| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2023/0131/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/145 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Г.Лхагвасүрэн, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 0011 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н овгийн Г.Б, Улаанбаатар хотод 1984 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар:***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Г.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод оршин суух хохирогч Д.Ү-ын эзэмшлийн 1 хос 2,5 граммтай алтан ээмгийг хохирогчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар ширээн дээрээс нь авч бусдад 725,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Н овгийн Г.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод оршин суух хохирогч Д.Ү-ын эзэмшлийн 2,5 граммтай 1 хос алтан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж, өөрийн дураар захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлэн бусдад 725,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Шүүгдэгч Г.Б нь шүүх хуралдаанд “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг гаргахгүй, хэргийн талаар маргах зүйлгүй...” гэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Тухайлбал, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
- Хохирогч Д.Ү-ын “...2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай гэрт найз Г.Б ганцаараа ирсэн. Тэгээд “даралт үзээд өг” гэхээр нь би аппаратаа хайж олон даралтыг нь үзэж өгсөн бөгөөд Г.Б ч удалгүй явсан. Тэгтэл ширээн дээр байсан 2,5 граммтай 1 хос алтан ээмэг маань алга болсон байсан юм. Би өөрийн ээмгийг биет байдлаар нь буцаан авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-9 дэх тал);
- Хөрөнгийн үнэлгээний Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2300 дугаартай “...алдагдсан гэх эд зүйлийг 725,000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн тайлан (хавтаст хэргийн 14-16 дахь тал);
- Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-20, 24 дэх тал);
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-23 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө няцаан үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед “... би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ломбардын барьцаанд тавьсан Д.Ү-ын ээмгийг авч өгсөн, хохиролгүй болгосон...” (хавтаст хэргийн 55-56 дахь тал) гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна...” хэмээн хэргээ хүлээн мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт хамааралтай, эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болохыг дурдах нь зүйтэй.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б нь дээд боловсролтой буюу монгол хэл бичиг мэддэг байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүй явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Б-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлс болох 2,5 граммтай цэвэр алтан ээмгийг 725,000.0 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нийт 725,000.0 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгч Г.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Б-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Г.Б хохирогчийн 2,5 грамм жинтэй цэвэр алтан 1 хос ээмгийг биет байдлаар буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болсныг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 25 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 34-48 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Прокурор нь хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнд яллагдагчаас гаргасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохиролцож, хуульд заасан хүрээ хязгаарын дотор санал гаргасныг яллагдагч Г.Б хүлээн зөвшөөрснөөр хэргийг шүүхэд ирүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэв.
Иймд прокурорын саналаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Г.Б-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авлаа.
Шүүгдэгч Г.Б-ийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суух газраа өөрчлөхгүй бөгөөд зорчин явах тухайд Улаанбаатар хотоос гарч явах зайлшгүй шаардлага бий болсон тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагаас заавал зөвшөөрөл авах үүрэгтэй гэж ойлгоно.
Хэрэв шүүгдэгч Г.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулах хууль зүйн үр дагавартайг тусгайлан сануулах нь зүйтэй.
2.2. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Н овгийн Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Г.Б-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх энэ тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА