Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Эрдэнэчимэг, хохирогч Б.Б, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00580 0564 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц овгийн Б.А, 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, Орхон аймаг, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч *** тоотод ам бүл гурав, дүү нарын хамт түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын хажуу талын явган хүний гарц дээр 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 21 цаг 15 минутын орчимд Toyota Prius маркийн *** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, мөн дүрмийн 16, 16.1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ явган зорчигч Б.Б-ийг явган хүний гарц дээр явж байхад нь мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Ц овгийн Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх аваагүй байх үедээ өөрийн эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн *** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, мөн дүрмийн 16, 16.1 дэх заалтыг тус тус зөрчсөн улмаас 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 21 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын хажуу талын зорчих хэсгийн явган хүний гарц дээр хохирогч Б.Б /явган зорчигч/-ийг мөргөж, түүний биед зүүн шуу, баруун ясны хугарал, доод уруул, дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын эрхий хуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал);

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-12 дахь тал);

- Хохирогч Б.Б-ийн “...Би тухайн орой 21 цаг өнгөрч байхад Баянхошууны 7 дугаар хорооны буудал дээр автобуснаас буугаад явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зорчих хэсэг рүү алхаж ортол хойноос урагш чиглэлд их хурдтайгаар нэгэн автомашин ирсэн. Тэр үед нь би “согтуу жолооч байна, гялс гүйгээд гарчихъя” гэж бодоод гүйхэд тэр машин миний хөлийг мөргөөд, би замын баруун талд шидэгдэж унасан юм. Ослын дараа би босож чадахгүй хэвтэж байтал намайг мөргөсөн машины жолооч бууж ирсэн бөгөөд эмэгтэй хүн байсан. Би түүнд хандан “хүн гарцаар гарч байхад, яаж яваад байна аа, чи” гэхэд дуугараагүй. Тэгээд миний бие өвдөөд байхаар нь 102-т дуудлага өгөөд, бас өөрийн дүү нарыг дуудаж, гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Би тэр үед гүйгээгүй бол машинд биеийнхээ бүтэн хэсгээр мөргүүлж их хүнд гэмтэл авах байсан гэж бодож байна. Би одоо гэр дотроо таягтай алхаж, удаан хугацаагаар гишгэж болохгүй гэсэн гам барьж байгаа. Би эмчилгээний зардал, хохирол яг хэдэн төгрөг болж байгаа гэдгийг мэдэхгүй байна. Баримтаа хэрэгт хавсаргана. Би осол болсон өдрийн дараагаар хувийн эмнэлэгт 14 хоног хэвтсэн бөгөөд тэр зардлыг жолооч эмэгтэй төлсөн юм. Би гарцаар гарч яваад эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Ослын улмаас болж ажилгүй байгаа. Мөн өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарч байгаа болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Би хувиараа бусдын захиалгаар сийлбэр хийдэг. Үүнээс гадна харуул хамгаалалтын албанд ажилладаг байсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал); 

- Шүүгдэгч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би тухайн өдөр 21 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн боловч банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа “Toyota Prius-20” маркийн *** УЕЕ улсын дугаартай автомашиныг жолоодоод гэр лүүгээ харихаар Баянхошуунаас 21 дүгээр хороолол руу явах асфальтан замаар хойноос урагшаа чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр явж байсан юм. Ингээд 7 дугаар хорооны автобусны буудал руу ойртоод ирэхэд 2 дугаар эгнээнд явж байсан автобусны урдуур явган хүний гарцаар гэнэт нэг явган зорчигч гараад ирсэн. Би тоормос гишгэсэн боловч бүрэн зогсож амжилгүй тэр хүнийг мөргөөд зогссон юм. Ослын дараа би машинд мөргүүлсэн хүнийг гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн бөгөөд хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой 1,500,000.0 төгрөгийг эмчилгээнд нь зарцуулсан байгаа. Би өөрийн гэм буруутай үйлдлээ сайн ойлгож байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13036 дугаартай: “...Б.Б-ийн биед зүүн шуу, баруун ясны хугарал, доод уруул, дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын эрхий хуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал);

- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн “...*** УЕЕ улсын дугаартайToyota Prius-20” маркийн тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд стандартын шаардлага хангаж байна. Мөн 2021 оны техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42-48 дахь тал);

- Өмчлөлд шилжүүлэх гэрээ (хавтаст хэргийн 55-56 дахь тал);

- ***-ийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  “...***-д бакалаврын зэргийн *** мэргэжлээр 6 дугаар курст суралцдаг нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дахь тал);  

- Цагдаагийн Ерөнхий Газар бүртгэл хяналтын төвийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23/2212 дугаартай Б.А-ын мэдээллийг Жолоочийн бүртгэлийн  сан /TRS/-д хянаад жолоочийн бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй байна гэх албан бичиг (хавтаст хэргийн 58 дахь тал);

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1261 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 60-61 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.А нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаан явуулсныг дурдах нь зүйн хэрэг.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн     2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13036 дугаар дүгнэлтээр хохирогч Б.Б-ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.А замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн Авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автомашин жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Тодруулбал, энэхүү гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж, харин энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн нь хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон юм.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрх аваагүй атлаа автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, мөн явган хүний гарц ойртох үед хурдаа хасаагүй, ялангуяа 2-р эгнээнд үзэгдэх орчныг хязгаарласан том оврын тээврийн хэрэгсэл буюу автобус зорчиж байхад 1-р эгнээгээр буюу автобусны хажуугаар анхаарал болгоомжгүй орсон зэрэг нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Дашрамд дурдахад, тээврийн хэрэгсэл жолоодож авто замын хөдөлгөөнд оролцох нь жолоочоос байнгын анхаарал болгоомж, самбаачлах чадвар буюу шийдвэр гаргах хурд, үзэгдэх орчны мэдрэмж, хяналтыг шаардаж байдаг тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүний хувьд ч хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох нь маш чухал байдаг.      

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.А-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Б-ээс эмчилгээний зардалд 289,330.0 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Б.А түүнд нийт 1,586,000.0 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.А-ыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй. Харин хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин, олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйл, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураан авсан иргэний бичиг баримт байхгүй...” гэв.

 Шүүгдэгч: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

2.2.     Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 33-36 дахь тал), Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 534 тоот албан бичиг (хавтаст хэргийн 45 дахь тал), 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №ЗГ-20220830001368 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (хавтаст хэргийн 58, 60, 61-62 дахь тал), ***-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал), Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23/2212 тоот албан бичиг (хавтаст хэргийн 64 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн ХААН банкны баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А-ын үл хөдлөх эд хөрөнгөгүй, тээврийн хэрэгсэл нь ББСБ-ын эзэмшилд байгаа, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, харин анагаах ухааны чиглэлээр суралцдаг оюутан, ял шийтгэл хүлээж байгаагүй, мөн гэрлээгүй, дүү нараа харж хандан Улаанбаатар хотод хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-д тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

Хэрэв шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд, эсхүл мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхээс энэхүү тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт нь үндсэн ял оногдуулах хууль зүйн үр дагавартайг тусгайлан сануулах нь зүйтэй. 

2.3.     Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ц овгийн Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-д тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Б цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА