Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, улсын яллагч Ц.Сайнзаяа, хохирогч А.О, шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105 01889 1512 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Б.Б, 1998 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нэхмэл технологийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, ах, эгч, дүү нарын хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар: ***, урьд:

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар хорих ял,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 691 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Б  нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зогсоолд Д.С-ыг тээврийн хэрэгсэл сууж байхад нь хагарсан шил тулган хүч хэрэглэхээр заналхийлж довтлон, түүний эзэмшлийн 835,000 төгрөгийн үнэ бүхий Samsung Galaxy А71 загварын гар утсыг хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Үргэлжилсэн үйлдлээр:

2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод Ч.Э-ээс “гар утсаар нь ярьчхаад өгье” гэж хэлж гарт нь байсан 170,000 төгрөгийн үнэ бүхий Huawei Y-6 загварын гар утсыг,

2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гудамжинд Ц.Ж-аас түүний найз А.Н-ын эзэмшлийн 320,000 төгрөгийн үнэ бүхий Redmi note 8 загварын гар утсыг,

2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байрлах нийтийн байранд байх үед нь Ө.Б-аас “ярьчхаад өгье” гэж түүний эзэмшлийн 320,000 төгрөгийн үнэ бүхий IPhone 6 Plus загварын гар утсыг,

2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** гэх нэртэй зочид буудалд үйлчлүүлж байх үед нь Б.Б-аас “утсаа өгч байгаач, эгчтэйгээ яриад өгье” гэж түүний эзэмшлийн 380,000 төгрөгийн үнэ бүхий Redmi note 8 загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч:

2021 оны 09 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод орших А.О-ийн монгол гэрээс 2 ширхэг мөнгөн толь, 2 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг жижиг мөнгөн аяга, 1 ширхэг саарал судалтай чүнчүгноров хөөрөг зэрэг 3,670,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод орших Р.Б-ын гэрээс 10,000,000 төгрөгийн үнэ бүхий шүрэн толгойтой, хаш чулуун хөөргийг,

2021 оны 09 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод үйл ажиллагаа явуулдаг С.М-ийн эзэмшлийн А хүнсний дэлгүүрээс 740,000 төгрөгийн гар утасны нэгж, архи, тамхи, бэлэн 340,000 төгрөг, нийт 1,080,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

Үргэлжилсэн үйлдлээр:

2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлуулсан байсан Ц.Д-гийн эзэмшлийн *** УБЕ улсын дугаартай Хьюндай Верна маркийн тээврийн хэрэгслийг,

2021 оны 09 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б зочид буудлын гадна автомашины зогсоол дээр байрлуулсан байсан С.Г-ын эзэмшлийн *** УБИ улсын дугаартай Тоёота королла загварын автомашиныг тус тус завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн 2021 оны 05 дугаар 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байх үед нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С Ж Ч-ийг “Зулын тос зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2,024,000 төгрөгийг иргэн Н.У-ийн ХААН банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч, Б овгийн Б.Б-т холбогдох дараах үйл баримтууд буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов. Үүнд:

Үйл баримт 1: 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зогсоолд хохирогч Д.С-ыг тээврийн хэрэгсэлдээ сууж байхад нь хагарсан шил тулган хүч хэрэглэн довтолж, түүний 835,000 төгрөгийн үнэтэй “Samsung Galaxy А71” загварын гар утсыг хүч хэрэглэн, илээр, хууль бусаар авч явсан;

Үйл барим 2: 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод “...гар утсаар нь ярьчхаад өгье...” гээд хохирогч Ч.Э-ийн 170,000 төгрөгийн үнэтэй “Huawei Y-6” загварын гар утсыг нь,

- 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гудамжинд хохирогч Ц.Ж-т хашаа давахад нь тусалж байхдаа халаасанд нь байсан хохирогчийн найз А.Н-ын 320,000 төгрөгийн үнэтэй “Redmi Note-8” загварын гар утсыг нь,

- 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байрлах нийтийн байранд “...утсаар чинь ярьчхаад өгье...” гээд хохирогч Ө.Б-ын 320,000 төгрөгийн үнэтэй “IPhone 6 Plus” загварын гар утсыг нь,

- 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудалд үйлчлүүлж байх үедээ “...утсаа өгч байгаач, эгчтэйгээ ярьчхаад өгье...” гээд хохирогч Б.Б-ын 380,000 төгрөгийн үнэтэй “Redmi note 8” загварын гар утсыг нь тус тус хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч явсан;

Үйл баримт 3: 2021 оны 09 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байх хохирогч А.О-ийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, хоёр ширхэг мөнгөн толь, хоёр ширхэг их гарын мөнгөн аяга, нэг ширхэг дунд гарын мөнгөн аяга, дөрвөн ширхэг жижиг мөнгөн аяга, нэг ширхэг саарал судалтай чүнчүгноров хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,670,000.0 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байх Р.Б-ын гэрт хууль бусаар нэвтэрч, шүрэн толгойтой, нэг ширхэг хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан;

Үйл баримт 4: 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоот хашааны гадна байрлуулсан байсан хохирогч Ц.Д-гийн эзэмшлийн *** УБЕ улсын дугаартай “Hyundai Verna” маркийн тээврийн хэрэгслийг нь,

- 2021 оны 09 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б нэртэй зочид буудлын гадна автомашины зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч С.Г-ын эзэмшлийн *** УБИ улсын дугаартай “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгслийг нь тус тус завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан;

Үйл баримт 5: 2021 оны 05 дугаар 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод “Зулын тос зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Н.У-ийн ХААН банкны *** дугаарын дансаар дамжуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С Ж Ч-гээс 2,024,000.0 төгрөг шилжүүлэн авсан байна.

Харин шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.М-ийн эзэмшлийн А нэртэй хүнсний дэлгүүрээс 740,000 төгрөгийн гар утасны нэгж, архи, тамхи, бэлэн 340,000 төгрөг, нийт 1,080,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан гэх үйл баримт шүүх хуралдаанд шинжлэн судалсан дүрс бичлэгээр няцаан үгүйсгэгдсэн бөгөөд тэрээр энэ хэргийг үйлдсэн болохыг нотолсон өөр нотлох баримт шинжлэн судлагдаагүй болно.

1.2.      Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний хувьд гэм буруугийн талаар ерөнхийдөө маргахгүй байна. Гэхдээ А хүнсний дэлгүүрт орсон гэх үйлдлийн хувьд мөрдөгч намайг “...ийм нэг үйлдэл байгаа. Үүнийг чи авчих. Энэ дэлгүүрээс архи, ундаа алга болсон байна. Мөрдөгч надад “их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий гэдэг, би чамайг батлан даалтад гаргаад, дүүрэг болгонд байгаа хэрэг дээр чинь цагдан хорихгүй...” гэж хэлсэн. Тэгээд би бүх хэргийг хүлээсэн. Гэтэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирэхэд намайг цагдан хорьсон юм. Иймд А гэх дэлгүүрийн камерын бичлэгийг судалж, энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү... Би хорих ангиас суллагдаж гарахдаа засрал хүмүүжлээ олж, бүх зүйлийг ойлгосон. Гэхдээ нэг зүйл дутуу ойлгоод гарсан гэдгээ мэдсэн. Би сэтгэл зүйн гутралаа засаж чадахгүй, согтууруулах ундаа их хэрэглэж яваад, согтуурсныхаа улмаас дахин ийм хэргүүд хийсэндээ харамсаж байна. Иймд сэтгэл зүйн байдлаа засах, шантрахгүй байх талаар сурах хэрэгтэй, бас хөдөлмөр эрхлээд олсон мөнгө зөв байдаг гэдгийг ойлгосон. Надад хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэж мэдүүлэв.

Хохирогч А.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...надад гурван сая гаруй төгрөгийн хохирол учирсан. Шүрэн эрхний үнэлгээ орвол хохирол нэмэгдэнэ. Би анх мэдүүлэг өгөхдөө шүрэн эрхээ алга болсон гэдгийг мэдээгүй байсан. Сүүлд нь мэдүүлэг өгөхдөө нэмэлтээр мэдүүлсэн. Шүрэн эрхний талаар мэдүүлэгт дутуу бичигдсэн, хэрэг гарснаас хойш 1, 2 хоногийн дараа шүрэн эрх алга болсон байгааг мэдэн, анх байцаагч Ц гэх хүнд мэдүүлэг өгөхдөө хэлэхэд ойлголоо гэсэн мөртөө шийдэж өгөөгүй орхисон. Үнэт эдлэлийг Б.Б-аас авсан гэх хүнтэй байцаагч уулзсан гэсэн. Тэгээд шүрэн эрх байхгүй байна, та угаасаа цагдаа дээр ирээд байх шаардлагагүй гэж надад хэлсэн... Шүрэн эрх маань улаан өнгийн энгийн утсаар хэлхсэн, улаан өнгөтэй, хар судалтай 32 ширхэг шүр байсан, 1 ширхэг шүрний хэмжээ өргөн нь 2 см, урт нь 2 см, бөөрөнхий хэлбэртэй, мөлгөр, том жижиг шүрнүүд байсан. Иймд би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. ...Энэ эрх бол миний шүрэн эрх биш байна /нотлох баримт судлах үед шүрэн эрхний гэрэл зургийг харуулах үед/ учир нь, хэлбэр болон хэмжээ зөрүүтэй байгаа болохоор би таньж байна...”  гэж мэдүүлэв.

Яллах тал: Улсын яллагч нь шүүгдэгч Б.Б-ын гэм бурууг шүүхийн өмнө нотлох байр суурьтай төрийн нэрийн өмнөөс оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1-рт: хохирогч Д.С-д хүч хэрэглэхээр заналхийлж довтлон, түүний эзэмшлийн 835,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хууль бусаар авсан гэмт хэргийг

-Хохирогч Д.С-ын “...2021 оны 09 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто зогсоолд машин дотор сууж байхад үл таних хүзүүндээ шивээстэй залуу ирээд утсаа өг гэж хагарсан шил тулгаж, миний цэнхэр өнгийн Samsung Galaxy A71 загварын гар утсыг дээрэмдэж авч явсан. Эхлээд надаас “30,000 төгрөг байна уу, өгчих” гэхэд нь “байхгүй, би АТМ-аас аваад өгье” гэхэд “үгүй, за тэгвэл гар утсаа өг” гэж хэлээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг  (1-р хавтаст хэргийн 24-27 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч Г.Д-ий “...2021 оны 09 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй ломбард ажиллуулж байх үед гаднаас эхлээд 20-25 орчим насны эрэгтэй хүн утас тавья гэж орж ирэхэд нь би бичиг баримт нэхэхэд “өө надад байхгүй байна. Үүдэнд манай ах зогсож байгаа. Ахынхаа бичиг баримтаас тавья гэж хэлээд гарч яваад удалгүй 30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд өөрийн бичиг баримтаа үзүүлээд тухайн цэнхэр өнгийн Samsung Galaxy A71 загварын гар утсыг 200,000 төгрөгт манай ломбардад тавиад гараад явсан. Түрүүлж орж ирсэн залуу нь 20-25 орчим насны хүзүүн дээрээ шивээстэй байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг  (1-р хавтаст хэргийн 31-35 дахь тал),

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 4-6 дахь тал),

-Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БГ1-21-283 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 54-55 дахь тал),

-Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (1-р хавтаст хэргийн 8 дахь тал),

-Эд зүйл хурааж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 9 дэх тал),

-Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 10 дахь тал),

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 13-16 дахь тал) зэрэг баримтуудаар;

2-рт: хохирогч Ч.Э-ийн эзэмшлийн 170,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан гэмт хэргийг

-Хохирогч Ч.Э-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байрлах төрсөн дүүгийн хүү болох У-ын гэрт 2 настай охиныг нь хараад байж байсан. Манай дүү У бөө бөгөөд саяхнаас түүний түшээ хийж эхэлсэн зүс таних залуу өдөр 14 цагийн үед орж ирээд “У ах намайг гутал аваад ир гэсэн” гэж хэлээд шкафын хойд талыг ухаж байгаад “байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд “У ах бас мөнгөн аяганууд аваад ир, томруулах гэж байгаа гэж хэлсэн” гэхээр нь би “хаана байгааг нь мэдэхгүй байна. Чи өөртэй нь ярь” гэж хэлэхэд миний утсыг асуугаад, нэг яриад өгье гэхээр нь би утсаа өгсөн. Тэгтэл цааш харж байгаад залгах шиг болоод чихэндээ барьсан. Тэр үед харахад миний утасны дэлгэцийн зураг нь харагдаад утсаар хүнтэй огт яриагүй, худлаа чихэн дээрээ бариад юм яриад байсан. Тэгээд би “чи буруу залгаад байгаа юм биш үү” гэж хэлээд утсаа аваад, “би өөрөө залгаж асууя” гэж хэлэхэд “би өөрөө ярьчихна” гэж хэлээд миний гарт байсан утсыг аваад гараад гүйсэн. Миний алдсан гар утас Huawei Y6 загварын гар утас байсан...Манай дүүгийн хүү бөө бөгөөд тухайн залуу 1 сарын өмнөөс түшээ хийж У-ын гэрт амьдардаг байсан. Уг залуу 160-165 см өндөртэй, бүлтгэр алаг нүдтэй, хар өнгийн халимаг үстэй, бор шаргал царайтай, хар өнгийн биеийн тамирын өмд цамцтай байсан. Өөрийгөө Б гэж танилцуулсан. Манай дүү У-ын гэрт 2021 оны 09 дүгээр сарын эхээр ирж байсан...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 37-41, 42-45 дахь тал),  

-Гэрч Б.Т-ын “...Би хүү У-ын хамт амьдардаг. 2021 оны 07 дугаар сард хүү маань бөө болсон. Тэгээд 09 дүгээр сард сахиусаа буулгаж байхад У-ын хамт Б гэх залуу ирсэн. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эгч Ч.Э-ийг дуудаж хүүхэд харуулахаар болсон. Хүүхэд харж үлдээд би ажилдаа явсан. Намайг ажил дээрээ байж байхад 15 цагийн үед эгч Ч.Э- над руу залгаад нөгөө танай гэрт түшээ хийгээд байсан хүү миний гар утсыг аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Манай эгч утсаар ярья гэхээр нь утсаа өгсөн гэсэн. Тэгтэл утсаар хүнтэй залгаж ярихгүй, худлаа яриад байхаар нь гар утсаа авахад нь би өөрөө ярина гэж хэлээд гараас нь аваад зугтаасан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 54-57 дахь тал), 

-Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Ц-764 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хавтаст хэргийн 59-61 дэх тал) зэрэг баримтуудаар;

3-рт: хохирогч Ц.Ж-аас түүний найз А.Н-ын эзэмшлийн 320,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх гэмт хэргийг

-Хохирогч Ц.Ж-ын “...2021 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө П гэх найзтайгаа Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны гудамжинд айлд очсон. Тэгээд юм яриад сууж байтал гаднаас 2 танихгүй залуу орж ирсэн. Тэндээс гараад нөгөө танихгүй залуутай хамт дэлгүүр орсон. Тэгсэн нөгөө залуу “ах таны интернэт банкаар мөнгө шилжүүлье” гээд миний утсыг авсан чинь миний утасны цэнэг дуусчихсан байсан. Би дэлгүүрээс гараад нөгөө айлд очоод хашаа давах гэсэн чинь намайг өргөж байгаад миний халааснаас Redmi Note 8 загварын гар утас аваад зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй. Тухайн үед надаас эд зүйл авсан залуугийн баруун хөмсгөн дээр нь Freedom  гэсэн бичиглэл бүхий шивээстэй, мөн хүзүүний зүүн хэсэгтээ шивээстэй 23 орчим насны залуу байсан...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 149-152 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч А.Н-ын “...Би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай найз Ц.Ж манай гэрт орж ирсэн бөгөөд миний утасны цэнэг дуусчихлаа, чи найздаа утсаар түр хэрэглүүлчих” гэж хэлээд манай гэрт орж ирэхээр нь утсаа өгөөд явуултал манай найз миний утсыг булаалгачихлаа гэж хэлээд хүрээд ирсэн. Болсон явдлын талаар асуухад нэг танихгүй залуутай цуг архи ууж байхад Redmi Note 8 загварын гар утсыг булаагаад зугтчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 153-155 дахь тал),

-Мастер үнэлгээ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 21/087 дугаартай хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт (3-р хавтаст хэргийн 163-164 дэх тал) зэрэг баримтуудаар;

4-рт: хохирогч Ө.Б-ын эзэмшлийн 320,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан гэмт хэргийг

-Хохирогч Ө.Б-ын “...Би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод унтаж байхад зүс таних Б.Б  гэдэг хүн орж ирээд, надаас “таксины мөнгө байвал түр зээлчих” гэхээр нь “надад ямар ч мөнгө байхгүй” гэж хэлтэл “гар утсаараа нэг яриулчих, нэг хүнээс мөнгө асуучхаад өгье” гэхээр нь гар утасныхаа кодыг тайлаад өгсөн. Гадаа гарч ярьчхаад буцаад ороод ирэх юм байх гэж бодоод хүлээгээд байсан чинь орж ирээгүй. Араас нь гараад хартал хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 30-34 дэх тал),

-Дамно ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ЧД2-21-308 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2-р хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг баримтуудаар,

5-рт: хохирогч Б.Б-ын эзэмшлийн 380,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан гэмт хэргийг

-Хохирогч Б.Б-ын “...2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудлын 205 дугаар өрөөнд 12 цагийн үед байж байхад гаднаас үл таних хүн орж ирээд “гар утсаар чинь яриад өгье, өгч байгаач гэхээр нь би гар утсаа тухайн үл таних залууд өгсөн ба тэр үл таних залуу миний гар утсаар 205 тоот өрөөний хаалганы гадна хүнтэй яриад байсан бөгөөд удалгүй алга болчихсон. Би найзуудтайгаа хайтал тухайн залуу буудлаас гараад яваад өгчихсөн байсан. Би тухайн залууг харвал танина. Тэр залуу улаан канттай хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн футболктой, үсээ урагш самнасан бор өнгийн давхраатай нүдтэй, бор царайтай, 170 см орчим өндөртэй, 22-25 насны залуу байсан бөгөөд хоёр эгэм хэсэгт од, таван хошууны хэлбэртэй шивээстэй, хоёр гарын шуу болон булчин хэсэг битүү шивээс болсон залуу байсан. Анх тэр залуу миний утсыг авахдаа эгчтэйгээ утсаар яриад өгье гэж хэлээд авч гарсан. Би Redmi Note 8 загварын гар утсаа 2021 оны 07 дугаар сард Өргөө гар утас худалдааны төвөөс 460,000 төгрөгөөр авч байсан, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй шинэ гар утас байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 89-95 дахь тал),

-Гэрч Ж.М-ын “...Би тухайн өдөр буудлын ресейпшн хийж байсан. 12 цагт 2 залуу бууж ирээд “бууз авъя” гэхээр нь 12 цаг болж байна, өрөөнөөс гараарай гэхэд “буузаа идчихээд гаръя” гэсэн. Тэгээд нэг гар дээрээ шивээстэй залуу 32,000 төгрөгийн тооцоо хийгээд буцаад дээшээ гараад явсан. Удалгүй 12 цаг 20 минутын үед буузны тооцоо хийсэн залуу бууж ирээд, тооцоо хийсэн мөнгөө буцааж аваад гараад явсан. Тэгэхээр нь би дээшээ 205 дугаар өрөө рүү ороод буузаа авахаа больсон юм уу, нөгөө хүн чинь гараад явсан гэж хэлэхэд нэг залуу миний утсыг аваад явсан байна гэж хэлсэн. Намайг өглөө ээлж авахад бүгд 205 тоот өрөөнд байцгааж байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 100-103 дахь тал),

-Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ 921/1924 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 104-107 дахь тал) зэрэг баримтуудаар,

6-рт: хохирогч А.О-ийн эзэмшлийн монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 3,670,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлан авсан гэмт хэргийг

-Хохирогч А.О-ийн “...2021 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед монгол гэрт орох үед гэрээс 2 ширхэг мөнгөн толь, их гарын 2 ширхэг мөнгөн аяга, дунд гарын 1 ширхэг аяга, жижиг 4 ширхэг мөнгөн аяга алга болсон. Мөн мануулын арьс 1 ширхэг, хар зандан эрх 1 ширхэг, очиртой мөнгөн бөгж 1 ширхэг, араг ястай мөнгөн бөгж 2 ширхэг, дугуй тольтой мөнгөн бөгж 1 ширхэг, шар шувуутай мөнгөн бөгж 2 ширхэг, могойтой мөнгөн бөгж 1 ширхэг, хангардитай мөнгөн бөгж 1 ширхэг, бартай мөнгөн бөгж 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, очиртой алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, зэсэн бугуйвч 1 ширхэг, тарваганы шагай 3 ширхэг, бор судалтай халтар мана хөөрөг 1 ширхэг, саарал судалтай Чүнчигноров хөөрөг 1 ширхэг алга болсон байсан. Б.Б  гэх залуу нь надаар бөөгийн зан үйл хийлгэдэг байсан. Миний алдагдсан эд зүйлс нь бөөгийн зан үйлд ашиглагддаг эд зүйлс байсан. Миний монгол гэрийн зүүн хананы доод хэсгээр хугарсан байсан. Мөн улаан таримал шүр 32 ширхэг, булганы арьс 1 ширхэг, гуулин бугуйвч 1 ширхэг, есөн эрдэнийн шигтгэсэн бугуйвч 1 ширхэг тус тус алга болсон...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 145-152, 153-154 дэх тал),

-Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1147 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2-р хавтаст хэргийн 166-167 дахь тал),

-Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1197 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2-р хавтаст хэргийн 171-172 дахь тал) зэрэг баримтуудаар,

7-рт: хохирогч Р.Б-ын эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 10,000,000 төгрөгийн үнэ бүхий шүрэн толгойтой, хаш чулуун хөөргийг хулгайлан авсан гэх гэмт хэргийг

-Хохирогч Р.Б-ын “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө гэрээсээ 09 цагийн орчимд гарч яваад орой 21 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд байшингийн цонх хагарсан байдалтай байшинд хулгай орсон байсан. Тухайн хөөргийг би өвөөгөөсөө өвлөж авсан. Шүрэн толгойтой хаш чулуун цагаан өнгийн бор даалинтай хөөрөг байсан...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 200-206 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч Л.О-ийн “...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр он сарыг нь сайн санахгүй байна. Одоо мөрдөгч тантай хамт явж байгаа энэ эрэгтэй хүн намайг өөрийн ажлын байран дээрээ байж байх үед орой 22 цагийн үед орж ирэн уг хөөргийг үзүүлж “автобусны мөнгөгүй тул 20,000 төгрөгөөр худалдаж авах уу” гэхээр нь харанхуй шөнө болчихсон байсан тул өрөвдөөд уг хөөргийг авч 20,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 209-211 дэх тал),  

-Мастер үнэлгээ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21/061 дугаартай хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт (3-р хавтаст хэргийн 230-231 дэх тал),

8-рт: Хохирогч С.М-ийн эзэмшлийн А хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, 1,080,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болон бэлэн мөнгийг хулгайлан авсан гэх гэмт хэргийг

-Хохирогч С.М-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байрлах А дэлгүүрийг ажиллуулдаг. Дэлгүүрт хулгай орсон байна гэж өглөө манай худалдагч Д.Н хэлээд би ирсэн. Дэлгүүрээс одоо мэдэгдэж байгаагаар 340,000 төгрөг бэлнээр, 740,000 төгрөг орчим эд зүйлс алдагдсан. Жишээ нь мобиком, скайтел, юнителийн нэгжүүд, архи, тамхи зэрэг эд зүйлс алдагдсан. 496,000 төгрөгийн юнителийн нэгж, 2 литрийн Соёрхол архи, 2 литрийн Нийслэл пиво 3 ширхэг, тамхи 15 ширхэг, нийт 740,000 төгрөгийн бараа алдагдаж, бэлнээр 340,000 төгрөг алдагдсан. Хяналтын камерын бичлэг дээр хар савхин куртиктэй 1 залуу хулгай хийж байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 233-237 дахь тал),

-Гэрч Д.Н-ын “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дэлгүүрээ ажиллуулж байгаад 22 цагт дэлгүүрээ хаагаад, дотор талаас нь түгжээд дэлгүүрийн арын хаалгаар гарч гэр рүүгээ орж амарсан. Намайг гэртээ ороод хэвтэж байтал гэрт нэг хүн нүүрэн дээр гэрэл тусгаад байсан. Тэгэхээр нь би “хэн бэ” гэхэд “Баяраа ах байна уу” гэхээр нь “байхгүй” гэсэн чинь яваад өгсөн. Тэгээд би тэр чигтээ хэвтэж амраад өглөө 6 цаг 30 минутад дэлгүүрээ нээх гээд дэлгүүртээ орж иртэл дэлгүүрийн хаалга онгорхой байхаар нь хашаан дотор байсан хүмүүсийг дуудсан. Тэгээд дэлгүүрийн эзэн С.М- эгч рүү утсаар хэлсэн. Манай дэлгүүр камертай, камерын бичлэгт шөнийн 11 цагийн үед хулгайч орж ирээд хулгай хийгээд гарсан байна...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 238-240 дэх тал),

-Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Ц-845 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хавтаст хэргийн 3-5 дахь тал),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтаст хэргийн 220-223 дахь тал),

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 224-225 дахь тал) зэрэг баримтуудаар;

9-рт: хохирогч Ц.Д-гийн эзэмшлийн *** УБЕ улсын дугаартай Hyundai Verna маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэргийг

-Хохирогч Ц.Д-гийн “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед нөгөө хамт ажиллаж байсан манайд хоносон найз Б-ийн дүү Б.Б архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай манайд ирсэн ... буцаж ирээд гэртээ ороод хэвтэж байтал манай найз охин Золзаяа орж ирээд “чи машинаа хараач” гэхээр нь хашаанаасаа гараад машинаа хартал жолоочийн талын жижиг гурвалжин цонхыг хагалчихсан байсан. “Яаж байгаа тэнэг бацаан бэ” гээд уурлатал нөгөө Sonata 5 маркийн таксиндаа суугаад явчихсан. Тэгээд нөгөө бацаанаа Л-ийн гэрт очсон юм болов уу гээд гэрээсээ гараад яваад очсон байхгүй байхаар нь буцаад гэртээ иртэл миний машин байхгүй болсон байсан. Тэгээд маргааш нь өдөр миний машин Баянхошуунд гэрлийн шон мөргөсөн байна. Гэрт гал тогооны тавилган дээр машины түлхүүр байсан. Өглөө Б.Б гаднаас орж ирэхдээ гэрийн хаалга мулт татаж ороод ирсэн болохоор цоожгүй байсан...” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 37-42 дахь тал), түүний дахин өгсөн “...З машины цонх хагалчихлаа гэхээр нь Б.Б- ыг машинд орж унтах гэж байна гэж ойлгосон. Б.Б-ыг хөөж, найзынх руугаа архи уух гээд явсан юм. Би өөрийн *** УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ Сонгинохайрхан дүүргийн журмын хашаанаас 1 дүгээр сард очиж авсан. Тухайн үед машины түлхүүр огт байгаагүй. Б.Б унаж явахдаа заавал түлхүүрээр асаасан байх ёстой. Түлхүүр байхгүй бол асах боломжгүй юм. З одоо хаана байгааг мэдэхгүй байна. Холбоогоо таслаад удаж байна. Ер нь бол машины цонх хагалсныг мэдэж байгаа, тэрнээс машин хулгайлж авч явсныг мэдэхгүй. Намайг найзындаа уух хооронд З 10 дугаар хорооллын ажил руугаа явчихсан байсан. Миний машиныг Б.Б  зөвшөөрөлгүй, хулгайлж авч явсныг надаас өөр хүн мэдэхгүй ... Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би машинаа төмөр худалдаж авдаг газар тушаасан болно...” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 108-109 дэх тал),

-Гэрч Т.С-ын “...Би он сар өдрийг нь мэдэхгүй байна. Намайг ээлжтэй байхад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, дүүргийн баруун талын зам дээр машин тээглээд зогсож байна гээд очиход шар өнгийн Verna Accent маркийн автомашин баруун талын дугуйгаараа гэрэлтүүлгийн шон мөргөсөн байсан. Ойр орчмын хяналтын камерыг шүүж үзэхэд уг машинаас 1 эрэгтэй хүн бууж ирээд түгжээд яваад өгсөн. Тухайн камерын бичлэг бүдэг байсан учир тухайн хүний царай тод харагдаагүй...” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 48-50 дахь тал), түүний дахин өгсөн “...Verna маркийн машин шон мөргөсөн байна гээд манай ажлын групп дээр зургийг оруулсан байсан. Би тухайн өдөр бүсийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан учир тус газар нь очиход *** УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шон мөргөсөн байсан. Тэгэхээр нь камерын бичлэг үзэх гэж замын урд байрласан 300 метр зайтай, авто засварын газрын камерыг үзэхэд туранхай намхан, нэг эрэгтэй хүний дүрс бүдэг харагдаж байсан. Би тухайн авто засварын газрын бичлэгийг хуулбарлаж авах гэсэн боловч хуулбарлах боломжгүй, зүгээр ухрааж үзэж болдог гэсэн. Иймд хуулбарлах боломжгүй болсон. Би бичлэгийг сайн харахад тухайн Verna-аас нэг эрэгтэй хүн буусан юм. Содон шинж тэмдгийг бичлэг дээрээс харах боломжгүй, бүрсгэр бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 97-99 дэх тал),

-Гэрч Ч.М-ы “...Одоогоос бараг жилийн өмнө замын цагдаа, ахмад Т.С гэж хүн камер үзнэ гэж орж ирсэн. Тэгээд манай ажлаас 200 метрт байрлах зайд шар өнгийн Verna  машин шон мөргөсөн байсан. Тухайн бичлэгийг цагдаагийн хамт шүүж үзэхэд намхан эрэгтэй хүн тухайн машинаас ганцаараа буусан бичлэгийн дүрс байсан. Манайх тухайн үед бичлэг хуулбарлах боломжгүй, хуулж болохгүй байсан юм. Одоо тэр бичлэг байхгүй...” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 102-103 дахь тал),

-Дамно ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн СБ2-21-616 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (4-р хавтаст хэргийн 57-59 дэх тал),

-Дамно ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн СБ2-21-1007 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (4-р хавтаст хэргийн 65-67 дахь тал), 

-Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 86, 98 дахь тал) зэрэг баримтуудаар;

10-рт: хохирогч С.Г-ын эзэмшлийн *** УБИ улсын дугаартай Toyota Corolla загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэргийг

-Хохирогч С.Г-ын “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Е гэх ажлын танил маань Б.Б гэх залууг ажилд оруулмаар байна гэж хороололд уулзсан бөгөөд манай ажлын залуусын хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б зочид буудлын өрөөнд орж уухаар болсон. Тэгээд бид нар зургуулаа уулзаж тус буудлын үүдэнд 21 цагийн үед очиж 2 тусдаа өрөө аваад гадна байрлах зогсоолд өөрийн *** УБИ улсын дугаартай Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслээ цоожлон үлдээж хажуу талын дэлгүүрээс 2 шилтэй архи, 3 том пиво авч уугаад бид нар буудалд ороод унтацгаасан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 07 цагийн үед босоход Е таны машин байхгүй байна. Өчигдөр Б.Б таны машины түлхүүрийг бариад явж байсан. Аваад явсан юм шиг байна гэсэн. Тэгээд би Б.Б  гэх залуутай анх уулзсан, таньж мэдэхгүй миний зөвшөөрөлгүй автомашин аваад явсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай ажлын залуучууд болох Ш, Е, Б, Б, В гээд бид зургаан хүн байсан. Бид нар архи хувааж уусан ба тухайн буудлын өрөөнд 21 цагийн үед ороод машиныхаа түлхүүрийг куртикнийхээ халаасанд хийж өрөөний үүдний өлгүүрт өлгөж тавьсан...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 99-103 дахь тал),

-Гэрч Г.Е-ийн “...Тухайн үед би найз Б.Б-ыг барилгын ажилд оруулна гэж Б.Б  ахтай уулзсан ба бид нар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б гэх нэртэй буудалд өрөө аваад архи уусан. Тухайн үед бид нар ууж байхад Б.Б  нь машины түлхүүр барьчихсан сууж байсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 01 цагийн үед гараад явсан. Тэгээд би унтаад өглөө сэрэхэд С.Г ах машин алга болсон байна, нөгөө Б.Б гэх найз чинь аваад явсан юм шиг байна гээд би утас руу нь залгахад холбогдох боломжгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 106-107 дахь тал),

-Гэрч С.Х-ын “...үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны 02 цагийн үед *** УБИ улсын дугаартай Toyota Corolla маркийн автомашинтай үл таних залуу автомашинтайгаа миний сүлжээ дэлгүүрийн урдуур хурд хэтрүүлэн шарваж байхаар нь очоод шалгаж ажиллахад тухайн залуу өөр хүний бичиг баримт үзүүлэхээр нь “та мөн үү” гэхэд шууд автомашиныг орхиод зугтаасан. Тухайн *** УБИ улсын дугаартай Toyota Corolla  маркийн тээврийн хэрэгслийг ачлагын компани дуудан ачуулсан...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 108-109 дэх тал),

-Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 794 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хавтаст хэргийн 163-164 дэх тал) зэрэг баримтаар;

11-рт: хохирогч С Ж Ч-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас 2,024,000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэх гэмт хэргийг

-Хохирогч С Ж Ч-ий “...миний бие нарантуул худалдааны төвд зулын тос худалддаг ба 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 10 цагийн үед 24 дүгээр лангууны эзэнтэй уулзах гэж очиход эзэн нь байгаагүй гадна талд грушик Б.Б зогсож байсан. Тэгээд би зулын тос авах гэж байгаа талаараа хэлэхэд Б.Б гэх залуу би эзнээсээ асуугаад өгье, та лангуу руугаа явж бай араас чинь очъё гээд надад *** дугаарыг өгсөн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 09-ний 11 цагийн үед би Б.Б-ын надад өгсөн *** дугаар руу залгаад зулын тос 20 хайрцаг авъя гэж хэлсэн. Тэгсэн Б.Б надад зулын тос авах мөнгөө энэ данс руу хийгээрэй гээд *** дугаарын У гэсэн нэртэй данс руу 2,024,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 159-164 дэх тал),

-Гэрч Б.У-ийн “...М гэх найзаараа дамжуулан Б.Б гэх эрэгтэйтэй танилцсан. Тухайн 2,024,000 төгрөгийг Б.Б надад хэлэхдээ миний цалин юмаа гэсэн. Тэгээд миний дансанд орж ирсэн. Удалгүй нэг ахтай хамт байна. Энэ хүний данс руу 1,700,000 төгрөг явуулчих гэсэн. Тэгээд би *** дугаарын данс руу 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Бусад 324,000 төгрөгийг бага багаар дэлгүүрээс юм авах гэж байна гээд данс өгдөг байсан. Тэгээд мөнгийг нь явуулсаар байгаад дуусгаж байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 169-174 дэх тал),

-Гэрч Б.О-ийн “...Би 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны хуучин эцэс буюу 84-ийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн *** УБЧ дугаарын тээврийн хэрэгсэлтэй таксинд явах гээд зогсож байсан юм. Тэгсэн нэг танихгүй ягаан өнгийн үстэй эрэгтэй хүн ирээд “ахаа миний цалин бууж байгаа юмаа. Би эгчийнхээ данснаас таны данс руу шилжүүлээд АТМ-аас бэлнээр 1,700,000 төгрөг авах гэсэн юм. Та аваад өгөөч” гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би юм бодолгүй зөвшөөрөөд 84-ийн ойролцоох АТМ руу хамт орсон. Тухайн танихгүй залуу нэг хүнтэй утсаар яриад миний дансыг хэлээд ийшээ явуулчих гэж байсан. Тэгээд удалгүй миний дансанд 1,700,000 төгрөг орсон байсан. Би мөнгийг нь авч өгөхөд тухайн залуу мөнгө авахдаа сандарсан байдалтай мөнгөө тарааж газар унагасан. Тэгээд цэгцлээд мөнгөө авсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 175-178 дахь тал),  

-Гэрч Б.О-ийн “...Би Нарантуул зах дээр 2021 оноос хойш хувиараа бизнес эрхэлж ажиллаж амьдарч байгаа. Одоогоор зулын тос зарж борлуулаад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Надаас зулын тос авах гэсэн хүмүүс надтай уулзаад миний данс руу мөнгө шилжүүлээд зулын тосоо авдаг юм. Тухайн өдөр болох 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б.Б надаас би халуураад ханиад хүрсэн байна гээд чөлөө авч байсан. С Ж Ч тэр өдөр Б.Б-ын утас руу холбогдож зулын тос авъя гээд ярьсан байсан. Б.Б нь С Ж Ч-д зулын тос авахаар бол энэ дугаар руу яриарай гээд дугаараа өгсөн байсан. Тэгээд С Ж Ч, У гэх хүний данс руу мөнгө явуулчихсан гэж надтай холбогдож хэлсэн. Тэр үед нь би Б.Б-ыг бараг архи уугаад алга болсон гэж хэлж байсан. Б.Б нь манай лангуунаас ямар нэгэн зүйл зарж борлуулах эрхгүй, ажлаа тасалсан өдрөө С Ж Ч гэх хүнтэй уулзаад зулын тос авахаар бол энэ дугаар руу яриарай гээд өөрийнхөө дугаарыг өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 179-183 дахь тал), 

-БНХАУ-ын иргэн Л Ж-ийн ХААН банкин дахь *** дугаарын дансны лавлагаа (1-р хавтаст хэргийн 205 дахь тал),  

-ХААН банкны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 50/4648 дугаартай албан тоот, иргэн Б.У-ийн ХААН банкин дахь *** дугаарын дансны лавлагаа (2-р хавтаст хэргийн 3-7 дахь тал),  

-Юнител ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 05-01/2894 дугаартай албан тоот, иргэн Б.Б-ын ***, *** дугаарын дуудлага, мессежний лавлагаа (2-р хавтаст хэргийн 8-12 дахь тал),

-Төрийн банкны 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 026/3240 дугаартай албан тоот, иргэн Б.Б-ын *** дугаарын дансны лавлагаа (2-р хавтаст хэргийн 13-15 дахь тал) зэрэг баримтууд болно.

Өмгөөлөх тал. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос шүүгдэгч Б.Б-ын эрх ашгийг хамгаалж, хохирогч С.М-ийн эзэмшлийн А хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, 1,080,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болон бэлэн мөнгийг хулгайлан авсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, бусад гэмт хэргийн зүйлчлэл дээр гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гээд, шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

-2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б.Б-ыг хохирогчоор тогтоосон тухай мөрдөгчийн тогтоол (1-р хавтаст хэргийн 89 дэх тал),

-Хохирогч Б.Б-ын “...Би 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудлын 205 дугаар өрөөнд 12 цагийн үед байж байх үед гаднаас үл таних хүн орж ирээд гар утсаар чинь нэг ярьчхаад өгье гэхээр нь би утсаа өгсөн. Тэр залуу манай өрөөний гадна утсаар хүнтэй яриад байсан. Намайг найзуудтайгаа ярьж байх хооронд нөгөө үл таних хүн утсыг маань аваад явсан байсан. Би тэр залууг харвал сайн танина. Тэр залуу улаан канттай, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн фудволктой, үсээ урагш самнасан бор өнгөтэй давхраатай нүдтэй, бор арьстай, 170 см өндөртэй, 20-25 насны эрэгтэй байсан. Од, таван хошууны хэлбэртэй шивээстэй, мөн хоёр гарын шуу болон булчин хэсэг битүү шивээстэй байсан. Анх тэр үл таних хүн миний гар утсыг авахдаа эгчтэйгээ яриад өгнө гэж байсан.  Манай найз надад хэлэхдээ “утсыг чинь авсан хүнийг Б.Б гэдэг байх аа” гэсэн...” гэсэн мэдүүлэг (-р хавтаст хэргийн 94 дэх тал),

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүхийн шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04/400 дугаартай дүгнэлтээр “...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн №1,2,3,4 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй. Иймд шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийг цаашид санд бүртгэлтэй хүмүүсийн дардаснууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэрийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй харьцуулан шинжлэх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн С.М, О.А, Д.Н нарын гарын хээний дардас нь санд өмнө нь бүртгэлгүй байна...” гэх (3-р хавтаст хэргийн 11-15 дахь тал),

-Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 553 дугаартай албан бичиг (3-р хавтаст хэргийн 73 дахь тал),

-Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1006 тоот албан бичиг (3-р хавтаст хэргийн 75 дахь тал),

-Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 4/669 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 122 дахь тал),

-Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/6291 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 186 дахь тал),

-Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 23-ны орой Содон хороолол орох гээд явж байсан. Тэгээд замдаа нэг дэлгүүрийн хажууд очоод тамхи татсан. Тэгээд цонхыг нь харсан чинь багтаад орчихмоор санагдаад цонхыг онгойлгох гээд хадаасыг нь чулуугаар хөшөөд үзтэл 2 давхар цонхтой байсан. Цаад талын цонхыг нь гараараа цохиж хагалаад онгойлгосон. Тэгээд тухайн дэлгүүрт ороод кассад байсан мөнгийг аваад, 5 ширхэг архи, 1 литрийн Соёрхол архи 1 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архи 4 ширхэг, 2.5 литрийн пиво 4 ширхгийг авсан. Мөн 10-15 орчим төрлийн тамхи, боодолтой нэгж авсан. Хэд орчим төгрөгийн нэгж байсныг мэдэхгүй. Тэгээд юмаа авчхаад дэлгүүрийн хаалгаар нь гарч явсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 249-250 дахь тал),

-Эд мөрийн баримтаар хураагдсан А дэлгүүрийн камерын бичлэг бүхий цахим эд мөрийн баримт буюу компакт диск зэрэг баримтууд болно.   

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч үйл баримтын талаар: “...Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээж байна гэж ойлгож байгаа. Тэрээр гэмт хэргийн шинжтэй 5 үйлдэлд гэм буруугаа хүлээж, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна. Харин А хүнсний дэлгүүрт орсон гэх үйлдлийг шүүгдэгч Б.Б хүлээн зөвшөөрдөггүй. Шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар А хүнсний дэлгүүрийн камерын бичлэгийг судалсан. Гэвч тухайн бичлэгийн чанар байдал муу байгаа учраас гэмт хэрэгтний царай тодорхой биш байна. Бичлэг дээр байгаа хүний өндөр нам, биеийн байдал Б.Б-тай төстэй мэт боловч гарын шивээс зэрэг нь харагдахгүй байх тул Б-ыг мөн байна гэж дүгнэх боломжгүй байна. Мөн бичлэг дээр байгаа хүний баруун гар дээр шивээс байхгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа тул нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэж байна. Мөн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд энэ талаар мэдүүлэг өгсөн, шүүх дээр ирээд огт А дэлгүүрт орсон хэргийг хийгээгүй, тухайн үед өөр газар байсан гэдэг байр суурьтай оролцож байгаа. Гэтэл энэ талаар өөр нотлох баримтууд байхгүй байна. мөн гарын хээний шинжилгээ байхгүй, нотлоогүй гэж үзэж байна. Хохирогч мөн Б.Б-ыг нэрлэж заагаагүй, эргэлзээ төрүүлж байгаа тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Талууд хэргийн үйл баримтын талаар мэтгэлцэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас хасуулах талаар хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээнд яллах болон өмгөөлөх талын шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь хохирогч С.М-ийн эзэмшлийн А нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, нийт 1,080,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хулгайлсан гэх үйл баримт нь нотлогдохгүй байна гэж үзлээ.

Тодруулбал, яллах талын яллаж буй гол баримт болох хүнсний дэлгүүрийн камерын бичлэгээс гэмт хэрэгтний царай хэн болох нь танигдахгүй байхын сацуу дүрс бичлэгт харагдах тухайн залуугийн сарвуун дээр шүүгдэгч Б.Б-ын сарвуун дээрх шиг шивээс харагдахгүй байсан тул тухайн бичлэгт харагдах эрэгтэй нь шүүгдэгч Б.Б биш гэж үзэхэд хүргэсэн болно.

Түүнчлэн, улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.М болон гэрч Д.Н нарын мэдүүлгийг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтын агуулгыг үнэлж үзэхэд шүүгдэгч Б.Б-ыг А хүнсний дэлгүүрт нэвтэрч, хулгай хийсэн хэмээн яллаж буй үйл баримтыг нотлох боломжгүй байна. Харин тэдний мэдүүлгээр, мөн дүрс бичлэгээр А хүнсний дэлгүүрт хэн нэгэн эрэгтэй хүн орж хулгай хийсэн болохыг нотлох боловч шүүгдэгч Б.Б үйлдсэн болохыг эргэлзээгүй бүрэн бодитой нотолж чадсангүй.

Иймд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд нь бүхэлдээ шүүгдэгч Б.Б  “А” хүнсний дэлгүүрт орсон, эд хөрөнгө хулгайлсан гэх үйл баримтыг нотолж чадахгүй байгаа тохиолдолд улсын яллагчийн шинжлэн судалсан яллах нотолгоог өөр нотлох баримтаар няцаан үгүйсгэх боломжгүй юм.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл хүс хэрэглэж довтолсон санаатай үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Б.Б-ын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зогсоолд Д.С-д хагарсан шил тулган хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.Б-ын энэ үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор довтолсон байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.

Шүүх дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд орчны сөрөг нөлөө болон бусдын зүй бус, хууль бус үйлдэл гэхээс илүүтэй, шүүгдэгч Б.Б-ын өөрийнх нь согтуурсан байдал, шунахайн сэдэл нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэдэгт хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй үйлдэл хамаарна. Шүүгдэгч Б.Б-ын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “...утсаар нь ярьчхаад өгье...” гэж хэлээд хохирогч Ч.Э-ийн гар утсыг; 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Ц.Ж-ыг хашаа давахад туслах үедээ халаасанд нь байсан гар утсыг; 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “...утсаар чинь ярьчхаад өгье...” гэж хэлээд хохирогч Ө.Б-ын гар утсыг, 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “...утсаа өгч байгаач, эгчтэйгээ яриад өгье...” гэж хэлээд хохирогч Б.Б-ын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан, өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулсан үйлдэл нь хүч хэрэглээгүй дээрэмдэх гэмт хэргийн үйлдлийн болон материаллаг шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.Б-ын эдгээр үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б-ын эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй. Тиймээс шүүгдэгч Б.Б-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл хамаарах ба шүүгдэгч Б.Б-ын хохирогч А.О , Р.Б нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар   авч, өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулсан үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Тэрээр энэ гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч А.О, Р.Б нарын байнга оршин суудаг орон гэрт нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” хэмээн хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ. Түүнчлэн, түүний хэд хэдэн удаагийн хулгайлах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгт тооцох бөгөөд нэг зүйлчилж, нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч Б.Б-ын эдгээр үйлдэл нь идэвхтэй, ухамсартай байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын өмч хөрөнгөд халдсан байх   тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Харин шүүгдэгч Б.Б-ын холбогдсон хулгайлах гэмт хэргийн үйлдлүүдээс хохирогч С.М-ийн эзэмшлийн “А” хүнсний дэлгүүрээс 1,080,000 төгрөгийн үнэ бүхий мөнгө, эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдлийг Б.Б үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно.” хэмээн хууль тогтоогч мөрдөгч, прокурор, шүүхэд үүрэг болгосон императив хэм хэмжээ тогтоосон бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан ямар ч нотлох баримт шүүгдэгч Б.Б-ыг “А” хүнсний дэлгүүрийн хулгайн хэрэгт холбогдуулж чадахгүй байгаа тохиолдолд тухайн хэргийг нотлогдоогүй гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдэх юм.

Гэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан энэ шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар хохирогч С.М-ийн өмчлөх эрх зөрчигдсөн, түүний эрхлэн ажиллуулдаг “А” хүнсний дэлгүүрт хулгай орсон болох нь нотлогдон тогтоогдсон, эсрэгээрээ тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн нь нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг энэ хэрэгт яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн 2108 02403 дугаартай хэргийг прокурорт буцааж, хохирогчийн өмчлөх эрхийг сэргээх, учирсан хохирлыг арилгуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэдэгт авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан санаатай үйлдэл хамаарах бөгөөд хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх ёстой. Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Ц.Д-гийн автомашиныг; 2021 оны 09 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө хохирогч С.Г-ын автомашиныг тус тус эзнийх нь зөвшөөрөлгүйгээр жолоодож явсан, ямар нэгэн байдлаар ашиг хонжоо хайлгүй гудамжинд орхиж явсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр зөвшөөрөлгүйгээр бусдын тээврийн хэрэгслийг жолоодон явж, өмчлөх эрхэд нь халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.

Түүний хоёр удаагийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзнэ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Б.Б-ын хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иргэн С Ж Ч-д “зулын тос зарна” хэмээн худал хэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2,024,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна. Тодруулбал, шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ... бусдын эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Б.Б-ын энэ үйлдэл нь ухамсартай, идэвхтэй үйлдэл байрын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдад зориуд худал хэлж, эд хөрөнгийн хохирол учруулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг “залилах” гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх дээрх гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлийн хувьд орчны сөрөг нөлөө болон бусдын зүй бус, хууль бус үйлдэл гэхээс илүүтэй, шүүгдэгч Б.Б-ын өөрийнх нь согтуурсан байдал, мөн шунахайн сэдэл, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилго, урьд хэд хэдэн удаа ял шийтгэл хүлээсэн атлаа засрал хүмүүжил олоогүй зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэв.

Хохирогч С.М-ийн эзэмшлийн “А” хүнсний дэлгүүрээс 1,080,000 төгрөгийн үнэ бүхий мөнгө, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу “хулгайлах” гэмт хэргийг хэн үйлдсэн байж болох нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар, хуульд заасан арга хэрэгслээр, тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох шаардлагатай боловч хэргийн бусад оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх нь мөн адил чухал юм.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105 01889 1512 дугаартай хэргээс хохирогч С.М-ийн гомдлоор үүссэн эрүүгийн 2108 02403 1532 дугаартай хэргийг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэн холбогдогчгүй болсон хэрэг бүртгэлтийн 2108 02403 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Б нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас бусдад 2,025,000.0 төгрөгийн, хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад 13,670,000.0 төгрөгийн, залилах гэмт хэргийн улмаас бусдад 2,024,000.0 төгрөгийн буюу нийт 18,179,000.0 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон болно. Үүнээс хохирогч Д.С-д гар утсыг, хохирогч Р.Б-д 10,000,000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг тус тус биет байдлаар буцаан олгосон байх бөгөөд хохирогч Ц.Д нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

Харин шүүгдэгч Б.Б-ын хувьд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан дээрх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуульд заасан ажлын 5 өдрийн хугацаа олгосон боловч тэрээр хохирол төлөөгүй болно.

Ийм учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас нийт 6,784,000.0 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Д-д 200,000.0 төгрөг, хохирогч А.Н-т 180,000.0 төгрөг, хохирогч Ч.Э-т 170,000.0 төгрөг, хохирогч Ө.Б-д 320,000.0 төгрөг, хохирогч Б.Б-д 380,000.0 төгрөг, хохирогч А.О-т 3,510,000.0 төгрөг, хохирогч БНХАУ-ын иргэн С Ж Ч-д 2,024,000.0 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувьд санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Мөн шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол төлбөр төлөөгүй, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байгаа боловч хүмүүжээгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 5 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, мөн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ял оногдуулж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2,3-т заасныг журамлан нэмж нэгтгэн  нийт 7 жил 4 сарын хорих ял оногдуулах, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 445 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хоёр ширхэг компакт диск хураагдсан байгаа боловч нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч Б.Б  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээж байгаа эсэх бол эрүүгийн  хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болдог. Б.Б анхнаасаа гэм буруугаа хүлээсэн, тухайн 5 төрлийн хэргийн зүйлчлэл дээр гэм буруугаа одоо ч хүлээж байгаа. Мөн хохирлоо төлөхөө илэрхийлдэг. Хорих ангид очоод ажил хийж хохирлыг барагдуулна гэсэн. Өмнө нь өмчлөх эрхийн эсрэг хэрэгт ял шийтгүүлж байсан. Дахин ийм хэрэг үйлдсэндээ харамсаж гэмшиж байгаа талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Тэрээр чин санаанаасаа гэмшиж байгаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй ба залуу хүнд дахин засрах боломж олгож хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч: “...Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хорих ангиас өмнө гарахдаа сайхан амьдарна гэж гараад дахиад шүүх цагдаад шалгагдаад явж байгаадаа харамсаж байна. Би сэтгэл зүйн байдлаа энэ хугацаанд засна. Нийгмийн төлөө, ах, дүү нарынхаа төлөө сайн сайхны төлөө амьдарна. Намайг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдэж өгөхийг хүсье. Учир нь би хөдөлмөр эрхэлж цалин аваад хохирогч нарын хохирлыг төлөх хүсэлтэй байна. Нээлттэй хорих ангид хөдөлмөр эрхлэх боломж илүү байдаг юм...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Хур системийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 78 дахь тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/137-я дугаартай Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж (1-р хавтаст хэргийн 142-143 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 216 дахь тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/691 дугаартай шийтгэх тогтоол (1-р хавтаст хэргийн 218-220 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоол (1-р хавтаст хэргийн 221-225 дахь тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоол (1-р хавтаст хэргийн 226-229 дэх тал), Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2-4в/2444 дугаартай албан бичиг (1-р хавтаст хэргийн 232 дахь тал), Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 554 дугаартай лавлагаа (1-р хавтаст хэргийн 236 дахь тал), Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 15/2560 дугаартай албан бичиг (1-р хавтаст хэргийн 237 дахь тал), Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11/3768 дугаартай албан бичиг (1-р хавтаст хэргийн 238 дахь тал), Скайтел ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 21/7954 дугаартай албан бичиг (1-р хавтаст хэргийн 247 дахь тал), Мобиком корпорац ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4/3260 дугаартай албан бичиг (1-р хавтаст хэргийн 248 дахь тал), Хас банк ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 5в/2200 дугаартай албан бичиг (1-р хавтаст хэргийн 249 дэх тал), Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 635 дугаартай албан бичиг (2-р хавтаст хэргийн 1-2 дахь тал), ХААН банк ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 50/4648 дугаартай албан бичиг (2-р хавтаст хэргийн 3-7 дахь тал), Юнител ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 05-01/2894 дугаартай албан бичиг (2-р хавтаст хэргийн 8-12 дахь тал), Төрийн банк ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 026/3240 дугаартай албан бичиг (2-р хавтаст хэргийн 13-15 дахь тал), Төрийн банк ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 026/3999 дугаартай албан бичиг (2-р хавтаст хэргийн 17-19 дэх тал), АСАП сангийн лавлагаа  (2-р хавтаст хэргийн 90-91, 93-96 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа  (2-р хавтаст хэргийн 92 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 97-98 дахь тал), Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3646 тоот албан бичиг, хавсралтын хамт  (2-р хавтаст хэргийн 100-112 дахь тал), Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1158 дугаартай албан бичиг  (2-р хавтаст хэргийн 115 дахь тал), Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 132 дугаартай лавлагаа  (2-р хавтаст хэргийн 117 дахь тал), Чингэлтэй дүүрэг Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1335 тоот албан бичиг  (2-р хавтаст хэргийн 119 дэх тал), АСАП сангийн лавлагаа  (2-р хавтаст хэргийн 162-164 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа  (2-р хавтаст хэргийн 178 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1135 дугаартай албан бичиг  (2-р хавтаст хэргийн 190 дэх тал), Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1637 дугаартай албан бичиг, хавсралтын хамт  (2-р хавтаст хэргийн 191-193 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  (3-р хавтаст хэргийн 71 дэх тал), Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 553 дугаартай лавлагаа (3-р хавтаст хэргийн 73 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1006 дугаартай албан бичиг (3-р хавтаст хэргийн 75 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 77-79 дэх тал), АСАП сангийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 80-87 дахь тал), Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 117 дугаартай лавлагаа (4-р хавтаст хэргийн 86-87 дахь тал), Булган аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 30/04-1351 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 89 дэх тал), Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 26б-2/1736 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 90 дэх тал), Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 263-1-1/4705 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 91 дэх тал), Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 26 32-1/3734 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 92 дахь тал), Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн албан бичиг (4-р хавтаст хэргийн 93 дахь тал), Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 36/1369 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 94 дэх тал), Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 40в/1978 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 95 дахь тал), Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 31/2892 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 96 дахь тал),Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай лавлагаа (4-р хавтаст хэргийн 98-99 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 101-103 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4-р хавтаст хэргийн 104 дэх тал), Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2989 дугаартай албан бичиг (4-р хавтаст хэргийн 106-118 дахь тал), Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 4/669 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 122 дахь тал), Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 947 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 125 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа (4-р хавтаст хэргийн 127 дахь тал), Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт (4-р хавтаст хэргийн 128 дахь тал), Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/6291 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 186 дахь тал), Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4/1523 дугаартай албан бичиг (4-р хавтаст хэргийн 187 дахь тал), Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/3559 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 188 дахь тал), Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны 1/5075 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 189 дэх тал), Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/1499 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 190 дэх тал), Булган аймгийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/1026 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 197 дахь тал), Завхан аймгийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/921 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 192 дахь тал), Увс аймгийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/2047 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 193 дахь тал), Говьсүмбэр аймгийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5/1016 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 194 дэх тал), Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1016 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 195 дахь тал), Өмнөговь аймгийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/725 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 196 дахь тал), Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1482 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 197 дахь тал), Ховд аймгийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/921 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 198 дахь тал), Баянхонгор аймгийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/2898 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 199 дэх тал), Хэнтий аймгийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1154 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 200 дахь тал), Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/496 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 201 дэх тал), Дорнод аймгийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1059 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 202 дахь тал), Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/770 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 203 дахь тал), Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/639 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 204 дэх тал), Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1602 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 205 дахь тал), Дорноговь аймгийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5/1564 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 206 дахь тал), Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1135 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 207 дахь тал), Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/554 тоот албан бичиг (4-р хавтаст хэргийн 208 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долоодугаар бүлэгт заасан хэд хэдэн төрлийн гэмт хэргийг үйлдсэн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн;” гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, урьд ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жил таван сарын хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана хэмээн дүгнэв.

Улсын яллагч хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргасан боловч шүүх шүүгдэгч Б.Б-ын “...намайг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдэж өгөхийг хүсье. Учир нь би хөдөлмөр эрхэлж цалин аваад хохирогч нарын хохирлыг төлөх хүсэлтэй байна. Нээлттэй хорих ангид хөдөлмөр эрхлэх боломж илүү байдаг юм...” гэсэн хүсэлтийг харгалзан эрүүгийн хариуцлагын хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгод нийцүүлэн түүнийг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Б.Б т оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 8 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Шүүх ийнхүү ял нэмж нэгтгэхдээ зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмсэн болно.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш нийт 446 /дөрвөн зуун дөчин зургаа/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

2.3.      Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг компакт дискийн нэг нь прокурорт буцаасан хэрэг бүртгэлтийн хэрэгт хамааралтай байх тул тухайн хэрэгт нь хавсарган буцааж, үлдэх нэг ширхэг компакт дискийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хавтаст хэрэгт хавсарган хадгалуулахаар Эрүүгийн хэргийн төв архивд хэргийн хамт шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн 2105 01889 1512 дугаартай хэргээс эрүүгийн 2108 02403 1532 дугаартай хэргийг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, иргэн С.М-ийн гомдлоор үүссэн хэрэг бүртгэлтийн 2108 02403 дугаартай хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2.Б овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр үйлдсэн гэм буруутайд;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жил таван сарын хугацаагаар хорих ял;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Б.Б-т энэ тогтоолоор оногдуулсан нийт 6 (зургаа) жил 5 (тав) сарын хорих ял дээр 3 (гурав) сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгээд түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 6 (зургаа) жил 8 (найм) сараар тогтоосугай.

5.Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 6 (зургаа) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 446 (дөрвөн зуун дөчин зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас нийт 6,784,000.0 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Д-д 200,000.0 төгрөг, хохирогч А.Н-т 180,000.0 төгрөг, хохирогч Ч.Э-т 170,000.0 төгрөг, хохирогч Ө.Б-д 320,000.0 төгрөг, хохирогч Б.Б-д 380,000.0 төгрөг, хохирогч А.О-т 3,510,000.0 төгрөг, хохирогч БНХАУ-ын иргэн С Ж Ч-д 2,024,000.0 төгрөг тус тус олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримт болох нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган хадгалуулахаар Эрүүгийн хэргийн төв архивд хэргийн хамт шилжүүлсүгэй.

9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА