Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0865

 

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0865

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д ХХК

Хариуцагч: Нийслэлийн м газрын б-ийн улсын байцаагч Э.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн м газрын б-ийн улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0035414 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Э.Э,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Д ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.О шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэлийн Мэ газрын Б-ийн улсын байцаагч Э.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Д ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь заалтаар 2102000268 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Улмаар улсын байцаагч Э.Э нь манай Д ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчсөн хэмжээн үзэж 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 0035414 дүгээр шийтгэлийн хуудсаар 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хүлээн авч танилцлаа.

Манай компанийн хувьд шийтгэлийн хуудаст заагдсан Зөрчлийн тухай хуульд заасан дээр дурдсан зөрчлийг үйлдээгүй, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хууль зүйн хийгээд бодит үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас ийнхүү хүчингүй болгуулахаар хуульд заасан харьяаллын дагуу тус шүүхэд годмол гаргалаа.

Д ХХК нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Драгон үйлчилгээний төвийг түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Манай компани 2010 онд Д.Б-г зохион байгуулагчаар ажилд авч түрээслүүлэгч нарыг хариуцуулж байсан ба 2016 оноос түүний Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон тул түүнтэй Худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ байгуулж, Драгон төвийн хүнс, барааны захыг түрээслүүлэн хариуцуулж, Д.Б нь түрээсийн талбайг бусдад дамжуулан түрээслүүлж, ашиг олж, түрээсийн талбайн хэвийн байдлыг хангаж ажилладаг болсон юм.

Д.Б нь 2017 оны 8 дугаар сард манай компанид мэдэгдэхгүйгээр түрээсийн гэрээнд заасан эрхийг хэтрүүлж, Барилгын тухай хууль тогтоомж, стандартыг зөрчин хаалга, гишгүүрийг түрээсийн үйл ажиллагаа явуулж буй барилгын хойд талд гаргасан байдаг. Үүнийг бид 2021 оны зун цагдаагаас дуудаж гэрчийн мэдүүлэг авах хүртэл огт мэдээгүй. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ахмад настан С.Т Д.Б-ийн дур мэдэн гаргасан шатнаас унаж амь хохирсон харамсалтай явдал болсон байна.

Дээрх асуудалтай холбогдуулан Д.Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Д ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн хэмээн буруутгаж, улмаар дээр дурдсанаар торгох шийтгэл ногдуулжээ.

Манай компанид холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийн хуулийн заалт нь Барилгын ажлын захиалагч нь чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх боловч манай компанийг тус заалтыг үндэслэн барилгын өмчлөгч, эзэмшигчийн үүргийг гүйцэтгээгүй, чиг үүргийг хэрэгжүүлээгүй хэмээн зөрчилд холбогдуулан шалгасан байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан барилгын захиалагч болон барилгын өмчлөгч, эзэмшигч гэх ойлголтууд нь хууль зүйн болон хэл зүйн хувьд өөр өөр утга санаа илэрхийлдэг.

Тухайлбал Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д барилгын захиалагчийг тодорхойлсон бол эзэмшигч, өмчлөгч хэмээхийг Иргэний хуулиар нарийвчлан авч үздэг билээ. Иймээс Д ХХК-ийг барилгын захиалагч хэмээн үзэж барилгын захиалагчийн дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх зөрчилд холбогдуулан шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Мөн манай компанийн эрх бүхий албан тушаалтны зүгээс Д.Б-д барилгын хаалга, шатыг өөрчлөн барихыг хүсэж эсхүл даалгаж байгаагүй бөгөөд тийм баримт зөрчлийн хэргийн материалд авагдаагүй байна. Тиймээс бусдын хууль бус үйлдлийн төлөө ийнхүү шийтгэгдэх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Зөрчлийн асуудалд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг бөгөөд тэрхүү хугацаа хэдий нь өнгөрсөн байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь зөрчил үйлдсэн үеэс эхлэн тоологдоно. Өөрөөр хэлбэл Д.Б-г хууль тогтоомж, стандарт зөрчин шат, хаалга гаргасан мөн үеэс буюу 2017 оны 8 дугаар сараас эхлэн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоор байна.

Мөн зүйлийн 4-д зааснаар манай компанид холбогдуулан нээсэн Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь заалтад заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь тус хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаатай байна. Тодруулбал тухайн зөрчил үйлдэгдсэн 2017 оны 8 дугаар сараас хойш 1 жилийн хугацаатай буюу 2018 оны 8 дугаар сард зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.1-д хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг үндэслэн зөрчлийн хэрэг нээснийг хэрэгсэхгүй болгох хуулийн болоод бодит үндэслэл бүрджээ. Нөгөөтэйгүүр ийнхүү шийтгэл оногдуулах буюу хариуцлага хүлээлгэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шийтгэл хуудсаар торгууль оногдуулсан нь Д ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөд байна.

Дээрхээс дүгнэхэд манай компанид холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн хуулийн үндэслэл нь хэргийн үйл баримт буюу бодит байдалтай нийцээгүй төдийгүй шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул Д ХХК-д оногдуулсан 0035414 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн болон бодит үндэслэлтэй байна.

Иймд Нийслэлийн М газрын Б-ийн улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 0035414 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Э.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д ХХК-ийн түрээслэгч Д.Б-ийн үйлчилгээний объектод 2017 оны 8 дугаар сард хийлгэсэн стандартын бус шатаар 2021 оны 03 дугаар сард зорчиж байсан иргэн унаж нас барсан.

Тус шатыг хийж байхад Д ХХК нь зохих арга хэмжээ, хяналтыг тавиагүй нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.1.11, 46.4 дэх заалтуудыг хангахгүй байсан.

Мөн уг хэрэг явдал болсноос хойш буюу 2021 оны 9 дүгээр сард дээрх объектод хяналт шалгалт хийхэд уг стандарт бус шатыг буулгалгүйгээр шинээр шинэчилж зураг төсөлд байхгүй шалтыг өөрсдийн хөрөнгөөр захиалж өөрчилж ашиглаж, хэвийн байдалд нь оруулаагүй нь газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм БНбД 22-01-01/2006-ийн 3.3.2 дахь Тооцооны газар хөдлөлтийн 7 ба 8 баллын эрчимтэй талбайд барих 5 ба түүнээс цөөн давхар каркасан барилга байгууламжийн доторх, тусдаа бүтээцийн хэлбэрээр төлөвлөхийг зөвшөөрнө. Харин шатны хонгилыг барилгын байгуулалтаас гадна тусдаа байгууламж байдлаар төлөвлөхийг зөвшөөрөхгүй гэж үзэж Д ХХК-ийг захиалагчаар тооцон Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хийж арга хэмжээ тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Д ХХК-иас Нийслэлийн М газрын Б-ийн улсын байцаагч Э.Э-д холбогдуулан гаргасан Нийслэлийн М газрын Б-ийн улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 0035414 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Нийслэлийн М газрын Б-ийн улсын байцаагч Э.Э 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 0035414 дүгээр шийтгэлийн хуудсаар барилгын өмчлөгч, эзэмшигчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2-т зааснаар 5,000 нэгжээр буюу 5,000,000 төгрөгөөр торгосон байна.

Гомдол гаргагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О хуулийн заалтуудыг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан гэж үзэж ... Манай компанид холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийн хуулийн заалт нь Барилгын ажлын захиалагч нь чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх боловч манай компанийг тус заалтыг үндэслэн барилгын өмчлөгч, эзэмшигчийн үүргийг гүйцэтгээгүй, чиг үүргийг хэрэгжүүлээгүй хэмээн зөрчилд холбогдуулан шалгасан байна. Иймээс Д ХХК-ийг барилгын захиалагч хэмээн үзэж барилгын захиалагчийн дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх зөрчилд холбогдуулан шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэж гомдлын шаардлагаа тодорхойлжээ.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д зааснаар барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг барилгын ажлын захиалагч гэж ойлгохоор заасан бөгөөд захиалагчийн чиг үүргийг мөн хуулийн 37 дугаар зүйлд заажээ. 

Хариуцагч нь Д ХХК-ийг иргэн Д.Б-ийн бариулсан гэх шатны барилгын ажлын захиалагч гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5-д Барилгын ажлын захиалагч хуульд заасан: 5.2.чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагчийг захиалагч гэж үзэх болсон үндэслэлээ тогтоогоогүй, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан захиалагчийн ямар чиг үүргийг зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагчийг Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажлын захиалагч гэж үзэх үндэслэлгүй байна. 

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Д ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон худалдааны төвийн барилгын ажлыг захиалан гүйцэтгүүлэхдээ чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтад заасан шийтгэл оногдуулах юм.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. гэж зааснаас үзвэл Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох бөгөөд тус хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.

Гэтэл Драгон худалдааны төвийн түрээслэгч Д.Б-ийн хийлгэсэн гэх шатнаас унаж хүний амь нас хохирсон бөгөөд тус шатыг хийж байхад гомдол гаргагч нь арга хэмжээ аваагүй, хяналт тавиагүй гэх үйлдэлд барилгын ажлын захиалагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д заасныг зөрчсөн, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл холбогдогчийн гаргасан зөрчил, шийтгэл оногдуулсан хуулийн заалт нийцэж байх учиртай бөгөөд Д ХХК-ийн гаргасан зөрчилд тохирохгүй зүйлээр шийтгэл оногдуулан хариуцагчийн үйлдлийг зөвтгөх эрх захиргааны хэргийн шүүхэд байхгүй байна.

Мөн Д ХХК-ийн хийлгэсэн гэж буй налуу замтай, бариултай шат нь стандартад нийцээгүй гэж хариуцагч тайлбарлаж байх боловч энэ үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан нотлох баримт цуглуулаагүй учир хариуцагчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд гомдлын шаардлагыг хангаж, Нийслэлийн М газрын Б-ийн улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 0035414 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 1.3 дугаар зүйл, 2.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Д ХХК-иас Нийслэлийн М газрын Б-ийн улсын байцаагч Э.Э-д холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн м газрын Б-ийн улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 0035414 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн М газрын Б-ийн улсын байцаагч Э.Э-с 70200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.ДАМДИНСҮРЭН