| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2023/0134/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/143 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 02625 1945 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Г.Г , 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл хоёр, хамтран амьдрагчийн хамт *** хаягт түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Г.Г нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Т ХХК-ийн хашаанд байрлах хохирогч С.Д-ийн Note2 загварын 1 ширхэг, LG Q-10 загварын 1 ширхэг, хохирогч Д.Д-гийн Samsung S6 edge plus загварын 1 ширхэг, хохирогч Т.С-ийн Samsung A8 загварын 1 ширхэг гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч С.Д-д 340,000 төгрөг, хохирогч Д.Д-д 200,000 төгрөгийн, хохирогч Т.С-т 280,000 төгрөгийн нийт 820,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Г.Г нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Т” ХХК-ийн хашаанд байрлах хохирогч С.Д-ийн “Samsung Note-2” загварын нэг ширхэг, “LG Q-10” загварын нэг ширхэг, хохирогч Д.Д-гийн “Samsung S-6 edge plus” загварын нэг ширхэг, хохирогч Т.С-ийн “Samsung A-8” загварын нэг ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч С.Д-д 340,000 төгрөгийн, хохирогч Д.Д-д 200,000 төгрөгийн, хохирогч Т.С-т 280,000 төгрөгийн буюу бусдад нийт 820,000.0 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Шүүгдэгч Г.Г нь шүүх хуралдаанд “...би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй, хэргийн талаар маргах зүйлгүй...” гэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хохирогч С.Д-ээс гаргасан “...2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Т” ХХК-ийн хашаа гэрээс гар утсаа алдсан...” гэсэн гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дахь тал);
- Хохирогч С.Д-ийн “...Би 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед охин Д.Д-, түүний найз С нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн орбитын тойрогт байх караокед үйлчлүүлж байсан. Энэ үед би тамхи татаад гадаа байж байхад өөрийгөө Г.Г гэгч 30 гаруй насны залуутай танилцаад караокед хамтдаа 1 шил архи хувааж уусан. Тэгээд Г.Г гэх залуу 1 шил архи аваад бид гурвыг дагуулж тахилт орчимд байх гэртээ очтол настай хүн байхаар нь би “настай хүн байна, хэдүүлээ манай гэрт очиж ууцгаая” гэж хэлэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Т” ХХК-ийн хашаанд байх гэртээ очоод хамт 1 шил архийг хувааж ууцгаасан. Тэгээд Г.Г газар ор засаж өгөөд бүгд унаад өгсөн. Тэгээд өглөө 08 цагийн үед би сэртэл Г.Г байхгүй байсан ба бидний гар утсыг бүгдийг нь аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-34 дэх тал);
- Хохирогч С.Д-ээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 71-77 дахь тал);
- Хохирогч Д.Д-гийн “...Би Улаанбаатар хотод хувиараа ажил хийхээр очсон юм. Тэгээд би нэгэн цайны газарт буузны тогоочоор 4 сарын хугацаанд ажилласан юм. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манай ажлын эгч буюу ахлах тогооч С гэх хүн намайг удахгүй Увс явах юм чинь өнөөдөр гаръя гэсэн юм. Тэгээд тухайн өдрийн 17 цагийн үед манай аав С.Д, ажлын эгч С нарын хамт нийтийн караоке орсон. Тухайн үед би ямар нэртэй караоке орсныг мэдэхгүй байна. Тэгээд бид гурав Сэнгүр пиво, Хараа нэртэй 0,75 литрийн архи уусан. Тэр үед манай ширээнд үл таних хэсэг эрэгтэй хүмүүс сууж байсан. Тухайн залуучуудын нэгтэй нь манай аав ярилцаад суугаад байсан. Удалгүй тэр залуус караокеноос явсан ба аавтай ярилцаад сууж байсан залуу ганцаараа манай ширээнд суугаад үлдсэн. Тэгээд орой нь 12 цагийн үед бид нар харих гээд караокеноос гарахад аавтай ярилцаж байсан залуу “би нэг шил архи авчихлаа. Бүгдээрээ манайд очиж ууя” гэсэн. Манай аав зөвшөөрөөд тухайн залуугийн гэрт очиход гэрт очиход нэг настай ах унтаж байсан. Бид нар хүн байна гээд манай аавын гэрт очиж архиа уухаар явцгаасан. Манай аавын гэр орбит гэх нэртэй газар байдаг юм. Аавын гэрт ямар нэртэй, ямар хэмжээтэй архи байсан талаар мэдэхгүй байна. Тэр үед бид нар архиныхаа тал хүртэл нь ууж байгаад манай ажлын эгч бид хоёр өглөө ажилтай болохоор унтацгаасан. Аав тэр залуутай архиа уугаад үлдсэн. Маргааш өглөө нь 7 цагт би ажилдаа явах гээд босоход аав сэрүүн байсан. Би ажлын эгчийгээ сэрээчхээд утсаа хайгаад олоогүй ба аав, ажлын эгчийн утас бас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал);
- Хохирогч Т.С-ийн “...Би 2020 оны 08 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед хуурай дүү Д.Д-г Увс аймаг руу ажлаар явах гэж байсан болохоор хамт караокед сууя гэж хэлсэн. Дүү ч зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр орбитын тойрог гэх газар байдаг нэрийг нь үл мэдэх караокед сууж байгаад хуурай дүү Д.Д-гийн аав болох С.Д-ийг дуудсанаар С.Д ах ирсэн. Бид нар караокед сууж байхад хэсэг залуус бид нарын ширээнд хамт суусан ба С.Д ах болон түүний охин Д.Д бид Сэнгүр пиво, 0,75 литрийн Хараа архи уусан. Тэгээд удалгүй караоке тарахад өөрийгөө Г.Г гэж танилцуулсан залуу 0,75 литрийн нэг шил архи аваад “манайд очъё” гэснээр бид хилчинд байх түүний гэрт нь очсон. Хаягийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд гэрт нь очиж архинаасаа амсчхаад үлдсэн архийг нь аваад Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Т” ХХК-ийн хашаанд байх С.Д ахынд очсон. Д.Д бид хоёр гэрт очоод унтсан. Харин нөгөө Г.Г гэх залуу С.Д- ахтай үлдсэн архийг хувааж уугаад үлдсэн. Д.Д бид хоёрыг унтахад шөнийн 03 цаг болж байсан. Тэгээд өглөө нь буюу 2020 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед босоход С.Д ах сэрчихсэн орон дээр сууж байсан. Харин нөгөө Г.Г гэх залуу байхгүй байсан. Би утсаараа ярих гээд Samsung A8 загварын гар утсаа хайж үзэхэд алга болсон байсан. Мөн С.Д ах 2 гар утас, Д.Д 1 гар утсаа хайгаад олдоогүй. Би С.Д ахаас тодруулж асуухад ахыг сэрэхээс өмнө гараад явчихсан байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал);
- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2851 дугаартай үнэлгээ (хавтаст хэргийн 56-57 дахь тал);
- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2931 дугаартай үнэлгээ (хавтаст хэргийн 61-62 дахь тал);
- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 77 дугаартай үнэлгээ (хавтаст хэргийн 66-67 дахь тал);
- Шүүгдэгч Г.Г нь мөрдөн байцаалтад “...Би хийсэн хэрэгтээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын 4 ширхэг гар утсыг авч яваад Хархорин зах дээр үл таних хүнд зарсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө няцаан үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн үйл баримт буюу болж өнгөрсөн бодит байдлыг хөдөлбөргүй сэргээн тогтоосон.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Г нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Г-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлс болох LG Q-7 гар утсыг 180,000.0 төгрөг, LG Q-7 гар утасны хавтсан гэрийг 5,000.0 төгрөг, Note 2 гар утсыг 150,000.0 төгрөг, Note 2 гар утасны хавтсан гэрийг 5,000.0 төгрөг, Samsung S6 edge гар утсыг 200,000.0 төгрөг, Samsung A8 гар утсыг 280,000.0 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нийт 820,000.0 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь бага хэмжээнээс дээш буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгч Г.Г-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан бөгөөд тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Г-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч С.Д, Д.Д, Т.С нар нь хулгайд алдсан гар утсаа биет байдлаар буцаан аваагүй, гэмт хэргийн улмаас учирсан 820,000.0 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Г.Г-оос 820,000.0 төгрөгийг гаргуулан хохирогч С.Д-д 340,000.0 төгрөг, хохирогч Д.Д-д 200,000.0 төгрөг, хохирогч Т.С-т 280,000.0 төгрөг тус тус олгох нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Г.Г-т холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Г.Г нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна...” гэв.
Шүүгдэгч: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2-5а/207 тоот албан бичиг (хавтаст хэргийн 91 дэх тал), Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 130 дугаартай лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал), Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2208 тоот албан бичиг (хавтаст хэргийн 94 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1041 тоот албан бичиг (хавтаст хэргийн 95 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал), Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2-4в/4156 тоот албан бичиг (хавтаст хэргийн 106 дахь тал), Хас банк ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 56/3848 тоот албан бичиг (хавтаст хэргийн 108 дахь тал), Төрийн банк ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 026/5122 тоот албан бичиг, хавсралтын хамт (хавтаст хэргийн 109-110 дахь тал), ХААН банк ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 50/10208 тоот албан бичиг, хавсралтын хамт (хавтаст хэргийн 111-112 дахь тал), Голомт банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14/ХХ/03_122 тоот албан бичиг (хавтаст хэргийн 113 дахь тал), Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/9203 тоот албан бичиг, хавсралтын хамт (хавтаст хэргийн 114-115 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 116-117 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 131 дэх тал), Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 26иа/7305 тоот албан бичиг (хавтаст хэргийн 135 дахь тал), Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 26ж1/4349 тоот албан бичиг (хавтаст хэргийн 136 дахь тал), Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 42/2-1416 тоот албан бичиг (хавтаст хэргийн 137 дахь тал), Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 26иб2/3678 тоот албан бичиг (хавтаст хэргийн 138 дахь тал), Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 26ж3-5/3840 тоот албан бичиг (хавтаст хэргийн 139 дэх тал), Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 40в/2722 тоот албан бичиг (хавтаст хэргийн 140 дэх тал), Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 26ё1-4/5757 тоот албан бичиг (хавтаст хэргийн 141 дэх тал), Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 45-в/2767 тоот албан бичиг (хавтаст хэргийн 142 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.Г-ийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, согтуурсан үедээ бусдын өмчлөх эрхэд халдаж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Г-т оногдуулсан зургаан сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн нутаг дэвсгэрийн харьяаллаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорихоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Г.Г-т оногдуулсан зургаан сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-оос 820,000.0 төгрөгийг гаргуулан хохирогч С.Д-д 340,000.0 төгрөг, хохирогч Д.Д-д 200,000.0 төгрөг, хохирогч Т.С-т 280,000.0 төгрөг тус тус олгосугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА