Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/155

 

 

 

 

 

 

 

   2023        02          06                                    2023/ШЦТ/155

                     

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э

Улсын яллагч: Б.А

Хохирогч: Ц.Н

Шинжээч Б.Ц /онлайнаар/,

Шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Э.Оргил, Ц.Оргил нар оролцсон эрүүгийн 2209020081886 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, бизнес эдийн засаг, удирдах менежер мэргэжилтэй, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ам бүл 5 аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг, Т овгийн Ч.З

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.З нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо 4 улирлын хотхоны задгай тоотод дуудлага мэдээллийн дагуу очихдоо хохирогч Ц.Н-тай үл ялих зүйлээс болж маргалдан түүнийг газарт хэвтүүлэн гарыг нь ард гавлаж, хоолойг нь боох, хэвлий хэсэг рүү гараараа цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Ч.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ 2022 оны 07 дугаар сарын 21-22-ны шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж байхад Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооноос  дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход дээгүүрээ нүцгэн 40 гаран насны эрэгтэй хүн зогсож байсан. Ил харагдах шарх соривтой хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд та суучих таныг хэн гэдэг хүн зодсон бэ гэж асуухад Н гэх хүн зодсон гэж хэлсэн. Гэрийн хаягыг нь асуугаад камерын бичлэгээ асаагаад гарт нь ороход 5-6 хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Дуудлага өгсөн Энхтүвшин гэрт ороод намайг Н зодсон гэж заасан. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эмэгтэй Н намайг алгадсан бас Энхтүвшинг зодсон гэж хэлсэн. Тэгээд Н-ыг хувцсаа өмс, Цагдаагийн байгууллага руу явъя гэж шаардлага тавьсан чинь өөдөөс хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд Н-ыг албадлага хэрэглэж авч гарсан. Авч гарах үед Н нь хүч хэрэглэн эсэргүүцэж, хувцаснаас зуурч өөдөөс танхайрч намайг цохьсоны улмаас миний энгэрийн камер унасан. Өөдөөс эсэргүүцсэн үйлдлийг таслан зогсоох зорилгоор гав хэрэглэсэн. Н-ыг тээврийн хэрэгслийн хойд талаар суулгаад би жолооны ард суугаад камераа тавих явцад толгой руу хүчтэй мөргөсөн. Намайг мөргөхөөр нь би буцаж эргэж хараад Н-ын толгой дээрээс дарсан. Дуудлага мэдээллийн газраас хөдлөөд нилээн явж камерын цэнэг дуусч байгаа дохио өгөөд дуугарч байгаад унтарсан. Тэгээд энгэрийн камераа цэнэглэх гээд Сэлбийн буудлын харалдаа зогсоод багажинд байсан цүнхэн дотроос цэнэглэгчээ авч камераа цэнэглэсэн. Мөргүүлсний улмаас миний толгой өвдөөд байсан учир саатуулах байр хүртэл эргүүлийн офицер Буянбаатар машин барьж явсан...” гэв.

Хохирогч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би эхнэр хүүхэдтэйгээ баруун аймгуудаар зугаалж байгаад ирсэн. Ирэхэд Энхтүвшин болон манай эхнэрийн ах нь гэртээ архи уусан байсан. Намайг ороход 1,5 литрийн пиво байсан. Би пивоноос жижиг аягаар 2 уусан...би Э гар хүрээгүй. Харин гэрээс гаргахдаа хараалын үг хэрэглэсэн. Бид нар гэрлээ унтраагаад унтаж байтал гэнэт гар чийдэн тусгаад цагдаа нар ороод ирсэн. Энэ хүн чамд зодуулсан гэж байна босоод ир гэсэн. Би хүн зодсон асуудал байхгүй, наад хүн чинь зодуулсан гэж яриад байгаа бол маргааш өргөдөл гомдлоо гаргаад явдаг газраар нь яв, бид нар амарч байна гэж хэлсэн...гэтэл нэг нь гарнаас, нөгөө нь хөлнөөс бариад тэр чигт нь чирээд гадаа хайргатай хадархаг газар хэвтүүлж байгаад гавласан. Би хувцсаа өмсөе гэж зөндөө хэлсэн. Би арын хаалгаар түлхүүлэх явцдаа энерцээрээ З-тай мөргөлдсөн байх. Замдаа явж байгаад Сэлбийн буудал дээр зогссон. Тэгээд унтраасан юм уу гэхэд нөгөө цагдаа нь унтраасан гэж хэлсэн. Тэгээд чи муу юу гэж хуцдаг гэнээ одоо хуцахыг чинь харна гээд автобусны буудлын араар ороод явган хүн зам дагуулаад өвстэй газар очоод бөгсөн биен дээр өвдгөөрөө өвдөглөж байгаад нэг гараараа шилэн хүзүүн дээр дараад нөгөө гараараа гавласан гарыг дээш нь татсан. Миний амьсгал давхцаад нүд бүрэлзээд ухаан балартсан. Гэтэл толгойны араас цохьсон. Юугаар цохьсныг мэдээгүй. Одоо болтол миний гавны сорив арилаагүй, надад эрүүл газар байгаагүй. Тэгээд өнөөдөр биеэ өмөөрөөд сууж байгаа нь эгдүүцэл хүргэж байна...намайг хэвтэрт байхад З нэг ч удаа ирээгүй, би өтгөн шингэнтэйгээ холилтлоо Ч.З-т зодуулсан. Би Гэмтлийн эмнэлэгт тархиндаа цус харвалттай хэвтсэн. Өөдөөс нь эсэргүүцсэн гээд байгаа боловч гавтай хүн эсэргүүцэх боломжгүй. Миний биеийн байдал хүнд байна. Босоод зогсохоор толгой эргээд байдаг болсон. Намайг ийм болсноос хойш эхнэр хаяад явсан. Би 2 хүүхэдтэйгээр хөлсний байранд амьдарч байна...” гэв.

Эрүүгийн 2209020081886 дугаартай хэргээс:

Хохирогч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/,

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

Гэрч В.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 66-68 дугаар хуудас/,

Гэрч В.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10243 дугаартай дүгнэлт /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Эрүүлжүүлэх саатуулах байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч В.Х гаргаж өгсөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-28 дугаар хуудас/,

Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-48-р хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Ч.З нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо 4 улирлын хотхоны задгай тоотод дуудлага мэдээллийн дагуу очихдоо хохирогч Ц.Н-тай үл ялих зүйлээс болж маргалдан түүнийг газарт хэвтүүлэн гарыг нь ард гавлаж, хоолойг нь боох, хэвлий хэсэг рүү гараараа цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Хохирогч Ц.Н-ын “...Дуудлагаар ирсэн хоёр цагдаагийн алба нар намайг гэрээс гаргаж гавлаад машиндаа суулгаад явж байхдаа унтраасан уу энэ муу хоёр их хэл амтай намайг ёс журамд өгсөн гэж хоорондоо ярилцаад Сэлбийн 1- 2 дугаар автобусны буудлын дунд эргэдэг /тойрогт/ хэсэгт зогсоод жолооч цагдаа З нь машинаасаа буугаад баруун хойд хаалгыг онгойлгон гавны голоос татаж буулгаад явган хүний цементэн зам дээр чирээд шороотой хэсэг аваачиж доош харуулж хэвтүүлээд өгзөг дээр өвдөглөж байгаад нэг гараараа хүзүүн дээр дараад нөгөө гараараа гаваасаа дээш нь татахад хүний амьсгал боогдож хоёр гарын шуу маш их өвдөөд байхаар нь одоо больё гэж амьсгал боогдоод хэлэхэд одоо уйл пизда минь гэж хэлж байсан. Тэр үед миний ухаан балартаж хэсэг хугацаанд ухаан алдаж юу болсон талаар мэдээгүй. Тэгтэл гэнэт толгойны араас гараа юм уу мэдэхгүй хатуу зүйлээр маш хүчтэй түс түс цохиод байхад ухаан ороод харахад дуудлагаар ирсэн офицер нь манай хадам дүүг чи муу юу ч харж, сонсоогүй шүү гэж хэлээд авто машиныхаа баруун урд суудлаас эргэж хараад цохиж зодож байгааг харсан. Тухайн үед намайг цагдаа жолооч машинаас буулгахдаа баруун хойд хаалгыг хаалгүй онгорхой байсан учраас би сайн харсан юмаа. Цагдаа жолооч миний хоёр гарыг гавласан гаваасаа татаж босгож ирээд намайг машины баруун хойд суудалд суулгаад толгой дээр дараад хоёр хөлийн завсраар шаланд толгойг тулгахад офицер нь баруун урд суудлаа хойш нь хэвтүүлээд өөрөө дээр нь хэвтээд явж байхад гэнэт миний хамраас цус их хэмжээгээр гарахаар цус гараад байна гэж хэлсэн боловч тоохгүй яваад байсан. Яг хаана зогссоныг нь хараагүй, нэг зогсоод цаашаа хөдлөөд яваад эрүүлжүүлэх байрны гадаа очоод намайг буулгасан. Би эрүүлжүүлэх байр орохдоо дотуур хувцастайгаа өтгөн, шингэнээ гарчихсан байдалтай орсон. Цагдаа жолооч З нь эрүүлжүүлэх байрны угаалтуур орж өөрийн хувцасныхаа шороо тоосыг цэвэрлээд, гараараа угааж гарч ирээд ширээн дээр энгэрийн камераа тавиад одоо чамайг яахыг чинь харнаа гэж хэлээд драгер багаж үлээ гэхээр нь үлээхгүй гэж хэлээд драгер багаж үлээгээгүй” гэх мэдүүлэг,

Гэрч М.Б “...2022 оны 07 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн орчим 5 дугаар камер луу орж Ц.Н-ыг бие засуулаад цай өгсөн. Замаараа эмчтэй уулзаад Н-т нэг эм өгсөн. Тэгээд Н-ыг өрөөнд оруулаад унтуулсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Хосбаярын “...тухайн хоёр хүн шөнийн 01 цагаас 02 цагийн орчимд байх эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн. Хүргэгдэж ирээд 04 дугаартай өрөөнд орсон. Тухайн хоёр хүн нэг хүнтэй өрөөнд нэмэгдэж орсон. Орж ирээд хүмүүстэй зодолдоогүй. Гаднаас орж ирэхдээ нэг нь дотуур хувцастайгаа орж ирснээс хойш миний бие энд тэндээ өвдөж байна гээд байсан. Нөгөө хүн нь хэрүүл хийгээд байсан. Шөнө өрөөндөө орсноос хойш 20-оос 30 минутын дараа нүцгэн орж ирсэн залуу нь эмч Л.Будмаагаас эм асуухад Будмаа өвчин намдаах эм өгөхөөр нь би аваачиж өгсөн” гэх мэдүүлэг,

Гэрч В.Э“...Н-ыг цагдаагийн машин руу суулгасан байсан. Тэгээд намайг хамт явж гээд би машинд нь суугаад хамт явсан. Тэгээд Н-ын гарыг нь ард нь гавлаад жолоо барьж байгаагүй цагдаа нь Н-ын хүзүү нь дээр дараад гаваас нь татсан байсан. Тэгээд зам дээр явж байхдаа Н-ыг барьж байсан цагдаа нь гэрээс гарсан бичлэгээ сайн хийсэн биздээ гэж хэлсэн тэгтэл нөгөө цагдаа нь хийсэн гэж хэлсэн тэгээд цагдаагийн дэслэгч нь Бэлх 3-ийн автобусны буудлын тэнд байх харанхуй газрын тэнд очоод камераа унтраасан биздээ гэхэд унтраасан гэж хэлсэн. Тэгээд зогс гэж хэлээд цагдаагийн дэслэгч нь барьж байхад жолоо барьж байсан хүн нь буугаад Н-ын сууж байсан хаалганы тэнд очоод Н-ыг тэр цагдаа аваад буусан. Цагдаагийн дэслэгч цолтой цагдаа нь буугаад миний сууж байсан хаалга дээр ирээд хаалга онгойлгоод намайг чирч буулгах гээд үзэхээр нь би буухгүй гэж хэлсэн тэгтэл миний куртикнээс татаад миний куртикийг урсан тэгээд намайг буулгаж чадахгүй байснаа чи хүнд зодуулсан байгаа тэгж хэлээд миний нүүр рүү өшиглөөд авсан. Тэгээд би за за гэж хэлэхэд би чиний хавиргыг чинь сугалж чадна, хөлийг чинь ч хугалж чадна чи хэлгүй, дүлий юу ч хараагүй шүү гэж хэлсэн. Би тэгэхээр нь би яах ч үгүй гэхэд Н-ыг авч явсан цагдаа нь буцаагаад сандал дээр суулгасан тэгээд цагдаагийн дэслэгч цолтой цагдаа нь машин бариад явсан” гэх мэдүүлэг,

Гэрч В.Х“...Бид нарыг орондоо орчихсон унтаж байтал гадна машин ирсэн, ахын гэрийн хаалга онгорхой байтал гар чийдэн тусгаад 2 цагдаа орж ирсэн, гэрлээ асаа гээд цагдаа байна гэж хэлсэн. Нэг цагдаа нь Ц.Н-аа босоод ир гэсэн, та хоёр энд юу хийж яваа юм гээд байхаар нь яасан юм гэхэд энд хүнд зодуулсан гэсэн дуудлага өгсөн, дуудлагын дагуу ирлээ гэж хэлсэн, бид нар унтаж амарч байна гээд Ц.Н босох боломжгүй гэж хэлсэн, тэгтэл нэг цагдаа нь Ц.Н-ыг гараас нь татаад чирээд босгосон, нөгөө цагдаа нь ирээд нөгөө гараас нь чирээд аваад явсан, аваад гарсан, машины гадна талд шороон дээр хэвтүүлээд дээр нь өвдөглөж дарж байгаад 2 гарыг нь гавлаад цагдаагийн машинд суулгасан, манай нөхөр ингэж явна гэж юу байдаг юм, би хувцсаа өмсье гэхэд тоохгүй байсан, энэ үгийг манай нөхөр 2-3 удаа хэлсэн... Ц.Н-ыг цагдаа нар авч явсны дараа би цагдаагийн ёс журамд залгаж болсон явдлын талаар хэлж, ярьсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.У“...Дэнжийн мянгын эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн иргэний биеийн байдал муу байгаа талаар дуудлага ирүүлсний дагуу очиж үзүүлэхэд дотуур хувцастай өөр ямар нэгэн хувцасгүй 30-40 орчим насны эрэгтэйн биеийн байдал дунд, ухаан саруул орчиндоо харьцаатай биеийн байдал албадмал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, хэвлий хэсгээр эмзэглэл ихтэй байсан учраас гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Мөн тухайн хүнийг үзэхэд хэвлий эмзэглэлтэй, булчингийн чангаралтай, цардгар байхаар хэвлийдээ гэмтэл авсан байж болзошгүй гэдэг байдлаар хүргэж өгсөн. Цагдаагийн алба хаагч хэвлий рүү өшиглөсөн гэсэн яриа өгүүлэмжтэй байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10243 дугаартай дүгнэлт:

1. Ц.Н-ын аалзавчин бүрхүүл /субарахноидаль зайд/ доорх цус харвалт, баруун мер, цээж, зүүн мөр, зүүн бугалга, нуруу, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, хүзүү, баруун, зүүн бугуй, баруун сарвуу, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн гуя, баруун шилбэ, баруун тавхайнд зулгаралт, зүүн чихний дэлбэн, баруун гуянд цус хуралт, зүүн сарвууны ядам хурууны хумсны хугарал, ил шарханд гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Дээрх гэмтлүүд нь 2022.07.21-ний өдөр үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.З нь Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа хохирогч Ц.Н-ыг газарт хэвтүүлэн гарыг нь ард гавлаж, хоолойг нь боох, хэвлий хэсэг рүү гараараа цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ч.З-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Ч.З нь хохирогч Ц.Н-ын биед халдан цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас түүний биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Ч.З нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оргил: Шүүгдэгч Ч.З нь хууль сахиулагч цагдаагийн албан хаагч бөгөөд түүний албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг Цагдаагийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн баталсан эрх зүйн актуудаар зохицуулагддаг. Төрийн тусгай албан хаагчийнхаа хувьд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн байгууллагын нийтлэг чиг үүргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадлага тусгай хэрэгслийг хэрэглэх эрхтэй субъект нь цагдаагийн албан хаагч байдаг. Гэмт хэрэг зөрчил үйлдэхээр завдаж байгаа болон үйлдэж байгаа талаар мэдээллийг авмагц таслан зогсоох, учирсан хор хохирлыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Ц.Н-ыг зайлшгүй саатуулах шаардлагатай байсан гэж үзэж байна. Камерын бичлэгээс харахад хангалттай хугацаа олгосон буюу 10 минут орчим хувцасаа өмс гэсэн шаардпага тавиад офицер Буянбаатар нь албадлага хэрэглээд офицер Буянбаатарт туслалцаа үзүүлээд хоёулаа хамт аваад гарч байгаа үйл баримт бичлэгээс харагдаж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 23.7 дугаар зүйлд зааснаар тавьсан шаардлагаа албадан биелүүлэхээр мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар биеийн хүч, тусгай хэрэгслийг хэрэглэн Ц.Н-ыг албадан машиндаа суулгаж авч явсан. Ц.Н нь албаны машинд суусны дараа шүүгдэгч Ч.З-ыг араас нь өшиглөх зэргээр түүнийг албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь энгэрийн камерын бичлэгээр тогтоогдож байгаа. Ц.Н нь цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж, саад учруулаад байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдэж байна. Энэ зөрчлийг таслан зогсоох үүрэг нь цагдаагийн албан хаагчид байгаа. Машинд суугаад албан үүргээ гүйцэтгэж байгаатай холбогдуулан араас нь мөргөж, жийсэн буюу хүч хэрэглэн эсэргүүцэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Энэ үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор цагдаагийн албан хаагч зайлшгүй Цагдаагийн албаны тухай хуулийн 49, 52 дугаар зүйлд зааснаар биеийн хүч хэрэглэж, өөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай хэрэгслийг зайлшгүй хэрэглэх эрхтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ч.З нь хууль сахиулах чиг үүргээ холбогдох хууль тогтоомжид зааснаар биелүүлсэн байх ба цагдаагийн алба хаагч хуульд заасан үндэслэл. журмын дагуу биеийн хүч тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй гэж заасан, гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ч.З-т холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...гэж,

Өмгөөлөгч Ц.Оргил: Хохирогч Ц.Н өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа байдал, мөн шаардлага эсэргүүцээд байгаа байдал зэрэг нь дахиад гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй ба үлдээж яваад гэмт хэрэг зөрчил гарсан бол цагдаагийн албан хаагч албан үүрэгтээ хайнга хандсан гэх асуудлаар шалгагдаж шийтгэгдэх боломжтой байсан. Тийм учраас хохирогч Ц.Н-ыг зайлшгүй цагдаагийн байгууллагад авчрах шаардпагатай байсан. Үүгээр шүүгдэгч нь албан үүргээ гүйцэтгэж байсан мөн хууль ёсны шаардлага тавьсан гэдэг нь нотлогдож байна...Шинжээч эмч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гавлаад доош дарах үед үүсэх боломжтой гэж тайлбарласан. Өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байна. Камер унтрааж байгаад зодсон гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Учир нь хэргийн газрын үзлэг хийгдээгүй. Тэгэхээр энэ гэмтлийг хохирогч Ц.Н машинд суухаас өмнө эсхүл машинд суугаад доош дарах явцад эсхүл хохирогч өөрөө Ч.З-ыг мөргөх үед үүссэн байх магадлалтай. Ямар газар зогсож зодсон талаар хэргийн газрын үзлэг хийх ёстой байсан. Хохирогчийн өгсөн мэдүүлэг зөрүүтэй байна. Камер унтарсаны дараа зодож өтгөн шингэнээ гаргасан гэж тайлбарлаад байгаа боловч камерын бичлэгээс харахад хамгийн эхний бичлэгт хамраас цус гарчихлаа, өтгөн шингэнээ гаргачихлаа гээд орилоод байна. Энэ байдлаас үзэхэд хүндэвтэр гэмтэл буюу хохирогчийн тархинд учирсан гэмтлийг шүүгдэгч учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учруулсан гэж үзэх юм бол хохирогч өөрөө тавьсан шаардпагыг биелүүлэхгүй ноцолдсоны улмаас үүссэн байх магадлалтай. Гавтай хэр нь машины ар талын суудлаас мөргөж байгаа хүнийг яаж таслан зогсоох вэ гэхээр доош дарахаас өөр арга байхгүй. Ц.Н-ыг цагдаагийн байгууллагад хурдан хүргэх нь чухал учраас энэ хүнийг дарж явахаас өөр арга байхгүй. Энэ үед гэмтэл үүссэн байх магадпалтай. Шинжээчийн дүгнэлт маш их эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл гэмтэл яаж учирсан нь тодорхойгүй. Дахин шинжээч томилохоор нөхцөл байдал харагдаж байна. Иймд шүүгдэгч Ч.З-ыг гэм буруугүй гэж үзэж байна...гэх санал дүгнэлтийг тус тус гаргажээ.

            Шүүгдэгч Ч.З нь хохирогчийг Сэлбийн автобусны буудал дээр машинаасаа гавнаас нь татаж буулган доош харуулан хэвтүүлж өгзгөн дээр нь өвдөглөж байгаад нэг гараараа хүзүүн дээр нь дарж, нөгөө гараараа гавнаас нь дээш татаж ухаан балартуулсан, улмаар толгойн тус газар нь хүчтэй цохисон талаар хохирогч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд тогтвортой мэдүүлсэн байна.

            Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий сидиг судалж үзэхэд цагдаагийн албан хаагчийн энгэрийн камер 00:44:07 секундээс 00:53:13 секунд хүртэл 09 минут 06 секундын хугацаанд бичлэг хийгдээгүй байх ба уг бичлэгийг хүний гарын оролцоотойгоор зориуд унтраасан болох нь бичлэгээр тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэсэн тул шүүгдэгчээс камерын цэнэг дуусаж бичлэг унтарсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Цагдаагийн албан хаагч нь биеийн хүч, нэг бүрийн  тусгай хэрэгслийг нэн тэргүүнд хэрэглэхгүй байх, зайлшгүй тохиолдолд зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэхдээ тухайн нөхцөл байдалд хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх бөгөөд харин бусдыг залхаан цээрлүүлэх, шийтгэх зорилгоор ашиглахыг хориглосон байна.

Цагдаагийн албан хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх  бөгөөд шүүгдэгч Ч.З нь иргэний гаргасан дуудлага мэдээллийн дагуу тухайн хаягаар очих үед гэрт байсан иргэд унтаж амрахаар хэвтэцгээсэн, уур амьсгал харьцангуй тайван байдалтай байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Тухайн нөхцөлд Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх зайлшгүй нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хүч хэрэглэн гавлаж, биед нь халдаж гэмтэл учруулан, улмаар дотуур хувцастай нь цагдаагийн байгууллагад хүргэж байгаа хууль бус үйлдлийг зөвтгөх боломжгүй,  цагдаагийн албан хаагчийн дээрх үйлдлийг албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэсний улмаас учирсан хохирол гэж үзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “шүүгдэгч Ч.З-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 10243 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч Б.Цолмонгийн мэдүүлгээр хохирогч Ц.Н-ын биед учирсан аалзавчин бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах,  дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаа буюу 2022 оны 07 сарын 21-ны өдөр үүссэн байх боломжтой болохыг тогтоосон бөгөөд шүүгдэгч Ч.З-ын хохирогчийн толгойн тус газарт хүчтэй цохьсон гэмт үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.

Тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэлтэй эсэхийг хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэгтэй харьцуулан судлахад эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан тул шүүхээс үйл баримт болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримт  гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд шүүгдэгч Ч.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Ч.З-т ял шийтгэл оногдуулахдаа тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчимд нийцүүл эх нь зүйтэй гэж үзлээ.  

Улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: Хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх тул ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 4 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Ц.Н нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой эмчилгээний зардлыг нэхэмжилсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгчийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, хохирогч нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.  

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Тугч овгийн Ч.З-ыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З-ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Ч.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Ц.Н нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН