Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 00102

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

 Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж  ирүүлсэн Б.Гэрэлт-Од-д холбогдох 201618020233 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Булгийн 2-32 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Солгой буурч овогт Баянбилэгийн Гэрэлт-Од. /РД:МЮ87041590/

 

Шүүгдэгч Б.Гэрэлт-Од нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны төвд байрлах Оргил кафений орчимд хохирогч Б.Раднаадаштай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний баруун суга орчимд нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гэрэлт-Одын өгсөн ..... 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би Төв аймгийн Борнуур сумаас гэртээ ирсэн юм. Тэгээд гэрээс гарч яваад 2-3 найзуудтайгаа Түнхэл тосгоны төвд байрлах хүрэн дэлгүүрийн гадна уулзсан. Тэд нартай юм ярьж байгаад нэг шил архи хувааж уусан. Тэгээд би найз Мөнх-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Ууганаа нараас салаад гэр лүүгээ явсан. Гэртээ ирчихээд буцаж гараад хүнтэй уулзах гээд явж байгаад төв замын хажууд машинтай зогсож байсан Раднаадаштай таараад юу байна дүү гэсэн чинь юмгүй дээ хөгшөөн гэхээр нь та нар ингэж болохгүй шүү ахын дүү хүн ахтай дээл захтай гэхэд Раднаадаш өөдөөс та нарын үе чинь өнгөрсөөн гэж хэлээд бид хоёр маргалдаад зодолдохоор болсон. Тэгээд хойшоо яваад төмөр замын гарам өнгөрөөд зогсоод раднаадаш хувцсаа тайлж шидээд зодолдох гэхээр нь би зодолдоогүй. Раднаадаш миний хүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон. Намайг хашаатай хавсарч түлхэхэд миний малгай унахаар нь малгай аваад өг гэхэд чадахгүй гээд малгай өшиглөсөн. Тэгээд намайг хавирч унагаагаад дээр гарахад хамт явсан найз нар нь салгаад аваад явсан. Би араас нь Оргил баарны гадна очиж Раднаадаштай учраа олох зорилгоор уулзаад ахын дүү чи намайг яаж байгаа юм бэ гэхэд өөдөөс учир зүйгээ олох шинжгүй дайраад байхаар нь айлгах санаатай өмдний хармаанд байсан хутгаа гаргаж ирээд барилцаж авах үед суган доогуур нь хутгалсан байсан. Раднаадаш эмнэлэг рүү үзүүлэхээр явахад нь би гэр лүүгээ харьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Раднаадаш бид хоёр учраа олж эвлэрсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Раднаадашийн хэрэг бүртгэлтэд өгсөн….  2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би 15 цагийн орчимд Түнхэл тосгонд төв замын хажууд цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд Гэрэлт-Одтой таарсан. Би тухайн үед найз отгонбаатар, Билгүүн, Хонгорхүү нарын хамт бага зэрэг халамцуу явж тааралдсан. Бид хоёр ойр зуурын юм ярьж зогсож байгаад би Гэрэлт-Одын малгайг нь толгой дээрээс нь санамсаргүй байдлаар унагаасан. Тэгтэл Гэрэлт-Од надад малгай авч өг гэсэн. Тэгэхээр нь би чадахгүй өөрөө ав гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэрэлдэж зодолдох юм болоод бид нар бөөнөөрөө Хараа голын гүүр лүү явцгаасан. Гүүрний хажууд очоод бид хоёр маргалдаж байх зуур би Гэрэлт-Одыг хавираад унагаасан. Энэ үед надтай хамт явсан найзууд салгасан. Энэ үед найз Нямка машинтай хүрээд ирсэн. Бид нар Гэрэлт-одыг орхиод төв рүү машинтай явцгаасан. Оргил кафений орчим машинтай зогсож байтал араас гэрэлт-Од ирээд намайг машинаас буугаад ир гэхээр нь буутал миний баруун суга руу хутгаар хатгасан. Тэгээд бид нар эмнэлэг рүү явцгаасан. Эмнэлэг дээр байхад цагдаа ирсэн… Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл ч байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бидний өөрсдийн буруугаас ийм зүйл боллоо гэх мэдүүлэг /Хх-н 29 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт  ¹ 246..... Дүгнэлт

             1.Раднаадашийн биед цээжний баруун хажуу хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой. 

3. Уг шарх нь цээжний хөндий рүү нэвтрээгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 24 дүгээр хуудас/

Б.Гэрэлт-Од нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н383 дугаар хуудас/

Хохирогч Б.Раднаадашийн Цагдаагийн хэлтэст гаргасан нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 43 дугаар хуудас/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч Б.Гэрэлт-Од нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны төвд байрлах Оргил кафений орчимд хохирогч Б.Раднаадаштай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний баруун суга орчимд нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Гэрэлт-Одын хохирогч Б.Раднаадаший нэг удаа хутгалж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тодорхой сэдэлттэй буюу хөгшөөн гэлээ  гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болж өөр хоорондоо маргалдсанаас болсон байх ба Б.Раднаадашийн биед цээжний баруун хажуу хэсэгт шарх гэмтэл учирсан, энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.Гэрэлт-Одын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээ бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлэн хэрэг бүртгэлтэд гаргасан ба мөн энэхүү хүсэлтээ хэрэг бүртгэлтэд тодорхой мэдүүлсэн байх тул Б.Гэрэлт-Од-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Гэрэлт-Одод өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23.5 см урттай төмөр иштэй мөнгөлөг цагаан өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:                                      

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                    

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Солгой буурч овогт Баянбилэгийн Гэрэлт-Одыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Гэрэлт-Од-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Гэрэлт-Одыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 12 см, бариулын урт нь 11.5 см, нийт 23.5 см урттай мөнгөлөг цагаан өнгийн, төмөр иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Б.Гэрэлт-Од нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

4. Б.гэрэлт-Одод өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.                               

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Б. ХЭРЛЭН.