| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0075/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/90 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/90
2023 01 17 2023/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүгдэгч: Э.Э/өөрөө өөрийгөө өмгөөлж/,
Шүүгдэгч: А.И /өөрөө өөрийгөө өмгөөлж/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Цэрэндулам,
Улсын яллагч: Н.Булганчимэг нар оролцсон эрүүгийн 2209000002407 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУБИС-ын Биеийн тамирын багш арга зүйчийн 4 курсийн оюутан, ам бүл 4 урьд ял шийтгэлгүй У овогтой Э.Э
Монгол Улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай /Хэрэг гарсан өдөр 18 нас хүрсэн/, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Рояал олон улсын их сургуулийн бизнес удирдлагын 1 курсийн оюутан, ам бүл 7 урьд ял шийтгэлгүй Б овогтой А.И
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 08-аас 09-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Ай лофт бааранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ө.Ж-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
А.И нь 2022 оны 11 дүгээр сарын 08-аас 09-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг Ай лофт бааранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Б.Т үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч А.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2209000002407 дугаартай хэргээс:
Хохирогч Ө.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35, 38 дугаар хуудас/,
Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27, 30 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15360 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15362 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 67-68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 08-аас 09-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Ай лофт бааранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ө.Ж-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Ө.Ж-гийн “...Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ай лофт бааранд 02 цаг 30 минутын орчим орсон. Тэгээд уг бааранд 1 шил архи авч талд нь ортол найз Батмөнхийн Түвшинтөгсийн хамтаар уусан. Тэгээд байж байхад нэг залуу миний хажуугаар өнгөрөхдөө миний худалдан авсан байсан пивыг дайраад унагаачихсан. Тэгээд би тэр залуутай муудалцсан. Тэгээд би Түвшинтөгсийн хамтаар тамхи татах өрөөнд ороход надтай муудалцсан залуу байж байхад нь Түвшинтөгс очоод тэр залуутай уулзаж байхад нь нөгөө залуу нь Түвшинтөгсийг шууд цохиж байсан. Тэгэхэд нь би найзыгаа өмөөрөөд очиход намайг хажуугаас хэн нэг нь шууд цохисон. Түвшинтөгсийг цохисон залуу нь зугтаад явсан. Харин намайг цохисон залуу нь цагдаагийн газарт хүргэгдэж ирсэн байгаа. Одоо миний биед уруул хавдсан, миний урд үүдэн дээд шүднүүд хөдөлгөөн орсон байна. Намайг миний уруул руу гараараа 2 удаа цохисон гэж бодож байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Билэгт гэдэг эрэгтэйн найз нь надад гэмтэл учруулсан. Ямар хувцастай байсан талаар нь санахгүй байна...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15362 дугаартай дүгнэлт “...Ө.Ж-гийн биед зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, дээд уруулын салстад язарсан шарх, дээд доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч А.И нь 2022 оны 11 дүгээр сарын 08-аас 09-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг Ай лофт бааранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Б.Түл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Б.Т-ийн “...Би өнөөдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ай лофт нэртэй бааранд өөрийн найз Ж-гийн хамтаар 02 цаг 30 минутын орчим орсон. Тэгээд бааранд ороод 1 цаг орчим болсны дараа дахин пиво захиалаад байж байхад захиалсан пивыг маань үл таних хүн асгачихсан. Тэр залуу нь Ж-г цохичхоод цаашаа гүйгээд явчихсан. Тэгээд бид хоёр тамхи татах гээд тамхины өрөөнд ороход нөгөө залуу байж байсан. Тэгэхэд нь би дөхөж очоод "Яагаад манай найзыг зодсон талаар нь болон яагаад пиво асгасан талаар нь асуухад намайг ямар ч үгийн зөрөөгүй шууд цохиод эхэлсэн. Намайг цохисон хүн нь яг ямар хувцастай байсан талаар мэдэхгүй байна. Тамхи татах өрөөнд болсон асуудал учраас бичлэг байгаа байх гэж бодож байна. Тэр хүмүүсийн нэгийг нь ямартай ч Билэгт гэдэг гэсэн. Надад хэлэхдээ "Манай найз Билэгтийн төрсөн өдөр болж байгаа” гэж хэлж байсан. ...Миний үүдэн доод 1 ширхэг шүд хугарсан байна. Хугарсан шүдний хажуугийн шүд мөн хөдөлсөн, дээд үүдэн хиймэл 1 ширхэг шүд хугарсан байна.Мөн цаашид унасан хиймэл шүд 1 ширхэг, унасан үүдэн шүд 1 ширхэг шүдээ нөхүүлэх мэс засалд орно...” мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15360 дугаартай дүгнэлт “...Б.Т-ийн биед баруун доод 2-р шүдний булгарал, 1-р шүдний сулрал, уруул, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.И Э.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Т, Ө.Ж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.И Э.Э нар нь хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогч Б.Т, Ө.Ж нарын мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Шүүгдэгч нар нь гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан, зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.И Э.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас Шүүхээс шүүгдэгч Э.Э, А.И нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Э, А.И нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, суралцаж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан тус бүр 1 /нэг/ сарын хугацаагаар оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-оос эмчилгээний зардалд нэхэмжилсэн 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ж-д олгож, шүүгдэгч А.И нь хохирол төлбөр болох 140.000 /нэг зуун дөч/ мянган төгрөгийг хохирогч Б.Т-д төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч У овогтой Э.Э-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогтой А.И-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.И-ийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.И, Б.А нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, А.И нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Э.Э, А.И нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-оос 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ж-д олгож, шүүгдэгч А.И нь хохирогч Б.Т-д 140.000 төгрөг төлж, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Э.Э, А.И нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, А.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН