| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/1020/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/182 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/182
2023 02 13 2023/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Х
Улсын яллагч: Н.Булганчимэг,
Хохирогч: Ц.Э, түүний өмгөөлөгч С.П,
Шүүгдэгч: Б.Ц, түүний өмгөөлөгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Б.Ц-д холбогдох эрүүгийн “2209019051551” дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Ц
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлох туршилтын үйл ажиллагаа явуулж буй “Б.Э” ХХК-ий үйл ажиллагааны улмаас байгаль орчин, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргаанд нөлөө үзүүлж байгаа асуудлыг шалгах ажлын хэсэгт ажиллаж байхдаа уг сумаас тээвэрлэн ирсэн малын махыг Улаанбаатар хот, Дэнжийн 1000 худалдааны төвд худалдан борлуулан зарах талаар илт худал мэдээлэл бэлтгэн олон нийтэд тараах үйл ажиллагааг зохион байгуулахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.Э гэх компани энэ бүс нутагт 22 жил үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож байгаа ба энэ үед орон нутгийн малчид 15 жилийн турш үйлдвэрлэлийн процесс бид нарт нөлөөлөөд байгаа талаар хэлдэг байсан. Би Дорноговь аймгийн иргэд малчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болж Захиргааны хэргийн шүүхэд оролцож байсан. Ингээд үүнтэй холбоотойгоор15 жилийн турш талбай дээр ирж шар нунтаг зүйл цацаад эсэргүүцсэн боловч юу ч болж чадаагүй. Намайг физикийн ухааны хүн болохоор иргэд өөрсдийн эрх ашгийн төлөө зогсоосон бөгөөд манай орон нутагт болсон асуудалд анхаараад өг гэж хэлсэн. Монгол улсын Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хүний эрх хамгаалагч” гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхүүлэн дэмжиж, хүчирхийллийн бус арга замаар хүний эрхэм чанар, олон улсын эрх зүйн нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, хамгаалахад оролцож байгаа хүнийг хэлнэ гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх” гэж төрийн байгууллага, ашгийн бус хуулийн этгээд, аж ахуйн нэгжээс энэ хуулийн 4.1.1-т заасан этгээдийн хууль ёсны үйлдлийг таслан зогсоохгүй, саад учруулахгүй, эсхүл эрх, эрх чөлөөнд нь хууль бусаар халдахгүй байх үүргийг гэж заасан байна. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад үний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах” гэж төрийн болон Төсөл (2020-04-06) төрийн бус этгээдийн зүгээс энэ хуулийн 4.1.1-т заасан этгээдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг хэлнэ гэж байна. Хүний эрхийг хамгаалагчийн эрхэд халдахгүй байх талаас нь төрийн байгууллага ажиллах ёстой ба би хүний эрхийг хамгаалах чиглэлд сүүлийн 7 жилийн туршид ажилласан. Цагдаагийн байгууллага намайг шар хаданд хэвтүүлэх хүртэл гүтгэж ажилласан, Бурхан халдун дээр очиход төрийн хамгаалалтын машинаар намайг мөргөсөн үйлдэл бас байдаг. Би хэвлэн мэдээллэх, олж авсан мэдээллийн хүрээнд хүмүүстэй хамтран ажиллах эрхтэй, харин энэ бүхний төлөө би гүтгүүлэх ёсгүй. Б.Э гэх компани нууц хаягуудаар миний эсрэг худал мэдээллийг тараасан. Өөрөөр хэлбэл миний ярьдаг сэдвийг бичиж аваад эвлүүлээд зохион байгуулалттай болгож тараасан байгаа. Мөрдөгч энэ эвлүүлгийг олж илрүүлсэн гэж хэлж байсан боловч шүүх дээр хэрэг ирэхэд илрүүлээгүй болж таарсан. Мөн Захиргааны хэргийн шүүх дээр над руу дайрсан асуудал манай талд шийдэгдсэн. Гэтэл одоо энэ компани ундны усны худгууд засгийн газрын дүгнэлтээр хортой гээд тотоогдсон байхад намайг буруутгаад байгааг ойлгохгүй байна. Түүнчлэн миний бие Монголын шүүхэд итгэл найдвар байгаа гэж харж байна. Учир нь Захиргааны хэргийн шүүхээс хөндлөнгийн лаборатор оруулж ирж энэ бүс нутагт шинжээчийн дүгнэлт гаргуулах миний саналыг хүлээн зөвшөөрсөн байгаа. Би итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 10-аад худаг хордсон талаар болон тухайн сумын талаар ярьсан, харин Б.Э компанийн талаар огтхон ч яриагүй. Би төр хамгаалалтдаа байлгадаг малыг төрийн өмнөөс очиж хамгаалах гэж оролдсон гэж бодож байна. Би хүнээс айж ичих ямар ч ажиллагаа явуулж байгаагүй. Өнөөдөр хохирогч нараас гаргаж өгч байгаа бүх баримт зүгээр л бид нарыг буруутгах гэж оролдсон баримтууд байдаг. Цаашлаад тухайн суманд 10 худаг хортой байгаа гэдэг нь баттай бөгөөд намайг яллах эсэх нь өнөөдөр сонин биш тэнд байгаа малчид иргэд маш чухал болоод байна. Өнөөдөр бид нар цаашид гарч болох хор уршгийг арилгахын төлөө анхаарах ёстой, ийм сэтгэлээр ажилламаар байна. Бид нарыг өнөөдөр хүнсний аюулгүй байдлаар хангах ёстой ба худаг олон хүчин зүйлээр хордож байхыг үгүйсгэхгүй гэвч хамтарч тухайн асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Шүүхээр явсаар байгаад 5 жилийн дараа Захиргааны хэргийн шүүх үндэстэй шийдвэр гаргасанд баяртай байгаа. Шүүх миний бичлэгийг засвар байна гээд хоёр удаа шинжээчийн дүгнэлт хийлээ. Миний бүх бичлэгийг эвлүүлсэн талаар би баттай хэлж байна. Би өнөөдөр зөвхөн байгаль орчноо хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлсэн гэдгээ хэлмээр байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ компанид сүүлийн 22 жил ажиллаж байна. Манай компани энэ хүний ярьсан шиг талбай дээр шар нунтаг цацах хүртэл үйл ажиллагаа явуулаагүй, үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай хийсэн. Ц болон өөр төрийн бус байгууллагууд малын үхэлтэй, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг алхам тутамд манай компанитай холбож лайв хийж доромжилдог байсан. Энэ нь одоо ч биш маш удаан хугацаанд үргэлжилсэн. Бид нар орон нутгийн орлогыг дээшлүүлэх ажлыг маш их хийж байсан ба эдгээр нь манай компанид хор уршиг учруулж болзошгүй асуудлыг ярьж байгаа тул энэ асуудал дээр анхаарч эхэлсэн. Манай компани тухайн сумаас мал авч өөрсдөө хэрэглэдэг. Малчид энэ нөхдүүд олон зүйл яриад манай махны үнийг унагаж байгаа талаар надад ярьдаг. Манай компани төрийн өмчит компани бөгөөд дэлхийд 13-т орсон орд газар байгаа. Энэ төсөл цаашид зөв мэдээлэлтэй явахад шүүгдэгчийн үйлдэл нөлөөлөөд байгаа. Тухайн 10 худгуудад тодорхой хэмжээний элемент өндөр гардаг ба 0.1 хувь илүү байхад л худаг хэвийн бус гардаг. Гэвч энэ нь өөрчлөлт нь манай компанийн үйл ажиллагаанаас үүдсэн бус байгалийн өгөгдлөөр өөрчлөлтэй болсон байдаг. Орон нутаг өөрөө малыг хаанаас ундаалахыг заагаад энэ асуудлыг шийдэх ёстой болохоос компани худаг руу уран хийсэн мэтээр ярьж байгаад харамсалтай байна. Мөн хөндлөнгийн шинжээч оруулж ирэхээр Захиргааны шүүх шийдвэрлэсэн гэж Цэгмид хэлж байна. Уучлаарай энэ шийдвэр бүрэн гараагүй, Монгол улсын засгийн газар холбогдох ажиллагааг хийж байхад гадаадын байгууллагыг оруулж ирэх талаар яриагүй, ингэж шүүхэд нөлөөлөх гэж оролдож байгааг эсэргүүцэж байна. Мөн тухайн зарагдаж байгаа махыг урантай мах гэдгийг хэн нотолж байгаа вэ, компанийн нэр дурдаагүй гэх боловч тухайн суманд манай компани л үйл ажиллагаа явуулдаг. Атомын агентлаг манай байгууллагад шинжилгээ хийж дүгнэлт гаргасан ба хүмүүс ийм байдлаар худлаа хэлээд байдаг тул засгийн газраас маш олон шинжилгээ ажиллагаа явуулсан. Тухайн засгийн газрын дүгнэлтэд дандаа байгалиас үүдэн худагт өөрчлөлт үүссэн асуудлын талаар дурддаг. Иймээс манай компани маш их гомдолтой байна. Шийдвэр гаргагч бүхэн манайхыг сонсохгүй, шинжилгээ хийхгүй тул худлаа үг манай компанид маш их хор хөнөөлтэй гэв.
Эрүүгийн 2209019051551 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18 дугаар хуудас/
Хохирогч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 74-75 дугаар хуудас/
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12-14 дүгээр хуудас/
“W” “В” фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 87-94 дугаар хуудас/
Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 33-34 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 6490 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2317 дугаартай дүгнэлт /1хх-ийн 79-82 дугаар хуудас/
Шинжээч эмч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 78-79 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаартай дүгнэлт /4хх-ийн 120-122 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлох туршилтын үйл ажиллагаа явуулж буй “Б.Э” ХХК-ий үйл ажиллагааны улмаас байгаль орчин, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргаанд нөлөө үзүүлж байгаа асуудлыг шалгах ажлын хэсэгт ажиллаж байхдаа уг сумаас тээвэрлэн ирсэн малын махыг Улаанбаатар хот, Дэнжийн 1000 худалдааны төвд худалдан борлуулан зарах талаар илт худал мэдээлэл бэлтгэн олон нийтэд тараах үйл ажиллагааг зохион байгуулахыг завдсан гэмт хэргийн үйл баримт нь:
Хохирогч Ц.Э-ын “...би 2000 онд “Б.Э” ХХК-д ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гарсан ажлын хэсэг 2020 онд, Шинжлэх ухааны академийн ажлын хэсэг 2021 онд Олон улсын Атомын энергийн агентлагийн шинжээчид 2022 оны 05 дугаар сард ирж хяналт шалгалт хийж ажиллаад дүгнэлтүүдээ гаргаж холбогдох байгууллагуудад танилцуулж байсан. Тухайн дүгнэлтүүдээр манай үйл ажиллагаанаас шалтгаалсан хохирол болон хортой нөлөө хүн, мал, байгаль орчинд нөлөөлсөн байдал тогтоогдоогүй гэж гарсан. Ц гэх хүн 2020 оноос орон нутгийн иргэдийн дунд хүдал мэдээлэл тараах, манай компанийн нэр хүндэд халдах, иргэдийг өдөөн турхирах үйл ажиллагааг маш идэвхтэй зохион байгуулдаг бөгөөд удаа дараа худал гүтгэлгийн шинжтэй шүүх хурлын танхимд болон фейсбүүк цахим хуудсаар лайв хийх явцдаа олон удаа олон нийтэд тараасан. Цэгмэдийн олон нийт болон манай компанийн үйл ажиллагаа явуулдаг сум, баг, орон нутгийн иргэдэд дээрх мэдээллийг удаа дараа тарааж байгаатай холбогдуулан орон нутгийн иргэд болон ажилчдын дунд үл ойлголцол үүсгэж хагарал үүсгэж байна. Ц орон нутгийн өөрөө удирдах албан тушаалтнууд руу хандаж олон удаа гомдол гаргасан. Ажил хийлгэдэггүй орилдог, саад учруулдаг байдлаас болж тэдгээр албан тушаалтнууд манай компанитай холбоотой албан бичиг ямар нэгэн шийдвэрийг гаргахдаа эргэлзэх удааширсан байдлыг гаргадаг болсон. Манай ордын хувьд Уран нь элсэн чулуунд наалдсан хэлбэрээр газрын гүнд оршин байдаг металл. Уран олборлох талбай дээр гардан ажиллаж байгаа ажилчдаас ямар нэгэн эрүүл мэндийн асуудал гарч байгаагүй. Мөн хуулийн дагуу ажилчид жилдээ 2 удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байдаг. Үзлэгээр ямар нэгэн өвчин эмгэг илэрч байгаагүй. Би энэ бичлэгийг фейсбүүкээс олж харсан. Энэ бичлэг дээрх яриаг сонсоод ойлгосон. Уг бичлэгтэй холбогдуулаад Цэгмэдээс манай компани 500 сая төгрөг нэхсэн асуудал байхгүй. Хэрэв хэн нэгэн хордох байсан бол олборлох үйл явц дээр гардан ажиллаж байгаа ажилчид хамгийн түрүүнд өртөнө. Тэгтэл ийм зүйл одоогийн байдлаар огт байхгүй....Манай компанийн нэр хүндэд удаа дараа халдаж худал мэдээлэл тарааж гүтгэсэн асуудал дээр компанийн зүгээс гомдолтой байна....” гэх мэдүүлэг,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Уг ярианд "Тэгэнгүүтээ юм аа хаагаад аваад явчхаж болно ш дээ, тэгээд тэр бичлэг чинь хэрэгтэй юм байгаа биз дээ та нарт, тэр чинь ингээд аан Дорноговийн урантай мах дэнжийн мянга дээр зүгээр зарагдчихлаа гэдэг ч юм уу, тэнэг болгоё л доо тэгэх үү, заавал, тэгээд тэндээсээ шүүх хуралд орох уу? Тэгнэ нэг нь худалдагч болчих чи худалдагч болчих, сайхан Сүхбаатарын мах шүү гээд, тэгэнгүүт нэг нь ирээд аваад явчихна за юу, машины ард тавьж байгаад, тэгээд аваад явангуут нь та нар араас нь бичлэг лайвтайгаа гарч ирээд, та сая яг хаанахын махаа зарсан, энэ тэрээ гэнгүүт "би Дорноговийн Улаанбадрахын мах зарсан юм аа гэж хэлээд, ингээд тэнэг болох ёстой байхгүй юу даа” гэх тэмдэглэл,
“World news” “В” фейсбүүк хаягт үзлэг хийсэн “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “нууц бичлэг задарлаа” гэсэн гарчигтай пост оруулсан байна...” гэх тэмдэглэл,
Гэрч Б.А-н “...Энэ бичлэг дээрх яриа өгүүллийг иргэн Б.Ц ярьж байхад нь би хажууд нь байсан. 2022 оны 06 дугаар сарын сүүлээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдээр мэдээллээр "Байгаль Орчны яамны сайдын 2022 оны 06 дугаар сарын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж "Б.Э" ХХК-ний үйл ажиллагааг шалгаж ураны хор ялгаруулдаг юм уу гэдгийг шалгахаар ирж байгаа та нар ирж сурвалжилга хийгээч ээ" гэсний дагуу би Нэгүүн.мн-г төлөөлөөд зураглаач Мөнхсайханы хамт явсан. Ингээд Улаанбадрах суманд очоод ажлын хэсэг үйл ажиллагааг шалгаад явах процессыг сурвалжлах гэсэн боловч ажлын хэсгийн эрэгтэй гишүүд бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн ажил явагдах боломжгүй болсон учир 1 өдөр ажиллаад буцаад Улаанбаатар хотод ирсэн. Тэгтэл 2 хоногийн дараа тухайн ажлын хэсгийн гишүүн Б.Ц бидэнтэй холбогдоод "Улаанбадрах сумын малчид Уранд хордсон тодорхой тооны хонь ямаа оруулаад ирсэн байна. Улаанбаатар хот руу орох боломжгүй учир Хонхорын мал нядалгааны газар мал нядлаад олон нийтэд эд эрхтнийг нь харуулъя, сурвалжлаад өгөөч гэж хэлэхээр нь би зураглаачтайгаа маргааш нь Хонхорын мал нядалгааны газар очиж тухайн уранд хордсонд малуудыг нядлах үед шууд дамжуулж сурвалжилж ажилласан. Тэгээд сурвалжлаг дууссаны дараа би манай зураглаач Э, Ц, дуудлага студийн сурвалжлагч зураглаач бид 5 хоорондоо юм яриад тамхи татсан. Энэ үед Ц бид нарт хандаж "Улаанбадрах сумаас хонь ямаа оруулж ирээд дэнжийн 1000 махны ченжүүдэд өгье, үүнийгээ нууц камераар бичээд ченж худалдаж авсны дараа сэтгүүлчид гараад "таны авсан мах Улаанбадрах сумын Ураны хортой мах" гэж хэлээд болиулъя, гол зорилго нь Улаанбадрах сумын Ураны хольцтой мах нийслэл хотын иргэдэд чөлөөтэй зарагдаж байж болзошгүй гэдгийг бүгдээрээ ил тод харуулъя" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "наадах чинь бүтэхгүй ээ бид нар мэдээний сайт болохоос нууцаар бичлэг хийхгүй ээ" гэж хэлээд салсан. Энэ ярьсан яриаг хэн нэгэн бичиж аваад манай сайтын захирал Баяржаргалыг байсан мэтээр бичлэг хийж олон нийтийн сүлжээгээр тараасан байна лээ. Энэ бичлэг дээрх дуу хоолой ярьсан зүйл Цэгмэдийнх байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2317 дугаартай:
1. 289294975_452235500055938_5940361570761250544_n.mр4” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилж буй 289294975_452235500055938_5940361570761250544_n.mр4 гэсэн нэртэй дүрс бичлэгийн бүтэц дуу болон дүрсний өөрчлөлт хийгдсэн байна.
3. 289294975_452235500055938_5940361570761250544_n.mр4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн бүтцэд дуу болон дүрсний өөрчлөлт хийгдсэн байх тул дүрс бичлэгийн агуулгыг илэрхийлэх хүний дуу хоолой, бичлэгийг нэг цаг хугацаанд хийгдсэн эсэх, эвлүүлсэн бол ямар программ ашиглаж эвлүүлсэн эсэхийг нарийвчлан шинжлэх боломжгүй...” гэх дүгнэлт,
Шинжээч Д.М-н “...Миний гаргасан дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг шинжилж үзэхэд дүрслэлийн хувьд нэгж хугацаанд дүрслэгдэх дүрслэлийн хувьд дүрсний өөрчлөлт болон дүрс бичлэгийн бүтцэд мөн өөрчлөлт орсон байсан. Тухайн дүрс бичлэгийн мета дата буюу файлын мэдээллийг тусгай зориулалтын программ ашиглан гаргаж үзэхэд ямар нэгэн программ ашиглан эвлүүлэг хийсэн дүрс бичлэгийг өөрчилсөн мэдээлэл бүртгэгдээгүй байсан. Тухайн дүрс бичлэгийн дүрсийн хувьд нэмэлт хөдлөл зураг болон ярианы утга агуулгыг текст хэлбэрээр харуулсан. Дуу авианы хувьд үргэлжилсэн яриа биш утга агуулгыг илэрхийлсэн байсан нь тухайн дүрс бичлэгийг дүрс дуу авианы өөрчлөлт хийгдсэн гэж үзэх үндэслэл болсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаартай:
1. Шинжээч Д.М 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2317 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулах нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг аудио /дуу/, зураг, ярианы үгсийг бичвэр болгон нэгтгэн эвлүүлсэн.
3. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт 00:15-00:20, 00:33-00:37 секундэд өөрчлөлт орсон байх боломжтой байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгээс нэг цаг хугацаанд бичигдсэн, ямар төхөөрөмжөөр бичигдсэн болохыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмэлтээр оруулсан бөгөөд “илт худал мэдээлэл” гэсэн ойлголтод огт үндэслэлгүй илт худал хуурмаг мэдээ, баримт сэлтийг хамааруулан ойлгоно.
Монгол хэлний их тайлбар бичигт “мэдээлэл” гэдэг үгийг “ямар нэгэн үйл хэргийн тухай амаар болон бичгээр дэлгэрэнгүй мэдээллэх явц, мэдээ дамжуулах, “худал” гэдгийг /бодит байдлыг гуйвуулсан үг, бодит байдлыг зориуд гуйвуулах, үнэн бус яриа/, “илт” гэдгийг /ил бүхий, юмны тодорхой, нууц биш, илэрхий мэдэх, мэдэж буй нь тодорхой байх/ гэснээр тус тус тайлбарлажээ.
Шүүгдэгч Б.Ц нь "Улаанбадрах сумаас хонь ямаа оруулж ирээд дэнжийн 1000 махны ченжүүдэд өгье, үүнийгээ нууц камераар бичээд ченж худалдаж авсны дараа сэтгүүлчид гараад "таны авсан мах Улаанбадрах сумын Ураны хортой мах" гэж хэлээд болиулъя гэх зэргээр олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээлэл бэлтгэн цахим орчинд тараах үйл ажиллагааг “Н” сайтын сэтгүүлч Б.А-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөж, гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч Б.А-ын эсэргүүцлээс буюу өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар туйлдаа хүрээгүй, худал мэдээлэл тараах гэмт хэрэг төгсөөгүй байна.
Бодит мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг илт худал мэдээлэл гэж үзэхгүй бөгөөд шүүгдэгч Б.Ц-ийн Улаанбадрах сумаас оруулж ирж худалдаалж байгаа малын мах ураны хортой гэх мэдээлэл нь илт худал болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож, үнэн зөв мэдээллийн хүртээмжтэй байдлыг зөв илэрхийлээгүй нь хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Б-с: Энэ бичлэг нь 46 сэкундын бичлэг байдаг ба Амаржаргал гэж хүнээс гэрчийн мэдүүлгийг авъя гэхээр прокурор Анхбаяр гэж ганцхан хүний худлаа мэдүүлгэнд үндэслэж миний үйлчлүүлэгчийг яллаад байгаа. Гэрчийн мэдүүлэгт би тэр үед байгаагүй, тухайн дуу хоолой надаас өөр эмэгтэй хүний хоолой байсан гэсэн байдаг. Түүнчлэн 500 сая төгрөгийн шантаажны талаар ярьдаг бөгөөд энэ талаар тодруулсан зүйл юу ч байдаггүй. Тухайн бичлэг дээр Б.Э-г дурдаагүй, бүрэн эхээр нь сонсвол тэс өөр зүйл ярьсан байдаг. Энэ бичлэгийг хэн хийсэн нь өнөөдөр маш чухал байна. Тэгэхээр энэ нь гэмт хэрэг биш байна, учир нь өөрөө бичлэгийг постолсон бол энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангах байсан, иймд миний үйлчлүүлэгчийг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Ц нь ураны хортой махны талаар мэдээлэл бэлтгэхээр завдахдаа “Б.Э” ХХК-ын нэрийг тухайлан дурдаагүй ч Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлох төслийн үйл ажиллагааг зөвхөн “Б.Э” ХХК хэрэгжүүлж байгаа болох нь баримтаар тогтоогдсон тул мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг хохирогчоор тогтоон оролцуулсныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 сарын 27-ны өдрийн 287 дугаартай дүгнэлтээр : шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг аудио /дуу/, зураг, ярианы үгсийг бичвэр болгон нэгтгэн эвлүүлсэн, 00:15-00:20, 00:33-00:37 секундэд өөрчлөлт орсон байх боломжтой, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгээс нэг цаг хугацаанд бичигдсэн, ямар төхөөрөмжөөр бичигдсэн болохыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч Б.Ц-ийн ярьсан яриаг дүрстэй нь эвлүүлсэн болохыг нотолсон, мөн шүүгдэгч Б.Ц нь бичлэгт бичигдсэн дуу хоолой өөрийнх нь дуу мөн болохыг шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин иргэдэд ураны хортой мах худалдан борлуулж болзошгүй гэж сэрэмжлүүлэх зорилгоор дээрх зүйлийн ярьсан талаар мэдүүлсэн зэргээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч энэ эрхийг эдлэхэд онцгой үүрэг, хариуцлагатай болохыг анхаарах учиртай юм.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Ц-ийг Худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Б.Ц-д ял шийтгэл оногдуулахдаа тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах байдлаар шийдвэрлэлээ.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Улсын яллагчаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаагаар гарахыг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Гэвч эрүүгийн хариуцлага хэрэгжихүйц байх нөхцөлийг харгалзан бүсчлэлийн өөрчлөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж өгнө үү... гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Ц-ийн анх удаа гэмт хэрэг үйдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, завдсан үйлдлийн шинж ба гэмт хэрэг төгсгөж чадаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан зорчих эрх хязгаарлах ялын 3/2 /гуравны хоёр/-с хэтрүүлэхгүйгээр буюу 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэхээр тогтов.
Шүүгдэгч Б.Ц нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг болох Иргэний үнэмлэхний лавлагаа баримтаар тогтоогдсон тул ялын бүсчлэлийг тухай нутаг дэвсгэрээр тогтоож, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг сидиг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэн хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Б.Ц-г “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 6 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Б.Ц нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН