| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/89 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхбуян |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/89
2023 01 17 2023/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Ц
Улсын яллагч: Н.Э,
Шүүгдэгч, хохирогч Э.Б,
Шүүгдэгч, хохирогч Н.Б нар оролцсон эрүүгийн 2209000002063 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, Өвөрхангай'магт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 урьд өмнө ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Э.Б
Монгол улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Малчин ажилтай, ам ул 3, урьд өмнө ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Н.Б
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б, Н.Б нар нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хоорондоо харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Нэхэмжлэх зүйл байхгүй. ....” гэв.
Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Нэхэмжлэх зүйл байхгүй..” гэв.
Эрүүгийн 2209000002063 дугаартай хэргээс:
Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 08-15 дугаар хуудас/,
Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 16-24 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13944 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14004 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Э.Б, Н.Б нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37, 49 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б, Н.Б нар нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хоорондоо харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Н.Б“...Э.Б2022 оны 10 дугаар сарын §06-ны өдөр намайг дөхүүлээд өгөөч гэхээр нь байрлаж байсан уулнаасаа буугаад явж байгаад буцаад явлаа, хөл өвдөөд байна гэхэд тэрээр дөхүүлээд өгчих гээд байсан, тэгтэл тэрээр суманд очихоороо хүнээр зодуулна 2 хүүхдийг чин зодно гээд эайсан, тэгэхээр нь би түүний нүүр рүү гараараа нэг удаа цохисон, намайг барьж аваад газар унагаагаад нүүр рүү цохих шиг болсон тэгээд миний нүдний дээд хэсгээс цус гарсан...” гэх мэдүүлэг
Хохирогч Э.Б-ы: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед...Н.Б яасан хэл амтай бацаан бэ гээд тэрээр гараараа миний дух руу нэг удаа цохисон...намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад авсан, мөн миний нүүр хэсэг рүү дахиад гараараа цохисон...би дийлээгүй доор нь орсон, доор нь хэвтэж байхдаа би түүний дух хөмсөг хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн...тэгээд босох гэтэл Н.Б миний хацар хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13944 дугаартай: “...Н.Б биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн, баруун, нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14004 дугаартай: “Э.Б-ы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б, Н.Б нар нь харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Э.Б, Н.Б нар нь хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхээс няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нар нь харилцан бие биеэсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул тэдгээрийг хоорондоо төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Б, Н.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч тус бүрийн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Б, Н.Б нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Э.Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ш овогт Н.Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Н.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН