| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2023/0133/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/147 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Ганчимэг, хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхтөр, шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1540 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д овгийн Н.Э, 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, нөхөр, хүүхдүүдийн хамт *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Н.Э нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сод монгол шатахуун түгээх станцын орчимд 2022 оны 08 дугаар 30-ны өдөр иргэн Г.А-тай маргалдаж, улмаар түүний нүүр, цээж, шуун тус газруудад гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цээж, зүүн шуу, хоёр сарвуунд цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Д овгийн Н.Э нь 2022 оны 08 дугаар 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Сод монгол” шатахуун түгээх станцын орчимд хохирогч Г.А-тай маргалдаж, улмаар түүний нүүр, цээж, шуу руу гараараа цохиж, биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цээж, зүүн шуу, хоёр сарвуунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.
1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хохирогч Г.А-гийн “...эргээд хартал Н.Э миний нүүр рүү маш хүчтэй гараараа цохисон чинь миний хамар халуу дүүгээд нулимс асгараад явчихсан. Би хамраас цус гарчихлаа гэж бодсон чинь тухайн үед цус гараагүй, тэгэхээр нь миний уур хүрээд “чи яаж байгаа юм бэ” гээд Н.Э-гийн хацар руу нь нэг удаа алгадсан. Н.Э нь миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон, хөл рүү өшиглөсөн, гарын шуу хэсэг рүү гараараа 3, 4 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 3-8 дахь тал);
- Гэрч Т.Х-ын “...Би ТҮЦ-ийн зүс таних эмэгтэй Г.А-г цохиж байхыг нь хараагүй, тухайн үед би машинуудад түгээлт хийж байсан. Харин хоорондоо муудалцаад заамдалцаж байхыг нь харсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16 дахь тал);
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүхийн эмнэлгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11999 дугаартай: “...Г.А-гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цээж, зүүн шуу, хоёр сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал);
- Гэрч М.Д-ийн “...гэр рүүгээ явж байхад манай байрны баруун талд байрлах ТҮЦ-ийн эмэгтэй Н.Э, бас зүс таних Сод монгол шатахуун түгээгүүрт ажилладаг эмэгтэйтэй заамдалцаад хоорондоо барьцалдаад зогсож байхаар нь очоод “та хоёр боль” гэж хэлээд салгаад явсан. Тэрнээс өөр юм мэдэхгүй. Намайг очиход тэр хоёр хоорондоо барьцалдаад нэг нэгнийхээ энгэрээс, хувцаснаас нь зуурчихсан зогсож байсан. Нэг нэгнээ цохиогүй. Тэгээд би “боль” гэж хэлээд салгаад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал);
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 88-90 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Н.Э мөрдөн байцаалтад яллагдагчаар “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй...” (хавтаст хэргийн 50-51 дэх тал) гэж мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн өдөр Г.А гэх хүнтэй маргалдаж, зодолдсон. Тэр хүн өөрөө их зөрчил гаргасан. Ер нь бол бидний хэн хэнийх нь ухамсаргүй, хариуцлагагүй байдлаас шалтгаалж ийм хэрэг гарсан. Миний хувьд хүнийг зүгээр байхад нь огт цохиогүй. Г.А-г би муу хүн гэж хэлэхгүй. Түүний суурь хүмүүжил нь ийм л юм байна. Тухайн үед миний ах нас бараад, сэтгэл санаа минь гундуу байсан тул Г.А-г жаахан хүлээгээд өгөөч гэж л гуйсан, даан ч тэр хүлээгээгүй. Бид хоёрын хэрүүл маргаан мөнгөнөөс л болсон. Г.А зээлүүлсэн мөнгөө авна гээд дайраад байсан юм. Миний ээмэг газар унахад дээр нь гишгээд байхгүй болгосон. Тэр ч бүү хэл миний ажил төрөл, гарал үүслээр минь хүртэл доромжилсон. Маш хэцүү байсан. Гэхдээ би түүнийг зодож гэмтээсэндээ гэмшиж байна...” хэмээн мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Э нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11999 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Э-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.А-гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Н.Э нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй, харилцааны улмаас болж маргалдан улмаар хохирогч Г.А-гийн эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цээж, зүүн шуу, хоёр сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Г.А нь хэрэгт баримтаар 427,500.0 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Н.Э төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж, хохирогч Г.А хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчилгээний талаарх хууль ёсны баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, төлүүлэх саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: “...Мөнгөний асуудлаас болж уг маргаан болсон байна. Уг мөнгийг Г.А машин авч унахаар цуглуулж байсан. Түүний хувьд хамар нь гэмтсэн, хагалгаандаа орж чадаагүй байгаа. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчтай санал нэг байна...” гэв.
Шүүгдэгч: “...Хохирогч болон та бүхнээс уучлалт гуйж байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Х-235 дугаартай батламж (хавтаст хэргийн 93 дахь тал), бүртгэлийн дэвтэр (хавтаст хэргийн 94-96 дахь тал), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 97-106 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн ХААН банкны шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Н.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг баримтын хүрээнд төлж барагдуулсан байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Шүүгдэгч Н.Э-д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Д овгийн Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Э-д сануулсугай.
5.Хохирогч Г.А нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гаргасан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА