Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 00100

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Амарбаясгаланд холбогдох 201618020158 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1995 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 ах, дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Хараагийн 2-26 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ  эрхэлсэн ажилгүй байсан,  улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон  овогт Ганбаатарын Амарбаясгалан. /РД: МЗ95120433/

           

Шүүгдэгч Г.Амарбаясглан нь 2016 оны 07 дугаар сарын 31-нээс 2016 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн 23-24 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр төмөр замын 274 дүгээр точикийн орчимд хохирогч Д.Гансүхийг түлхэн унагааж түүний бие махбодид болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Амарбаясгалангийн өгсөн…. ...  2016 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед 10 жилийн ангийн хүүхэд болох Мөнх-Орших, Наранболд, Отгонбат, цэргээс түр чөлөөгөөр ирсэн Алтанбагана нарын хамт Түнхэл тосгоны төмөр замын точикийн сааданд юм яриад сууж байхад хажууханд Батаа багшийн дуу гараад сууж байхыг хараад бид нар уулзах гэж очсон. Тэгээд сайн байна уу багшаа гэж Батсүрэн багштай мэндлээд байж байтал хохирогч Гансүх над руу юу хийж байгаа юм гэхэд нь хүнтэй уулзаж байна гэхэд яасан том дуутай бацаан бэ гээд босч ирээд над руу дайрахаар нь цохих гэж байна гэж бодоод нүүр лүү нь гараараа тулж байгаад цааш түлхэхэд хойшоогоо савж унасан. Уначихаад босч ирэхгүй байхаар нь Мөнх-Орших бид хоёр босгох гэхэд босохгүй байсан чинь Батсүрэн багш өдөржин архи уусан архиндаа тэгээд байгаа байх та хэд явж бай гэхээр нь бид хэд яваад өгсөн. Маргааш өглөө нь Мөнх-Оршихтой очоод Түнхэлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Эмч нар үзээд Улаанбаатар хот явж үзүүл гэсэн. Тэгээд хохирогч гансүх Улаанбаатар хот яваад үзүүлчээд ирсэн. Хүрч ирээд хүзүү хугарсан байна гэхээр нь яаж эмчлүүлэх үү гэж асуухад мэдэхгүй ээж л мэдэх байх гэсэн. Тэгээд нэг мэдсэн намайг цагдаад өгсөн байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Д.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн….. Би 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Түнхэлийн төмөр замын 274 дүгээр тоочикийн орчим Батаа багш, Ганбаатар, шар Өлзий, Галхүү нартай хамт нэг шил архи хувааж уугаад сууж байтал машинтай залуучууд ирээд Батаа багштай уулзаад том том дуугараад байх шиг болохоор нь би босоод яасан том дуутай хүүхдүүд вэ та нар яах гээд байгаа юм бэ гэж хэлээд нэг хүүхэд рүү явж очоод айлгах гэтэл намайг яах гээд байгаа юм бэ та гэж хэлээд түлхсэн юм. Би нилээн согтсон байсан болохоор хойшоо унахдаа төмөр замын хашааны рейс төмөр дээр хүзүүгээрээ уначихсан юм. Тэгээд хүзүүгээ гэмтээчихсэн юм. Маргааш өдөр нь Улаанбаатар хот руу явж зураг авахуулж дараа нь эмчилгээ хийлгэсэн, одоо хүзүү маань хэвийн болсон… Намайг цохиж зодоогүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Түнхэлд уул руу самарт явах гэж байгаа, шүүх хуралд оролцож чадахгүй гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/

Гэрч Ц.Батсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн........  Би 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ганбаатар ах, Гансүх ах хоёроор өөрийнхөө машины өндгөн тулгуурыг солиулаад орой 23 цаг болж байхад дуусаад Ганбаатар ахыг дэлгүүр явуулж 0.5 граммын Хараа архи аваад тэр архиа төмөр замын точикийн сарааны хажуухан талд уухаар явж байхдаа Галхүү, шар Өлдзий нартай таарч хамт явцгааж точикийн сарааны хажууд архиа ууж дуусаад байж байтал гэрэл тусгаад мотоцикль унасан хоёр залуу араас нь приус машин ирээд бид нар луу гэрлээ тусгаад зогссон юм. Тэр залуучууд бөөнөөрөө бууж ирээд Нараа гэдэг залуу манай найз Оршихыг та нар зодсон байна гэхээр нь би та нар юу яриад байгаа юм бэ Оршихыг дагуулаад ир гэсэн чинь Орших нь бууж ирээд өө эд нар биш биш гэж хэлсэн юм. Тэгснээ Орших нь Гансүх дээр очоод юм яриад зогсож байхад Ганбаатарын Улаакаа гэдэг залуу нүүр рүү нь нэг удаа цохисон юм. Тэгтэл Гансүх нь хойшоо савж унахдаа төмөр замын рейс төмөр дээр хүзүүгээрээ эвгүй уначихсан юм. Тэгээд босч ирж чадахгүй өвдөөд байна гэж хэлээд босохгүй байсан, нөгөө залуучууд орхиод явсан гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

Гэрч Ж.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн… би гансүхтэй найз нөхдийн холбоотой юм, тэгээд 2016 оны 07 дугаар сарын 31-ний орой гэртээ байж байтал шөнө Ганбаатар утасдаад Гансүх хүнд зодуулаад хүзүү нь гэмтчихээд босч чадахгүй байна хүрээд ирээч гэхээр нь өөрийнхөө 90-23 УБГ улсын дугаартай портер маркийн машинтайгаа төмөр замын 274 дүгээр точик дээр ирэхэд Гансүх төмөр замын рейс төмрөөр хийсэн хашааны хажууд дээшээ хараад хэвтчихсэн нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон хэвтэж байхаар нь би юу болсон бэ гэж асуусан чинь гансүх ёолоод дуугарч чадахгүй байсан намайг очиход Галхүү, Ганбаатар, Батаа багш дөрөв байсан. Би тэр хэдээс юу болсон талаар асуухад приус машин мотоциклтой хүмүүс ирээд Гансүхийг цохиод газарт унагаачихсан, тэгээд Гансүх босч чадахгүй байна гэж ярьцгааж байсан гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/

Гэрч Л.Мөнх-Оршихын мөрдөн байцаалтад өгсөн… Тэд нар дээр очиход Батаа багш, Гансүх ах, Ганбаатар ах болон танихгүй хоёр ах нар архи уугаад сууж байсан юм. Би Батаа багштай мэндлээд юм яриад байж байтал Гансүх ах архи хундаглаж өгөөд байх шиг харагдсан. Тэгж байснаа Гансүх ах архиа өөр хүнд өгөөд ямар том дуутай бацаанууд вэ гэж хэлээд босч ирсэн. Би Батаа багштай юм яриад байж байтал хойд талд хүн газарт унаж байгаа чимээ гарсан чинь Амарбаясгалан Гансүх ахыг хойш нь түлхээд унагаачихсан байсан. Гансүх ах газарт хэвтчихээд хөдлөхгүй болохоор нь би очоод Гансүх ахаа яасан бэ гэж хэлээд толгойг нь барьж үзсэн чинь зүгээр м шиг байсан. Тэгээд Гансүх ахаас эмнэлэг явах уу гэж асуусан чинь үгүй үгүй гээд байхаар нь би хамт явж байгаа хүмүүсээс нь энэ хүнийг эмнэлэг авч явъя гэж хэлсэн чинь наад хүн чинь архи уусандаа тэгж байгаа байх зүгээр зүгээр та нар явцгаа гэхээр нь явцгаасан юм. Маргааш өглөө нь буюу 2016.08.01-ний өдөр Амарбаясгалан бид хоёр Гансүх ахын гэрт очоод бие нь яаж байна гээд уулзсан чинь Гансүх ах хүзүү өвдөөд байна гэхээр нь миний машинаар Гансүх ахыг эмнэлэг рүү авч явж хүзүүг нь үзүүлсэн чинь Түнхэлийн эмнэлгийнхэн Улаанбаатар хот руу явж хүзүүний зураг авахуул гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 179…….Дүгнэлт

1. Д.Гансүхийн биед хүзүүний С2-р нугаламын сэтэрсэн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 23 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-4-5 дугаар хуудас/

Г.Амарбаясгалангийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 35 дугаар хуудас/

Г.Амарбаясгалан нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 36 дугаар хуудас/

Хохирогч Д.Гансүхийн Цагдаагийн хэлтэст гаргасан 1000000 төгрөг элнээр авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй, намайг оролцуулахгүй шүүх хурлыг хийж болно гэсэн хүсэлт /Хх-н 45 дугаар хуудас/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч Г.Амарбаясглан нь 2016 оны 07 дугаар сарын 31-нээс 2016 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн 23-24 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр төмөр замын 274 дүгээр точикийн орчимд хохирогч Д.Гансүхийг түлхэн унагааж түүний бие махбодид болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч С.Хүрэлбаатард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хорих ял оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь  жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Амарбаясгалангийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, тодорхой хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой гэж үзлээ.

 

Хохирогч Д.Гансүх нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Амарбаясгаланг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Амарбаясгаланг 02 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Г.Амарбаясгаланд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Амарбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Амарбаясгаланд оногдуулсан 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.   

6. Хохирогч Д.Гансүх нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон агрсан зардлаа тухай бүрд нь нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Амарбаясгаланд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

           

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

            

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН