Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0016

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Бгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч М.Б

 

Нэхэмжлэгч: М.Б

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 159/ШШ2024/0070 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 129/2024/0055/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Бгаас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 159/ШШ2024/0070 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.1, 56.5.2, 56.6, 66 дугаар зүйлийн 66.3, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус баримтлан М.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч М.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бодит дүгнэлт өгөх, хариуцагчийн татгалзал нь нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн няцааж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай билээ. Гэтэл дээрх нөхцөл байдлуудыг тогтоож чадалгүйгээр шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино..”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “... Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааж өгсөн байдаг билээ.

Дээрх зохицуулалтууд нь эрх зүйн хамгаалалт хүсэж буй нэхэмжлэгчийн эрх ашиг нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд чухал ач холбогдолтой юм.

3.2. Нэхэмжлэгчийн зүгээс “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар захирамж нь хууль бус захиргааны акт гэж үзэж нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан. Тухайн акт нь бичгээр гарч буй захиргааны акт болохынхоо хувьд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг заавал хангасан байх ёстой. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2.5-д “Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж зааж өгснийг зөрчсөн. Үүнээс үзэхэд эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж зааж өгсөн. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь хууль бус захиргааны актаар намайг ажлаас чөлөөлсөн гэж шүүхэд хандсаар байхад анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бодит дүгнэлт өгөлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой.

3.3. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 159/ШШ202410070 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М.Бгаас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага гаргаж, үндэслэлээ … багийн даргаар ажиллаж байсан Ж.Г нь өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнөөр төрийн үйлчилгээ авах багийн нийт иргэдийн эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл үүссэн учраас төрийн үйлчилгээг тасралтгүй явуулах зорилгоор Шаамар сумын Засаг дарга захирамж гаргаж, намайг зөвхөн багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр л томилсон, аймгийн Засаг даргын захирамж нь хэд хэдэн хуулийн зарчим, шаардлагыг хангаагүй, миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж тайлбарласан бол

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэр бүхий иргэнээс Шаамар сумын Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол ирүүлсэнтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн дагуу нотлох баримт цуглуулж нөхцөл байдлыг тогтоосон, багийн иргэдийн Нийтийн хурал хийж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх зэрэг багийн Засаг даргыг томилохтой холбоотой Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан зохицуулалт хэрэгжээгүй байхад Шаамар сумын Засаг дарга нь М.Бг багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь илт хууль бус учраас хүчингүй болгосон, аймгийн Засаг даргын 2024 оны А/342 дугаар захирамж нь хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

3. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;

3.1. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан 3-р багийн Засаг дарга Ж.Г-оос “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр хүсэлт гаргаснаар, сумын Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/6 дугаар захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

3.2. Үүний дараа Шаамар сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5 дахь заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоолын 12 дугаар хавсралт зэргийг үндэслэн, 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/8 дугаар захирамжийг гаргаж, М.Бг тус сумын Дулаанхаан 3-р багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр[1] томилсон байна.

3.3.  Тус багт оршин суух иргэн С.М-оос сумын Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга шийдвэр гаргах ажиллагаа явуулж, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар захирамжаар энэ хэсгийн 3.2-т заасан сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосноор уг маргаан үүсчээ. 

4. Маргааны үйл баримттай холбогдуулан, анхан шатны шүүхээс “... Шаамар сумын 3-р багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй, М.Бг багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, санал хураалт явуулаагүй байхад түүнийг Засаг даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, багийн Засаг дарга нь улс төрийн албан тушаалд хамаарах ба түүний эзгүйд түр орлон гүйцэтгэгч томилохыг хуулиар зохицуулаагүй тул энэ журмыг хэрэглэх боломжгүй” гэж дүгнэн, М.Бгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

5. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсын ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... -/ыг/ хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.

6. Тодруулбал, нэхэмжлэгчийн сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол гагцхүү хуулийн дагуу үүссэн байх нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох урьдчилсан нөхцөл болно.

7. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2-т “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”,  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна: 56.5.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана; 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх; 56.5.4.нэр дэвшигч нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан байх”, 56.6.Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно”,

Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн  4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна: 11.1.9. бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер;”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно” гэж тус тус заажээ.

8. Дээрх хуулийн зохицуулалтуудыг агуулгаар нь хамтатган тайлбарлавал, төрийн улс төрийн албан тушаалтан болох “багийн Засаг дарга”-д тавигдах нөхцөл шаардлага, түүнийг томилох журмыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “багийн иргэдийн Нийтийн Хурлыг хийж, түүнээс олонхийн санал авсан буюу хуулиар тогтоосон шаардлага хангасан хүнийг нэр дэвшүүлсэн нөхцөлд сумын Засаг дарга томилох” зэргээр тухайлан горимлож, нарийвлан зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, сумын Засаг даргын “багийн Засаг даргын томилох” эрх нь хуулиар тогтоосон дээрх журам хангагдсан тохиолдолд хэрэгжинэ, харин харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар болон дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангаж, тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй төрийн төлөөлөгч болохын хувьд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах “албан үүргийг түр орлон гүйцэтгэх” зохицуулалт нь улс төрийн албан тушаалтанд хамаарахгүй юм.   

9. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тодорхойлогдох маргааны үйл баримтаас үзэхэд энэ хэсгийн 7-д заасан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй нөхцөлд багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Шаамар сумын Засаг даргын захирамжийг хууль зөрчсөн хэмээн хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын маргаан бүхий 2024 оны А/342 дугаар захирамж хуульд нийцсэн, багийн Засаг даргаар томилогдох буюу төрийн улс төрийн албан тушаал хаших, хөдөлмөр эрхлэх зэрэг нэхэмжлэгчид хуулийн дагуу үүссэн аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгчээ.  

10. М.Бг сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан нөхцөл, журмыг хэрэгжүүлээгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “...багийн Засаг даргад нэр дэвшээгүй, иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй” зэргээр тайлбарласнаас, түүнд хуулийн дагуу үүссэн буюу шүүхээс сэргээн тогтоовол зохих эрх, хууль ёсны ашиг сонирхол үгүй байна.

11. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасан шаардлагыг хангаагүй байх боловч түүний шүүхэд мэдүүлэх эрхийг энэ үндэслэлээр хязгаарлаагүй тохиолдолд давж заалдах гомдолд дурдсан уг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

 12. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг зөв үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч хүчингүй болсон Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тайлбарлаж хэрэглэсэн нь буруу, Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалт нь маргааны үйл баримтад хамааралгүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 159/ШШ2024/0070 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1” гэснийг хассан өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

 

[1] Захирамжийн тэргүүг “багийн Засаг даргыг түр томилох тухай” гэж зөрүүтэй байдлаар бичсэн.