Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2016/00094/Э |
Дугаар | 00097 |
Огноо | 2016-12-12 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 00097
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн С.Эрдэнэбаярд холбогдох 201618020223 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1988 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, 96 дугаар байрны 3 дугаар орц, ¹ 68 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Гал түймэр унтраах аврах 19 дүгээр ангид гал сөнөөгч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сундуйн Эрдэнэбаяр. /РД:МИ88040619/
Шүүгдэгч С.Эрдэнэбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 9 дүгээр байрны гадна иргэн Г.Бадраатай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүнийг цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эрдэнэбаярын өгсөн ..... 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд Г.Бадраатай Аз хүнсний дэлгүүрийн ард таарсан. Тухайн үед би Мөнхбаясгалан, Батхүү, Ганбат гэсэн 3 найзынхаа хамт архи ууж байсан юм. Мөнхбаясгалан Бадрааг таньдаг тул Бадраа тэр хоёр уулзаад Бадраа нэг шил архи аваад машинд орж ирж суусан. Тэр архийг нь ууж дуусахад Бадраа дахин нэг шил архи авсан. Тэр архийг нь ууж дуусаад Спиртийн 9 дүгээр байранд байдаг гэрт нь Бадрааг хүргэж өгөхөөр орцонд нь оруулах гэхэд орохгүй өөдөөс та нар миний авч өгсөн архийг уучаад намайг хаяж явах гэлээ гээд агсраад миний куртикийг ураад намайг цохихоор нь би зөрүүлээд Бадраагийн нүүр лүү нь нэг удаа цохиод тонгойхоор нь нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Бадраа нүүрээ дараад орц руугаа орохоор нь бид нар яваад өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Г.Бадраагийн хэрэг бүртгэлтэд өгсөн…. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би замын хойноос точикийн байрны харалдаа төмөр зам даваад урагшаа гэр лүү харихаар явсан. Замдаа аз хүнсний дэлгүүрийн хашааны ард миний таньдаг Онцгой байдлын албанд ажилладаг Баясаа гэх залуу хар өнгийн тоёота аллион маркийн машин дотор хамт ажилладаг 3 хүний хамт архи ууж байсан. Би тэд нартай таараад машинд нь суугаад хамт архи уусан. Тэгээд тэд нартай танилцаад би Хишиг ДБ дэлгүүрээс нэг шил 0.75 граммын Хараа архи авч арын хуучин мөсөн котокын арын мухар гудамж руу орж нөгөө архиа хувааж уусан. Тэр үед бас Онцгойд ажилладаг нэг залуу микро машинтай ирээд бид нар тэр машин руу шилжиж суусан. Харин нөгөө аллион машинтай залуу яваад өгсөн. Авсан архиа ууж дуусгаад би дахиад Наран хүнсний дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Хараа архи аваад бид нар микро машинтайгаа манай байрны гадаа ирээд машин дотроо уусан. Тухайн үед би нилээн согтоод тасарсан байсан. Уг нь маргаан болоогүй шиг л санаж байна. Яагаад ч юм нэг мэдэхэд манай байрны орцны үүдэнд Эрдэнэбаяр гэх залуу миний нүүр лүү цохисон. Яг юугаар цохисныг мэдэхгүй байна. Би цохиулаад сэргэсэн. Тэгээд тэд нар машиндаа суугаад яваад өгсөн…. Одоогоор миний бие ямар нэгэн гомдол санал байхгүй. Эрдэнэбаяраас нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 10 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 238..... Дүгнэлт
1.Бадраагийн биед тархи доргилт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 12 дугаар хуудас/
С.Эрдэнэбаяр нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 23 дугаар хуудас/
Хохирогч Г.Бадраагийн тус шүүхэд гаргасан гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч Шүүгдэгч С.Эрдэнэбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 9 дүгээр байрны гадна иргэн Г.Бадраатай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүнийг цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Эрдэнэбаярын хохирогч Г.Бадраагийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тодорхой сэдэлттэй буюу миний авч өгсөн архийг уучаад намайг хаяж явах гэлээ гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба Г.Бадраагийн биед тархи доргилт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл учирсан, энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Харин шүүгдэгч С.Эрдэнэбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээ бичгээр гаргаж тус шүүхэд ирүүлсэн ба энэхүү хүсэлтээ хэрэг бүртгэлтэд тодорхой мэдүүлсэн байх тул С.Эрдэнэбаярд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Эрдэнэбаярд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сундуйн Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Эрдэнэбаярд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Эрдэнэбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эдмөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. С.Эрдэнэбаярд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б. ХЭРЛЭН.