Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

   2023         02         14                                    2023/ШЦТ/184 

 

                                

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Өсвөр насны шүүгдэгч: Х.А, хууль ёсны төлөөлөгч Г.О, тэдгээрийн өмгөөлөгч Г.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Н

Улсын яллагч: Н.П нар оролцсон эрүүгийн 2209000002307 дугаартай хэргийг хүлээн авч хаалттай хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 14 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн 9в ангийн сурагч, урд ял шийтгэлгүй, Ш овогт Х.А

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Х.А нь Э.Э-тэй бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Оргил” худалдааны төвөөс гарч явахдаа Н.Н куртикний халааснаас иргэн Р.Н-н “Г” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, “Оргил” худалдааны төвийн АМТ-ээс 500.000 төгрөгийг гарган авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Х.Ань шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Х.А-гийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй нь миний буруу. Хүүхдээ цаашдаа сайн харж, хүмүүжүүлэх болно. Хүмүүжил гайгүй хүүхэд, шинэ сургууль руу шилжээд хулгайн хэрэг хийсэн...” гэв.

Эрүүгийн 2209000002307 дугаартай хэргээс:

Хохирогч Р.Н цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 9 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 65 дугаар хуудас/

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 40 дүгээр хуудас/

Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 49 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Өсвөр насны шүүгдэгч Х.Ань Э.Э нар бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Оргил” худалдааны төвөөс гарч явахдаа Н.Н-н куртикний халааснаас иргэн Р.Н-н “Г” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, “Оргил” худалдааны төвийн АМТ-ээс 500.000 төгрөгийг гарган авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч Р.Н“...2022 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед охин Номингийн хамт гэртээ байх үед манай охин хоёр ширхэг дэвтэр авна гэхээр нь би картаа өгөөд дэлгүүр явуулсан. Тэгээд надад 10 цаг 05 минутад талх худалдаж авсан мессеж ирсэн. Дараа нь АТМ-ээс 5100 төгрөг гарсан. Дараа нь 500.100 төгрөг гараад ирсэн. Сүүлийн гүйлгээ гарсны дараа манай охин ороод ирсэн. Тэгээд намайг асуухад уйлаад байхаар нь асуусан чинь 2 эгч 500 төгрөг өгөөч гээд гуйхаар нь би запас авч өгөх гэж дэлгүүр орсон. Дараа нь АТМ орсон. Дараа нь картаа алга болгочихлоо, тэр хоёр эгч авсан байх гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Н.Н“...аав Надмидсүрэнгийн “Г” банкны картыг аваад “Оргил” худалдааны төв ороод талх болон дэвтэр авчхаад гэр лүүгээ гудамжаар өгсөөд явж байсан. 14-өөс 16 насны хоёр эгч гудамжаар уруудаж байгаад шууд над дээр ирээд ягаан куртиктэй надаас бага зэрэг өндөр үсээ хоер ороогоод боочихсон эгч надад “бие даалтаа хийх гэсэн чинь үзэгний запас дуусчихсан. 500 төгрөг байна уу” гэсэн. Тэгэхээр нь “байхгүй надад карт л байна би танд доошоо очоод аваад өгчихье” гэж хэлсэн. Тэгээд “за” гээд надтай хамт засмал замын баруун талд байрлах “Отгон” нэртэй дэлгүүр ороход запас байхгүй байсан Тэрний дараа замын зүүн талын “Оргил” супермаркет ороход запас байсан. Тэгээд авах гэсэн чинь “миний хэрэглэдэг запас биш байна, за эгчийн дүү тэр запас 32-т байдаг байхгүй юу. Эгчдээ АТМ-ээс 500 төгрөг аваад өгчих” гэсэн. Тэгсэн чинь “500 төгрөгөөр гардаггүй юм. 5000 төгрөгөөр авчих, дэлгүүрээс задлуулаад аниа нь 500 төгрөгийг авчихая” гэхээр нь би “за тэгье” гээд ягаан куртиктэй эгчид картаа өгсөн. Тэр богино саарал куртиктэй өндөр эгч нь надыг “ямар запас гэдгийг нь харуулья” гээд АТМ-ээс холдуулах гээд байсан. Тэгэхээр би дараа нь харья гээд АТМ-ын хажууд байгаад байсан. Тэгээд ягаан куртиктэй эгч намайг “кодоо хэлээрэй” гэхээр нь би “өөрөө хийчихье” гэж хэлсэн чинь “зүгээрээ аниадаа хэлчих” гэхээр нь аавынхаа картны кодыг хэлэхэд эхлээд үлдэгдэл мөнгийг нь шалгасан. Тэр үед 510.000 төгрөг байсан. Тэр эгч картаа авч байгаад дахин хийгээд 50.000 төгрөг гаргах гээд дарах гэж байхад нь би “5000 төгрөгний сонголт энэ байна” гээд би дарсан. Тэгээд АТМ-ээс 5000 төгрөг авсны дараа би картаа аваад куртикныхаа баруун талын халаасанд хийсэн. Тэгээд зам гарах гэж байхад ягаан куртиктэй эгч миний баруун талаас сугадаад зам гарсан. Тэгээд Отгон нэртэй дэлгүүр ороод задлуулах гэхэд задлахгүй гэсэн. Тэрний дараа нөгөө эгч нар “за за аниан дүү хэрэггүй" гээд 5000 төгрөгийг маань өгөөд явах гэж байхад нь би халаасандаа гараа хийгээд үзэхэд карт байхгүй байсан. Тэгээд би уйлаад тэр хоёр “хүлээж бай, миний карт байхгүй байна” гэсэн чинь тэр хоёр “өө яанаа, чи хаячихсан юм биш үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надтай хамт хайгаад өгөөч” гээд тэр хоёртой хамт зам гараад хайсан чинь АТМ дээр байхгүй байсан. Тэгээд бид гурав буцаад зам гараад саарал куриктэй эгч “Отгон” дэлгүүр лүү орж үзэхэд карт байхгүй байсан. Тэгээд ягаан куртиктэй эгч нь “аниагийн дүү гялс гүйгээд аавдаа очоод дансаа хаалга” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гялс гүйж ирээд аавдаа дансаа хаалга гэж хэлэх гэхэд манай аав өөдөөс гарч ирээд “яагаад 500.000 төгрөг данснаас гарчихваа гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй 5000 төгрөг авсан талаараа ярьсан...” гэх мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Өсвөр насны шүүгдэгч Х.А-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, хохирогч Р.Н-н өмчлөлийн эд хөрөнгө болох эд зүйлсийг нууцаар авч бусдын өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба шүүгдэгч нь гэмт хэрэгт холбогдох үедээ 14 нас 4 сар 13 хоногтой байсан болох нь нас тоолсон тэмдэглэлээр тогтоогдож байна.   

Иймд өсвөр насны шүүгдэгч Х.А-д Сүхбаатар дүүргийн Прокуророос  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна. 

Өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан  үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Арван дөрвөөс арван зургаан насны хүн энэ хуулийн тусгай ангийн...17.1 /Хулгайлах/ гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба яллагдагч Э.Энхсаруул нь гэмт хэрэг үйлдэх үедээ 13 нас 9 сар 9 хоногтой байсан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн прокурорын тогтоол үндэслэлтэй болохыг дурдав.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх өсвөр насны шүүгдэгч Х.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: “...Өсвөр насны шүүгдэгч Х.А-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулах саналыг,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамираас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкци нь 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Хамгийн доод хэмжээгээр 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү. Оногдуулсан шийтгэлийг 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар биечлэн эдлэх ялыг тогтоож уг ялыг Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хойшлуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж тус тус заасан байна.

Иймд шүүх өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагчийн санал, дүгнэлт, насанд хүрээгүй байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.А-д 6 сарын хугацаагаар оногдуулах хорих ялыг 2 дахин багасгаж,  3 сарын хугацаагаар хорих ялыг “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-д эдлүүлж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Р.Н-д хохирол төлбөрийг хүлээлгэн өгсөн байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Х.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Өсвөр насны шүүгдэгч Шалбаг овогт Х.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.А-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 3 /гурав/ сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Х.Ад 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 3 /гурав/ сарын хугацаагаар хойшлуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.А-гийн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Өсвөр насны шүүгдэгч Х.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Х.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН