Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/148

 

 

 

 

 

2023           02           03                                      2023/ШЦТ/148

                                                                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Булган,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр /Баянзүрх дүүргийн прокурор/,

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нар оролцсон эрүүгийн 2106036932489 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Мын 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сууж байхдаа түүний өмчлөлийн Самсунг Эс-6, Самсунг А10 загварын гар утаснууд, иргэний үнэмлэх, виза карт, зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Н.Мад 340.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй дэлгүүрээс Фабиана Филиппи брэндийн хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “гар утсаар чинь яриад эргүүлээд өгье” гэж хэлж хуурч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 8, 139, 184 дүгээр хуудас/,

БЗДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /1 хх-ийн 9 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 123, 235, 247-249, 2хх-ийн 22 дугаар хуудас/,

Хохирогч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /1хх-ийн 159-160 дугаар хуудас/,

Хохирогч А.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 190-191 дүгээр хуудас/,

Гэрч Н.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /1хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 144 дүгээр хуудас/,

СД-ны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 141-143 дүгээр хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 42-43 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн TXY-922/4147 дугаар үнэлгээний тайлан /1хх-ийн 163-165 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 200-201 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 61 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 68, 229 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх-ийн 72-91 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэгээс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 9 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хулгайлах гэмт хэргийн тухай:

 

Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр:

 

2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Мын 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сууж байхдаа түүний өмчлөлийн “Самсунг Эс-6”, “Самсунг А10” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Н.Мад 340.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй дэлгүүрээс “Фабиана Филиппи” брэндийн хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

БЗДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас,

Хохирогч Н.Мын “...Би 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эхнэрийн хамаатан гэх Б.Бтой хамт барилгын ажил хийхээр гэртээ авчирч хонуулсан. 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 09 цаг 00 минутын үед ажилдаа гарахаар Б.Бын хамт машиндаа суугаад хөдлөхөд машины акумлятор суусан байсан. Манай гэрээс хөдлөөд газар нь уруу байдаг тул машины акумлятортой айлын гадна өнхөрүүлж ирсэн. Машинд миний гар утас болон эхнэрийн гар утас байсан бөгөөд би тухайн айлын хүнтэй хамт акумлятор авахаар арын гудамж руу яваад ирэхэд Б.Б нь байхгүй байсан. Миний машинд байсан гар утаснууд болон миний машины түлхүүр, виза картууд, иргэний үнэмлэх байхгүй байсан. Иргэний үнэмлэх картууд нь гар утасны хавтасанд байсан....” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Тын “...Би 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ байхад дээрх үйл явдал болсон. Би дэлгүүр рүү орох гээд явж байхад миний урдаас нэг үл таних эрэгтэй хүн хувцасандаа ямар нэг юм ороогоод гарч байхад нь сэжигтэй санагдаад тавиур дээрх бараагаа бүртгэхэд нэг нь дутуу байсан. Худалдагчаа араас нь гаргасан. Тэгээд гадаа хамгаалагчтай хамт барьсан. Тухайн хамгаалагч дагуулаад орж ирсэн чинь манайхаас гутал хулгайлсан байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Огийн “...2021 оны 8 дугаар сарын 28-ны өглөөний 09 цаг 45 минутын орчимд Н.М нь танихгүй дугаараас хажуу айлын хүний гар утсаар ярьж байна. Гар утас эхнэрийн бичиг баримт болон машины түлхүүрээ алдчихлаа чи хурдан хүрээд ир гэхээр нь би 10 цагийн орчимд яваад очтол машины түлхүүр байхгүй бэр эгч болон ахын гар утас бэр эгчийн бичиг баримт байхгүй байхаар нь би асуутал “өглөө Бат-Оршихыг ажилд авч явах гээд аваад ирсэн юм, өглөө машин асахгүй байхаар нь Бат-Орших болон манай ах хоёр доошоо түрээд айлын хажууд зогсоод Бат-Оршихыг гадаа машиндаа үлдээгээд айл руу ороод гараад иртэл Бат-Орших байхгүй байхаар нь юм бодолгүй машин руугаа ортол суудал дээр нь байсан гар утаснууд нь байхгүй машиндаа зоогоод үлдээсэн түлхүүр нь байхгүй байхаар нь доошоо зам руу гүйсэн байх гээд юм асуухаар орсон айлын хүний машинтай цуг доошоо зам дагуу хайтал олж авч чадаагүй....” гэсэн мэдүүлэг,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...нэг ширхэг СД /хатуу диск/-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

СД-ны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Уг хяналтын камерын бичлэг нь нийтдээ 34 секундын бичлэг байх ба бичлэгийг нь тоглуулж эхлэхэд дэлгүүрийн заал хэсэг харагдаж байх ба саарал өнгийн саравчтай малгайтай хар өнгийн футволк цэнхэр өмдтэй баруун гартаа хар өнгийн гадуур хувцасаа барьсан эрэгтэй хүн орж ирж байгаа нь харагдаж байв. Уг хүн нь хяналтын камерын бичлэг дээрээс харахад Б.Б гэдэг нь шууд харагдаж байлаа. Ингээд Бат-Орших шууд явсаар уг дэлгүүрийн лангуун дээр байгаа хос гутлыг аваад баруун гартаа барьсан гадуур хувцасны доогуур хийгээд эргээд гарч байгаа нь хяналтын камерт тод бичигдэн үлдсэн байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Samsung S6, Samsung a10s маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 340.000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайланд “...Fabiana Filippi брендийн эмэгтэй арьсан кет-ийн бодит үнийг 900.000 /есөн зуун мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэсэн тайлан, 

Шүүгдэгч Б.Бын “...2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байсан Мөнхбатын машинаас Самсунг-ийн 2 ширхэг гар утсыг машины урдаас нь авсан хэргээ хүлээн зөвшөөрч байна... Би 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод-с бьютек” нэртэй дэлгүүрээс нэг хос гутал /ногоон өнгийн/ нууцаар хулгайлж баруун гартаа барьсан байсан гадуур хувцасан дотроо хийж тухайн дэлгүүрээс гарах гээд явж байгаад хамгаалагчид баригдаад тухайн хүмүүс намайг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.Мын 340.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг эс-6, Самсунг А10 загварын гар утаснууд болон  900.000 төгрөгийн үнэлгээ бүхий Фабиана Филиппи /Fabiana Filippi/ брендийн хос гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт 1.240.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Быг үргэлжилсэн үйлдлээр бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Залилах гэмт хэргийн тухай:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны өөрийн танил иргэн А.Гт “гар утсаар чинь яриад эргүүлээд өгье” гэж хэлж хуурч, “Хуавэй смарт” загварын гар утсыг авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч 225.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах тогтоогдов. Үүнд:

Хохирогч А.Гын “...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Бөхийн өргөөний орчимд өөрийн 31-30 УАК улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ таксинд явж байтал гадуураа савхи мэт богино хар куртик доогуураа хар хөх өнгийн өмд өмссөн байсан. Би тухайн хүнийг авах гээд машиндаа суулгатал манай хамаатны Батцэцэгийн Бат-Орших нь байсан. Юм ярилцаж байгаад “Тэди” төв рүү явъя гэсэн. Тэгээд Тэди төвийн үүдэнд очоод 10.000 төгрөг өгөөд “та дахиж таксинд явах юм уу, би өөрийнхөө утсыг зарчихаад ирье” гэсэн. Удалгүй Бат-Орших нь гарч ирээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо багшийн дээдийн автобусны буудал руу хүргээд өгчих гээд явсан. Замдаа Бат-Орших нь миний утсаар яриад яваад байсан ба Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Багшийн дээдийн хойд талын автобусны буудлын орчим очоод миний утас дуугарахад Бат-Орших та утсаа өгч бай би АТМ ороод мөнгө аваад гараад ирье” гэж хэлээд алга болсон. Би хүнээс гуйгаад өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Huawei Smart загварын гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 225.000 /хоёр зуун хорих таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн үнэлгээний тайлан,

Шүүгдэгч Б.Бын “...би архи уусан байсан. Тэгээд Ганбаатар ахтай тааралдаад утсаар нь яриад АТМ орчихоод ирье гэж хэлээд аваад шууд найзууд руугаа явсан. Ганбаатар ахын гар утсыг аваад найзууд руугаа таксидаж байхдаа таксины мөнгөгүй болоод гар утсыг нь өгцөн...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Б.Б нь танил хамаатны холбоотой байдлаа далимдуулан хохирогчид “гар утсаар нь ярьчихаад өгье” гэсэн ойлголтыг төрүүлж хуурч тухайн эд зүйлийг өөртөө авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан итгэлийг нь урвуулан ашиглаж хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.  

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан үйлдлийг илэрхийлдэг.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Тодруулбал шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.    

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Быг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.Мад 340.000 төгрөгийн хохирол, хохирогч А.Гт 225.000 төгрөгийн хохирол төлбөрийг тус бүрийг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч нараас гаргасан хүсэлт, мөнгө шилжүүлсэн болохыг тодорхойлсон “Хаан” банкны дансны хуулга зэрэг баримтаар, хохирогч Б.Таас “...хос гутлаа буцаан авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” /1хх-ийн 159-160/ гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгээд нийт 680 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналтай ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Бат-Оршиход өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар оногдуулах  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 680 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож  90 хоногийг нэмж нийт 1 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх хэмжээг тогтоох нь саналтай байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Иймд тусгайлан гаргах санал байхгүй прокурорын гаргасан санал дэмжиж байна...” гэсэн саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай хоёр гэмт хэргийг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Б нь бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд  Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан ялын тооцооны тодорхойлолтоор /2хх-ийн 17/ Б.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №459 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 1 жил 1 сар 1 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь тогтоогдсон байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...”  гэж заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бод оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 1 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 хоногийг хорих ялд нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Бын бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний арилсан байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 90 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Бг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Мөн шүүгдэгч Б.Бг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн хугацаагаар нийт тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бын Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 1 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлын нэг хоногоор тооцож 90 хоногийг хорих ялд нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 1 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.  

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН