Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 123/ШШ2021/0033

 

 

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би Н.Энхболд нарын нэр бүхий 22 иргэний нэхэмжлэлтэй Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 20-ний өдрийн А/645 дугаар захирамжийн хавсралтад дурьдсан 22 иргэнд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос гаргасан эвлэрлийн гэрээг хянаад хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа нараас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа бид шүүхэд төлөөлөх итгэмжлэлд заасан эвлэрэх, татгалзах эрхийг эдэлж доорх нөхцөлөөр эвлэрч байна.

Үүнд: 1. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн А/645 дугаар захирамжийн хавсралтад дурдсан 22 иргэнд холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч А.Зандан, Б.Гансүх, Ц.Ариунцэцэг, Д.Сүрэнжав, Б.Нэргүй, Н.Энхболд, Д.Дуламсүрэн, Д.Шинэчимэг, Н.Энхтунгалаг, Ц.Энхбаяр, Н.Энхтайван, Б.Хандмаа, П.Оюунгэрэл, Ц.Энхтөр, Х.Долгорсүрэн, Х.Цээням, М.Энхтуяа, Б.Баярчимэг, М.Оюундэлгэр, Б.Мөнх-Од, Х.Мөнхбаяр, С.Цогтсайхан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд би нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа би дээрх 22 иргэнээс доорх нэр бүхий Н.Энхболд, Ц.Ариунцэцэг, А.Зандан, Н.Энхтунгалаг, Ц.Энхбаяр, Б.Хандмаа, Х.Долгорсүрэн, М.Энхтуяа, М.Оюундэлгэр, С.Цогтсайхан нарт Төв аймгийн Сэргэлэн сумын Баруун зуун модны аманд тус бүр 0.07 га газрыг 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, газар эзэмшүүлэхээр харилцан тохиролцов. Хэрэв тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдаагүй тохиолдолд төлөвлөгөөнд тусгасан өөр газар эзэмшүүлэхээр тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Энхболд нарын нэр бүхий 22 иргэниий нэхэмжлэлтэй Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заасан байх бөгөөд эдгээр эрхийг нэхэмжлэгч, хариуцагч нар итгэмжлэгдсэн төлөөлөгч нартаа олгожээ.

Уг гэрээг талууд хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж байгуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар уг эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй нь тогтоогдож байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарлаж, талууд зөвшөөрч үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Н.Энхболд нарын нэр бүхий 22 иргэний нэхэмжлэлтэй Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/645 дугаар захирамжийн хавсралтад дурьдсан А.Зандан, Б.Гансүх, Ц.Ариунцэцэг, Д.Сүрэнжав, Б.Нэргүй, Н.Энхболд, Д.Дуламсүрэн, Д.Шинэчимэг, Н.Энхтунгалаг, Ц.Энхбаяр, Н.Энхтайван, Б.Хандмаа, П.Оюунгэрэл, Ц.Энхтөр, Х.Долгорсүрэн, Х.Цээням, М.Энхтуяа, Б.Баярчимэг, М.Оюундэлгэр, Б.Мөнх-Од, Х.Мөнхбаяр, С.Цогтсайхан нарт холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаасаа нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд бүхэлд нь татгалзаж, хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа нь нэхэмжлэгч нэр бүхий 22 иргэнээс Н.Энхболд, Ц.Ариунцэцэг, А.Зандан, Н.Энхтунгалаг, Ц.Энхбаяр, Б.Хандмаа, Х.Долгорсүрэн, М.Энхтуяа, М.Оюундэлгэр, С.Цогтсайхан нарт Төв аймгийн Сэргэлэн сумын Баруун зуун модны аманд тус бүр 0.07 га газрыг 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, газар эзэмшүүлэхээр, хэрэв тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тохиолдолд төлөвлөгөөнд тусгасан өөр газар эзэмшүүлэхээр харилцан тохирч эвлэрсэн, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ