Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Т.Төмөртулга, шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 03446 1959 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц овгийн Т.Ч, 1982 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/1119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий өөрийн эхнэр М.О-ийг зодож эрүүл мэндэд нь баруун, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайд шарх, хүзүү, эрүү, зүүн өвдөгт цус хуралт, дух, хамар, эрүү, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Ц овгийн Т.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.О-ийг зодож, бие махбодод нь баруун, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайд шарх, хүзүү, эрүү, зүүн өвдөгт цус хуралт, дух, хамар, эрүү, хүзүү, цээжинд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно.

Тухайлбал, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал);

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 5-7 дахь тал);

- Хохирогч М.О-ийн “...Би Сонгинохайрхан дүүрэгт байрлах хадам эгчийн хашаанд нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Архангай аймгаас 2019 онд нүүж ирсэн бөгөөд нөхөр бид хоёр гэрлэлтийн баталгаатай, дундаасаа 5-19 насны 4 хүүхэдтэй. Хамгийн том хүү 19 настай, ажил хийдэг. Дараагийн хүүхэд 11 настай, 6 дугаар ангид сурдаг. Мөн 8 настай, 5 настай хүүхдүүдтэй. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өглөө би ажилдаа явсан ба гэрт манай нөхөр Т.Ч гурван хүүхэдтэйгээ үлдсэн. Тэгээд би орой 21 цагийн үед ажлаа тараад Баянхошууны Хөтлийн автобусны буудал дээр буугаад гэр лүүгээ алхаж байхад манай нөхөр Т.Ч танихгүй хүмүүстэй архи уусан байдалтай явж байсан. Тэр үед би нөхөр Т.Ч-ыг дуудаад “гэртээ харих уу” гэж асуухад Т.Ч намайг элдэв янзаар доромжилж, ганцаараа миний араас дагаад явж байсан. Тэгэхээр нь би гэртээ оролгүй хажуу айлын өрөөнд нуугдсан чинь манай нөхөр намайг хайж олоод цүнхээр минь толгой, бие рүү нэлээн хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал); 

- Гэрч М.О-ийн “...Би М.О-ийн төрсөн эгч нь байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажлаа хийж байтал төрсөн дүү М.О над руу залгаад “урьд шөнө Т.Ч намайг зодоод толгой хагалсан. Би цагдаад мэдэгдсэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал);

- Гэрч Т.Н-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод суудаг бөгөөд манай хашаанд миний төрсөн дүү Т.Ч эхнэр, дөрвөн хүүхдийн хамт тусдаа гэрт амьдардаг. Тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ байхгүй байсан. Тэр үед Т.Ч эхнэрээ зодсон гэдгийг сүүлд Т.Ч-аас сонссон. Би дүүгээсээ юу болсон талаар асуухад “эхнэр М.О нэг эмэгтэйтэй архи уугаад зогсож байхаар нь уурлаад гэртээ ирээд эхнэрийнхээ цүнхний оосроор хэдэн удаа цохисон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14205 дугаартай: “...М.О-ийн биед баруун, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайд шарх, хүзүү, эрүү, зүүн өвдөгт цус хуралт, дух, хамар, эрүү, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал);

- Шүүгдэгч Т.Ч-ы иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдалтай холбоотой баримтын хуулбар хувь (хавтаст хэргийн 27-31 дэх тал) зэрэг нотлох баримтаар хэргийн бодит байдал эргэлзээгүйгээр сэргээн дүрслэгдэж байна.

Түүнчлэн шүүгдэгч Т.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээрээ маргахгүй...” гэж (хавтаст хэргийн 52-53 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...надад нэмж ярих зүйл байхгүй, би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна...” хэмээн мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болно.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Т.Ч нь уншиж, бичиж чаддаггүй бөгөөд өмгөөлөгч сонгон авсан байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтаар баталгаажсан хүний үндсэн эрх болох хууль зүйн туслалцаа авах эрх нь хангагдсан байна.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14205 дугаартай дүгнэлтээр хохирогч М.О-ийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Ч-ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.О-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Түүнчлэн, шүүгдэгч Т.Ч, хохирогч М.О нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай нөхөр,_эхнэр байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Т.Ч-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Т.Ч хохирогч М.О-ийн биед халдаж цохисон үйлдэл болон хохирогч М.О-ийн биед учирсан баруун, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хамар, эрүү, хүзүү, цээжинд зулгаралт гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Ч-ыгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч М.О нь эмчилгээтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй бөгөөд гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Ч-ыг төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Т.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оршин суугаа нутаг дэвсгэр буюу Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооноос гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 сарын хугацаагаар оногдуулах саналтай байна. Хохирогч М.О баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргадаггүй ба үнэн зөв мэдүүлгийг тогтвортой өгч байсан. Шүүгдэгчийн хувьд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь ажил төрөл эрхэлдэг. Харин Т.Ч нь хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгдөг, гэр бүлийн ажлаа зохицуулдаг. Мөн зарим тохиолдолд гурвалжин зах дээр ачаа зөөх цагийн ажил эрхэлдэг. Цаашид гэр бүлийн тогтвортой байдлыг эрмэлзэн шүүгдэгч нь хохирогч М.О-ээс уучлалт гуйсан. Энэ бүхнийг харгалзан түүнд хоёр сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэв. 

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 28 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/1119 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 33-37 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ЗШ/383 дугаартай захирамж (хавтаст хэргийн 38 дахь тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 39-40 дэх тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 42-45 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, байнга оршин суух хаягтай хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Т.Ч-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн боловч тэрээр урьд ял шийтгүүлж байсан байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм. 

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч хэн алин нь шүүгдэгч Т.Ч-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан боловч шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн онцлог, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэлбэр, гэм буруу, хувийн байдалд тохирсон хийгээд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Учир нь, шүүгдэгчийн хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй байх бөгөөд шүүх түүнийг хөдөлмөрөөр дамжуулан засан хүмүүжүүлэх нь илүү үр нөлөөтэй гэж үзсэн болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ял нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас илүү хүнд боловч ажил хөдөлмөр эрхэлдэг хүний хөдөлмөр эрхлэлтийг хөндөхгүй байх, эсвэл хөдөлмөрийн чадвар алдсан хүнийг төрийн хяналтад байлгаж, цээрлүүлэх зорилготой юм.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-д долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүхээс оногдуулсан долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт өдөрт 8-аас дээшгүй цагаар хийж гүйцэтгэх ба хэрэв биелүүлээгүй тохиолдолд найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг түүнд тусгайлан сануулах нь зүйтэй.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ц овгийн Т.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-д долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-д оногдуулсан долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Ч-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА