Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0066

 

 

 

 

 

 

 

                               

 

 

 

“ИҮ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х

Гомдол гаргагч: “ИҮ” ХХК

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 733 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн өмгөөлөгч З.Б, хариуцагч Б.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2024/0287/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “ИҮ” ХХК-аас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдуулан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн  2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0079868 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 733 дугаар шийдвэрээр “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.2, 12.3.3, 12.3.4, 12.3.5, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “ИҮ” ХХК-аас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн  2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0079868 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. “МБ хөгжлийн сан нь “Ц” барааны тэмдгийг 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноотойгоор бүртгүүлж Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрийн 14, 16, 25, 28, 30, 32, 41 ангилал, 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн анхдагч огноотойгоор Ниццийн хэлэлцээрийн 1-14 ангилалд бүртгүүлсэн. Харин манай “ИҮ” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноотойгоор улсын бүртгэлийн 40-0028531 дугаартай “Ц” барааны тэмдгийг Ниццийн хэлэлцээрийн 1, 21, 29, 42 ангилалд эрхийн хамгаалалт хийлгэж бүртгүүлэн авсан байдаг. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 12.2-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн хэлбэр болон бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ” гэж зохицуулсан.

            МБХ сангийн 40-0027804 улсын бүртгэлийн дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн анхдагч огноотой “Ц” барааны тэмдэг болон “ИҮ” ХХК-ийн 40-0027804 улсын бүртгэлийн дугаартай, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноотой “Ц” барааны тэмдгүүд нь Ниццийн 42 ангилалд давхацдаг бөгөөд МБХ сангийн бусад барааны тэмдгүүдтэй бараа, үйлчилгээний ангилалд давхацдаггүй.

            Ниццийн 42 ангилалд давхцаж байгаа барааны тэмдгийн хувьд “ИҮ” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр буюу МБХ сангаас 3 сарын өмнө анхдагч огноотойгоор бүртгүүлэн авсан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж зохицуулсан. “ИҮ” ХХК-д МБХ сангаас өмнө барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх үүссэн тул МБХ сангийн барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүх МБХ сангийн барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            3.2. Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-д барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй байхаар зохицуулсан. Тус зүйлд заасан “хэрэглэгчийг төөрөгдөлө оруулж болзошгүй” гэдэг нь маргаан бүхий барааны тэмдгийг төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэж буйгаас хэрэглэгчид “ИҮ” ХХК-ын бараа болон МБХ сан ТББ-ын бараа, үйлчилгээг андуурах, хооронд нь ялгах боломжгүй байх тохиолдлыг ойлгоно.

            Дээрх тохиолдолд гомдол гаргасан МБХ сан болон манай “ИҮ” ХХК нар нь ижил төрлийн бараа үйлчилгээ зах зээлд нийлүүлдэггүй мөн бараа, үйлчилгээний чанар болон гарал үүсэл бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан зүйлгүй, хэрэглэгч төөрөгдөлд орсон талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байдаг.

            Мөн энэхүү маргааны зүйл нь Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0079868 дугаар шийтгэлийн хуудас юм. Иймд анхан шатны шүүхээс шийтгэлийн хуудсыг ногдуулсан нь материаллаг болон процессын шаардлагад нийцэж буй эсэхийг тогтоох шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн таслан зогсоохыг шаардах эрхийн тухай дүгнэлт хийсэн мөн хэрэглэгчийг  төөрөгдөлд оруулсан гэдэг нөхцөлийг тайлбарлаагүй байдаг. Тухайн нөхцөлд “ИҮ” ХХК нь маргаан бүхий барааны тэмдгийн эзэмшигч гэдгийг анхааралгүй шийдвэрлэж хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн.

            3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж зохицуулсан.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийн зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            2. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ““Ц” барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гурван мянган нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч “ИҮ” ХХК-аас эс зөвшөөрч “... МБХ сан сангийн барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг ямар нэгэн байдлаар зөрчсөн зүйл байхгүй. Учир нь “ИҮ” ХХК, МБХ сан сангийн барааны тэмдгүүд нь өөр өөр бараа, үйлчилгээний ангилалд хэрэглэхээр бүртгэгдсэн байгаа” гэх үндэслэлээр “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн  2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0079868 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            3. Бараа тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, 12.3-д “Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ”, 12.3.1-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх”, 12.3.2-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах”, 12.3.3-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад шилжүүлэх”, 12.3.4-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 12.3.5-д “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 12.3.6-д “энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах” гэж тус тус заажээ.

            4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд МБ хөгжлийн сан нь 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноогоор 14388 улсын бүртгэлийн дугаараар “Ц” барааны тэмдгийн “14-гарын бугуйвч, хүүхдийн бугуйн цаг, ханын цаг, 16-дэвтэр, номын хавчуур, үзэг, бал, үлгэрийн ном, түлхүүрийн оосор, 25-Богино ханцуйтай цамц, подволк, үүрдэг цүнх, уут, малгай, 28-Зөөлөн тоглоом, модон сувинер, 30-Жигнэмэг, чипс, зайрмаг, 32-Соруултай жүүс ундаа, цэвэр ус, 41-Балетын тоглолт, бүжгэн жүжиг, телевизийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино, наадар стикерүүд, түлхүүрийн оосор, нойтон салфетка гар утасны нүүр нуудас /wallpaper/ хөдөлгөөнт дүрс зурагнууд” ангилалд хар өнгөөр Ц хэмээн бичсэн үгэн илэрхийллээр бүртгүүлсэн байна.

            5. Мөн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн анхдагч огноогоор 24040 дугаар улсын бүртгэлийн дугаараар барааны тэмдгийн “6-үзэг харандааны сав, 16-хэвлэл, тасалбар, үзэг, хэвлэл, сэтгүүл /тогтмол хэвлэл/, зурагт ном, цаасан эсвэл хатуу цаасан хаяг, 20-Зурагт хуудасны модон эсхүл хуванцар самбар, 25-Дасгалын хувцас, бэлэн хувцас, 26-Бэлэг бооход зориулсан тууз болон бүч, цаасан бус, 28-ширээний тоглоом, тоглоом, 35-Хэвлэл мэдээллийн харилцааны үйлчилгээ, зарлал, зурагт хуудас наах, бизнесийн мэдээллийг цахим хуудсаар хангах, цахим хуудсаар үнийн зохицуулалт хийх, сурталчилгаа ба худалдааны зорилгоор цахим лавлагааг бүрдүүлэх, 41-Цахим ном болон сэтгүүлийн онлайн хэвлэл, радио телевизийн нэвтрүүлэг хийх, соёлын болон боловсролын зорилгоор үзэсгэлэн зохион байгуулах, театрын бүтээл, жүжгийн тасалбар захиалах” ангилалд цэнхэр дэвсгэр дээр Ц үгийг угалзлуулан бичсэн мөн 2 буга, хонх, цасан ширхэг дүрсэлсэн үг болон дүрсний хосолмол илэрхийллээр бүртгүүлсэн байна.

            6. Харин гомдол гаргагч “ИҮ” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноогоор “Ц” бүтээгдэхүүний загварын патентийг улсын бүртгэлийн 30-0003439 дугаарт бүртгүүлсэн, улсын бүртгэлийн 38531 дугаарт “үр тарианы боловсруулалтаас гарсан үйлдвэрийн зориулалттай бүтээгдэхүүн, 21-Шаазан эсхүл шилэн аяга, 29-Боловсруулсан самар, хүнсний зориулалттай хүнсний чөмөг, 42- Эх загвар зохион бүтээх” барааны тэмдгийн ангилалд Ц гэх үгийн Ө үсгийн оронд самрын боргоцойн дүрс болон үсгийн нийлэмжээр илэрхийлсэн хар өнгийн бичиглэл бүхий үг, дүрсний хосолмол илэрхийллээр бүртгүүлсэн байна.

            7. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараах зүйлийг бараан тэмдэгт тооцохгүй”, 5.1.1-д “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал”, 5.1.2-т “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” гэж тус тус заасан байна.

            Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ялгагдах шинж чанар агуулаагүй үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо зэрэг нь барааны тэмдэгт тооцогдохгүй байхаар хуульд тусгайлан заасан байна.

            8. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “ИҮ” ХХК нь “Ц” үгийг боргоцойн дүрс болон үсгийн нийлэмжээр илэрхийлсэн хар өнгийн бичиглэл бүхий үг, дүрсний хосолмол илэрхийллээр бүртгүүлсэн нь гуравдагч этгээдийн хар өнгөөр Ц хэмээн бичсэн үгэн илэрхийллээр бүртгүүлсэн болон Ц үгийг угалзлуулан бичсэн мөн 2 буга, хонх, цасан ширхэг дүрсэлсэн үг болон дүрсний хосолмол илэрхийллээр бүртгүүлсэн барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэй гэж үзэхээргүй байх тул “ИҮ” ХХК-ийн “Ц” гэх үгийг боргоцойн дүрс болон үсгийн нийлэмжээр илэрхийлж, самар худалдан борлуулахад ашигласныг  Бараа тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.5-д “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах” гэж заасанд хамаарна гэж үзэхээргүй, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах байдалд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

9. Түүнчлэн “Ц” гэх үг болон үсэг нь  дээрх хуульд зааснаар дангаараа барааны тэмдэгтэд тооцогдож хамгаалагдахгүй, бусад этгээд хэрэглэхийг хориглох боломжгүй байна.

            10. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"барааны тэмдэг" гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” гэж зааснаар гуравдагч этгээд МБ хөгжлийн сангийн эзэмшиж буй дээрх барааны тэмдэг нь үг, дүрс, өнгөний хосолмол байдлаар илэрхийлэгдэж байх бөгөөд “ИҮ” ХХК нь тухайн барааны тэмдгүүдийг шууд хэрэглэсэн, ашигласан, төсөөтэй барааны тэмдгийг ашиглаж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэж үзэхээргүй байхад хариуцагч зөрчилд тооцсон нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.5-д “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно” 13.1.1-д “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол”, 13.1.4-т “барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол” гэж заасныг зөрчжээ.

            11. Өөрөөр хэлбэл “Ц” гэх барааны тэмдгийг “ИҮ” ХХК нь  2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноогоор бүртгүүлж, хүчин төгөлдөр бүртгэлтэй уг барааны тэмдгийг ашигласан нь зөрчилд тооцогдохгүй, хууль тогтоомжоор тухайн үйлчилгээг тайлбарласан үг дангаар барааны тэмдэгт тооцогдохгүй, эрхийн хамгаалалт үүсгэхгүй, мөн “Ц” гэх үгийг боргоцойн дүрс болон үсгийн нийлэмжээр илэрхийлсэн нь МБХ сан”-ийн эзэмшиж буй “Ц” үгэн илэрхийлэл бүхий барааны тэмдгээс өөр, уг барааны тэмдгийг ашиглан самар худалдан борлуулсан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэж үзэхээргүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

            12. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “МБХ сан болон манай “ИҮ” ХХК нар нь ижил төрлийн бараа үйлчилгээ зах зээлд нийлүүлдэггүй мөн бараа, үйлчилгээний чанар болон гарал үүсэл бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан зүйлгүй, хэрэглэгч төөрөгдөлд орсон талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй” гэх гомдол үндэслэлтэй байна.

            Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.          

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 733 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч “ИҮ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0079868 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгож, гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

   ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

   ШҮҮГЧ                                                                    С.МӨНХЖАРГАЛ

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ