Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0805

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М ү д э

б” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гуравдагч этгээд Н.Ц, түүний өмгөөлөгч Ч.Д

 

Нэхэмжлэгч: “М ү д э б” НҮТББ

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.М

Гуравдагч этгээд: Н.Ц

 

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 673 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0739 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэ төлөөлөгч Н.А, Д.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д

Хариуцагч А.М

Гуравдагч этгээд Н.Ц

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч өмгөөлөгч Ч.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0360/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М ү д э б” НҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Мөнхцэцэгт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 673 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0739 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, 22 дугаар зүйлийн 22.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.4, 42 дугаар зүйлийн 42.2, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлах нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 673 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээд Н.Ц дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь "Улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн этгээдийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж болно. Энэ хуурамч материалыг улсын бүртгэлийн байгууллага буюу бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллага үг дуугүй бүртгэх ёстой. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт шалгалт явуулж, нотлох баримтыг үнэлэх, зөрчлийг илрүүлэх, зөрчил илэрсэн ч хуульд заасан арга хэмжээ авах бүр ч эрхгүй" гэж хууль бус үйлдлийг дэмжиж байна гэж шууд утгаараа ойлгогдож байна. … Би энэ хуулийн, этгээдийн анхны үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирлаар томилогдож байсан хүн. Миний үндсэн ажлаасаа гарсан нь "Допингийн эсрэг төв" гэж бие даасан хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчаас автоматаар чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Намайг үүсгэн байгуулагчаас хууль бусаар чөлөөлсөн байсан нь нотлогдсон.

3.2.   Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын ахлах байцаагч нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт гарын үсгийг хуурамчаар зурсан нь тогтоогдсон нөхцөл байдлыг дурдан холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийх хүсэлт тавьсан тул хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт шалгалтын ажиллагаа явуулж дүгнэлт гаргасан гэж хувьдаа ойлгож байгаа.

Авлигатай тэмцэх газраас улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хаягласан дээр дурдсан албан бичиг нь иргэн, хуулийн этгээдийн бүртгэл хийх ажиллагаанд хориг тавьсан тухай мэдэгдсэн биш, харин ч улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийг энэхүү хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын хурлаар миний гарын үсгийг хуурамчаар үйлдэх замаар намайг үүсгэн байгуулагчаас хассан үйл баримт нь хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын ахлах комиссар Э.О-ын гарын үсэг бүхий 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Хяналт, шалгалт хийлгэх тухай" улсын бүртгэлд хаяглаж илгээсэн албан бичиг, түүний хавсралт болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, энэ тухай нотлох баримт хэрэгт авагдсаар байтал миний субьектив эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Яагаад энэ хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд шинээр зохион байгуулагдсан хурлаас шинээр томилогдсон тэргүүн мөртөө энэ маргааны улмаас улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй өдий хүрсэн байхад миний эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байгаа юм бэ гэдэгт гомдолтой байна.

3.3. Миний гарын үсэг хуурамч болох тухай Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсаар байтал энэ дүгнэлтийг эргэлзээтэй гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Тусгай мэдлэг шаардсан шинжээчийн дүгнэлтийн эсрэг маргаагүй атал шүүгч үүнийг өөрөө тайлбарлан эргэлзээтэй нотлох баримт гэж үнэлсэнд гомдолтой.

Миний ойлгож байгаагаар төрийн захиргааны байгууллага тэр тусмаа улсын бүртгэлийн хяналтын байцаагч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ заавал шүүхийн шийдвэрийг үндэслэнэ гэсэн зохицуулалт алга байна. Хуульд маш тодорхой заасан байтал шүүх төрийн захиргааны байгууллага шүүхийн шийдвэргүйгээр нотлох баримт үнэлэх, арга хэмжээ авах эрхгүй гэсэн агуулга бүхий шийдвэр гаргачихлаа.

3.4. Түүнчлэн улсын бүртгэлийн хяналтын улсын ахлах байцаагч А.М-ийн гаргасан 673 дугаартай дүгнэлт болон уг дүгнэлтэд хяналт шалгалт хийсэн улсын бүртгэлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Э-ын гаргасан 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1478 тоот дүгнэлт ч 823*** регистрийн дугаартай хуулийн этгээдийг татан буулгах тухай дүгнэлт биш бөгөөд холбогдох эрх бүхий хүмүүс нь уг хуулийн этгээдийг төлөөлөх эрхийг хэрэгжүүлэн үйл ажиллагааг үргэлжлүүлээд явах боломжтой байсан. Тэгэхээр байгууллагын субьектив эрх хөндөгдөөгүй гэж ойлгож болно. Засгийн газрын зарим чиг үүргийг шилжүүлэн гүйцэлдүүлнэ гэж холбогдох хууль тогтоомжид заасан. Хуулийн этгээд татан буугдаагүй юм чинь энэ ойлгомжтой. Харин хуульд заавал Ц.У нараар гүйцэлдүүлнэ гэсэн заалт байхгүй. Нэгэнт байгууллага татан буугдаагүй эрх бүхий хүмүүс цааш үргэлжлүүлээд явах боломжтой атал үр дагаврыг тооцоогүй хэмээх шалтгаанаар дүгнэлтийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.5. Шүүгч шүүх хуралдааны үеэр намайг энэхүү хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн даргаар шинээр сонгогдсон боловч бүртгүүлж чадаагүй тухайгаа мэдүүлсээр, нотлох баримтаа хавтаст хэрэгт өгсөөр, тэр бүү хэл шүүгч өөрөө захирамж гаргаж гуравдагч этгээдээр татсан мөртөө миний субьектив эрх хөндөгдөөгүй гэж дүгнэж, шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа Авлигатай тэмцэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээсэн хяналт шалгалт хийлгэх тухай дээр дурдсан албан бичгийн хүсэлтийн агуулгыг, ялангуяа тавьсан хүсэлтийг нь бүрэн үнэлж үзэлгүй, бүртгэлийн энэхүү маргаантай холбоотой эсэх нь тодорхойгүй, хэн нэгэн иргэн, тэр тусмаа энэ хуулийн этгээдэд эрүү, иргэн, захиргааны хэрэг үүсгэсэн тухай тодорхой үйл баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт татагдсан иргэн, эсвэл хуулийн этгээд нь ч тодорхойгүй байхад ямар нэг эрүүгийн хэргийн тухай өөрөө хөтлөн ярьж, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон зохих баримт байсаар атал Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх заалтын хууран мэхлэх гэсэн агуулгыг бүрэн үнэлж үзээгүй буюу уг заалтыг буруу тайлбарлан дүгнэж, хэрэгт цугласан нотлох баримтыг бүрэн үнэлэлгүйгээр улсын бүртгэлийн байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь илт нэг талыг барьж, нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дах хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, уг хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг баримтлан гомдлын шаардлагыг хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШШШ2024/0739 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Д дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

4.1. Анхан шатны шүүх “М ү д э б” НҮТББ-ын дүрэмд эрх барих дээд байгууллага нь удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч нь Ерөнхийлөгч, байгууллагыг гадаад, дотоодод Ерөнхийлөгч төлөөлнө гэж заасан, хуулийн этгээдийн улсын бүртгэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд удирдах зөвлөлийн дарга Ц.У бүртгэгдсэн. Иймд хуулийн этгээд өөрийн бүртгэлийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын шийдвэртэй маргах эрхтэй буюу нэхэмжлэл гаргах эрхтэй, Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Ц.У нэхэмжлэлд гарын үсэг зурсан тул нэхэмжлэгчийн төлөөлөх эрхтэй этгээд гаргасан гэж үзнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ц.У-ийг томилсон шийдвэр дүрмийг 2023 оны 10 дугаар сарын 26 өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон байдаг.

4.2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39073 дугаартай шинжээч Т.Х-ийн “гарын үсэг хуурамч болохыг тогтоосон” дүгнэлт. Авлигатай тэмцэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06/19850 албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд Н.Ц-ы миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэх мэдүүлэг зэрэг хууль бус арга хэрэглэсэн гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдож байхад анхан шатны шүүх хууль бус арга хэрэглэсэн нь тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3. Ж.Х-ыг Удирдах зөвлөлийн тэргүүнээр нэмж бүртгэсэн бүртгэл хууль бус болох нь нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа тохиолдолд Ж.Х-ын 2017 оноос хойш гаргасан бүх шийдвэрүүд нь бүхэлдээ хууль бус учраас 2017 оноос хойших түүнийг бүртгэлийн байгууллагад хандаж бүртгэл хийлгэсэн нь хүчингүй болсон нь хуульд нийцнэ. Анхан шатны шүүх хяналт шалгалтад хамрагдаагүй хугацааны бүртгэлүүдийг хууль зүйн аливаа үндэслэлгүйгээр хүчингүй болгосноор дүгнэлт бүхэлдээ хууль бус гэж дүгнэсэн нь хэт нэг талд үйлчилсэн шийдвэр гэж ойлгож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээс гадна хэргийг бүхэлд нь хянаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0739 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг, хариуцагч нь давж заалдах гомдлыг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “М ү д э б” НҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Мөнхцэцэгт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 673 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргахдаа, шаардлагын үндэслэлээ ... М ү д э б” НҮТББ-ын нэрийг улсын бүртгэлээс хасч шийдвэрлэснээр манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, шинжээчийн дүгнэлт нь Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт бөгөөд уг дүгнэлтийг үндэслэж хууль зөрчсөн, гэм буруутайд тооцсон шийдвэр гараагүй, /гэтэл/ захиргааны актыг хүчингүй болгох 5 жилийн хугацаа өнгөрсөн байхад бүртгэл хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэх зэргээр тодорхойлсон.

Харин хариуцагчаас “...  уг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолд зурсан 2 хүний гарын үсэг хуурамч гэдэг нь тогтоогдсон учраас хүчингүй болгосон, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан зарчмыг зөрчсөн” гэж,

гуравдагч этгээдээс “...би төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн биш байтал 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тогтоолоор байхгүй хүнийг чөлөөлсөн нь алдаатай шийдвэр байсан, Дэлхийн допингийн эсрэг дүрмээр зохицуулсны дагуу хуулийн этгээдийн дараагийн эрх бүхий этгээдийн үйл ажиллагааг үргэлжүүлэх боломжтой тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордсон, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж үзэх үндэслэлгүй, улсын байцаагч хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн” гэж тус тус татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.

4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож буй маргааны үйл баримтаас үзэхэд;

4.1. 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн “Д э б” ТББ нь улсын бүртгэлийн байгууллагад хандан, хуулийн этгээдийн мэдээлэлд дараах бүртгэл хийлгэжээ. Үүнд:

- 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гүйцэтгэх удирдлагын болон үүсгэн байгуулагч, эрх барих этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах,

- 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  хуулийн этгээдийн оноосон нэрийг “М ү д э б” НҮТББ болгож өөрчлөх,

- 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн тамга, тэмдгийн хяналтын дугаарыг шинэчлэн олгох,

- 2020 оны 7 дугаар сарын 03, 2022 оны 3 дугаар сарын 31, 2022 оны 4 дүгээр сарын 06, 2023 оны 10 дугаар сарын 25, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд хуулийн этгээдийн эрх барих этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах.

4.2. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06/19850 дугаар албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхдээ, уг төрийн бус байгууллагын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн үүсгэн байгуулагчдын болон удирдах зөвлөлийн тогтоолд Н.Ц, Ч.Н нарын гарын үсэг хуурамч болох нь тогтоогдсон талаар дурдахын зэрэгцээ Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3907 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хавсарган хүргүүлжээ.

4.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.М нь дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, мөн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг хийлгэхдээ 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн үүсгэн байгуулагч болон эрх барих дээд байгууллагын хурлын тэмдэглэлийг мэдүүлэгт хавсаргаагүй гэх үндэслэлээр энэ хэсгийн 4.1-д заасан хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 8 удаагийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, маргаан бүхий 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 673 дугаар дүгнэлтийг гаргасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1478 дугаар дүгнэлтээр дээрх маргаан бүхий дүгнэлтийн “тодорхойлох хэсэг”-т өөрчлөлт оруулж, холбогдох бүртгэлийг хүчингүй болгосон талаар Н.Ц, Ц.У нарт мэдэгдэх талаар дурджээ.

5. Анхан шатны шүүхээс, маргааны үйл баримттай холбогдуулан “... хуулийн этгээдэд эерэг үйлчлэл бүхий бүртгэл хийгдсэнээс хойш 5 жилийн дараа хүчингүй болгосон нь үндэслэлгүй, хурлын тэмдэглэл хавсаргаагүй гэх бүрдүүлбэр дутуу тохиолдол нь бүртгэхээс татгалзах буюу бүрдүүлбэр хангуулах шаардлага болохоос хүчингүй болгох үндэслэл болохгүй, хариуцагч сонгох боломж болон хуулийг буруу тайлбарлахын зэрэгцээ хяналт шалгалтын хугацаанд хамрагдаагүй хугацааны бүртгэлүүдийг ч аливаа хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгосон нь зорилгодоо нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэн, “М ү д э б” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Учир нь хариуцагчаас шийдвэрийн үндэслэл болгосон 3907 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Авлигатай тэмцэх газраас 230100025 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд мөрдөгчийн тогтоолоор томилогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 27.1 дүгээр зүйлд заасны дагуу үйлдсэн шинжээчийн дүгнэлт байна.

Хэргийн оролцогчдын тайлбарласанчлан, эрүүгийн журмаар шалгаж буй уг асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй тохиолдолд хүн, хуулийн этгээдийн гэм буруу нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцох зарчимтай байхад хяналтын улсын байцаагчаас захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулахдаа зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлтэд тулгуурласан буюу түүнийг үндэслэл болгосон нь буруу болжээ.

7. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг болон 24, 26 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагын захиргааны шинжтэй аливаа харилцаанд тус хуулийн зохицуулалт үйлчлэх тул шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан болох хяналтын улсын байцаагчийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр /дүгнэлт/ гаргахдаа, хүчингүй болгосон 8 удаагийн улсын бүртгэл тус бүрд хамаарах холбогдох баримтуудыг цуглуулж, нөхцөл байдлыг тогтоох зэргээр хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлах учиртай.

Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан захиргааны актыг хүчингүй болгох тохиолдолд үйлчлэх таван жилийн хугацаа тогтоосон заалтыг улсын бүртгэлийг хүчингүй болгох дүгнэлт гаргах талаар хяналтын улсын байцаагчийн эрхийг тодорхойлсон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаас илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзэх тул бүртгэлийг хүчингүй болгоход баримталвал зохих шаардлага мөн.

8. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 23.1.3. үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;” гэж, 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана: 18.1.1. улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;” гэж тус тус зааснаас үзэхэд, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн улсын бүртгэлийг хийх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар “хурлын тэмдэглэл”-ийг мэдүүлэгт хавсаргах шаардлага тавигдаагүй бөгөөд мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн бүрдэл дутуу байх нь бүртгэхээс татгалзах л эрх зүйн үр дагавар үүсгэх ба гагцхүү энэ үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн холбогдох мэдээлэлд оруулсан 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэл, түүнээс хойших бусад 7 удаагийн бүртгэлийг хүчингүй болгосон нь холбогдох хуульд нийцээгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

9. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна”, “М ү д э б” НҮТББ-ын дүрмийн 3.3-д “… гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч нь Ерөнхийлөгч мөн” гэж зааснаас үзэхэд, уг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэлийн өргөдөлд гарын үсэг зурсан байх тул гуравдагч этгээдийн “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

10. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад тулгуурлан хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0739 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Н.Ц, түүний өмгөөлөгч Ч.Д нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ                      

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ