Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Б.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч

Шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1  дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр                        

                

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, 26 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр баг,   оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд нь Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялаас чөлөөлсөн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүлйийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон, С овогт У.ын А  /РД: /-т холбогдох эрүүгийн 2220000770... тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.А  нь  2022 оны 06 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Н  дэлгүүрийн гаднах талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч Б.М , түүний эгч Ч.О  нартай маргалдаж байх үед нь дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч Ц.У , Б.Б  нар нь юу болсон талаар тодруулахад  “та нарт ямар хамаатай юм бэ” гэж дэд ахлагч Б.Б.ын цээжин тус газарт нь гараараа 1 удаа цохих, хөлний гуя хэсэг рүү нь өшиглөх, дэд ахлагч Ц.У.ын дүрэмт хувцасны мөрдөсийг хуулах, хантаазыг нь урах, энгэрийн камерийг нь газарт авч шидэх зэргээр эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.А.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2022 оны 06 сарын 01-нд хүүхэдтэйгээ уулзах гээд Замын-Үүд суманд ирсэн. 2-нд ангийнхантайгаа уулзсан. Энэ үеэр надтай хамт амьдарч байсан хүүхэн  над руу утасдаад байсан, мөн машин аваад алга болчихлоо гээд цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа ирээд амрыг эрье, юу болоод байгаа юм, хэлтэс дээр очьё гэхээр нь би гэм буруугүй учир явахгүй гэж хэлсэн. Тэгээд авч явна гээд бид зууралдсан,  нэг цагдаагийнх нь цээж рүү цохьсон, бас  өшиглөсөн, уруул хэсэгт нь цохигдсон байсан. Зууралдаад унаж байх явцад мөрдөс нь унаж, хантааз нь урагдсан юм билээ. Цагдаагийн шаардлагыг хүч хэрэглэж эсэргүүцсэнээ зөвшөөрч байна, тухайн үед миний буруу  байсан юм билээ. Гэм буруу дээрээ маргаан байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагаврыг ойлгож, мэдсэн байгаа. Хохирлын хувьд хантааз авч өгсөн,  мөн У.ын данс руу мөрдөсний үнэ 30,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Миний хувьд архи уухаараа ийм асуудалд орчихоод байгаагаа ойлгосон, архи уухгүй байгаа, дахиж ийм асуудалд орохгүй. Өмнөх шүүх хурал дээр цагдаагийн алба хаагчийн үйлдлээс миний биед гэмтэл учирсан эсэх асуудал яригдсан, энэ тал дээр ямар нэг маргаан байхгүй, миний өөрийн үйлдлээс болсон байна лээ” гэсэн мэдүүлэг

 

Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/

Цагдаагийн алба хаагчийн мөрдөс 1 ширхэг, шар өнгийн гэрэл ойлгогч  хантааз 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5/

IMG 10304, IMG1309 гэсэн файл бүхий  1 минут 57 секунтын, 28 секунтын  бичлэг агуулсан  1 ширхэг Сиди дискийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6/

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7/

 

Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/

 

Хохирогч Б.Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа ажилтай бөгөөд Цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарын дагуу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр жолооч цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Орой 20 цаг өнгөрч байх үед Б.М. гэх эмэгтэй цагдаагийн хэлтсийн байранд орж ирээд "манай нөхөр согтуу машин бариад хэдэн өдөр яваад байна, нөхрийгөө хайгаад олохгүй байнаа” тэгэхлээр нь “жижүүрийн ахлахтай орж уулзаарай" гэсэн юм. Түүнээс хойш дэд ахлагч Ц.У.ын хамт гадуур эргүүлд ..-.. HHH улсын дугаартай автомашинтай явж байсан чинь жижүүрээс нөгөө “Б.М  гэх хүний хайгаад байгаад машин нь Н  ийн гадаа байна" гэнээ гэхлээр нь Ц.У  бид 2 явж очсон чинь Б.М  гэх эмэгтэй мөн 1 эмэгтэй, У.А  нар байсан, бид 2 бууж очоод "за амрыг эрье юу болсон бэ?" гэсэн чинь У.А  нь "та нарт ямар хамаатай юм бэ?" гэж хэлээд гараа атгаж байгаад миний цээжин тус газарт 1 удаа цохисон, тэгэхлээр би 2 гарыг нь бариад авсан чинь доогуураа шууд миний баруун гуяруу өшиглөсөн, энэ үед дэд ахлагч Ц.У  гарыг нь барьж авах гэсэн чинь шууд мөрдөс, камер байгаа хэсэгрүү гараа явуулаад камерыг газар унагаагаад мөрдөсийг нь хуулаад хантаазыг нь урсан, тэгээд бид 2 түүнийг энэ мэтээр шаардлага эсэргүүцэж эрх чөлөөнд халдаад эхэлсэн болохоор нь гарыг гавлах гээд хэсэг зууралдсан, У.А  нь гавлуулахгүй гээд Ц.У.ыг мөргөчих шиг болсон, энэ мэтээр гавлуулахгүй, машинд суухгүй хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж бид 2-ийг газар унагаасан, мөн У.А  хамт унасан, бид 2-ийг хувцас битүү шороо тоос болж байгаад түүнийг гавласан. Тэгээд машинд суулгах гээд Ц.У бид хоёр У.А.ын 2 талд нь гараад машинруу явж байсан чинь У.А  нь шууд мөрөөрөө Ц.У.ыг түлхээд өөрөөсөө холдуулж байгаад Ц.У.ын цээжин тус газарт нь 1 удаа тийрч өшиглөх үед нь Ц.У  эргээд газарт унасан. Тэгээд түүнийг машинд суулгаад эрүүлжүүлэх байранд авчираад эрүүлжүүлэх байранд орж ирээд би хувцасныхаа шороог 00-ийн өрөөнд ороод арчихаад буцаад ороод ирсэн чинь түүний гавыг нь тайлчихсан байсан, эргэж надруу дайраад мөргөх гээд байсан би тухайн гараараа хаасан чинь доогуур миний өгзөг хэсэгрүү өшиглөсөн, тэгээд би гараад явсан. Тухайн үед дэд ахлагч Ц.У.ын энгэрт бол камер байсан боловч асааж ажиллуулж амжаагүй, У.А  нь шууд камерыг аваад шидсэн хуулаад хаячихсан, тухайн үед У.А.ын эхнэр гэх М , түүний эгч нь гэх нэг эмэгтэй бол харсан. Камерын бичлэг байхгүй Н  дэлгүүрийн камерыг очиж үзлэг хийж болсон асуудлыг харах гэсэн боловч бичлэг хийдэггүй юм байна лээ. Гэмтэл гэх зүйл бол мэдэгдэхгүй байгаа, хувцас хэрэглэл маш ихээр шороогоор бохирлогдсон, урагдсан гэмтсэн зүйл бол байхгүй, Ц.У.ын хувцас хантааз мөрдсийг нь бол урж гэмтээсэн байсан. Түүнийг Ц.У  бид 2 хэн хэн нь зодсон цохисон асуудал байхгүй, У.А  нь өөрөө шаардлага эсэргүүцэж, гавлуулахгүй гэж бид 2-ийн хувцасыг урж цохиж өшиглөсөн, тухайн үед У.А  нь тухайн үед шорт, фудволктой байсан гавлуулахгүй гэж шаардлага эсэргүүцэж байхдаа газар олон удаа хамт унасан тэр үедээ хөл гар нь шороон дээр халцарсан байх, У.А  өөрөө газар унаж гараа хөлөө зулгалсан түүнээс түүнийг зодож цохисон хүн байхгүй. У.А  нь тухайн үед "би цагдааг үздэггүй, нэг нэгээрээ үзье, та нарыг алнаа, эрүүл болж байгаад уулзъя" гээд байсан. Тодорхой хэмжээнд хэрэглэсэн байсан байх, их согтуу бол байгаагүй. У.А  нь бие бялдарын хөгжил сайтай, Ц.У  бид 2-т бол дийлдэхгүй маш хүчтэй эсэргүүцэж байсан. Хууль сахиулагчийн эсэргүүцэж эрх чөлөөнд нь халдсан тул хууль зааснаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн12/

Хохирогч Ц.У.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа ажилтай бөгөөд Цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр оройн эргүүлийн үүрэг гүйцэтгээд 21 цаг өнгөрч байх үед дэд ахлагч Б.Б.ын хамт гудамжинд үүрэг гүйцэтгэж байсан чинь зарлан мэдээлэл ирсэн, приус 30 маркийн тээврийн хэрэгсэлийг согтуу жолоочтой байж болзошгүй гэсэн шалга "Н " гэсэн мэдээллийг аваад яваад очсон чинь тухайн автомашины жолооны ард эмэгтэй хүн байсан, намайг жолоочийг шалгаж байх хугацаанд Б , А  нар уулзаж байсан тэгээд нэг харсан чинь А  нь Б.ын цээжин тус газарт нь гараараа цохиод, мөн өшиглөж байгаа харагдсан, тэгэхлээр нь би ойртож очоод 2 гарыг барих гэсэн чинь эсэргүүцээд шууд миний мөрдөс, камер байгаа хэсэгрүү зуурч аваад камерыг газар унагаагаад мөрдөсийг нь хуулаад хантаазыг урсан, тэгээд шаардлага эсэргүүцэж эрх чөлөөнд халдаад эхэлсэн болохоор нь түүнийг гавлах гээд нилээд удаан зууралдсан, У.А  гавлуулахгүй гээд уруулын зүүн талын хэсэгрүү мөргөсөн, тухайн үед зайлсан боловч уруулын дотор тал язарсан энэ мэтээр гавлуулахгүй, машинд суухгүй гээд тавьсан шаардлагыг эсэргүүцэж Б  бид хоёрыг газар унагаасан, У.А  хамт унасан, хувцас шороо тоос болж нилээд зууралдаж байгаад түүнийг нэг гавласан. Ингээд машинд суулгах гээд Б.Б  бид хоёр У.А.ын 2 талд нь гараад машинруу явж байсан чинь У.А  нь шууд мөрөөрөө намайг түлхээд өөрөөсөө холдуулж байгаад миний цээжин тус газарт нь 1 удаа тийрээд өшиглөх үед нь би газар унасан. Тэгээд түүнийг машинд суулгаад эрүүлжүүлэх байранд авчираад гавыг нь тайлчихсан чинь эргэж Б  руу дайраад мөргөх гээд байсан мөн Б.ын өгзөг хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тухайн үед миний энгэрт бол камер байсан боловч асааж ажиллуулж амжаагүй. У.А  нь камерыг аваад зулгаагаад хаячихсан, тухайн үед жолооч эмэгтэй, түүний дэргэд мөн нэг эмэгтэй хүн байсан. Камерын бичлэг хийгдээгүй Н  дэлгүүрийн камер бичлэгээ хадгалдаггүй юм байна лээ. Дээд уруулын дотор талд язарсан шархтай, хувцас хэрэглэл маш ихээр бохирлогдсон, миний хувцас, хантааз, мөрдсийг нь бол урж гэмтээсэн. Түүнийг бид 2 хэн хэн нь зодсон цохисон асуудал байхгүй, У.А  нь шаардлага эсэргүүцэж, гавлуулахгүй гэж бид 2-ийн хувцасыг урж мөргөж, цохиж тийрч өшиглөсөн У.А  нь тухайн үед шорт, фудволктой байсан гавлуулахгүй гэж шаардлага эсэргүүцэж байхдаа газар олон удаа хамт унасан түүнийг зодож цохисон хүн байхгүй. У.А  нь тухайн үед "би цагдааг үздэггүй, нэг нэгээрээ үзье, та нарыг бүгдийг чинь алнаа, надаар оролдсондоо харамснаа, алнаа гээд" гээд заналхийлж дайраад байсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

Гэрч Б.М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эгч бид 2 Н-ийн гадаа очсон чинь А  ирчихсэн зогсож байсан машинаас буугаад очсон чинь “эд хөрөнгөндөө шунасан шулам минь ямбийгаа аваад зайл" гээд машины түлхүүр шидсэн, тэгээд түлхүүрээ тонгойгоод авах хооронд О  эгч уурлаад “чи хүүхдийн машин тэрэг унаж явчихаад яахаараа дээрэлхээд элдвээр хэлээд байгаа юм бэ?" гээд тэд зөрүү буруу яриад зогсож байтал цагдаагийн машин ирээд цагдаагийн алба хаагч бууж ирээд "юу болсон бэ?" гэтэл У.А  нь буцаж ирээд "та нар цагдаа дуудаж энэ тэр тэгээд та нар яах юм бэ?" гээд У.А  нь цагдаагийн алба хаагчийн нэгийг нь эхлээд мөрөлсөн чинь цагдаа нар 2 талаас нь гарыг нь барих гэтэл У.А  нь эсэргүүцээд гавлуулахгүй гээд тэдэнтэй зууралдаад дээр доороо ороод ноцолдсон, шороо тоос бужигнаад харанхуй байсан тул би айгаад машиндаа ороод суучихсан юм, тэгтэл "М.аа” гээд бахирахаар нь машинаас буугаад очсон чинь түүнийг гавлаад машинд суулгасан, тухайн цагдаагийн алба хаагчид нь "биднийг дагаад яваарай"  гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь цагдаагийн нэг алба хаагчийнх нь хамарлуу нь мөргөсөн гэж цагдаагийн алба хаагчид хэлсэн, би мөргөхийг нь бол хараагүй, зуралдаж байх үед нь хэн нь яг яаж мөргөсөн эсэхийг сайн хараагүй....Гавлуулахгүй гээд л эсэргүүцээд байх шиг байсан, эсэргүүцэж байх явцдаа л нэг цагдаагийн алба хаагчийн биед халдсан байх гэж бодож байна, миний хувьд яг хэрхэн яаж халдсан эсэхийг нь хараагүй, сандраад машиндаа суучихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

            Хөрөнгийн үнэлгээний А  Х ХК-ний 2022 оны 06 сарын 07-ны өдрийн “ Цагдаагийн алба хаагчийн мөрдөс 1 ширхэг 30,000 төгрөг, шар өнгийн гэрэл ойлгогч хантааз 1 ширхэг 40,000 төгрөг “ гэсэн  ТХҮ-622/3894 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-29/

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “ 1.Ц.У.ын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Ц.У.ын биед дээд уруулын дотор салстанд язралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

5. Цаашид хохирогчийн  биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн  04/145 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “ 1.Б.Б.ын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Б.Б.ын биед зүүн бугуйны дотор талд зулгаралт, цээжний урд талд өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

5. Цаашид хохирогчийн  биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн  04/146 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/

2022 оны 06 сарын 02-ны өдрийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн  бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчдын  хуваарь, томилгоо /хх-ийн 55/

Шүүгдэгч У.А.ыг Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл мэдээлэл /хх-ийн 56/

Шүүгдэгч У.А  нь урьд нь ял шийтгүүлж байсан гэсэн  эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 62/

 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-70/

 

Шүүгдэгч У.А.ын .... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-йин 71/

 

Гэрч Г.Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2022 оны 06 сарын 02-ны өдөр Н  дэлгүүр дээрээ ажиллаж байсан. Орой 21 цагийн үед дэлгүүрийн  гадаа хүмүүс маргалдаад  байгаа бололтой чимээ гараад байхаар нь гарсан чинь гадаа  2 эмэгтэй хүн машинтай ирчихсэн байсан “машин унаад явлаа барьлаа” гэх мэт зүйлийн талаар яриад У.А.тай маргалдсан. Арай настай эгч эмэгтэй нь У.А.ыг чи жоохон хүүхэд байсан биздээ  гээд хэрэлдээд  байсан. Тэгтэл цагдаагийн машинтай 2 цагдаа машинаас бууж ирсэн. У.А  нь чи цагдаа дуудсан юм уу? гээд эмэгтэйг загнаж байсан. 2 цагдаа дөхөж очоод за одоо явъя гэж байгаа бололтой  байсан. У.А  нь явахгүй гээд эсэргүүцэж ноцолдоод  хувцас  хунараасаа зууралдаад  байсан. У.А  нь ер нь өөрөө эхэлсэн юм. У.А  нь эхлээд 1 цагдаагийн алба хаагчийг нь мөргөх шиг болсон. Машинд суулгах гэсэн  У.А  нь хөлөөрөө жийгээд суухгүй байсан. Тэр үед цагдаагийн 1 алба хаагч нь У.А.ын толгой руу  өшиглөсөн байх, тэгээд зууралдаж байгаад л машинд суулгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 196-197/

 

Гэрч Э.З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2022 оны 06 сарын 02-ны өдөр бол Н  дэлгүүрийн  2 давхарт амьдардаг байсан юм. Би муу ус асгах гээд гэрээсээ гараад дэлгүүрийн  үүдэнд явж байсан чинь хар өнгийн приус машин ирээд зогссон чинь жолооных нь араас  У.А  буугаад ирсэн, У.А.ыг би хараад шууд таньсан. У.А  намайг танихгүй, согтуу байсан. Тэгтэл дахин нэг машин ирээд  О  гэдэг эгч байсан тэр эмэгтэй У.А.аас түлхүүрээ авъя гэсэн чинь У.А  түлхүүрийг шидсэн чинь түлхүүр нь газар унасан. У.А  тухайн 2 эмэгтэйтэй хэрэлдээд өдөржин машин унаж явлаа, машин тэрэгний тухай яриад байсан чинь машинтай цагдаа нар хүрээд ирсэн нь цагдаа Ц.У , танихгүй цагдаа ирээд амрыг эрье гэсэн чинь  У.А  нь хэн цагдаа дуудсан юм гэж хэлээд Б  гэх цагдаагийн цээжин дундуур нь 1 удаа цохисон, тэгтэл цагдаа ямар нэгэн үйлдэл хийгээгүй, тэр үед хажуугаар  нь өнгөрч явсан танихгүй хүн төрийн албан хаагчийн биед хүрээд гэсэн чинь би яасан юм бэ гээд хашгирч байсан. Тэгээд цагдаа нар хэлэхдээ  чи машинд суугаад явчих, хэлтэс дээр очоод асуудлыг чинь шийдэж өгье гэсэн чинь У.А  нь явахгүй гээд эсэргүүцэж, 2 цагдаа доороо тонгорч унагаагаад,  нэгийг нь доороо хийхээр  нөгөө цагдаа нь татаж аваад  дээр доороо ороод байсан. У.А  нь тэр 2 цагдааг хэн хэнийг нь  доороо  хийж дахин тонгорч унагаагаад  2 цагдаа  бол У.А.ыг  дийлэхгүй байсан тэгээд дээр доороо орж  байгаад  арай гэж  машиндаа суулгаад  аваад явсан. Ер нь бол 2 цагдаагийн  алба хаагч У.А.ыг зодож цохиогүй, У.А  нь өөрөө эхлээд цагдааг цохиж, цагдаа  нар цагдаагийн хэлтэс дээр очиж байгаад асуудлыг шийдье гэхэд  машин суухгүй эсэргүүцэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 201/

 

Гэрч Ц.Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай гэр Э .-.. тоот буюу Н дэлгүүрээс баруун зүгт ойрхон байдаг юм, өдрийг нь бол сайн санахгүй байна тэр үед л байх гадаа гэгээ тасарч байх үед би Н  дэлгүүр орох гээд явж байсан чинь Н  дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талд нь 2 цагдаа У.А.ын гарыг нь өчих гээд зууралдаж байгаад А.ыг хагас доошоо суулгачихсан, нэг хөл нь өвдөг дээрээ нэг хөл нь хагас суусан байдалтай 2 гарыг нь гавлах гээд байсан, нэг цагдаа нь У.А.ын баруун талын мөр рүү 1 удаа өшиглөж байсан, тэр 2 цагдааг танихгүй, хэн нь өшиглөсөн, хэн нь дарж байсныг нь мэдэхгүй танихгүй болохоор ялгаж хэлж мэдэхгүй, тэднийг яг ямар хувцастай байсныг ялгаж хэлж мэдэхгүй, ямар ч байсан цагдаагийн хувцастай байсан, тэгэхээр нь "би хөөе болиоч, авч явах гэж байгаа бол аятайхан авч яваач" гэж хэлчихээд дэлгүүр рүү орчихоод дэлгүүрээс шампунь аваад буцаад гараад ирсэн чинь тэд явчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 204/

2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 219/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.А нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Н  дэлгүүрийн гаднах талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч Б.М , түүний эгч Ч.О  нартай маргалдаж байх үед нь дуудлагаар ирсэн тус сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.У , дэд ахлагч Б.Б  нар нь “амрыг эрье, юу болсон бэ” гэхэд  “та нарт ямар хамаатай юм бэ” гэж үг сөрж, цагдаагийн хэлтэс рүү авч явах гэхэд нь дэд ахлагч Б.Б.ын цээжин тус газарт нь гараараа 1 удаа цохих, хөлний гуя хэсэг рүү нь өшиглөх зэргээр эсэргүүцэж, улмаар цагдаагийн алба хаагч нарт гавлуулахгүй гэж тэдэнтэй зууралдаж, газарт унах үедээ дэд ахлагч Ц.У.ын уруул хэсэгт мөргөсөн, түүний дүрэмт хувцасны мөрдөсийг хуулах, хантаазыг нь урах, энгэрийн камерийг нь газарт авч шидэх зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь  холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгч У.А  нь  хохирогч Б.Б.ын цээжин тус газарт нь гараараа 1 удаа цохих, хөлний гуя хэсэг рүү нь өшиглөсөн,  Ц.У.ын нүүрэн тус газар мөргөж, эрүүл мэндэд гэмтэл учруулсан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилоход Б.Б.ын биед зүүн бугуйны дотор талд зулгаралт, цээжний урд талд өнгөц зулгаралт гэмтлүүд, Ц.У.ын биед дээд уруулын дотор салстанд язралт гэмтэл тогтоогдсон боловч энэ нь “ Гэмтлийн  зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй “ гэсэн  дүгнэлт гарсан байна.

Шүүгдэгч нь хэдийгээр хохирогч Б.Б , Ц.У нарын биед Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтэл учруулаагүй боловч Б.Б.ын биед зүүн бугуйны дотор талд зулгаралт, цээжний урд талд өнгөц зулгаралт гэмтлүүд, Ц.У.ын биед дээд уруулын дотор салстанд язралт гэмтэл учруулсан,  хохирогч Ц.У.ын дүрэмт хувцсыг урсан нөхцөл байдал нь хүч хэрэглэсэн гэж үзэх юм.

 

Шүүгдэгч У.А.ын дээрх үйлдэл буюу хууль сахиулах үүргээ биелүүлж явсан алба хаагч нарыг дуудлагын дагуу очиж, юу болсон талаар тодруулахад “та нарт ямар хамаатай юм” гэх үгээр эсэргүүцэл үзүүлж, цагдаагийн хэлтэс рүү авч явж болсон асуудлыг шалгана гэсэн шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдаж, зодсон, хүч хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч У.А. нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн  өгсөн мэдүүлэг болон хохирогч Б.Б , Ц.У  нарын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн мэдүүлэг, гэрч Б.М , Г.Б , Э.З , Ц.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 04/145, 04/146 тоот дүгнэлт зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч У.А.ын үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн хантааз биет байдлаар өгсөн, мөрдөсний 30,000 төгрөгийг Ц.У.ын дансаар шилжүүлсэн, хохирогч нар нэхэмжилсэн зүйлгүй болох нь тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч У.А  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдаагийн албан хаагчийн  мөрдөс 1 ширхэг, шар өнгийн гэрэл ойлгогч хантааз  1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг сиди дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  С  овогт У.ын А  /РД: / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч У.ын А.ыг  2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун  мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч У.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүйг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, цагдаагийн албан хаагчийн  мөрдөс 1 ширхэг, шар өнгийн гэрэл ойлгогч хантааз  1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар У.А.т оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч У.А  нь 2,700,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.А.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.Ц