Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 110/ШШ2021/0073

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: “ХТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/424 дугаар захирамжаар байгуулсан  тендерийн Үнэлгээний хороо,

              Хамтран хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Засаг даргад  тус тус  холбогдох;

            “БШУЯ/202102020 дугаартай цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн дахин үнэлгээ хийж, “НЕ” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт болон  түлхүүр гардуулах нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг хууль бус болохыг тус тус тогтоож, хүчингүй болгохнэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “ХТ” ХХК-ийн  өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагч Үнэлгээний хорооны дарга Х.С, нарийн бичгийн дарга бөгөөд үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б., хамтран хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, гуравдагч этгээд “НЕ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Н,  гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нургайып,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “ХТ” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгч “ХТ” ХХК БШУЯ/202102020 дугаартай цэцэрлэгийн барилгын ажилд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон боловч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/424 дугаар захирамжаар  байгуулсан үнэлгээний хорооны хуралдаанаар дахин үнэлгээ хийж “НЕ” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт нь хууль бус байх тул хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Учир нь, Монгол улсын Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/4246 дугаар гомдол хянасан тухай шийдвэрээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн. Гэтэл үнэлгээний хорооноос дахин үнэлгээ хийхдээ Сангийн яамны албан бичигт дурдагдсан зөрчлөөр тендер шалгаруулалтаар хасагдах үндэслэл бүрдсэн “НЕ” ХХК-ийг дахин шалгаруулсан нь хуулийг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, Х.Сээр даргалуулсан үнэлгээний хороо нь хэт нэг талыг баримталсан дээд шатны байгууллагын шийдвэрийг эс биелүүлсэнд гомдолтой байна.

Сангийн яамны шийдвэрээр “НЕ” ХХК нь тендерийн холбогдох хэсгийг нууцалж ирүүлэхдээ тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгааны 22.6 дахь хэсэгт “эрх бүхий тендерт оролцогч болохыг нотлох тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан баримт бичиг маягтуудыг нууцлахгүй ирүүлнэ. Тус хавтасны эхэнд тэдгээр мэдээллийг нууцлах үндэслэлийг бичгээр тайлбарлаж, тендерт оролцогчийн итгэмжилсэн этгээд гарын үсгээр баталгаажуулна. Эрх бүхий тендерт оролцогч болохыг нотлох ТШӨХ-т заасан баримт бичиг тендерийн баримт бичигт заасан маягтуудыг нууцлахгүй ирүүлнэ” гэж заасны дагуу хуулиар ил болгохыг  хориглосон зайлшгүй үндэслэлийг бичгээр тайлбарлаж ирүүлээгүй байна.

Түүнчлэн, “НЕ” ХХК-ийн гүйцэтгэж буй “Сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий Буянт сум/-ын ажилд санал болгосон инженер, техникийн ажилчид машин механизм давхцаж байгаа эсэхийг нь хянан үзэх нь  зүйтэй байна. Иймд захиалагчийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2-01/1046 дугаар шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож болно. Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Гэтэл Сангийн яамны энэхүү шийдвэрээс зөвхөн дахин үнэлгээ хийсэн бөгөөд “НЕ” ХХК  тендерт оролцохдоо баримт бичиг нууцалсан үйлдэл нь дахин үнэлгээнд орох боломжгүй хасагдах байтал түүнийг шалгаруулаад гаргасан алдааг нь орхигдуулж, шалгах асуудлаа шалгахгүй байгаа үнэлгээний хорооны энэхүү үйлдэл нь бусдад давуу байдал бий болгож байна.

Үнэлгээний хороо нь тендер дахин үнэлэхдээ дараах хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “...тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлж болно”, 25.2-т “...энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана”, 27.1-т “...Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-т  “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”,  27.1.3-т  “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.2-т  “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно”, 27.2.1-т “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө”, 27.2.2-т “захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх”,  27.2.3-т “энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасан.

Мөн Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1172 дугаар албан бичгээр манай байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэхүү тендерийн үйл ажиллагаанд төрийн өндөр албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилтэй оролцсон гэж үзэх үндэслэл бүрдүүлж байна. Түүнчлэн, үнэлгээний хороо бүрэлдэхүүнээрээ буюу дарга болон гишүүд нь бүгд оролцсон эсэх нь эргэлзээтэй бөгөөд уг хуралдаан нь хууль ёсны болоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Аймгийн Засаг даргаас БШУЯ/202102020 дугаартай, түлхүүр гардуулах нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн /Баян-Өлгий аймаг, Өлгий сум” барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа болно.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б нь  үнэлгээний хорооны Сангийн яамны шийдвэрийг эс биелүүлж тендерийн дахин үнэлгээ  хийснийг хянан үзэлгүйгээр хууль зөрчин бусдад давуу байдал бий болгосон байдлыг өөгшүүлэн БШУЯ/202102020 дугаартай , түлхүүр гардуулах нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн /Баян-Өлгий, Өлгий сум/ барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсанд гомдолтой байна.

Иймд, БШУЯ/202102020 дугаартай цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн дахин үнэлгээ хийж, “НЕ” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, мөн БШУЯ/202102020 дугаартай, түлхүүр гардуулах нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БШУЯ2021/02020 цэцэрлэгийн барилгын ажилд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “ХТ” ХХК оролцсон. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/424 дугаар захирамжаар  байгуулсан үнэлгээний хорооны хуралдаанаар дахин үнэлгээ хийж “НЕ” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт нь хууль бус байх тул хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж БШУЯ2021/02020 түлхүүр гардуулах нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байгаа нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож гэж шаардлага гаргасан.  Үнэлгээний хорооны тэмдэглэлтэй танилцахад, үнэлгээний хорооны гишүүдийн өмнөх хуралдааны үнэлгээг Сангийн яамнаас хүчингүй болгосонд хариуцагч болон гуравдагч этгээд талаас маргаагүй. Гэвч өмнөх үнэлгээтэй холбоотой асуудлыг ярьж байхад өмнө нь “НЕ” ХХК өгөгдлийн дагуу материалаа бүрэн ирүүлсэн. Инженер техникийн ажилчид, машин механизм давхцаж байгаа нь заавал шалгах үндэслэлд хамаарахгүй гэж шинээр ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр “НЕ” ХХК-ийг шалгаруулсан.

Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас дүгнэлт гарч  өмнөх тендер шалгаруулалтын үнэлгээг хүчингүй болгоод байхад дахин өмнөхөө ярьж “НЕ” ХХК-ийг шалгаруулж байгаа нь хууль бус байна. Монгол улсын Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/4246 дугаар гомдол хянасан тухай шийдвэрт хариуцагч, гуравдагч этгээд болон нэхэмжлэгч талаас маргаагүй. Тэгэхээр тухайн шийдвэр хүчин төгөлдөр байна. Өмнөх дүгнэлт нь алдаагүй байна гэж үнэлгээний хорооны дүгнэж байгаа шийдвэр үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгааны 22.6 дахь хэсэгт “эрх бүхий тендерт оролцогч болохыг нотлох тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан баримт бичиг маягтуудыг нууцлахгүй ирүүлнэ. Тус хавтасны эхэнд тэдгээр мэдээллийг нууцлах үндэслэлийг бичгээр тайлбарлаж, тендерт оролцогчийн итгэмжилсэн этгээд гарын үсгээр баталгаажуулна” гэсэн үндэслэл заасныг хориглосон байхад тайлбарлахгүйгээр ирүүлсэн нь хууль зөрчиж байна гэж Сангийн яамнаас ирүүлсэн дүгнэлт хүчинтэй байна.

 Иймээс Үнэлгээний хорооны өмнөх дүгнэлтийг хүчингүй болгож, Сангийн яамнаас үнэлгээг дахин хийхийг даалгасан. Гэтэл дахин үнэлгээ хийхдээ үнэлгээний хорооны комисс  нь алдаа дутагдлаа засахгүйгээр дахин үнэлгээ  хийсэн. Өөрөөр хэлбэл, “НЕ” ХХК-ийг тендерт оролцуулахгүйгээр үйл ажиллагааг явуулах ёстой байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “...энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана” гэж заасан. Тэгэхээр “НЕ” ХХК-ийн нууцалж ирүүлсэн нь тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн. Өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй үүрэг нь үнэлгээний хороонд олгогдсон. Үнэлгээний хороо энэ үүргээ зөрчиж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан шаардлагыг үнэлгээний хороо биелүүлээгүй.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1172 дугаар албан бичгээр манай байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зөрчсөн. Тухайн тендерт оролцсон аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдүүдэд Орон нутгийн өмчийн дарга тендер шалгарсан уу, шалгараагүй юу гэдэг албан бичгийг ирүүлэх ёстой. Гэтэл Засаг дарга дундуур нь орж мэдэгдэл хүргүүлж байна. Үнэлгээний хорооны дүгнэлт хүчингүй болсноор Засаг даргын акт биелэгдэх боломжгүй. Үнэлгээний хорооны дарга болон гишүүдийг хардсан тайлбараа шүүхэд гаргаж өгсөн. Үнэлгээний хорооны дарга хуралд оролцоогүй гэж хардаж байгаа боловч гэрчээр оролцуулах боломжгүй болсон. Үнэлгээний хорооны хууль бус үндэслэлүүд нь манай “ХТ” ХХК-ийн тухайн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт хууль ёсны дагуу оролцож, Үндсэн хуульд зааснаар адил тэгш шалгарах боломжийг хязгаарлаж байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 Гуравдагч этгээдийн зүгээс ийм ийм үндэслэлүүдээр “ХТ” ХХК тендерт шалгараагүй гэсэн байдлаар тайлбарлаж байна. Энэ талаар гуравдагч этгээдээс сөрөг нэхэмжлэл гаргаагүй, хариуцагчаас тайлбар хийгээгүй учраас миний бие тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. “НЕ” ХХК-ийн тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцуулахгүйгээр хүлээж авахаас татгалзсан албан бичиг хуулиар өгөх ёстой байсан. Тухайн хуулиа зөрчсөнөөс болж үнэлгээний хорооны дүгнэлт  хууль бус.

 Иймд нэхэмжлэгч “ХТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна  гэв.

Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооноос шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон  үнэлгээний хорооны дарга Х.С, үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б.  нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Түлхүүр гардуулах нөхцөлтэй цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ БШУЯ/202102020 дугаартай тендерийг 2021 оны 5 дугаар сарын 15-нд зарлаж хуулийн хугацаанд буюу 6 дугаар сарын 14-ний өдөр нээлт хийсэн. Тендер шалгаруулалтад оролцсон “НЕ” ХХК, “ХТ” ХХК болон “Уран минж хийц” ХХК-ийн тендерийн материалыг  хууль, журмын дагуу хянаж үзээд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан тендер нь 27.1- д заасан бүх нөхцөл шаардлагыг хангасан “НЕ” ХХК-ийг гүйцэтгэгчээр  шалгаруулж, 27 дугаар зүйлийн 27.4-т заасан “энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзээд уг тендерээс татгалзана” гэж заасан ёсоор “ХТ” ХХК болон “Уран  минж хийц” ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэлээ бичээд үнэлгээний хорооны дүгнэлтээ захиалагчид хүргүүлсэн. Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн захиалагч 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2-01/1046, 2-01/1047, 2-01/1048 дугаар мэдэгдлүүдийг оролцсон компаниудад хүргүүлсэн.

Гомдол гаргагч “ХТ” ХХК-ийн тендерийн материалыг хянаж үзэхэд,

1.  Тендер шалгаруулалтын өгөгдлийг хүснэгтийн  ТОӨЗ 4.4 /в/-ийн 2-т заасан барилгын ажил гүйцэтгэх тухай зөвшөөрлийн БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил гэсэн заалт байхгүй.

2. ТОӨЗ-ны 13.1 /ж/-ийн 1:16-р заалтад заасан ажлын даалгаврыг судалж тооцно, захиалагчийн баталсан зураг, төсөв боловсруулах даалгаварт тусгасан хууль журам, норм нормативын дагуу зураг төсөв ирүүлнэ. /Зураг төсөв боловсруулах даалгаврын дагуу зураг төсөв боловсруулж  ирүүлээгүй бол тендерээс шууд татгалзана/ гэсэн шаардлагыг хангаагүй. Боловсруулсан эскиз зурагт өрөөний тодорхойлолт байхгүй учир ямар өрөө төлөвлөснийг мэдэх боломжгүй тул шаардлага хангаагүй.

3. ТОӨЗ-ны 6.3 /в/-д шаардсан холбооны инженер  Оын сүүлийн 12, 1, 2, 3, 4, 5, 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул үндсэн ажилтан биш гэж үзсэн ба инженер техникийн ажилтнууд нь 100% үндсэн ажилтан байх гэсэн шаардлагыг ханаагүй.

4. ТОӨЗ-ны 13.1 /ж/ 3-т заасан ажил гүйцэтгэх график нь шаардлага хангаагүй.

5. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9-д “Барилгын байгууламжийн суурь хана, хучилт, өрөгт бүтээц, дээврийн ажлуудыг гүйцэтгэгч бие даан гүйцэтгэнэ” гэж заасан байхад “ХТ” ХХК нь “Би рич трейд” ХХК-тай дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан нь төсөвт өртгийн 10 хувиас хэтэрсэн ба Барилгын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн тул тендер нь шаардлагад нийцээгүй.

6. ТОӨЗ-ны 6.3 /в/-д шаардсан тоног төхөөрөмжийн 1 ширхгийн гэрчилгээ байхгүй тул тоног төхөөрөмж нь дутуу зэрэг олон зөрчил дутагдал байгаа тул Төрийн болон  орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасны дагуу тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд  шаардсан нөхцөл, шаардлагыг хангаагүй тул тус хуулийн 27.4-д энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж “ХТ” ХХК-ийн тендерээс татгалзсан болно.

Тендерээс шалгараагүй мэдэгдлээ авсны дараа “ХТ” ХХК нь Сангийн яамд гомдол гаргасан. Монгол улсын Сангийн яам 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/4246 дугаар гомдол хянасан тухай шийдвэрээ ирүүлсэн. Сангийн яамны шийдвэрээр “ХТ” ХХК-ийн гомдолд дурдсан ТОӨЗ-ны 6.2.2 ба 6.2.3-д шаардсан аж ахуйн гэрчилгээний хуулбар  болон тусгай зөвшөөрлийн хуулбар шаардлагад нийцсэн гэж үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна. Харин “НЕ” ХХК-ийн  инженер техникийн ажилтан болон машин механизм нь 2020 онд барьж эхэлсэн Буянт  сумын 320 сурагчтай сургуулийн барилгад давхцаж байгаа эсэхийг хянан үзэх нууцалж ирүүлсэн нэг файлын талаар тайлбар ирүүлээгүй байгаа тул үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн юм. Үүний дагуу үнэлгээний хороо 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дахин үнэлгээ хийсэн. Үүнд,

“НЕ” ХХК-ийн Буянт суманд барьж байгаа 320 суудалтай сургуулийн барилгад инженер техникийн ажилтнууд, машин механизмын  давхцалын  тухай тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд шаардаагүй тул хянаж үзэх шаардлагагүй гэж үзсэн.

Гурван файлыг нууцалж ирүүлсэн тухай тайлбар ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан бараа, ажил, үйлчилгээний хамаарах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үүсгэхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулаагүй, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцээгүй “ХТ” ХХК болон “Уран минж хийц” ХХК-ийн тендерийг өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөхгүй гэж үзээд энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангаж шаардлагад нийцсэн “НЕ” ХХК-ийг дахин шалгаруулж, захиалагчид үнэлгээний хорооны дүгнэлтийг хүргүүлсний дагуу захиалагч 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1170 дугаар албан бичгээр “НЕ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, “ХТ” ХХК-д 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1-01/1172 дугаар албан бичгээр шаардлага хангаагүй тухай мэдэгдэл хүргүүлсэн болно.

Улмаар “НЕ” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр захиалагч аймгийн Засаг даргатай түлхүүр гардуулах нөхцөлтэй цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/  БШУЯ/202102020 дугаартай ажилд гэрээ байгуулж, ажлын зураг төсвөө боловсруулан, магадлалд оруулаад ажлаа эхэлсэн байна. Үнэлгээний хороо хууль журмын дагуу тендер шалгаруулалтыг явуулж шударгаар  ажилласан байхад тендер нь шаардлагад нийцээгүй мөртлөө “ХТ” ХХК нь үндэслэлгүй гомдол гаргаж улсын бүтээн байгуулалтын ажилд саад учруулж, 2021 онд хуваарилагдсан 300,0 сая төгрөгийг хаалгах гэж байгаад харамсаж байна.

 Иймд “ХТ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

БШУЯ/202102020 дугаартай түлхүүр гардуулах нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэх гэрээг аймгийн Засаг даргын 2021 оны А/424 дүгээр захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны тендер шалгаруулсан дүгнэлтийн дагуу “НЕ” ХХК-тай байгуулсан болно. Тендерийн шалгаруулалт зохих журмын дагуу шалгаруулсан гэж үзэж  байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Аймгийн Засаг даргын хувьд Үнэлгээний хорооны хамгийн эхний үнэлгээний дагуу мэдэгдлийг холбогдох компаниудад өгсөн. Уг мэдэгдэлтэй холбоотой “ХТ” ХХК Сангийн яаманд гомдол гаргаад Сангийн яамнаас дахин үнэлгээ хийх тухай чиглэл ирсэн. Үүний дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, дахин “НЕ” ХХК-ийг шалгаруулсан мэдэгдэл, дүгнэлтийг аймгийн Засаг даргад ирүүлсний дагуу “НЕ” ХХК-тай гэрээ байгуулсан. Аймгийн Засаг дарга ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Үнэлгээний хороо нэгэнт шийдвэр гаргасан учраас үнэлгээний хорооны дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд гэрээ байгуулсан гэв.

Гуравдагч этгээд “НЕ” ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Гомдолд дурдсан манай компани 2020 оноос гүйцэтгэж байгаа “Сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий, Буянт сум/-ын ажилд санал болгосон инженер, техникийн ажилтан, машин механизм давхцаж байгаа эсэхийг үнэлгээний хороо дахин үнэлгээнд харгалзаж үзээгүй гэсэн байна. Түлхүүр гардуулах нөхцөлтэй цэцэрлэгийн барилга,  100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ БШУЯ/202102020 дугаар тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд инженер техникийн ажилтан болон машин механизмын давхцалын талаар шаардсан зүйл, заалт байхгүй. Сургуулийн барилга, 320 суудлын ажлыг манай компани одоогоор 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа болно. Ямар нэгэн байдлаар инженер, техникийн ажилтан, машин механизм давхцахгүй болно.

Нууцалж ирүүлсэн файлын тухай тайлбар ирүүлээгүй гэсэн нь мөн адил тендер шалгаруулалтын өгөгдлийн  хүснэгтэд шаардаагүй бөгөөд тендерийн  үнэлгээний үр дүнд нөлөөлөхгүй юм. Манай компани эрх бүхий тендерт оролцогч болохыг нотлох ТШӨХ-д заасан баримт бичиг, тендерийн баримт бичигт заасан  маягтуудыг нууцлахгүйгээр хүргүүлсэн болно. Энэхүү тендерийг хялбаршуулсан  цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд “Monpass” гэсэн цахим хуудсыг ашиглан материалыг хүлээн авдаг юм. Нууцлагдсан  гэж байгаа бол  тендер зохион байгуулагчдын ашиглаж байгаа сүлжээний алдаа болно. Хэрэв манай тендерийн  бичиг баримт нууцлагдсан байсан бол энэ үнэлгээний хороо тухайн  маягтуудыг харж чадахгүй байх байсан. Нэгэнт  үнэлгээний хорооноос бидний тендертэй бүхэлдээ танилцаж, нээлттэй сонгон шалгаруулалт хийсэн учраас нэхэмжлэгч талаас манай компанийг үндэслэлгүй буруутгасан байна.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа бол тендерт оролцогчдод тендер бэлтгэхтэй холбогдох зөвлөмж юм. Тендер шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийг хуулийн 19.2-д заасан тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн  санал болгож буй гэрээний нөхцөлүүд техникийн тодорхойлолт, зураг, тендерийн  жижиг маягтуудыг тусгана гэсний дагуу тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтээр өгдөг үзүүлэлтүүд болно.

Тендерийг ТШӨХ-д шаардсан нөхцөл шаардлагыг хангасан эсэхээр нь үнэлдэг юм. “ХТ” ХХК-ийн ямар нэгэн эрх ашиг зөрчигдөхгүй юм. Түүнчлэн, “ХТ” ХХК-ийн тендер нь хуулийн 27.4-д зааснаар шаардлагад нийцээгүй тул дахин үнэлгээнд орох боломжгүй юм байна.

1. 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн түвэгшлийн ангиллаар дунд түвэгшилд хамаарна. Дунд түвэгшилтэй барилгыг барихад БХБ-ын сайдын 2018 оны 12-р сарын 31-ний 217-р тушаалаар батлагдсан БА-3.1 /Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил/ тусгай зөвшөөрлийн ажилбар шаарддаг бөгөөд ТШӨХ-ийн  ТОӨЗ-4.4в -н 2-т уг ажилбарыг шаардсан байгаа. "ХТ" ХХК-д БА-3.1 тусгай зөвшөөрлийн ажилбар байхгүй тул тендерийн шаардлагыг хангаагүй байна.

2. "ХТ" ХХК-нь "Би рич трейд" ХХК-тай   хана, хамар ханы ажил,  суурийн ажил,  хучилтын ажлыг туслан гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан нь Барилгын тухай хуулийн 40-р зүйлд заасан барилга байгууламжийн гүйцэтгэгчийн чиг үүрэгт заасан 40.1.9-д "Барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, арагт бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх" гэсэн заалтыг зөрчсөн тул туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхийг хуулиар хориглосон ажлыг гүйцэтгүүлэх тус гэрээ хууль бус байна.

Нөгөөтээгүүр,  "ХТ" ХХК-нь "Би рич трейд" ХХК-тай хана, хамар ханы ажил, суурийн ажил, хучилтын ажлыг гүйцэтгүүлэхээр болж нийт 98,234,434 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулж ирүүлсэн байна. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 14.1-д түншлэлийг зөвшөөрөхгүй гэж заасан байсан.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (н)-д "тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байна. Туслан гүйцэтгүүлэх ажлын талаар доорх мэдээллийг ирүүлнэ." гэж, үүний 1-д "Туслан гүйцэтгэгчийн гүйцэтгүүлэх ажлын чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг ирүүлнэ", 3-т "Гэрээнд туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлын талаар болон төсөвт өртгийг тодорхой тусгасан байна" гэж тус заажээ.

"ХТ"  ХХК нь тендерт оролцох үед зөвхөн БА-2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2 заалтын дагуу хийгдэх барилгын ажлын тусгай зөвшөөрөлтэй байгаагаас үзэхэд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (в)-ийн зөвхөн 1-д заасан БА-3.1.-т заасан ажлыг гүйцэтгэж чадахгүй болох нь харагдаж байна. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (н)-д заасан "...гүйцэтгүүлж болох хувь хэмжээ" гэдгийг "ажлын хувь хэмжээ" гэж ойлгоно. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (н)-д "Тендерт оролцогчийн туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байна." гэж, үүний 3-т "Гэрээнд туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажпын талаар болон төсөвт өртгийг тодорхой тусгасан байна" гэж заасан. Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалаар батлагдсан "Барилгын төсөв зохиох дүрэм"-ийн Гурвын 3.2-т зааснаар барилгын төсөвт өртөг гэдгийг барилгын зураг төслийн баримт бичгийг үндэслэж тооцсон, барилга барихад шаардагдах нийт мөнгөн хөрөнгийн нийлбэрийг ойлгохоор байгаа юм.

Туслан гүйцэтгэгч "Би рич трейд" ХХК-ийн туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд заасан барилгын ажил, үйлчилгээний төсөвт өртгийг "ХТ" ХХК-ийн барилгын ажлын төсвийн холбогдох хэсгээс үзэхэд 599,403,810 төгрөг байна. "ХТ" ХХК нь нийтдээ 1,500,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байх ба үүний 599,403,810 төгрөгийн төсөвт өртөгтэй ажпыг туслан гүйцэтгэгч компани гүйцэтгэхээр байгаа нь нийт ажлын 39.96 хувь байна.

Ингэснээр "ХТ" ХХК нь барилгын ажлын 39.96 хувийг туслан гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлэх болсноор тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (н)- д "Тендерт оролцогчийн туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байна." гэж заасныг хангаагүй гэж үзэхээр байна.

            3. ТОӨЗ-13.1(ж)-н 3-т шаардсан ажил гүйцэтгэх нарийвчилсан график гаргаж, баталгаажуулж ирүүлнэ гэж шаардсан боловч "ХТ" ХХК нь Монгол улсын барилгын норм ба дүрэм БНбД 12-01-03 Барилгын үйлдвэрийн зохион байгуулалтад хавсралтын 1-р хүснэгтээр холбогдох тооцооллыг хийж батлагдсан маягтын дагуу ажил гүйцэтгэх график ирүүлээгүй байна.

            4. ТОӨЗ-13.1(ж)-н 16-д шаардсан цэцэрлэгийн барилгын эскиз зурагт өрөөний тодорхойлолт бичээгүй, хана ямар талбайтай, өрөө төлөвлөсөн нь тодорхойгүй учир захиалагчийн баталсан зургийн даалгаврын дагуу зургаа боловсруулсан эсэх тэр нь хууль, журам, норм, стандартын шаардлагад нийцсэн эсэхийг хянах боломжгүй байна. Иймд эскиз зураг ирүүлээгүй гэж үзэхээр байна.

            5. ТОӨЗ-6.3(в)-гийн дотор шаардсан тээврийн хэрэгсэл, машин механизмаас бусад гурван төрлийн багаж тоног төхөөрөмжийн гэрчилгээ байхгүй байна. Үүнд: гүний вибратор, сантехникийн иж бүрэн багаж, мужааны иж бүрэн багаж зэрэг болно.

            6. Холбооны инженер Н.О нь "ХТ" ХХК-ны нийгмийн даатгалын тайлан болон НДЕГ-ын цахим сайтаас гаргаж өгсөн Ховд аймгийн НД-ын хэлтсийн өгсөн тодорхойлолтоор Нисэх онгоцны буудлын үндсэн ажилтан гэдэг нь нотлогдож байгаа тул "ХТ" ХХК-ы үндсэн ажилтан байх гэж ТОӨЗ-6.3(в)-д заасан шаардлагыг хангахгүй байна.

            Иймд тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерийн материал нь дээрхи 6 төрлийн алдаа, дутагдалтай байгаа тул ТБОНӨХБАҮХАТХ-н 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй "ХТ" ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ тендер шалгаруулалтад манай “НЕ” ХХК материалаа бүрэн явуулсан. Бидний материалыг нууцлах шаардлага байхгүй. Үнэлгээний хороонд бидний 2, 3 файл нууцалсан гэж харагдсан байна. Программаас алдаа гарсан уу, бидний өөрсдийн өгсөн тендерийн материал бүгд нээлттэй харагдана. Бидний явуулсан файл дотор нууцалсан файл байхгүй. Гэхдээ үнэлгээний хороо тендерийг нээхдээ бидний 3 файл нууцлагдсан байдалтай  харагдсан байна. Манай компанийн тендерийн материал дотор нууцлаад байх юм байхгүй. Тийм учраас бид өөрсдөө нууцлалгүй явуулсан гэж үзэж байна. Тендер шалгаруулалтын өгөгдлийн зааварчилгааны 13.1 /ж/-д 16 төрлийн шаардлагыг тусгаж өгсөн. Үүний 4-д “тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ын 4.2.1, 4.2.9-д заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх мэдэгдэл ирүүлнэ”, 5-д “тендерийн баримт бичигт заагдсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, маягт зэргийг зөвшөөрч байгаа талаар мэдэгдэл ирүүлнэ”, 10-д “харьяалагдах банк, Татвар, Нийгмийн даатгал, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг хүргүүлэх”, 14-д “тендерт оролцогчийн ирүүлсэн саналыг олон нийтэд мэдээлэхэд татгалзах зүйлгүй тухай тендерт оролцогчийн албан мэдүүлэг ирүүлнэ” гэсэн байна.

Манай компанийн зүгээс Татвар, Нийгмийн даатгал, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, харилцагч банкнууд болон бусад холбогдох байгууллагаас тодорхойлолт хүсэхэд татгалзах зүйлгүй гэсэн мэдэгдлээ хүргүүлсэн байна. Бид тендерийн баримт бичгээ нууцлаагүй, ил болгосон байсан. Нэхэмжлэгч компани энэ тендерт оролцогчдод өгөх Сангийн яамны  2008 онд баталж, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өөрчлөлт оруулсан тайлбараар тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа гэж олгогдсон байна. Үүний зорилго нь тендерийн бичиг баримтыг бэлтгэхэд зөвлөмж маягаар өгч байгаа заавар. Тендерийн бичиг баримтыг Засаг даргын захирамжаар байгуулсан үнэлгээний хороо энэ жишиг баримтын дотроос тухайн тендерт тохирох онцлог байдалд тохируулан тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт бэлдэнэ. Тухайн өгөгдлийн хүснэгтэд зааснаар бид тендер ирүүлсэн.

Ерөнхий зааварчилгаа нь 6 бүлэгтэй, 39 зүйлтэй, 300 гаруй заалттай зааварчилгаа байна. Нэхэмжлэгч “ХТ” ХХК нэхэмжлэлдээ тендер шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгааны 22.6 дахь хэсэгт “эрх бүхий тендерт оролцогч болохыг нотлох тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан баримт бичиг маягтуудыг нууцлахгүй ирүүлнэ” гэснийг дурдаж ярьж байна. Тендер шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгааны 22.1-д “тендер оролцогч өөрийн тендерийг шуудангаар эсхүл өөрийн бие төлөөлөгчөөр захиалагчид хүргүүлнэ”, 22.2-д “тендерийн эх болон хуулбар хувиудыг тус тусад нь “ЭХ ХУВЬ”, “ХУУЛБАР ХУВЬ” гэсэн бичиглэл бүхий дугтуйнд хийж битүүмжлэн тэдгээрийг дахин давхар нэг дугтуйнд хийж битүүмжилнэ”, 22.5-д “ТОӨЗ-ны 22.1-т “зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн аливаа тендерийг захиалагч хүлээж авахгүй бөгөөд түүнийг хаягаар нь буцаана”  гэж заасан. Харин цахим тендерийг яаж ирүүлэх үү гэсэн зааварчилгаанд болохоор нууцлалын тухай файл болохоор нууцалсан тухай тайлбар ирүүлнэ гэсэн. Бидэнд нууцалсан файл байхгүй учраас тайлбар бичээгүй. Гэхдээ тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны хүснэгтэд заасан ил болгохоос татгалзахгүй гэсэн мэдэгдлийг албан ёсоор бичгээр өгсөн. Мөн нэхэмжлэгч тайлбарлахдаа “Сангийн яамнаас ирсэн бичгийн дагуу нууцлаагүй. Буянт суманд хэрэгжиж байгаа сургуулийн барилгад машин, механизм болон инженер техникийн ажилтнууд нь давхацсан болохыг нягталж үзэх хэрэгтэй” гэж үзсэн байна. Тэрний дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, манай компанийг дахин шалгаруулсан. Буянт сумын сургуулийн барилгын ажил 90 хувьтай явж байгаа болохоор машин механизм болон инженер, техникийн ажилтнуудын давхцал байхгүй.

“ХТ” ХХК-ийн материалтай танилцахад, хэд хэдэн  зөрчил дутагдал байна. "ХТ" ХХК-д БА-3.1 тусгай зөвшөөрлийн ажилбар байхгүй тул тендерийн шаардлагыг хангахгүй, энэ ажлыг хийх боломжгүй. "ХТ" ХХК-нь "Би рич трейд" ХХК-тай туслан гүйцэтгэгчээр  БА-3.1 тусгай зөвшөөрлийн дагуу туслан гүйцэтгүүлнэ гэж гэрээ хийж ирүүлсэн байна. Тухайн гэрээнд зөвхөн хана, хамар ханы ажил,  суурийн ажил,  хучилтын ажлыг туслан гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. "ХТ" ХХК-нь "Би рич трейд" ХХК-тай хана, хамар ханы ажил, суурийн ажил, хучилтын ажлыг гүйцэтгүүлэхээр болж нийт 98,234,434 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулж ирүүлсэн байна. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 14.1-д түншлэлийг зөвшөөрөхгүй гэж заасан байсан. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (н)-д "тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байна. Бодит байдалд гэрээнд 6.6 сая төгрөгийн ажил байгаа бөгөөд уг 6.6 сая төгрөгийн ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх боломж байхгүй. Тийм учраас “ХТ” ХХК-ийн туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ нь шаардлага хангахгүй гэж үзэж байна.

 Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан барилга байгууламжийн гүйцэтгэгчийн чиг үүрэгт заасан 40.1.9-д "Барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, арагт бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх" гэсэн заалтыг зөрчсөн тул гэрээ хууль бус байна. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны нарийвчилсан график гэж шаардаж байна. Ажил гүйцэтгэх график гэдэг нь  Монгол улсын хэмжээнд мөрдөж байгаа барилгын норм ба дүрэм 12-01-03 барилгын дүрэм, зохион байгуулалт гэж нормчилж өгсөн. Үүний дагуу график хийх ёстой байсан. Гэтэл “ХТ” ХХК-ийн хийж ирсэн график нь тухайн маягтаас шал өөр мөрдөж байгаа барилгын норм, дүрэм гэж байхгүй. Тийм учраас “ХТ” ХХК-ийн график шаардлага хангахгүй гэж үзэж байна. Мөн цэцэрлэгийн барилгын зураг төсөв боловсруулах зургийн даалгавар гэж өгсөн. Зургийн даалгавар дотор бүх юмыг  тодорхой зааж өгсөн мөртлөө “ХТ” ХХК-ийн зургийн даалгаврыг үзэхэд, зоорийн өрөө гэж байна, өөр ямар өрөөнүүд байгаа нь тодорхойгүй. “ХТ” ХХК эскиз зураг ирүүлээгүй.

Холбооны инженер Н. О гэдэг нь Ховд аймгийн Онгоцны буудалд ажилладаг хүн юм байна. "ХТ" ХХК-ны нийгмийн даатгалын тайлан болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим сайтаас гаргаж өгсөн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн өгсөн тодорхойлолтоор Нисэх онгоцны буудлын үндсэн ажилтан гэдэг нь нотлогдож байгаа тул "ХТ" ХХК-ы үндсэн ажилтан байх гэж тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3(в)-д заасан шаардлагыг хангахгүй байна. “ХТ” ХХК тендер нээхээс өмнө 5 сард Н.Оын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. “ХТ” ХХК өөрийн алдаа, зөрчил дутагдлаа мэдэхгүй байж манай компанийг шалгаруулаагүй гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй "ХТ" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбартай  холбогдуулан өөрийн тайлбараа гаргая. Нэхэмжлэгч “ХТ” ХХК-ийн зүгээс 3 төрлийн нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хоёр төрлийн нэхэмжлэл гаргасан юм шиг тайлбарласан. Нэхэмжлэгч “ХТ” ХХК-аас БШУЯ/202102020 дугаартай цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн дахин үнэлгээ хийж, “НЕ” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох,  мөн БШУЯ/202102020 дугаартай, түлхүүр гардуулах нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай 3 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч компани хуульд нийцээгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснээр нэхэмжлэгч “ХТ” ХХК-ийн ямар нэгэн эрх ашиг сонирхол нь сэргээгдэх боломжгүй учраас анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах шийдвэрлэх шаардлагагүй байсан.

Нэхэмжлэгч компани үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах гэсэн шаардлага гаргасан. Үнэлгээний хорооноос хурлын тэмдэглэл, зөвлөмж, дүгнэлт гэсэн 3 төрлийн эрх зүйн баримт бичиг гарч байна. Энэ баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Үнэлгээний хорооноос 6 болон 7 сард 2 удаа үнэлгээ хийсэн. Нэхэмжлэгч компани үнэлгээний хорооны эхний удаа хийсэн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж байна уу, эсвэл  хоёр дахь удаа дахин үнэлгээ хийсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж байна уу, хэдний өдрийн ямар дугаартай ямар эрх зүйн баримт бичигт маргаж байгаагаа тодорхойлж чадахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулаагүй байна. Сангийн яамнаас дахин үнэлгээ хийе гэсэн шаардлага тавьж байхад дахин үнэлгээ хийгээгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан байна. 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Үнэлгээний хороо дахин хуралдаж, дахин үнэлгээ хийсэн талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, Сангийн яамны албан бичиг тухайн өдөр биелэгдэж, Үнэлгээний хорооноос дахин  тэмдэглэл, зөвлөмж, дүгнэлт гэсэн 3 төрлийн  эрх зүйн баримт гарсан. 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “ХТ” ХХК-д захиалагч буюу Засаг даргаас мэдэгдэл хүргүүлсэн.  “ХТ” ХХК захиалагчаас хүргүүлсэн  мэдэгдлийн холбогдох хэсэгт маргаагүй. Өөрт нь хамааралтай хэсэг буюу тусгай зөвшөөрөлгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт бичиг дотор Н.Оын нэр байхгүй, “ХТ” ХХК-ийн үндсэн ажилтан биш,  тоног төхөөрөмжүүдийн гэрчилгээ байхгүй гэж мэдэгдсэн.

Энэхүү мэдэгдэлд нэхэмжлэгч талаас ямар нэгэн тайлбар гаргаж, захиалагчийн мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргахгүйгээр тендерт дахин үнэлгээ хийе гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэгэнт “ХТ” ХХК өөрсдийн гаргасан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч мэдэгдэл дээр маргаагүй. Гэтэл  дахин үнэлгээ хийснээр “ХТ” ХХК-ийн тендерийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах боломжгүй. Дахин үнэлгээ хийснээр юу өөрчлөгдөх юм вэ, мэдэгдлийг нэхэмжлэгч компани өөрөө хүлээн зөвшөөрч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүх нотлох баримтуудыг шүүхээс цуглуулсан, бүх юм нээлттэй ил харагдсан. “ХТ” ХХК-ийн хэд хэдэн зөрчлүүд бас тогтоогдож байна. Үүнд, зургийн даалгавар, нийгмийн даатгалын шимтгэлийн  өр төлбөртэй, туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ нь шаардлага хангахгүй байгаа зэрэг хэд хэдэн зөрчлүүд тогтоогдож байна. Дахин үнэлгээ  хийснээр тухайн компани шалгарах боломжгүй гэдэг нь тогтоогдсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар  эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй  хуулийн этгээдийн эрх нь байгаа болохоос сэргээгдэх боломжгүй эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй үзэж байна.

“ХТ” ХХК-ийн тендерээс татгалзаж, тухайн компанийг сонгон шалгаруулаагүйгээс болж тухайн компанийн эрх ашиг сонирхол зөрчигдөхгүй. Мөн  ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгоё гэсэн шаардлага гаргаж байна. Ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгч компанийн эрх ашиг сонирхол хэрхэн, яаж сэргээгдэх юм вэ,  дахин үнэлгээ хийснээр “ХТ” ХХК тухайн шалгаруулалтын ажиллагаанд оролцох эрхтэй юу гэдгийг ярих ёстой. “ХТ” ХХК тусгай зөвшөөрөлгүй компани байна. Тухайн цэцэрлэгийн барилга буюу сургуулийн өмнөх насны боловсролын барилга байгууламж холбогдох хууль журамд зааснаар дунд түвэгшлийн барилга байгууламжид багтана. Дунд түвэгшлийн барилгыг  БА-3.1 гэсэн тусгай зөвшөөрөлтэй компани барина. Дахин үнэлгээ хийсэн ч “ХТ” ХХК-д БА-3.1 гэсэн тусгай зөвшөөрөл байхгүй учраас тендер шалгаруулалтад оролцох эрхгүй.

Нэхэмжлэгч компани шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна. 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Үнэлгээний хороо тэмдэглэл, зөвлөмж болон дүгнэлт гэсэн эрх зүйн баримт бичгүүдийг гаргасан. Үүний дагуу захиалагч буюу Засаг даргаас 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1-01/1172 дугаартай мэдэгдлээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн. Нэхэмжлэгч компанид тендерээс шалгараагүй гэсэн мэдэгдлийг хүргүүлсний дараа  нэхэмжлэгч компани мэдэгдлийг эс зөвшөөрч  байгаа бол хуульд зааснаар 5 хоногийн дотор Сангийн яаманд гомдол гаргах ёстой.  Нэхэмжлэгч компани хуульд заасан 5 хоногийн дотор Сангийн яаманд гомдол гаргасан гэсэн урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг зөрчиж байна. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангаагүй байхад шүүхээс хэрэг үүсгэсэн гэж үзэж байна. 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгийг “ХТ” ХХК нь гардаж авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандаагүй болох нь харагдаж байна. “ХТ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэзээ хүлээж авсан, огноо, тамга, тэмдэг дарагдсан байна. Нэхэмжлэгч компани 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргаагүй гэдэг нь тогтоогдож байна. “ХТ” ХХК нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамж төлсөн банкны хуулганд 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тэмдэгтийн хураамжаа төлсөн байна.

 Өөрөөр хэлбэл,  шүүхэд хандах 30 хоногийн хугацаа өнгөрсөн байсан. Ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгоё гэсэн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан. Энэ тусгай журмаар шийдвэрлэх маргаан учраас хэрэгт гэрээ авагдсан байсан. Нэхэмжлэгч тал хэргийн материалтай танилцаж байх явцдаа нэхэмжлэл гаргахгүй явсаар байгаад 11 дүгээр сарын 08-ны өдөр 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага 3 сарын дараа гаргаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлыг мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг өнгөрөөсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад гэрээ хавтаст хэрэгт авагдсан байсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа эхэлж, 20 хувийн ажлыг хийчихсэн. Ажил гүйцэтгэх гэрээг бүхэлдээ хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж байна. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл явагдсан. Гэрээг бүхэлдээ хүчингүй болгуулах асуудал яригдахгүй.  Нэгэнт гэрээ хийсэн учраас 20 хувийн ажлыг хийчихсэн. Одоо 80 хувийн ажил үлдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний биелэлтийг  шүүхээс түдгэлзүүлсэн байна. Одоо хүйтний улирал эхэлсэн болохоор барилгын үйл ажиллагаа зогссон байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ийм тайлбартай байна. 

Харин “ХТ” ХХК-ийн тендер шаардлага хангахгүйтэй холбоотой хэд хэдэн зүйлийг нэмж хэлье. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б гуай “ХТ” ХХК-ийн зөрчлүүдийн талаар тайлбарласан. “ХТ” ХХК-ийн зургийн даалгавар тухайн тендерт тавигдсан шаардлагад нийцэхгүй байгаа нь тогтоогдож байна. Тоног төхөөрөмжүүд сантехникийн иж бүрэн багаж хэрэгслүүдэд холбогдох байгууллагаас гэрчилгээ авах ёстой байсан. Гэрчилгээгээ тендерийн бичиг баримтад хүргүүлээгүй учраас тухайн шаардлагыг хангасан байх ёстой гэсэн шаардлагыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3/б/ хэсэгт заасан шаардлагыг зөрчиж байна. Шалгарсан компани тусгай зөвшөөрлийг хангасан байх ёстой боловч “ХТ” ХХК-д БА-3.1 гэсэн тусгай зөвшөөрөл байхгүй учраас шаардлагыг хангаагүй гэдэг нь тогтоогдож байна. Туслан гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл үндсэн гүйцэтгэгчид хамаарахгүй. Туслан гүйцэтгэгч компани үндсэн ажлыг хийх эрхгүй,  10 хувийн ажлыг хийхээр заасан. 10 хувь хүртэлх ажил гэдэг нь суурин ажил болон ерөнхий бүтцийн ажилд хамаарахгүй байна. “ХТ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой зарим зүйлийг тодруулж ярихад, туслан гүйцэтгэгчийн хийх ажил 10 хувиас хэтэрсэн байна гэдэг зүйл яригдаж байна. Туслан гүйцэтгэгчийн хийх ажлын нийт өртөгт төсөв 30.5 сая төгрөг. Газар шорооны ажил 7434 сая төгрөг, суурин ажил 88 сая төгрөг, хучилтын ажил 205 сая төгрөгийн ажил байна. 10 хувийн ажлыг ажлын нийт төсвөөр тогтоох ёстой. Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээр тогтоохгүй.

 Мөн Н.О гэдэг хүн “ХТ” ХХК-ийн үндсэн ажилтан биш гэдэг нь   нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар тогтоогдож байна. Үнэлгээний хорооны “ХТ” ХХК-аас татгалзсан татгалзал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэл  байхгүй. Тендерийн баримт бичигт ирүүлсэн бичиг баримтад үнэлгээ хийх ёстой. Дээрээс нь “ХТ” ХХК 37.500 сая төгрөгийн өр төлбөртэй байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй” гэж заасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа нь Сангийн яамны албан бичигт дурдсан гэх нууцлалтай холбоотой зүйлд тайлбар хэлье.  Нэхэмжлэгч компани тендерийн баримт бичгийг нууцалж хүргүүлэхгүй байх ёстой. Нууцалсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д заасныг зөрчиж байна гэдэг нэхэмжлэгчийн маргаан үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримтаар судлуулсан 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэлд ямар нэгэн нууцлагдсан зүйл олж хараагүй гэдэг үнэлгээний хорооны гишүүдийн тайлбараар нотлогдож байна. Мөн “НЕ” ХХК-ийн үнийн санал дээр тодорхой харагдана. Үнийн санал дээр бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод  ил болгохыг үүгээр зөвшөөрч байна гэж тодорхой бичиж өгсөн. 

Буянт сумын сургуулийн барилга байгууламжтай ажил гүйцэтгэж байгаа учраас тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудал хүрэлцэхгүйтэй холбоотой асуудал яригдаж байна. Энэ тендерт оролцогчдод тавигдах шаардлагад хамаарахгүй байна. Тэгээд ч тухайн сургуулийн барилгын ажил гүйцэтгэлтэй холбоотой нотлох баримтуудыг хуульд заасан журмаар цуглуулсан байна. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд  ямар нэгэн саад болохгүй нөхцөл байдал харагдаж байна. Буянт сумын сургуулийн барилгыг хуулийн дагуу хугацаандаа хийж гүйцэтгэж байгаа гэдгээ хэлье. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Сангийн яамны дахин үнэлгээ хийе гэсэн албан бичгийг биелүүлээгүй, “НЕ” ХХК-ийг шалгаруулж болохгүй гэсэн зүйл байгаа юм шиг ярьж байна. Сангийн яамны албан бичигтэй зөв танилцаагүй юм шиг байна. Сангийн яамны албан бичигт “НЕ” ХХК-ийг буруутгасан зүйл байхгүй. Сангийн яамны албан бичгийн хариу биелэгдсэн.

Иймээс “ХТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад  нэхэмжлэгч “ХТ” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/424 дугаар захирамжаар байгуулсан  тендерийн Үнэлгээний хороо болон  Баян-Өлгий аймгийн  Засаг даргад  холбогдуулан гаргасан “БШУЯ/202102020 дугаартай, 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн дахин үнэлгээ хийж, “НЕ” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт болон   түлхүүр гардуулах нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг хууль бус болохыг тус тус тогтоож, хүчингүй болгохнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.500.000.000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийн өртөгтэй БШУЯ/202102020 дугаартай цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ ажлын тендерт  1.369.481.117 төгрөгийн үнийн саналаар “Урам минж хийц” ХХК, 1.485.959.999 төгрөгийн үнийн саналаар “ХТ” ХХК, 1.499.999.474 төгрөгийн үнийн саналаар “Нур- Едил” ХХК нь тус тус тендер ирүүлсэн байх ба уг  тендерийн үнэлгээг анх 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хийж  “НЕ”ХХК-ийг шалгаруулсан  нь тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 06 угаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлээр[1], нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаснаар  Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийх талаар мэдэгдсэн нь Монгол Улсын Сангийн   яамны төрийн нарийн бичгийн даргын  2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/4245 дугаартай албан бичгээр[2], уг албан бичгийг үндэслэж 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дахин үнэлгээ хийж “НЕ”ХХК-ийг дахин  шалгаруулах шийдвэр, дүгнэлтийг гаргасан нь үнэлгээний хорооны тэмдэглэл, дүгнэлтээр[3], улмаар үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэж захиалагч буюу Баян-Өлгий аймгийн Засаг дарга “НЕ”ХХК-тай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн гэрээгээр[4] тус тус батлагдаж байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Нэхэмжлэгч компани нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна. 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Үнэлгээний хороо тэмдэглэл, зөвлөмж болон дүгнэлт гэсэн эрх зүйн баримт бичгүүдийг гаргасан. Үүний дагуу захиалагч буюу Засаг даргаас 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1-01/1172 дугаартай мэдэгдлээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн. Нэхэмжлэгч компанид тендерээс шалгараагүй гэсэн мэдэгдлийг хүргүүлсний дараа  нэхэмжлэгч компани мэдэгдлийг эс зөвшөөрч  байгаа бол хуульд зааснаар 5 хоногийн дотор Сангийн яаманд гомдол гаргах ёстой.  Нэхэмжлэгч компани хуульд заасан 5 хоногийн дотор Сангийн яаманд гомдол гаргасан гэсэн урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг зөрчиж байна. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангаагүй байхад шүүхээс хэрэг үүсгэсэн гэж үзэж байна” гэж тайлбарласан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 56 дугаар зүйлийн  56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд  нэхэмжлэгчээс анх тус шүүхэд”НЕ”ХХК-ыг шалгаруулсан 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг  хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг    захиалагчаас  нэхэмжлэгчид 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1172 дугаартай мэдэгдлийг[5] хүргүүлснээс  хойш 30 дах хоногт буюу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан, энэ хугацаанд  захиалагч болон гүйцэтгэгч “НЕ”ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх ба маргаан бүхий захиргааны актыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг   шүүхэд шууд  гаргасан нь   хуулийн дээрх заалттай нийцсэн, нэхэмжлэгчийг  урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт, захиргааны гэрээ нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгох ба ийнхүү хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  сэргээгдэх  юм.

Тодруулбал,   нэхэмжлэгч “ХТ” ХХК нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар  хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан, шаардлагад нийцсэн тендерийг ирүүлсэн, уг тендер нь 28 дугаар зүйлийн  28.7.4-т зааснаар “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж үнэлэгдсэн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдэх нөхцөл бүрдэх юм.

Гэтэл нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг Үнэлгээний хорооноос шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэсэнтэй нийцжээ. Учир нь,

Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”,  27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.”, 27.2-т “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно”, 27.2.1-т “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө”, 27.2.2-т “захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх”, 27.2.3-т “энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд, үнэлгээний хороо нь тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийг хянаж үзэхдээ  захиалагчаас боловсруулсан тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд /цаашид ТШӨХ гэх/ тусгасан ерөнхий нөхцөлийг магадлахад тогтоосон шаардлага,  санхүүгийн болон  техникийн чадавхи, туршлага, техникийн  тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, ирүүлсэн тендерийг шалгаруулах  үзүүлэлтүүдэд  бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө байгаа эсэхийг,  захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэхийг,  хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэхийг тус тус   харгалзан үзэхээр байна.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерт ТШӨХ-ийн ТОӨЗ 4.4 в-ийн 2-т заасан “Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил”-ыг[6] гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байгаа нь хэрэгт авагдсан Барилга, хот байгуулалтын яамнаас олгогдсон БУ/43-519/17 дугаартай тусгай зөвшөөрлөөр[7] тогтоогдож байгаа бөгөөд энэ нь ТШӨХ-д заасан тусгай зөвшөөрлийн  шаардлагыг хангаагүй,  уг тусгай зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэсэн тохиолдолд  ажлын чанар  болон гүйцэтгэлд сөрөг нөлөө  үзүүлэх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэж  үзсэн хариуцагч Үнэлгээний хорооны дүгнэлт  үндэслэлтэй байна.

Түүнчлэн, ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, машин механизмын жагсаалтыг, нотариатаар баталгаажуулсан гэрчилгээний хуулбартай хамт  ирүүлэх шаардлагатай ба нэхэмжлэгч нь гүний вибратор, сантехникийн болон мужааны иж бүрэн багажийг жагсаалтаар[8] зургийн[9] хамт  ирүүлсэн атлаа нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй нь ТШӨХ-ий ТОӨЗ-ийн 6.3 (в)-д заасныг,   ажил гүйцэтгэх календарчилсан графикийг[10] Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 248 дугаар тушаалаар баталсан “Барилгын норматив, баримт бичиг батлах тухай” тушаалын хавсралтын 5.1-д заасан зааврын дагуу ирүүлээгүй нь ТШӨХ-ийн 13.1(ж)-ийн 3 болон 16-д заасныг, ажиллах хүчний мэдээлэлд[11] Н.Оыг холбооны инженер гэж мэдүүлэн тендерт ирүүлсэн байх боловч тэрээр уг компанийн үндсэн ажилтан биш болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолтоор[12] батлагдаж байх ба энэ нь ТШӨХ-ийн ТОӨЗ-ийн (в)-д заасныг тус  тус зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн тендерийг “шаардлагад нийцсэн тендер” гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн тендерийг “... тендерийг  нууц файлаар ирүүлсэн ба нууцалсан үндэслэлээ тайлбарлаж ирүүлээгүй нь ТОӨЗ-ны 22.6-г зөрчсөн, өөр ажил гүйцэтгэхэд санал болгосон инженер техникийн ажилтнуудын, машин механизмын давхцалыг хянаж үзээгүй” гэж тайлбарлан маргажээ.

ТОӨЗ-ийн 22.6-д “Тендерт оролцогч тендерийн материалд Хувь хүний нууцын тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуулиудаар ил болгохыг хориглосон мэдээллийг тусад нь хавтаслаж ирүүлнэ. Тус хавтасны эхэнд тэдгээр мэдээллийг нууцлах үндэслэлийг бичгээр тайлбарлаж, тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн этгээд гарын үсгээр баталгаажуулна. Эрх бүхий тендерт оролцогч болохыг нотлох ТШӨХ-д заасан баримт бичиг, тендерийн баримт бичиг бичигт заасан маягтуудыг нууцлахгүй ирүүлнэ” гэж заажээ.

Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Хувь хүний нууц нь дараахь төрөлтэй байна”, 1/захидал харилцааны нууц;2/эрүүл мэндийн нууц;3/хөрөнгийн нууц;4/гэр бүлийн нууц;5/хуулиар тогтоосон бусад нууц” гэж, Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-ийн 2/-т "байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ” гэж тус тус заасан байх ба гуравдагч этгээдээс ТШӨХ-д заасан шаардлагын дагуу  цахим баримтаар /файл/  ирүүлсэн  мэдээллүүд нь  хуулийн дээрх заалтуудаар хувь хүний болон байгууллагын нууцын төрөлд  хамаарахгүй, өөрөөр хэлбэл нууцлах шаардлагагүй мэдээллүүдийг “...нууцалж ирүүлсэн, нууцалсан  үндэслэлээ бичээгүй” гэх үндэслэлээр  “шаардлагад нийцээгүй тендер” гэж хасах, мөн ТШӨХ-д шаардаагүй асуудлаар буюу  “өөр ажил гүйцэтгэхэд санал болгосон инженер техникийн ажилтнуудын болон машин механизмын давхцалтай эсэхийг хянаагүй”  гэх үндэслэлээр гуравдагч этгээд “НЕ” ХХК-ийн    тендерээс  татгалзах хууль зүйн үндэслэлгүй байна.

Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг үндэслэж захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга  нь “НЕ” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр  “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан нь  хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2.-т заасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсэнтэй нийцжээ.

Иймд маргаан бүхий захиргааны акт, гэрээ нь нэхэмжлэгч “ХТ” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 -т заасныг тус тус баримтлан “ХТ” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/424 дугаар захирамжаар байгуулсан  тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “БШУЯ/202102020 дугаартай, 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн дахин үнэлгээ хийж, “НЕ” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлтийг болон БШУЯ/202102020 дугаартай, түлхүүр гардуулах нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 36 дугаар хуудас /1 хавтас/

[2] Хэргийн 7 дугаар хуудас /1 хавтас/

[3] Хэргийн 71, 72, 73 дугаар хуудас /1 хавтас/

[4] Хэргийн 78, 79 дүгээр хуудас /1 хавтас/

[5] Хэргийн 65 дугаар хуудас /1 хавтас/

[6] Хэргийн 56 дугаар хуудас /1 хавтас/

[7] Хэргийн 50 дугаар хуудас /2 хавтас/

[8] Хэргийн 70 дугаар хуудас /2 хавтас/

[9] Хэргийн 49 дүгээр хуудас /2 хавтас/

[10] Хэргийн 28 дугаар хуудас /2 хавтас/

[11] Хэргийн 64 дүгээр хуудас /2 хавтас/

[12] Хэргийн 135-139 дүгээр хуудас /2 хавтас/