байдаг тул тухайн шугам сүлжээг мэдээгүй гэж гэж үзэх үндэслэл байхгүй юм.Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар О.Х ХХК-д нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх тул 2 689 507 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Улаанбаатар Толгойт хоорондын шилэн кабель 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тасарсан тухай дуудлага манай дохиолол холбооны 2 дугаар ангид ирсэн, мэдээллийн дагуу хэмжилт хийхэд 397 дугаар километрийн 9 дүгээр зуутын харалдаа тасархай зааж байсан, газар дээр нь очиж үзэхэд Их Баян төвийн хашаан доторх шугам тасарсан байсан.Тасарсан кабель нь Нийслэлийн засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 156 тоот захирамжаар төмөр замын хамгаалалтын зурвас газарт тооцуулан мэдээллийн санд бүртгүүлсэн манай байгууллагын өмч юм.Төмөр зам дах цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулахад гэм буруутай этгээд болох Баянгол Шинэ Өргөө ОНӨААҮГ-ын ажилтан Болдбаатарт зөрчлийн хэрэг нээж шийтгэл ногдуулсан байдаг.Уг кабелийг хэвийн ажиллагаанд оруулахын тулд дохиолол холбооны 2 дугаар ангиас ажиллах хүч, хөрөнгө зарцуулан 2 689 507 төгрөгийн хохирол учирсан.Тасарсан кабель нь О.Х ХХК-д-ийн эзэмшлийн талбайд байдаг бөгөөд манайх удаа дараа төмөр замын зурвас газарт хашаа барьсан байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж байсан, тэр кабелийг мэдэж байгаа тул О.Х ХХК-д-иас 2 689 507 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Х ХХК-д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хохирлыг төмөр замын цагдаагийн байгууллагаас шалгаж, Ж.Болдбаатарт зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулсан, өөрөө гэм буруугаа хүлээсэн.Очир Хөгжих буруутай байсан бол энэ байгууллагад холбогдуулан хэрэг нээх байсан, 2 689 507 төгрөг нь ямар хохирол болохыг баримтаар нотлоогүй байна.Нэхэмжлэгч байгууллага нь шилэн кабелийг арчилж хамгаалах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МОХНН УБТЗ хариуцагч О.Х ХХК-д-д холбогдуулан тасарсан кабелийг засварлахад гарсан материалын зардал 636 248 төгрөг, ажиллах хүчний зардал 1 992 869 төгрөг, шатахууны зардал 60 390 төгрөг нийт 2 689 507 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр МОХНН УБТЗ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

О.Х ХХК-д нь Баянгол Шинэ Өргөө ОНӨААҮГ-тай байгуулсан гэрээний дагуу 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хашаан доторх хогийг Баянгол Шинэ Өргөө ОНӨААҮГ-ын ажилтанаар ачуулж байх явцад тухайн газар доор байрлах шилэн кабель тасарсан үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Дээрх шилэн кабель 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тасарсан байхад нэхэмжлэгч байгууллага нь Улаанбаатар-Толгойт хооронд 2 дугаар шилэн кабель тасалсан тухай хохирлын актыг 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байгаа нь эргэлзээтэй байна.

 

Улмаар тухайн актад дурдсан шилэн кабелийг засварлахад хэрэглэсэн гэх 4 төрлийн материалыг няраваас хүлээн авсан анхан шатны баримтгүй, тухайн газар дээр 15 хүн, хэдэн цаг ажилласан, 33 литр шатахуун зарцуулсан талаарх баримтгүй, бараа материалын зарлагын тайлангууд нь засвартай, огноо зөрүүтэй байна.

 

Мөн хэрэгт авагдсан ХХБ-ны дансаар цалин олгох ажилтануудын жагсаалт болон тооцооны хуудаснуудаар дээрх шилэн кабелийг засварлахад ажилласан ажилчдад олгосон цалин байна гэж үзэх боломжгүй байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллага нь өөрийнхөө өмчлөлийн шилэн кабель явж байгаа зурвас газрын байршилыг бусдад мэдэгдэх таних тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй, танай эзэмшлийн газар доогуур шилэн кабель байгаа гэдгийг хариуцагч байгууллагад мэдэгдсэн тухайгаа баримтаар нотлоогүй байхад энэ үйлдэлд О.Х ХХК-д-ийг гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүлйийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар О.Х ХХК-д-иас 2 689 507 /хоёр сая зургаан зуун наян есөн мянга таван зуун долоон/ төгрөг гаргуулахыг хүссэн МОХНН УБТЗ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 982 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН

     

                           ШҮҮГЧИД                              Г.АРИУНАА

 

                                                                      А.САРАНТУЯА