Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2019/00563

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2019/00542/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн 04-34 тоотод оршин суух Төнхөн овогт Хандаагийн Мөнх-Оргилын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух Их хуурай овогт Сандагжавын Зуунасанд холбогдох 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгч Х.Мөнх-Оргил, хариуцагч С.Зуунасан, иргэдийн төлөөлөгч Г.Батцэцэг нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Мөнх-Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Миний бие Х.Мөнх-Оргил нь 2019 оны 02 дугаар сарын 11-нд хүн тээврийн жолооч С.Зуунасангийн 90-10 ХӨҮ пургон машинаар Жаргалант сумаас Мөрөн сум орохоор зорчсон. Ингэж зорчин явахад машины моторт асуудал үүссэний улмаас машинд зорчихдоо авч явсан цүнхэнд байсан миний ХААИС-ийн ромбо, диплом, хөөрөг, даалин, төрийн албаны шалгалтын ном бусад хувцас хэрэгсэл устаж үгүй болсон. Би сургуулиа төгсөөд явж байсан болохоор аль өнгөтэй өөдтэй гэсэн хувцас хэрэгсэлээ авч явж байсан. С.Зууннасан нь эхлээд надад хохирол төлбөрийг маань төлж өгнө гэж байсан боловч одоо болохоор өгөхгүй гээд байгаа юм.

Иймд устаж үгүй болсон ХААИС-ийн ромбо дипломоо 1.500.000 төгрөгөөр,

хөөрөг, даалингаа 500.000 төгрөгөөр, Төрийн албаны шалгалтын номоо 20.000 төгрөгөөр, бусад хувцас хэрэгсэл 980.000 төгрөгөөр үнэлж, нийт 3.000.000 төгрөгийн хохирлоо жолооч С.Зуунасангаас нэхэмжилж байна...” гэжээ.

Хариуцагч С.Зуунасан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр оройн 18 цаг болж байхад Эрэнбаатар гэдэг жолооч сумаас 20 гаруй клометрийн зайтай явж байна. Тэрэг эвдрээд явах боломжгүй болчихлоо, туслаач гэж надад хэлсэн. Тэгээд би араас нь очсон. Би тэр хүмүүсийг аваад машиндаа суулгаад ачаа, тээшийг  нь хойноо хийсэн. Тэгтэл энэ хүн би тээшээ өөрөө авна  гээд 40*25*25 харьцаатай байсан болов уу тийм цүнхээ өөрөө авсан. Тэр цүнхэн дотор юу байсныг би мэдээгүй. Тэндээс 2, 3 километр яваад тэрэг асахгүй болсон. Бензин насосс ажиллахгүй болохоор нь бензин хольсон. Тэгээд тэргээ асаагаад 5 минут хэртэй нормалдаад хүмүүсээ суулгаад хөдлөх гэж байтал гэнэт моторноос гал гарсан. Тэр галыг унтраах ямар ч боломжгүй байсан тул би тээшнээс хүмүүсийн ачааг авч өгсөн. Ачаа нь үлдсэн хүн байна уу гэж орилоход нэг эмэгтэй миний нөүтбүүк үлдсэн байгаа гэхээр нь би гал дундуур орж нөүтбүүкийг авч өгсөн. Тэгэхэд энэ хүн юу ч дугараагүй. Энэ хүнийг хаана тээшээ авч явсныг мэдэхгүй, дотор нь юу байсныг ч мэдэхгүй. Би өөрийн 13.000.000 төгрөгийн машинаа шатааж хохирсон. Энэ хүнийг ромбо диплом байсан гэхээр нь би хүнээс дахин гаргуулж авч болох эсэхийг асууж өгнө гэж хэлсэн. Түүнээс биш төлнө гэж хэлээгүй. Сүүлд уулзсан чинь надаас 3.000.000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би төлөх боломжгүй, машинаа шатаагаад эд хөрөнгөгүй болсон, 2 оюутан сургадаг боломжгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд энэ хүн миний эгч Улаанбаатар хотод шүүхэд том албан тушаал хашдаг, шүүхээр заргалдана гэж хэлсэн. Би энэ хүнийг анх сумаас авч гараагүй. Хүнд тусалж яваад өөрөө хохирсон. Энэ хүний тээшийг ардаа тээшинд хийлгэх гэхэд өөрөө авсан. Тээш нь үлдсэн хүн байна уу гэхэд энэ хүн дугараагүй. Тэнд юу байсныг би хараагүй. Би хүнд тусалж яваад хохирсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв...” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Г.Батцэцэг нь дүгнэлтдээ: “...Нэхэмжилж буй зүйл нь ямар ч нотлох баримтгүй байна. Дипломны тасархай гарч ирсэн гэж байгаа тул дипломыг нь төлөөд өгчихвөл болно...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Мөнх-Оргил нь хариуцагч С.Зуунасанд холбогдуулан өөрт учирсан гэм хорын хохирол болох 3.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч би жолооч А.Эрэнбаатарын хүсэлтээр түүний машинд зорчиж явсан

Х.Мөнх-Оргилыг тээвэрлэж явсан учраас түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэггүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр жолооч С.Зуунасангийн жолоодож явсан 90-10 ХӨҮ улсын дугаартай, пургон автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй явж байсны улмаас уг автомашинд гал гарч Х.Мөнх-Оргилын диплом шатсан гэдэг үйл баримттай маргахгүй байна.

Гэвч нэхэмжлэгч нь уг шатсан диплом нь ромботойгоо явж байсан бөгөөд түүнийг буцаан нөхөн авахад хэдэн төгрөг болох талаар төгссөн сургуулийнхаа захирлаас асуухад 1.500.000 төгрөг болно гэсэн, намайг сургууль төгсөхөд ээжийн маань хийлгэж өгсөн үстэй дээл, үе  дамжин ирсэн хөөрөг, даалин, Төрийн албаны шалгалтын ном, шинээр авсан хослол гээд бүх өнгөтэй өөдтэй хувцас шатаж үгүй болж надад 3.000.000 төгрөгний хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн диплом, ромбо нь 1.500.000 төгрөг, хөөрөг даалин нь 500.000 төгрөг, Төрийн албаны шалгалтын ном нь 20.000 төгрөг, бусад хувцас хэрэгсэл нь 980.000 төгрөг болохыг нотолсон баримтаа хэрэгт ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: