Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Сувданчимэг, шүүгдэгч Б.Б, М.Ө  нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00001 0806 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А овгийн Б.Б, 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл хоёр, охины хамт амьдардаг, *** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. 

Монгол Улсын иргэн, Б овгийн М.Ө, 1988 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эх, гурван хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/1094 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, түүний цагдан хоригдсон 62 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 496 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, биелүүлбэл зохих ялын хугацааг 204 цагаар тооцсон. Уг ялаас 144 цагийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байрлах А.М-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний эзэмшлийн Redmi фирмийн Note 8 загварын гар утас, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг картыг нь ашиглан А.М-ын эзэмшлийн Хаан банк дахь *** дугаартай данснаас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-с 400,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байрлах АТМ 1388 дугаартай АТМ-с 60,000 төгрөг, нийт 460,000 төгрөгийг гарган авч, бусдад нийт 723,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.

Шүүгдэгч С.Ө  нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 1 тоотод байрлах А.М-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед А.М-ын эзэмшлийн Redmi фирмийн Note 8 загварын гар утас, Хаан банкны виза картыг Б.Б нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болохыг мэдсэн атлаа, Б.Б-ын хамт тус хаан банкны картыг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын Жанцан салбарын Хаан банкны АТМ-аас А.М-ын эзэмшлийн *** дугаартай данснаас 400,000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12-367 тоотод байрлах АТМ1388 дугаартай АТМ-аас 60,000 төгрөгийг авч ашигласан, мөн 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.М-ын эзэмшлийн Redmi фирмийн Note 8 загварын гар утсыг үл таних хүнд 200,000 төгрөгөөр зарж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж тэдгээрийг ашигласны улмаас бусдад нийт 723,000 төгрөгийг хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. Үүнд:

- Шүүгдэгч, А овгийн Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 1 тоотод байрлах А.М-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний эзэмшлийн Redmi фирмийн Note 8 загварын гар утас, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг картыг нь ашиглан хохирогч А.М-ын эзэмшлийн Хаан банк дахь *** дугаартай данснаас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-аас 400,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АТМ-аас 60,000 төгрөг, нийт 460,000 төгрөгийг гарган авч, бусдад нийт 723,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.

- Шүүгдэгч, Б овгийн М.Ө  нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 1 тоотод байрлах А.М-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед А.М-ын эзэмшлийн Redmi фирмийн Note 8 загварын гар утас, Хаан банкны виза картыг Б.Б  нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болохыг мэдсэн атлаа, Б.Б-ын хамт тус хаан банкны картыг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-аас хохирогч А.М-ын эзэмшлийн *** дугаартай данснаас 400,000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АТМ-аас 60,000 төгрөгийг авч ашигласан, мөн 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.М-ын эзэмшлийн Redmi фирмийн Note 8 загварын гар утсыг үл таних хүнд 200,000 төгрөгөөр зарж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж тэдгээрийг ашигласны улмаас бусдад нийт 723,000 төгрөгийг хохирол учруулсан байна.

1.2.      Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүгдэгч Б.Б, М.Ө  нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүх хэргийн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосон болно.

- Хохирогч А.М-ын “...2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би эхнэр болон найз Д нарын хамт өөрийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн *** тоотод байрлах өөрийн гэртээ байсан. Тэр үед бид нар нийлээд 0,75 литрийн Хараа архи хувааж ууцгаасан. Тэгтэл орой 20 цаг өнгөрч байхад манай хамтран амьдрагч Ч.А-ийн хуучин нөхрийн дүү нь болох Б.Б  гэх эмэгтэй, М гээд эмэгтэй найзын хамт ирсэн. Бид нар бүгдээрээ доошоо дэлгүүр яваад дахиад нэг шил 0,5 литрийн Хараа архи аваад бүгдээрээ хувааж ууж байхад манай найз Д яваад өгсөн. Нэг мэдэхэд би унтчихсан байсан ба орой 23 цаг өнгөрч байхад сэртэл миний үүдэнд өлгөөтэй байсан куртикний халаасанд байсан цэнхэр өнгийн Redmi note 8 загварын гар утас, мөн хамт байсан ХААН банкны виза карт алдагдсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би гар утасны 263,000.0 төгрөг, данснаас алдагдсан 460,000.0 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал);

- Гэрч Ч.А-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай салсан нөхрийн ахынх нь хүүхэд болох Б.Б  над руу 15 цагийн орчимд “юу хийж байна” гэж чат бичихэд нь “ажил олдохгүй хүүхэд өлсөөд хэцүү байна” гэж хэлсэн. Орой 19 цагийн орчим манайд ирэхдээ Д гэх нэртэй үл таних эмэгтэйтэй хоёулаа ирсэн. Тэр үед манай нөхрийн найз Д бид нар хоёр шил архины нэг шилийг хувааж уусан байсан. Б.Б  нөгөө хүүхэнтэйгээ ирснийх нь дараа би удалгүй унтаад өгсөн байсан. Сэртэл манай нөхрийн найз байхгүй байсан. Мөн манай нөхөр болон Д, Б.Б  нар үлдсэн нэг шил архийг хувааж ууцгаасан байсан. Би Б.Б-д хандаж “одоо яв” гэж хэлсэн. Тэр хоёрыг явсны дараа 1 цаг орчмын дараа манай нөхөр М миний утас хаана байна гээд хайгаад байсан. Өөрийнхөө *** гэсэн утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан. Манай нөхөр надад хэлэхдээ өмсөж байсан куртикний халаасанд байсан Redmi Note 8 загварын гар утас, ХААН банкны виза карт нь байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал);

- Мастер үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21/013 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Redmi фирмийн Note 8 загварын гар утсыг 250,000.0 төгрөг, гар утасны гэрийг 10,000.0 төгрөг, юнителийн сим картыг 3,000.0 төгрөг, нийт 263,000.0 төгрөгөөр үнэлсэн...”  гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал);

- А.М-ын эзэмшлийн ХААН банк дахь *** дугаартай данснаас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цаг 59 минутад 400,000.0 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03 цаг 49 минутад 60,000.0 төгрөгийн зарлага гарсан талаар мэдээлэл бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 19 дэх тал);

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-27 дахь тал);

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 23-24 дэх тал);

- ХААН банкны хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 28 дахь тал);

- Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тэдний гэрт нь найз М.Ө-гийн хамт очсон. Бид хоёрыг очиход Ч.А болон түүний нөхөр А.М, өөр танихгүй нэг эрэгтэй хүмүүс хамт байсан. Тэд нар архи уугаад сууж байсан. Тэр үед тэд нар 0,75 литрийн нэг шил Хараа архи задалсан байсныг бид хувааж уусан. Нийт хоёр шил архи уусан. Тэгээд бид нэлээн согтсон ба 23 цагийн орчим сэрэхэд М.Ө болон А нар уучихсан, харин А.М тасраад унтчихсан байхаар нь М.Ө-г явъя гэж хэлээд түрүүлж гарахдаа үүдэнд өлгөөтэй байсан куртикний халаасанд нь байсан цэнхэр өнгийн гар утас болон ногоон өнгийн виза картыг аваад гарсан. Тэгээд би М.Ө-д үзүүлээд “АТМ оръё” гэж хэлсэн. Тэгтэл М.Ө “хэний карт вэ” гэж асуухаар нь “нөгөө залуугийн карт байгаа юм, чимээгүй бай” гэж хэлсэн. М.Ө-тэй хамт Баянхошууны Жанцаны АТМ ороод картаас нь 400,000.0 төгрөгийг гаргаж аваад баар орж байгаад шөнө нь 03 цагийн орчим такситай явж байгаад картаас нь өөр АТМ-с 60,000.0 төгрөг авсан. Маргааш нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.А залгаад “хүрч ирээд уулз, карт, гар утас аваад явчихсан байна” гэж хэлсэн. Би чимээгүй өнгөрөөд очиж уулзаагүй. Тэр өдрөө М.Ө-д цэнхэр өнгийн гар утсыг нь өгсөн. М.Ө гарч яваад ирэхдээ “утсыг нь хямдхан танихгүй хүнд зарчихлаа” гэж хэлсэн. Надад тухайн үед мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд хулгай хийсэн. Би тухайн үед картын кодыг мэдээгүй, АТМ ороод “0000” гэж хийж үзсэн чинь карт нь нээгдчихсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68 дахь тал);

- Шүүгдэгч М.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “...хүлээн зөвшөөрч байна. 2020 онд манай найз Б.Б  бид хоёр 1 дүгээр хорооллын ард байрлах нийтийн байранд түр хугацаагаар хамт амьдарч байсан. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай найз айлд очоод ирье гээд бид хоёр цуг Баянхошуунд айлд ирсэн. Тухайн үед тэр айлд Б.Б-ын эгч болон түүний нөхөр А.М өөр бас нэг танихгүй залуугийн хамт архи ууж байсан. Бид нар нийлээд нийтдээ 2 шил 0,75 литрийн Хараа архи хувааж уусан. Удалгүй Б.Б  “хоёулаа явъя, хүүхэд гэрт ганцаараа байгаа” гэж хэлэхээр нь “тэгье” гээд хашааных нь гадаа гараад иртэл Б.Б  утас болон карт гаргаж ирэхээр нь “чи одоо эгчийнхээ нөхрийн юмыг аваад дэмий юм биш үү” гэж асуутал “зүгээр ээ, би өөрөө асуудлаа зохицуулчихна” гэж хэлсэн. Тэгээд Б.Б-тай цуг АТМ ороод мөнгө гаргуулж аваад ууж идэж байгаад мөнгийг нь дуусгасан. Түүний маргааш нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би гар утсыг нь Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын ард талд автобусны буудлын орчим танихгүй хүнд 200,000.0 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шинжлэн судлагдсан нотлох баримтаар батлагдаж байх тул тэдний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нар монгол хэл, бичиг мэддэг гэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Нэгдүгээрт. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Тэрээр хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч М.Ө-тэй урьдчилан үгсэн тохиролцоогүй байх ба хохирогч А.М-ын куртикний халааснаас ХААН банкны карт, Redmi Note 8 загварын гар утас зэргийг нууцаар авч, хохирогчийн гэрээс гарч явснаар гэмт хэрэг төгссөнд тооцно. Иймд хулгайлах гэмт хэрэг төгссөнөөс хойш тус гэмт хэргийн талаар мэдсэн шүүгдэгч М.Ө-г хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэхгүй. Шүүгдэгч Б.Б  нь хохирогч А.М-ын гэрээс гарсны дараа карт, гар утас хулгайлсан гэдгээ шүүгдэгч М.Ө-д хэлсэн нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын өмч хөрөнгөд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Хоёрдугаарт. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “мөнгө угаах” гэдэгт хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус санаатай үйлдэл хамаарна. Шүүгдэгч М.Ө-гийн хувьд шүүгдэгч Б.Б-ыг хулгайлах аргаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж, гэмт хэрэг үйлдэн олж авсан мөнгийг хамтран ашигласан, эд хөрөнгийг зарж борлуулсан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч М.Ө-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж ашиглан, захиран зарцуулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Ө-г “мөнгө угаах” гэмт хэргийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Хохирогч А.М-д учирсан 723,000.0 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, М.Ө  нараас 723,000.0 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэж харж байна. Иймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар хүлээлгэх, шүүгдэгч М.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн эдлээгүй үлдсэн 60 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх ялд оруулан тооцож, нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 сар 7 хоногийн хугацаагаар тогтоох саналтай байна. Шүүгдэгч нараас 723,000.0 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчид олгох саналтай байна гэв...” гэв.

Шүүгдэгч Б.Б: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч М.Ө: “...Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Б-ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 70-71 дэх тал), Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 6/2085 тоот албан бичиг (хавтаст хэргийн 72 дахь тал), Төрийн банкны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 026/615 тоот албан бичиг (хавтаст хэргийн 73 дахь тал), Хас банкны 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5в/400 тоот албан бичиг (хавтаст хэргийн 74 дэх тал), Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаартай лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 78-79 дэх тал), Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 102 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт (хавтаст хэргийн 111 дэх тал);

- Шүүгдэгч М.Ө-ий  Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаартай лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80 дахь тал), Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 88-90 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 91 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 120-121 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/1817 дугаартай “Хэргийг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжлах тухай” захирамж (хавтаст хэргийн 149-150 дахь тал), Баривчлах, Цагдан хорих шийдвэрт заасан этгээд мөн эсэхийг хоригдогчийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан хамтран магадалсан тэмдэглэл (хавтаст хэргийн 151 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-д нэг жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д зургаан сарын хугацаагаар тус бүр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзлээ.

Шүүгдэгч М.Ө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/1094 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас цагдан хоригдсон 62 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 496 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, биелүүлбэл зохих ялын хугацааг 204 цагаар тогтоосон байна.

Ялтан М.Ө нь 204 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 144 цагийн ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул шүүх түүний эдлээгүй үлдсэн 60 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, ... тооцож эдлэх ялаас хасна...” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Ө-гийн цагдан хоригдсон 19 (арван ес) хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 11 (арван нэг) сар 11 (арван нэг) хоногоор тогтоов.

Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Б, М.Ө  нарт санууллаа.

Шүүгдэгч Б.Б, М.Ө нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн хэдий ч шүүх тэдний урьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан, шүүхийн шатнаас оргон зайлсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэх хэм хэмжээг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй.

2.3.      Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хавтаст хэргийг хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, М.Ө  нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б  баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Ө-гийн цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Ө-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овгийн Б.Б-ыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн М.Ө-г  “мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч М.Ө-д мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад байлгаж, шүүгдэгч Б.Б-ыг зургаан сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч С.Ө-г нэг жилийн хугацаанд Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хориглосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч М.Ө-д урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1094 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 204 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 60 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-гийн  цагдан хоригдсон 19 (арван ес) хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 11 (арван нэг) сар 11 (арван нэг) хоногоор тогтоосугай.

6.Зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч нарт сануулсугай. 

7.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт хавсарган хадгалуулахаар Эрүүгийн хэргийн төв архивд хэргийн хамт шилжүүлсүгэй.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, М.Ө нараас 723,000.0 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч А.М-д олгосугай.

9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, М.Ө  нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч М.Ө-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б, М.Ө нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА