Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2019/ДШМ/1101

 

Ч.Б, Г.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1348 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Б, Г.Г нарт холбогдох 1806077471657 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Чын Б, 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Эм Эм Эс Инженеринг” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралт 3 дугаар гудамжны 35 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            2. Х овгийн Гын Г, 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хангамжийн инженер мэргэжилтэй, “Эм Эм Эс Инженеринг” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Зэрэг сум, 5 дугаар багийн Хөндлөн гэх газарт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Ч.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” нэртэй караокены гадаа иргэн Э.Гийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

            Г.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” нэртэй караокены гадаа иргэн Г.Оыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Б, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Б, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б, Г.Г нарыг тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г, Ч.Б нарт тус тус оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.Бгээс 3.630.550 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Гт олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Б, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, Г.Г нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, хохирогч Э.Г, Г.О нар нь гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ч.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн. ...” гэж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах явцад буюу хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусчээ. Хохирогч Э.Гийн өмгөөлөгч шүүхэд иргэний нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн эмчилгээний зардлын баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ...” гэж заасан шаардлагыг хангаж чадахгүй буюу өнгөт хэвлэгч машинаар хэвлэсэн баримт /хх 45-66, 72/ байсан. Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй төлбөрийн баримтуудыг үндэслэн 3.630.550 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч хуулийн шаардлага хангасан нотлох баримт шүүхэд гаргах боломжгүй нөхцөл байдал үүслээ. ...Надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хохирогч нь хуулийн шаардлага хангасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

            Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ч.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” нэртэй караокены гадаа иргэн Э.Гийн нүүрэнд гараараа цохиж унагаагаад шилэн хүзүү рүү нь өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Г.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” нэртэй караокены гадаа иргэн Г.Оыг хавирч унагаан дээрээс нь өшиглөж, шүд рүү нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Э.Гийн “... тухайн өдөр юу болсон талаар би сайн санахгүй байна. Тэнд байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад Б чамайг цохисон гэж хэлсэн. ...” /хх 16/,

хохирогч Г.Оын “... тэгж байтал Г нь миний ард талаас жийсэн. Тэгэхээр нь би буцаагаад цохисон. ...Би босож ирээд хэдүүлээ больё гэхэд Г миний шүд рүү цохисон. ...” /хх 19/,

гэрч Э.Тамирын “... караокены гадна Б гэнэт Гийн нүүрэн тус газарт гараараа унатал нь цохисон. Тухайн үед О нь Гийг өмөөрөх гээд Б дээр очтол Б түүний нүүрэн тус газарт нь цохиж унагаагаад шилэн хүзүүн дээр нь дэвсэж байсан. Тэр үед Бгээс өөр хэн нэгэн оролцоогүй. ...” /хх 26/,

гэрч Г.Батмягмарын “... Тухайн үед Г, Б нар муудалцаж байгаад Б нь Гийг зодсон. Харин Г эсэргүүцэл үзүүлэх, харилцан зодолдох чадваргүй байсан. Тэгээд Бд хэд хэдэн удаа цохиулаад хамар, амнаас нь цус гарчихсан. ... тэр хооронд О, Мөнх-Эрдэнэ нар муудалцаж, барилцаж авсан. Би Гтэй хамт тэр хоёрыг салгах гэж байтал цаанаас Б, Галаа нар гүйж ирээд Б нь Гийн нүүрэн тус газарт гараараа цохиж унагаасан. ...” /хх 28/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч Ч.Б, Г.Г нарын хэргээ хүлээн мэдүүлсэн /хх 102, 104/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11499 дугаартай “... Г.Оын биед зүүн дээд үүдэн 1, 2 дугаар шүдний сулрал, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. ...” /хх 32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1246 дугаартай “... Э.Гийн биед 11497 дугаартай дүгнэлтэд дурдсан баруун хөмсөг, хамрын уг, баруун хацар, эрүү, зүүн хөлийн шагай орчим, баруун шилбэний зулгаралт, дээд уруулын идээлж үрэвссэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын цус хуралт гэмтлүүдээс гадна 2 шүдний булгаралт, буйлны урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх 2 шүдний булгаралт, буйлны урагдсан шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 2 шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулна. ...” /хх 40-41/ гэх дүгнэлтүүд, компьютер томографын оношлогоо, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 50-58/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Ч.Б, Г.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.Бгийн хохирогч Э.Гийг цохиж унагаан шилэн хүзүү рүү нь өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Г.Гын хохирогч Г.Оыг хавирч унагаан өшиглөж, цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.Бгээс 3.630.550 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Гт олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба хохирогч Э.Г, Г.О нарын цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хохирогч нарын хуулиар олгогдсон эрхийг хангаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхий хязгаарлах ял шийтгэхээр ялын төрөл, хэмжээг заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. ...” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.” гэж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолж, хэргийг хэрэгсэхгүй болгохыг хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Г, Ч.Б нар дээрх гэмт хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө үйлдсэн ба давж заалдах шатны шүүхээр хэргийг хянах явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Г.Г, Ч.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1348 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдлоос “...Надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэснийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокурор яллах дүгнэлтдээ болон анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо зодож гэдэг ерөнхий, тодорхой бус үг хэллэгээс татгалзаж, хэрхэн яаж гэмтэл учруулсан байдлыг тодорхой дүгнэх нь хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоохоор заасан хуулийн хэм хэмжээний агуулгад нийцэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1348 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Боржигон овгийн Чулуунбаатарын Б, Хавхаанхан овгийн Ганболдын Г нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдлын “...Надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ