Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2019/00559

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2019/00348/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 16-33Б тоотод оршин суух Ихмэргэд овогт Зоригтын Одонгоогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 08-01 тоотод оршин суух Зузаан овогт Дашдоржийн Аюурзанад холбогдох 11.333.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нэхэмжлэгч З.Одонгоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч Д.Аюурзана, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Одонгоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие З.Одонгоо нь Э.Сүхбаттай 2015 онд танилцаж үерхэн улмаар хамтран амьдарч байгаад 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бидний дундаас охин С.Амин-Эрдэнэ төрсөн. Бид хоёр 2018 оны 10 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд нөхөр Э.Сүхбат нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр авто ослын улмаас нас барсан юм. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа Приус-20 маркийн 96-55ХӨҮ улсын дугаартай автомашинтай байсан бөгөөд энэ автомашиныг миний нөхөр Э.Сүхбат эзэмшиж байсан. Одоо энэ автомашин хадам эх Аюурзанад хадгалагдаж байгаа болно. Иймд Э.Сүхбат бид хоёрын хамтран өмчлөлийн дундын хөрөнгө болох Приус-20 маркын 96-55 ХӨҮ улсын дугаартай 9.5 сая төгрөгийн үнэ бүхий машинаас охин бид хоёр ногдох хэсэг болох 6.333.3333 төгрөгийг хариуцагч Аюурзанаас хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч З.Одонгоо нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүхэд анх машины үнэ 6.333.333 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Талийгаач Э.Сүхбат өмнө нь Верна аксент маркийн машинтай байж байгаад түүнийгээ зарж, Приус 20 маркийн автомашин авсан. Энэ автомашиныг авахдаа надаас 1.300.000 төгрөг авсан. Мөн би өмнөх Верна аксент маркын автомашиныг засварлахад нь зөндөө мөнгө төгрөг өгдөг байсан. Приус 20 маркийн автомашиныг 12.500.000 төгрөгөөр худалдан авсан. Энэ үнэлгээгээр нь тооцож охин бид хоёрт ногдох хэсэг 6.333.333 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.

Мөн миний нөхөр асан Э.Сүхбатын ажиллаж байсан Транс таван толгой хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нь бэлнээр 10.000.000 төгрөгийн тусламж ар гэрт нь өгсөн байсан. Хадам ээж болох Д.Аюурзана нь энэ тухай надад юу ч хэлээгүй. Би асууж сураглаж байж энэ тухай мэдсэн. Э.Сүхбат нь ирэн очин манайд амьдардаг байсан. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр О.Амин-Эрдэнэ охин маань төрж, тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1486 дугаар шийдвэрээр Э.Сүхбатыг Амин-Эрдэнэ охины минь төрсөн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн. Талийгаач Э.Сүхбат манайд ихэнхдээ байдаг байсан болохоор би Амин-Эрдэнэ охинд маань тусламжийн 10.000.000 төгрөгийн талыг авах ёстой гэж үзэж байна. Иймд машины үнээс охинд болонд надад ногдох 6.333.333 төгрөг, талийгаачийн ар гэрт олгосон 10.000.000 төгрөгийн мөнгөн тусламжаас 5.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэв.

Хариуцагч Д.Аюурзана шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Одонгоо нь миний талийгаач хүү Э.Сүхбаттай 2015 онд танилцаж, үерхэж 2018 оны 10 сар хүртэл хамтран амьдарч байсан гэж байгаа нь огт үндэслэлгүй юм. Учир нь хүү минь Одонгоотой гэр бүл болж, тусдаа амьдарч байгаагүй, өрх тусгаарлан гараагүй. 2015 онд Одонгоо гэх эмэгтэйтэй танилцсан эсэхийг би сайн мэдэхгүй юм. Хүү маань сүүлд л 2018 оны 6 сард би хүүхэдтэй болж байгаа юм шиг байна. Одонгоо гэх эмэгтэйтэй үерхэж, хааяа нэг уулзаж, дотно харилцаанд орж байгаад хүүхэдтэй болсон байна. Гэхдээ миний хүүхэд гэдэгт эргэлзэж байгаа гэж надад хэлж байсан. Би хүүгээ өөрийнхөө асуудлыг өөрөө мэднэ биз гэж бодоод түүний асуудалд огт оролцоогүй. Хүү маань сүүлд 2018 оны 10 сард хүүхдээ гэртээ 1 удаа авчирч байсан. Талийгаач хүү маань огт ажил төрөл хийж байгаагүй, надтай хамт амьдарч гэр орныхоо ойр зуурын юмыг хийж л надад тусалж байсан бөгөөд би хүүгээ ганцаараа тэжээж амьдарч байсан. Хүү маань 2016 онд машинтай болмоор байна, ядаж таксинд явж танд тусалмаар байна гэхээр нь би цалингийн зээл авч хүүдээ Верна аксент гэх машиныг худалдаж авч өгсөн бөгөөд уг машинаар такси үйлчилгээнд явж миний цалингийн зээлийг төлөлцөж байсан. 2018 оны 5 сард хүү маань машинаа шинэчилмээр байна, муу машинтай явахад хэцүү, зардал өндөр гарч, эвдрээд байна гээд Верна аксент машинаа 3.000.000 төгрөгөнд зарж, дээр нь би цалингийн зээл авч хүүдээ өгсөн, охин маань бас ахдаа өөрт байсан хэдэн төгрөгөө зээлж байж хүү бид 2 Приус 20 маркийн ХӨҮ 96-55 улсын дугаартай машиныг худалдаж авсан. Гэтэл хүү маань 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зам тээврийн ослын улмаас нас барж, бидэнд маш хүнд гэнэтийн уй гашуу тохиолдсон. Хэдийгээр уг машиныг хүү бид 2 худалдаж авсан хэдий ч тээврийн хэрэгслийн гэрчилгээ миний талийгаач хүүгийн нэр дээр байсан. Уг машиныг авах гэж хүү минь надаар 4.000.000 төгрөгийн цалингийн зээл авахуулсан. Дүү нь бас нөхрөөсөө нуун барин 2.500.000 төгрөгийг ахдаа зээлээр өгсөн бөгөөд уг мөнгийг хүү минь өөрөө ажил хийж байж буцааж төлнө гэдэг байсан. Одонгоогийн хувьд миний хүүтэй хамтран амьдарч, хамтын хүч хөдөлмөрөөрөө уг машиныг авсан гэж огт үндэслэлгүй зүйл ярьж нэхэмжлэл гаргаж байгааг би гайхаж байна. Миний хүү огт ажил хийж байгаагүй байж байгаад 2018 оны 6 сард уг машиныг худалдаж аваад 2018 оны 11 сард Өмнөговь аймаг руу ажил хийхээр явсан. Охин маань ахдаа зээлсэн мөнгөө буцааж авч чадахгүй байдалд хүрсэн тул уг машиныг нь би дүүд нь өгч, охин маань миний цалингийн зээлийг төлөлцөөд явж байна. Би ганц хүүгээ алдаж маш их уй гашуудалтай хүнд байхад эд хөрөнгө ярьж, миний зовлон дээр зовлон нэмж байгаад би маш их гомдож байна. Одонгоо нь миний хүүтэй хамтран амьдарч байгаагүй. Автомашин худалдан авахад нь хувь нэмэр оруулаагүй. Тийм болохоор би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Одонгоо нь хариуцагч Д.Аюурзанад холбогдуулан Приус 20 маркын автомашинаас охин О.Амин-Эрдэнэ болон өөрт ногдох хэсэг 6.333.333 төгрөг, талийгаач Э.Сүхбатын ар гэрт үзүүлсэн мөнгөн тусламж болох 10.000.000 төгрөгийн тал хувь болох 5.000.000 төгрөг, нийт 11.333.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг миний хүүг автомашин худалдан авахад мөнгө оруулаагүй, хүүтэй минь хамтран амьдарч байгаагүй, хуучин Верна аксент маркын автомашинаа зараад дүүгээсээ мөнгө зээлж, надаар цалингийн зээл авахуулан байж Приус 20 маркын автомашинаа худалдан авсан. Хүү маань дүү, бид хоёртойгоо амьдарч байгаад бурхан болсон. Ажиллаж байсан компаниас нь 10.000.000 төгрөгийн тусламж үзүүлсэн боловч үүнийг би буянд нь зарцуулсан.

Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, 

Нэхэмжлэгч нь талийгаач Э.Сүхбатыг 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр

Приус 20 маркын автомашиныг худалдан авахад 1.300.000 төгрөгийг оруулсан. Дээрх автомашин нь бидний дундын өмч тул өөрт болон охин О.Амин-Эрдэнэд ногдох хэсэг болох 6.333.333 төгрөгийг гаргуулна, мөн талийгаач нөхөр Э.Сүхбатын ажиллаж байсан “Транс  Таван толгой” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ар гэрт тусламж болгон өгсөн 10.000.000 төгрөгийн тал хувь болох 5.000.000 төгрөгийг гаргуулна гэж тайлбар гарган маргаж байна. 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Э.Сүхбат нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 115/002127 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

Талийгаач Э.Сүхбат, нэхэмжлэгч З.Одонгоо нарын дундаас 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин О.Амин-Эрдэнэ төрсөн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1486 дугаартай шүүхийн шийдвэр, охин О.Амин-Эрдэний төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 115/002108 дугаар “Төрөл садангийн тухай лавлагаа”, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх хэдий ч нэхэмжлэгч З.Одонгоо, талийгаач Э.Сүхбат нар нь хамтран амьдарч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “...Энхбаярын Сүхбат нь 5-8-1 тоотод оршин сууж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан. Нас барахаас өмнө ам бүл 4, ээж, дүү нарын хамт амьдарч байсан.” гэх бичилт бүхий 11/35 дугаар албан бичиг, тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1486 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч Э.Сүхбатын шүүхэд ирүүлсэн: “З.Одонгоотой 2015 оны 10 дугаар сард танилцаж, үерхэж байгаад 2017 оны 10 дугаар сард таарамж муу байсан тул салсан юм. З.Одонгоо нь 2018 оны 02 дугаар сард утсаар надад бие давхар, 5 сартай жирэмсэн гэж хэлсэн. З.Одонгоог бие давхар байх үед нь доромжилж байсан удаа байхгүй. З.Одонгоо нь надаас эгч бөгөөд урьд өмнө нь амьдрал зохиож байсан учир намайг гүжир гүтгэж байна. Өмнө нь 2 хүүхэдтэй байсныг тухайн үед 1 хүүхэдтэй гэж ойлгож байсан. Гэтэл дараа нь 2 хүүхэдтэй гэдгийг мэдсэн. З.Одонгоо нь хүүхдээ албаар гаргах гэж 5 сартай болсон байхад нь хэлсэн нь урьдаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах зорилготой төлөвлөж хүүхдээ гэдсэнд нь том болсон хойно нь надад хэлсэн...” гэх тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан ба нэхэмжлэгч З.Одонгоо, талийгаач Э.Сүхбат нар нь Приус 20 маркын сувдан цагаан өнгөтэй, 96-55 ХӨҮ улсын дугаартай автомашиныг дундаа буюу хэсгээр өмчилж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн хангалттай нотлогдохгүй байна.

Харин дээрх автомашин нь талийгаач Э.Сүхбатын өмч болох нь 02025439 дугаар: “... 96-55 ХӨҮ улсын дугаартай Приус маркын автомашин, өмчлөгч Энхбаярын Сүхбат, өмчлөгчийн хаяг: Хөвсгөл Мөрөн 05-8-1 ...” гэсэн тэмдэглэгээ бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Э.Батцэцэгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “ ... Миний ах Э.Сүхбат нь ээж, миний охин бид гуравтай амьдарч байгаад нас барсан. Би ахыгаа Приус 20 маркын цагаан өнгөтэй 96-55 ХӨҮ улсын дугаартай автоамшиныг авахад 3.500.000 төгрөг банкнаас цалингийн зээл авч өгч байсан. З.Одонгоо нь ахтай маань хамтран амьдарч байгаагүй. Жирэмсэн болоод 5 сар болж байна. Энэ ахын чинь хүүхэд гэж надтай утсаар ярьж байсан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч З.Одонгоо нь нэхэмжлэлийн дээрх шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...” үүргээ хэрэгжүүлээгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Нэхэмжлэгч З.Одонгоогийн талийгаач нөхөр Э.Сүхбатын ажиллаж байсан “Транс  Таван толгой” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ар гэрт тусламж болгон өгсөн 10.000.000 төгрөгөөс охин О.Амин-Эрдэнэ болон өөрт ногдох хэсэг болох 5.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт: “Гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: “Гэрлэлт гэж” хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй, хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч З.Одонгоо нь талийгаач Э.Сүхбаттай хамтран нэг бүл болж амьдарч байсан үйл баримт тогтоогдохгүй байх тул “Транс  Таван толгой” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас талийгаач Э.Сүхбатын гэр бүл болох Д.Аюурзанад тусламж болгон өгсөн 10.000.000 төгрөг нь гэр бүлийн гишүүдийн хуваарьт болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарахгүй болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.Одонгоод дээрх тусламжийн 10.000.000 төгрөгийг шаардах эрх хуулиар үүсэхгүй байна.

Иймд Приус 20 маркын, 96-55 ХӨҮ улсын дугаартай, Э.Сүхбатын өмчлөлийн автомашинаас охин О.Амин-Эрдэнэ, нэхэмжлэгч З.Одонгоо нарт ногдох хэсэг болох 6.333.333 төгрөг, талийгаач Э.Сүхбатын ар гэрт түүний ажиллаж байсан Транс таван толгой хязгаарлагдмал хариуцлагатай компаниас үзүүлсэн мөнгөн тусламж болох 10.000.000 төгрөгөөс охин О.Амин-Эрдэнэ болон өөрт ногдох хэсэг болох 5.000.000 төгрөг, нийт 11.333.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211.233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: