Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

  2023         02          02                                 2023/ШЦТ/143

                                                                             

                               

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б

Улсын яллагч Д.М нар оролцсон эрүүгийн 2209016481252 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Т” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, М овогт, С.Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 02 цагийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Бизнес таурын 1 давхарт хохирогч У.Т-ээс буудлын өрөө асууж, улмаар хоорондоо маргалдаж, түүний толгой хэсэгт гар утсаараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209016481252 дугаартай хэргээс:

Хохирогч У.Т-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8506 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Э Ц.О, О.Н нарын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 756 дугаартай дүгнэлт /хх-ийн дугаар хуудас/ гэх дүгнэлт,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 02 цагийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Бизнес таурын 1 давхарт хохирогч У.Т-ээс буудлын өрөө асууж, улмаар хоорондоо маргалдаж, түүний толгой хэсэгт гар утсаараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Хохирогч У.Т-ий "...2022 оны 06 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө хоол идэхээр 1 давхарт буугаад ресейпшний ширээн дээр хоол идээд сууж байхад дээд давхраас үл таних согтуу хүн бууж ирээд буудлын өрөө өгөхийг шаардсан. Би хариуд нь "өрөө дүүрсэн байна. та согтуу байна, одоо гэртээ хариад амар" гэж эвтэйхэн хэлсэн. Тэгсэн намайг хараалын үгээр хэлж, хэл амаар доромжилсон. Тэрээр намайг хэл амаар доромжлоод өөдөөс нь учирлаж хэлэхээр ойлгохгүй байхаар нь би дуугүй болоод доошоо хараад хоолоо идсэн. Ингээд сууж байхад гэнэт гар утсаараа миний толгой руу хүчтэй цохисон. Тэгсэн миний толгойноос цус гарахаар нь би цочирдсондоо өмнөө байсан хоосон ундааны саваар түүн рүү цохисон. Тухайн үед миний толгойноос их цус алдсан, одоо толгой хүчтэй өвдөж байна..." гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8506 дугаартай:

1. У.Т-ий биед зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх баримтуудаар шүүгдэгч С.Б нь хохирогч У.Т-тэй маргалдаж түүний толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүүл мэндэд нь зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгч С.Б-н гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал С.Б нь хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас У.Т-гийн биед хөнгөн гэмтэл учруулан  хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэгт нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.  

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа болон хохирогч У.Т нь гомдол саналгүй талаар мэдүүлсэн, прокурорын сонсгосон 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй тул шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1. 4, 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М овогт С.Б Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН