Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ч.Батбаатар, хохирогч Т.Т, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00703 0599 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Л.Б, 2000 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл зургаа, эцэг, эх, эгч, дүү нарын хамт *** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.Б нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хорооллын арын замд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цаг орчим Toyota Prius 30 маркийн *** УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх хэсэгт заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас улаан гэрлээр орж явган зорчигч Т.Т-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Л.Б нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хорооллын арын замд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цаг орчим Toyota Prius 30 маркийн *** УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх хэсэгт заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас улаан гэрлээр орж явган зорчигч Т.Т-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2. Нотлох баримтын үнэлгээ

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны орой 19 цаг 35 минутын үед Цамбагаравын арын гэрлэн дохио дээр явж байсан. Тэгээд шар гэрлээр амжина гэж найдаад ортол улаан гэрэл ассан байсан. Гэтэл тухайн үед хохирогч маань гэнэт гүйж гарч ирээд ийм осол гарсан. Би өөрийн буруугаа хүлээж байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-9 дэх тал),

- Хохирогч Т.Т-гийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 19 цаг өнгөрч байхад Драгон төв орж хөдөө явах унаанд юм өгчхөөд Цамбагаравын буудал дээр буугаад 1 дүгээр хорооллын арын замаар гэрлэн дохиотой уулзвар дээр хүлээж байгаад явган хүний ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарах үед зүүнээс баруун тийш явсан тээврийн хэрэгсэл улаан гэрлээр уулзвар руу нэвтэрч намайг мөргөж унагаасан ... миний зүүн хөлийн шилбэ хэсгээр хугарч 11 дүгээр сарын 14-ний өдөр хагалгаа хийлгээд 10 хоноод гарсан. Эмнэлэгт хэвтсэн зардал 325,800 төгрөг, бензин эмнэлэгт эргэлтээр хоол хүнс авсан зардалд 255,200 төгрөг нэхэмжилж байна...миний зүгээс эмчилгээ эм тарианд зарцуулсан зардалд 325,800 төгрөг, бусад зардалд 255,200 төгрөг, мөн миний төрсөн ах намайг гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэхэд сахиж ажлаа хийж чадаагүй. Манай ахын 10 хоногийн цалингийн зардлын тооцоо 1,876,548 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13, 14 дэх тал),

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Э-гийн “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Л.Б нь Toyota Prius 30 маркийн *** УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа манай байгууллагаас 13,200,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж авсан. Машинд үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Нэхэмжлэх зүйлгүй. Зээлийн гэрээний дагуу бусдад учирсан хохирлыг зээлдэгч тал хариуцна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39, 42 дахь тал),

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15293 дугаартай: “...Т.Т-гийн биед баруун шаант тахилзуур ясны зөрүүтэй хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1411 дугаартай: “...Toyota Prius 30 маркийн *** УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх хэсэг заасан “...Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 69 дэх тал),

- Шүүгдэгч Л.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 19 цаг 35 минутын үед Toyota Prius 30 маркийн *** УАТ улсын дугаартай автомашиныг жолоодон 3, 4 дүгээр хорооллын тэндээс Хархорин захын чиглэлд 1 дүгээр хорооллын арын замаар нэг талдаа 2 эгнээтэй замын 1 дүгээр эгнээгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд явж байхад гэрлэн дохиотой уулзвар нэвтрэх үед улаан гэрэл асчихаар нь амжаад уулзвар нэвтэрье гэж бодоод явж байтал гэнэт замын урд талаас хойш чиглэлд 20 орчим насны эрэгтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа миний машины зүүн талын хажууд толь хаалга хэсэгт мөргүүлээд унасан. Тэгэхээр нь машинаас буугаад нөгөө залууг түшиж босгоод биеийн байдлыг нь асуухад баруун хөл өвдөөд байна гэхээр нь сандарсандаа машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд эмнэлэгт очоод залуугийн ар гэрийнхнийг нь дуудаж цагдаа руу өөрийн *** дугаарын утсаар дуудлага өгөөд удаагүй байхад цаглаагаас залгаад ослын азарт оч гэсний дагуу машинаа унаад осол гаргасан газартаа очиж хэмжилт хийлгэсэн ... уулзвар луу ойртоод ирэх үед ногоон гэрэл унтарчихаар нь амжаад орчихъё гэж бодсон юм. Миний буруу...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгч, хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15293 дугаартай дүгнэлтээр хохирогч Т.Т-гийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Б-ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Б-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогч Т.Т нь эмчилгээний зардалд баримтаар 620,800.0 төгрөг, бусад зардалд 255,200.0 төгрөг, сахиур Т.О-ын ажилгүй байсан хугацааны цалин орлого хэмээн 1,876,548.0 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Л.Б гэмт хэргийн улмаас хохирогч Т.Т-д учирсан 3,895,000.0 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,347,314.0 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.

Гэвч хохирогч Т.Т-гийн эрүүл мэндийн байдал хэвийн болоогүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйл, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.     Эрүүгийн хариуцлага

Улсын яллагч: “...Шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруу дээрээ маргаангүй, мэдээж шар гэрэлтэй уралдаж орсон үйлдлийг зөвтгөх аргагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хөнгөрүүлэх нөхцөл байдал хуульчлагдсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө нөхөн төлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах ялыг нэмэлтээр оногдуулалгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч: “...Дахин ийм үйлдэл гаргахгүй, гэм буруугаа хүлээж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, зээлийн гэрээ (хавтаст хэргийн 75-84 дэх тал), “***” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 22/33 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 91 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ХААН банкны депозит дансны хуулга зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

2.2.     Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын дотор төлүүлэхээр тогтсугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Б-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйл, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хохирогч Т.Т цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА